Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00491

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03657 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч ӨГ-ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний дагуу Төгс орчин хотхоны 2 дугаар байрны 14 давхрын 52 тоот 62,2 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар үлдэгдэл 30 хувь болох 21,396,000 төгрөгийг Б.А-аас хүлээн авч, төлбөр тооцоог дуусгахыг ӨГ-ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлжаргал, түүний өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, түүний өмгөөлөгч Г.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.А- Tөгс прогресс ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд баригдах орон сууцанд захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед Б.А- урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, Ford transit маркийн ачааны автомашиныг 32,400,000 төгрөгт тооцон 35,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн.

Гэрээний дагуу ӨГ-ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн спорт цогцолборын урд байрлалтай хотхонд нийт 62,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 71,990,000 төгрөгөөр тооцон 2020 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Б.А- нь орон сууцны төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 2.1-д Үлдэгдэл төлбөр болох гэрээний 40 хувийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөх-өөр заасан. Б.А- гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 60 хувийг хуваарийн дагуу төлсөн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8,194,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг төлж илүү төлөлттэй болсон. Б.А- 70 хувь болох 50,594,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 30 хувь 21,396,000 төгрөгийг орон сууцны түлхүүр гардуулахад төлөхөөр байсан. Гэтэл ӨГ-ХХК 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны үнийг 1 м.кв-ыг 300,000 төгрөг нэмсэн талаар мэдэгдсэн. Б.А- үүнийг зөвшөөрөхгүй талаар мэдэгдэхэд ... шинэ гэрээнд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална ... гэж мэдэгдсэн. Мөн орон сууцны м.кв-ыг 8 м.кв-аар үндэслэлгүйгээр нэмж 70,08 м.кв-аар тооцоо хийхийг мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай" албан ёсны шийдвэр гарсан бөгөөд энэ хугацааг хүртэл хил гааль болон бусад бүх зүйл хэвийн үргэлжилж, үнийн өсөлт болон барааны хомсдол үүсээгүй байсан. Иймд ӨГ-ХХК-д гэрээний үүргийн дагуу төлбөр тооцоог дуусгаж түлхүүр олгож, орон сууцыг Б.А-д хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ӨГ-ХХК Б.А-д 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлийг түүний гэрийн хаягаар тус тус хүргүүлсэн. Б.А- 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ӨГ-ХХК-ийн оффист ирж уулзахад орон сууцны м.кв-ын үнийг 400,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн талаарх мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн. ӨГ-ХХК-аас түүнд боломж олгож барилгыг байнгын ашиглалтад авах Улсын комисс ажиллаж, дүгнэлт гарсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцны гэрээг шинэчлэн байгуулахыг зөвшөөрсөн. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА-135/2022 дугаар дүгнэлт гарсны дараа Б.А-тай уулзахад м.кв-ын нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрсөн атлаа орон сууцны м.кв-ын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба түүний хүсэлтийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээг барилгын талбайд шинэчлэхээр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурах болоход Б.А- ажил гарчихлаа" гээд явсан. Б.А- гэрээний 9.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон орон сууц захиалгын гэрээг цуцалсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлангаар ӨГ-ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойно байрлах зоорийн давхар бүхий худалдаа үйлчилгээтэй 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлын 2019 оноос 2021 оны хугацааны нэгж талбайн үнийн өсөлтийг 2021 оны эцсийн байдлаар 932,000 төгрөг болох нь тогтоогдсон. Орон сууцны м.кв-ыг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь боломжит доод үнэ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2-52 тоотод байрлах, 62,6 м.кв талбай бүхий орон сууцыг Б.А-д хүлээлгэн өгч, Б.А-аас орон сууцны үлдэгдэл төлбөр 21,396,000 төгрөгийг хүлээн авч, төлбөр тооцоог дуусгахыг ӨГ-ХХК-д даалгаж,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨГ-ХХК-аас 140,400 төгрөг гаргуулж Б.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийг зөв хэрэглээгүй. Шүүх ...талуудын харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ... гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. ӨГ-ХХК-аас Б.А-д орон сууцны м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн, нэмэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Б.А- орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөхийг шаардаж байгаагүй. Мөн ӨГ-ХХК-аас мэдэгдэл авсан тул хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн Б.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ӨГ-ХХК-д шаардлага хүргүүлсэн ба үүндээ ... Би танай компанитай удаа дараа тохиролцоонд хүрэх гэж оролдон орон сууцны м.кв-ыг 300,000 төгрөгөөр нэмж төлье... гэсэн саналуудыг өгсөн гэж дурдсан, түүнчлэн тайлбартаа ч энэ талаар дурдсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээг өөрчлөн байгуулах саналыг гаргасан. Шүүх гэрээний 9.1-т Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг дурдсан боловч хууль болон гэрээний эдгээр заалтыг хэрэглэх эсэх талаар, улмаар хариуцагч гэрээг цуцалсан үндэслэлийн талаар хууль зүйн бүрэн дүгнэлт хийлгүй, гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхгүй байхад нэхэмжлэлийг хангасан.

Б.А- Эн би эн дизайн ХХК-аар орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлсэн ба тус компани нь хэмжилт хийх мэргэшсэн туршлага, ур чадвартай эсэхийг нотолсон баримтгүй байхад орон сууцны талбайн хэмжээг 62,51 м.кв гэж тодорхойлсон албан бичгийг шийдвэрийн үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч хурал давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй нь хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах бүхий шаардлага гаргасан. Гэтэл Б.А- нь улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тодорхойлохоор хуульд тул Б.А- орон сууцны үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

ӨГ-ХХК нь Б.А-тай 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Б.А- гэрээний дагуу орон сууцны үнийн 70 хувийг төлсөн. ӨГ-ХХК нь 2020 оны 03 дугаар улиралд орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй. 2022 онд орон сууцны м.кв-ыг 300,000 төгрөгөөр нэмэгдсэн, хэмжээний хувьд 70 м.кв болсон тухай албан бичгээр Б.А-д мэдэгдэл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ болон метр квадратын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг Хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны зураг төслөөр 62,6 м.кв гэж баталсан ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэсэн. Хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчийн өмгөөлөгч хурал давхаацсан тухай нотлох баримт ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэсэн. Ч.Төрбат эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг мэдсэн мөн хариуцагч түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах шаардлага гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.А- хариуцагч ӨГ-ХХК-д холбогдуулан Төгс орчин хотхоны 2 дугаар байрны 14 давхрын 52 тоот 62,6 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөх болон байр ашиглалтад орж түлхүүр гардуулснаар үлдэгдэл 30 хувь 21,396,000 төгрөгийг хүлээн авч, төлбөр тооцоог дуусгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ӨГ-ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах Төгс орчин хотхоны 2-52 тоот хаягт байрлах 62,6 м.кв орон сууцыг 2020 оны 03 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч нь Б.А- нь орон сууцны үнэ 71,990,000 төгрөгөөс 30 хувь 21,597,000 төгрөгийг гэрээ байгуулахад, 30 хувь 21,597,000 төгрөгийг карказ, дүүргэлт хийгдэхэд, 40 хувь 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулахад төлөхөөр тохиролцсоныг үндэслэн нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. (хх-ийн 6-10)

 

2. Гэвч хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дээрх гэрээг цуцалсан ба гэрээг цуцлагдахаас өмнөх үйл баримтын талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, тухайлбал, хариуцагч нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай ямар гэрээ байгуулсан, уг гэрээний хэрэгжилт энэ гэрээний үүрэгтэй холбоотой эсэх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэх, хариуцагчаас хүргүүлж байсан гэх мэдэгдэл нэхэмжлэгчид хүргэгдээгүйн учир шалтгаан /нэхэмжлэгч нь Швед улсад байсан гэх/ маргаж байгаа орон сууц одоо хэний эзэмшил, ашиглалтад байгаа зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй, үүнд дүгнэлт хийгээгүй байна.

 

3. Хариуцагч ӨГ-ХХК Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол (17121) Наадамчдын зам гудамж, 286Б тоот хаягт байршилтай, 6,426 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Бичил глобус финанс ББСБ ХК-д барьцаалсан, мөн тус компани 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ч.Төрбаттай дээрх гэрээний зүйл болох орон сууцыг худалдахаар тохиролцсон (хх-ийн 117-123, 128-132) зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Хариуцагчтай өмнө нь гэрээ байгуулсан нэхэмжлэгч, сүүлд гэрээ байгуулсан Ч.Төрбат нарын хэн нь маргааны зүйл болох орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тэдгээрийг бүрэн оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй.

 

4. Талууд гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлах 2-52 тоот хаягт байрлах орон сууцны талбайн хэмжээний талаар маргаж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Эн би эн дизайн ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн болгосон байх боловч тус компани орон сууцны талбайг хэмжих тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхой бус, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж байгаа орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14449 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлага, хариуцагчийг орон сууцны үнийн үлдэгдлийг хүлээж авахыг даалгах шаардлага тус тус гаргасан нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд хамаарч байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийг хуульд заасан журмын дагуу тодорхойлж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа дутуу хийсэн зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй, хариуцагч гэрээг цуцалсан үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй гэсэн хариуцагчийн гомдолд дүгнэлт хийх боломжгүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтээр өмнөх шүүх хуралдаан хойшлогдсон тул дахин шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 517,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ