| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0144/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч П.П, Г.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдоржийн П, Цагаан овогт Гэрэлцогтын Э нарт холбогдох 1829002490145 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч П.П нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой согтуугаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд иргэн Д.Алдарбаттай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохиролч учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой согтуугаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд иргэн Н.Бямбажавтай маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед “Өгөөж” дэлгүүрийн гадаа байж байхад Бямбажав ахтай нэг хүн маргалдаад байж байсан. Би дэлгүүрт орчихоод гараад ирсэн чинь нэг мотоциклтой хүн байж байхаар нь тэр хүнийг мотоциклоос нь татаж унагаагаад цохисон. Надаас өөр цохисон хүн байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Хэрэг болдог орой манай хүргэн ах Мөрцэрэн гэж хүн нэг хүнд цохиулаад байж байсан. Тэгээд би тэр хүнийг нь очоод нэг удаа цохисон. Өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
Хохирогч Н.Бямбажавын: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 20 цаг өнгөрөөгөөд ажлаасаа буугаад Хүрэлчулуун, П гэх хоёр дүүтэйгээ уулзаад нэг шил архи уусан. Тэгээд би салаад байрлаж байсан байрандаа очиж мөнгө авчихаад дэлгүүр орсон. Дэлгүүрээс эргээд гараад ирсэн чинь нэг танихгүй Э гэж залуутай таараад бид хоёр юунаас болсныг мэдэхгүй маргалдсан байна. Тэгсэн Э гэх залуу миний зүүн талын нүд хэсэгт цохиод авсан, тэгсэн тухайн үед П гэж манай дүү хажууд байсан болохоор бид хоёрыг салгасан. Би тухайн үед согтуу байсан болохоор гэрлүүгээ явсан. ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн15-16 дугаар хуудас/,
Хохирогч Д.Алдарбатын: “... дэлгүүрийн гадаа очоод зогстол П гээд нэг залуу үгийн зөрүүгүй шууд ирээд намайг цохиж аваад миний мотоциклыг татаж унагаасан. Тэгэхээр нь би чи яаж байна гэсэн чинь чи миний ахыг цохисон байна гээд намайг зодсон. Тэгээд би гэрлүүгээ зугтааж байсан чинь миний араас П чулуу шидсэн, тэгээд би гэртээ ирж цусаа цэвэрлээд Цагдаагийн хэсэг дээр ирж мэдэгдсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын: “... П дээр очсон чинь Алдарбат гэх залуутай хөөцөлдөөд гүйгээд байхаар нь барьж аваад машинд суулгаад дараа нь Бямбажавыг суулгахад Аззаяа машинаас буугаад очсон байхаар нь дуудаад машинд суулгасан. Мөнх-Эрдэнэ ах буугаад ямар хүнтэй зодолдоод байна гээд буугаад очоод үзээд ирэхдээ Алдарбат гэх залуу байна гэж хэлсэн. Тэгээд бид нар байрлуугаа очоод амарсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Х.Аззаяагийн: “... Өгөөж дэлгүүрийн гадаа очосн чинь Алдарбат гэх залуу маргалдаад Птай зогсож байхаар нь очоод бариад авсан чинь Хүрэлчулуун, Цолмон 2 миний малгайтай цамцны араас татаад машин луу суулгасан. Намайг машинаас бууж очоод барьж авсныг цохьсон гээд байгаа юм болов уу. Надтай хамт Мөнх-Эрдэнэ ах машинаас буусан, өөр хүн буугаагүй. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн байхгүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Цолмонгийн: “... Би тэр 3-с юу болсон талаар асуусан чинь Бямбажав ахыг зодчихлоо гэж Хүрэлчулууныг хэлэхээр нь би за байж бай тэнд нэг машин зогсож байна, машиных нь дугаарыг хараад ирье гээд цаашаа явж байсан чинь нөгөө машин хөдлөөд явсан. Нөгөө мотоциклтой залуу зогсож байсан нь Бямбажав ах, Хүрэлчулуун, П нар араас ирээд нөгөө залуу маргалдаад байж байсан чинь Баттулга, Ариунтуяа, Аззаяа нар машинтай ирээд боль та нар гээд Хүрэлчулуун, Бямбажав, П нарыг машинд суулгаад байсан. Тэгээд бид нар байрандаа очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч Ж.Мөрцэрэнгийн: ”...миний толгой руу ундаагаар Бямбажав гэх хүн цохиод авахаар нь яасан юу болж байна гээд асуусан, өөр хүнтэй маргалдаагүй... Э миний толгой руу ундаагаар цохьдог Бямбажав гэх хүнийг нэг удаа нүүрэнд нь цохихоор нь би салгаж аваад явсан. Өөр юу блсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч Б.Батзаяагийн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байсан байх, Э Отгонпүрэв нартай хамт Xtrail маркийн тээврийн хэрэгсэлтэй “Өгөөж” дэлгүүрийн гадаа очиход Мөрцэрэн барилгын засал хийж байгаа настайвтар ахтай маргалдаад зогсож байхаар нь Э очоод тэр 2-ыг салгаад барилгын засал хийж байсан хүнийг гараараа нэг цохиод авах шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 34 дүгээр хуудас/,
Гэрч И.Отгонпүрэвийн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байсан, Э Батзаяа нартай хамт Xtrail маркийн тээврийн хэрэгсэлтэй “Өгөөж” дэлгүүрийн гадаа очтол гадаа нь хүмүүс маргалдаад байхаар нь бид 3 машинаас буугаад салгах санаатай очсон чинь Эгийн хүргэн ах Мөрцэрэн нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгтэл Мөрцэрэн ахыг нэг настайвтар ах цохиод авах шиг болсон чинь Э очоод нөгөө ахыг нэг удаа гараараа цохисон..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Г.Хүрэлчулууны: “...Тэгээд анх тааралдсан намхан туранхай залуу үлдсэн, мотоциклтой байж байсан, П дэлгүүрээс гарч ирээд нөгөө залууг мотоциклоос нь татаж унагаагаад, нөгөө залуу босоод ирсэн чинь нүүрлүү нь гараараа нэг цохисон. Тэр үед прүс машинаас Аззаяа гэдэг залуу бууж ирээд цохиж аваад зууралдсан тэгээд би дундуур нь орж салгаад цаашаа яв гээд газраас чулуу аваад шидсэн чинь толгой хэсэгт онох шиг болсон тэгээд бид хэд байрлуугаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч О.Ариунтуяагийн: ”... 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байсан байх яг хэдэн цаг болж байсаныг сайн мэдэхгүй байна. Өрөөндөө байж байтал 89992619 дугаараас П миний гар утас руу залгаад Бямбажав ахыг энд машинтай хүмүүс зодоод байна хурдан ирээч гэхээр нь би өрөөнөөс гараад 3 давхарын цонхоор хартал “Өгөөж” дэлгүүрийн гадаа машинтай, мотоциклтой хүмүүс ноцолдоод байгаа харагдахаар нь Баттулгад хандаж Бямбажав ахыг хүн зодоод байна гэж хэлээд би Өгөөж дэлгүүрийн гадаа очоод салгаж аваад байрлуугаа очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаартай: “Н.Бямбажавын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлэээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 42 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 136 дугаартай: Д.Алдарбатын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлэээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
П.Пы яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед Хүрэлчулуун Бямбажав бид гурав “Өгөөж” дэлгүүрээс нэг шил архи аваад сагсны шийдний хажууд уугаад сууж байсан манай ажлын Цоомоо эгч ирээд одоо та хэд унтаж амарцгаа гэсэн. Тэгээд бид хэд тэндээс гараад байрлаж байсан байрлуугаа явсан, замдаа Хүрэлчулуун бид хоёр 2 пиво аваад байсан гадаа Бямбажав ах Этай маргалдсан байдалтай байж байсан. Тэгээд тэнд Алдарбат мотоциколтой үлдсэн Алдарбатыг би мотоциколоос нь татаж унагаад нүүр хэсэгт нь нэг удаа хэвлий хэсэгт нь хоёр удаа цохисон тэгээд Хүрэлчулуун намайг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
Г.Эгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний 22 цагийн үед Баян-Овоо сумын “Өгөөж” дэлгүүрийн урдуур харих гээд явж байсан, тэгсэн “Өгөөж” дэлгүүрийн урдуур зодоон болоод байсан. Тэнд манай хүргэн ах болох Мөрцэрэн ах байж байхаар нь би яваад очсон. Мөрцэрэн ахыг хоёр хүн бариад зогсож байсан тэгээд залуу нь гартаа барьсан зүйлээрээ Мөрцэрэнг цохиод байхаар нь би Бямбажав ахыг нэг удаа нүүр хэсэгт нь цохиж авсан, тэгээд би тэнд байсан хүмүүсийг орхиод Мөрцэрэн ахын гэрт очсон. Маргааш нь Алдар ах бас зодуулсан гээд цагдаад мэдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч П.П нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой согтуугаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд иргэн Д.Алдарбаттай маргаж, улмаар эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж,эрүүл мэндэд нь хөнгөн хохиролч учруулсан гэит хэрэг үлйдсэн гэм буруутай болох нь,
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой согтуугаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвд иргэн Н.Бямбажавтай маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Алдарбатын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Пы хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох,
Мөн Н.Бямбажавын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Эн хохирогчийг цохиж гэмтээсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч П.П, Г.Э нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Н.Бямбажавын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаартай: “Н.Бямбажавын биед тархины доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлэээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” / хавтас хэргийн 42 дугаар хуудас/ гэх дүгнэлт,
Хохирогч Д.Алдарбатын биед хохирол учирсан болох Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 136 дугаартай: “Д.Алдарбатын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлэээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Н.Бямбажав, Д.Алдарбат нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, П.Пүэрвчулуун нь хохирогч Д.Алдарбатад эмчилгээний зардал болох 800,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.П Г.Э нарыг тус тус 700 / долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг харгалзан, шүүгдэгч нарыг тус бүр 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.П, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар -Шүүгдэгч Пүрэвдоржийн Пыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Гэрэлцогтын Эг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П, Г.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.П, Г.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, П.Пүэрвчулуун нь хохирогч Д.Алдарбатад эмчилгээний зардал болох 800,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Н.Бямбажав, Д.Алдарбат нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, П.П, Г.Э нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.П, Г.Э нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.П, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН