Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00452

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00452

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03275 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,750,000 төгрөг гаргуулах үндсэн,

6,915,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Б- нь А-аас мөнгөний хэрэг болоод байна, туслаач гэж гуйсан бөгөөд танил хүний бэр гэхээр нь итгээд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 удаагийн гүйлгээгээр түүний Хаан банкны 549805*** дугаартай данс руу нийт 13,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлүүлсэн. Гэвч дээрх мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж өгсөн Хаан банк дахь дансны хуулгыг шүүж үзэхэд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна. Иймд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Б-д 25,900,000 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 20,050,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. А- нь Б- руу нийт 330,000,000 төгрөгийг шилжүүлснээс 323,040,000 төгрөгийг буцаан авсан. Хариуцагч нь Ё, Ж, З- гэх нэр бүхий хүмүүсийн данснаас нэхэмжлэгчийн данс руу 13,875,000 төгрөгийг шилжүүлсэн. Ё, Ж, З- нар ямар шалтгаанаар нэхэмжлэгч рүү мөнгө шилжүүлсэн болох нь тодорхойгүй байна. Мөн Б- нь эдгээр хүмүүсийн өмнөөс мөнгийг нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б- нь 2020 оны 4 дүгээр сараас хойш А-аас удаа дараа зээл авч, төлж барагдуулсаар ирсэн. Хариуцагч Б- нь өөрийн данс болон Ё, З-, Ж нарын данснаас зээлийн эргэн төлөлтүүдийг хийж байсан. А- нь Б-д нийт 330,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагчаас 336,915,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Тодруулбал, А-т өөрийн Хаан банкны данснаас 330,000,000 төгрөгийг, Ёын Хаан банкны данснаас 13,100,000 төгрөгийг, Ж-ийн Хаан банкны данснаас 175,000 төгрөгийг, З-гийн Хаан банкны данснаас 600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

А-ыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тооцоо хийж үзэхэд нийт төлөх ёстой төлбөрөөсөө 6,915,000 төгрөгийг илүү төлсөн байна. А-тай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хүү шаардах эрхгүй тул илүү төлөгдсөн 6,975,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 4,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дэлгэрсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б-ы нэхэмжлэгч А-т холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт илүү төлсөн 6,915,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Шүүх Талууд хүүг тогтоохоор харилцан тохиролцсон, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн.

Б- нь А-аас 2020 оны 04 дүгээр сараас хойш удаа дараа зээлийн гэрээ бичгээр байгуулалгүйгээр зээл авч төлж барагдуулсаар ирсэн. А-аас өөрийн дансаар нийт 330,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн болон хамаатан садны дансаар нийт төгрөгийг төлж байсан. Үүнд: Б-ы данснаас 330,000,000 төгрөг шилжүүлсэн, Ёын данснаас 13,100,000 төгрөгийг төлсөн, Ж-ийн данснаас 175,000 төгрөгийг төлсөн, З-гийн данснаас 600,000 төгрөгийг тус тус төлсөн.

А-ын шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тооцоо хийж үзэхэд нийт төлөх ёстой зээлийн төлбөрөөсөө 6,915,000 төгрөгийг илүү төлсөн байна.

Талууд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй атал илүү төлөлт 6,915,000 төгрөгийн хүүг төлсөн байгаа нь А-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Б- нь илүү төлсөн 6,915,000 төгрөгөө шаардах эрхтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А-ын зүгээс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойших зээлийн төлөлттэй холбоотой асуудалд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 25,900,000 төгрөгийн зээл авч 20,050,000 төгрөгийн зээлийг төлсөн байна. Үүнээс үлдэгдэл 5,750,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Анхан шатны шүүх 4,750,000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүрэгт 5,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 6,915,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Зээлдүүлэгч А- нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр нийт 25,900,000 төгрөгийг зээлдэгч Б-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

3.1. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 25,900,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс 21,150,000 төгрөгийг хариуцагч Б- нь нэхэмжлэгч А-т төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, төлөгдөөгүй зээлийн үүрэг 4,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3.2. Б- нь 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн харилцааны явцад нэхэмжлэгчээс 330,000,000 төгрөг хүлээн авч 336,915,000 төгрөгийг буцааж төлсөн, уг зээлийн төлбөрт хүү тооцох ёсгүй гэх үндэслэлээр илүү төлсөн 6,915,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагч нь зээлийг төлөхдөө хүүг тухай бүр үндсэн зээлийн хамт буцааж төлж байсан үйл баримтыг зөв тогтоосон. Улмаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3 дахь хэсэгт зааснаар зохигч нь зээлийн гэрээнд хүү тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай ийцсэн байна.

Иймд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул илүү төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцүүлэх үүднээс залруулах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...нэхэмжлэгч Ч.Дэлгэрсайханд... гэснийг ...нэхэмжлэгч А-т... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ