Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00503

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/04347 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Л.Х-т холбогдуулан гаргасан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.А- нь О.Гантулгатай авто угаалга хамтарч ажиллуулна гэсэн зарын дагуу танилцаж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөгөөр тооцож, 6 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг төлсөн. Гэтэл Л.Х- Б.А-тэй уулзаж ...О.Гантулгаас мөнгөө авмаар байна... гэхэд учрыг нь лавлахад Л.Х- ...О.Гантулгатай угаалгын газрыг ажиллуулахаар хамтран ажиллаж байсан. Гэтэл О.Гантулга нь бусдаас мөнгө авсан, миний ажил амжихгүй байсан учир хамтран ажиллахаа больсон. Ийм учраас оруулсан хөрөнгөө авах гэж байна... гэсэн. О.Гантулга Номин угаалгын газартай анх гэрээ байгуулсан, миний оруулсан мөнгийг өгөхгүй бол Номин угаалгын газартай тусдаа гэрээ байгуулна гэхэд 30,000,000 төгрөг өгвөл авто угаалгын газрын тохижилт, тоног төхөөрөмжүүдийг өгөх үү гэхэд Л.Х- зөвшөөрсөн. Б.А- Л.Х-д 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг өгөхөөр болж 10,000,000 төгрөгийг Л.Х-ын зөвшөөрсний дагуу түрээсийн төлбөр гэж Номин угаалгын газарт төлж, 20,000,000 төгрөгийг түүнд өгсөн. Машин угаалгын газрыг ажиллуулж байтал Л.Х-ын өгсөн тохижилт, тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Номин угаалгын газраас түрээсийн төлбөр төлөөгүй гээд хурааж авсан. Иймд Л.Х-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Л.Х- нь О.Гантулгатай 2021 оноос Номин авто угаалгын газрыг ажиллуулахаар хамтран ажиллахаар тохиролцсон боловч О.Гантулга итгэл алдсан учраас хамтран ажиллахаа больсон. О.Гантулга нь тухайн угаалгын газрын тохижилт болон тоног төхөөрөмжүүдийн мөнгийг 2022 оны 01 дүгээр сард өгөхөөр тохиролцсон боловч 2 сарын хугацаа өнгөрсөн хэдий ч мөнгөө өгөөгүй. Б.А- нь О.Гантулгад түрээсийн төлбөрөө өгсөн байсан боловч Номин угаалгын газраас түрээсийн төлбөр төлөөгүй гэж угаалгын газрыг хаасан. О.Гантулгатай хамтран ажиллахаа больсон талаараа хэлсэн. Б.А- О.Гантулгад түрээсийн төлбөр гэж их хэмжээний мөнгө өгсөн учраас энэ угаалгын газрыг цаашдаа ажиллуулмаар байна. О.Гантулга хэдэн төгрөг өгөх вэ? Угаалгын газрын тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан. Л.Х- зөвшөөрч Б.А- 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Номин угаалгын газарт түрээсийн төлбөр төлөөгүй байсан учраас 10,000,000 төгрөгийг төлсөн. Энэ талаар О.Гантулгатай ярьсан байгаа, тэрээр Л.Х-д 10,000,000 төгрөг өгөхөөр болсон гэж хэлсэн. Гэтэл Б.А- нь түрээсийн төлбөр төлөөгүй учраас Номин угаалгын газраас тоног төхөөрөмжийг хураасан тул Л.Х-т төлсөн төлбөрөө буцаан гаргуулна гэх шаардлагыг зөвшөөрөхгүй. Талууд харилцан тохиролцоод хүлээн зөвшөөрсний үндсэн дээр мөнгөө шилжүүлж гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Тиймээс гэрээнээс татгалзаж төлбөрөө буцаан шаардах үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Х-аас 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-өд олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х-аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.А- нь Л.Х-аас 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Л.Х-ын худалдсан тохижилт, тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Номин ХХК-аас ....О.Гантулгын түрээсийн төлбөр төлөөгүй гээд хураасан. Тоног төхөөрөмжийн үнэ 20,000,000 төгрөг төлж хохирсон гэх тайлбараа нотлоогүй. Тодруулбал, Номин ХХК-аас Л.Х-ын худалдсан тохижилт, тоног төхөөрөмжүүдийг хураан авсан гэх баримт хэрэгт байхгүй.

Д.Баянмөнх Л.Х- тоног төхөөрөмжийг миний эд зүйл гэж худалдсан. Гэвч түүнийх биш байсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар О.Гантулга Номин ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу авто угаалга болон засварын газрыг ажиллуулдаг болохыг мэдэж байсан нь тогтоогдсон. Мөн Л.Х-аас худалдан авсан эд хөрөнгө нь Л.Х-ын хөрөнгө гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч 30,000,000 төгрөгөөр үнэлж, худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нотлогдсон.

Түүнчлэн, гэрч П.Түмэнхүүгийн мэдүүлгээр нэхэмжлэгчид худалдсан эд хөрөнгийг Л.Х- нь өөрийн хөрөнгөөр бий болсон гэдгийг нотолсон атал анхан шатны шүүх хариуцагч гэрээний дагуу тохирсон эрхийн доголдолгүй эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаас тогтоогдохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Л.Х- анх тоног төхөөрөмжийг худалдахдаа бүх баримтыг гаргаж өгнө гэсэн атлаа дараа нь гаргаж өгөөгүй. Номин ХХК-аас тоног төхөөрөмжийн баримтыг шаардахад ... Л.Х-ыг танихгүй, тоног төхөөрөмж нь түүнийх биш ... гэсэн хариу өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний болон гэрээнээс татгалзсантай холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.А- хариуцагч Л.Х-т холбогдуулан авто угаалгын газрын тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, анх О.Гантулгатай тохиролцож Номин ХХК-ийн авто угаалгын газрыг ажиллуулахад тохиролцсон. Гэвч Л.Х- О.Гантулгатай хамтран ажиллахаа больсон учраас оруулсан хөрөнгөө авна гэж тоног төхөөрөмжийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 10,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн боловч тоног төхөөрөмжийг Номин ХХК хураан авсан гэж тайлбарлажээ.

 

1.1. Б.А- нь Л.Х-аас авто угаалгын газрын тоног төхөөрөмжийг худалдан авагч үнийг төлөхөөр тохиролцсон гэх талуудын тайлбарыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Худалдагч Л.Х- худалдан авагч Б.А-өд авто угаалгын газрын тоног төхөөрөмжид гэрэлтүүлэг, шилэн нүүр, хүлээлгийн өрөө, шал, трап төмөр, буу 2, сейф, саарал усны сав, хаалганы хөшиг, камерыг 30,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан ба худалдан авагч Б.А- уг төлбөрөөс 10,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож Номин ХХК-д төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Л.Х-д төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

1.2. Худалдагч Л.Х- дээрх хуульд зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Б.А-өд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Учир нь: худалдагч Л.Х-ын шилжүүлэн өгсөн авто угаалгын тоног төхөөрөмжийг Номин ХХК-аас хурааж авсан байх тул нэхэмжлэгч Б.А- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж авто угаалгын тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2. Хариуцагч Л.Х- нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Б.А-өд шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн гэрч П.Түмэнхүүгийн мэдүүлгийг үндэслэн хариуцагч Л.Х-ыг бие биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Б.А-өд шилжүүлэн өгсөн гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/04347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ