Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох 1829002380147 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Таван толгой” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай автозамын 148 дахь километрт Нордбенз маркийн 45-84 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Потон маркийн 37-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн  Т.Номинцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Болорын мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Баттөмөрийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №11858 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

- Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

-  Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018.10.01-ний өдрийн 151/01, 152/01 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 36, 38-р хуудас/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээт тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 39-40-р хуудас/,

  - Шүүгдэгч Ц.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,

- Хохирогч Т.Номинцэцэг шүүгдэгч Ц.Б нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ” /хх-ийн 64-р хуудас/

- Хохирогч Т.Номинцэцэгийн “гэм хорын хохирлоо эвлэрлээр шийдвэрлэсэн. Одоо санал гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 65-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

    Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Таван толгой” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай автозамын 148 дахь километрт Нордбенз маркийн 45-84 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Потон маркийн 37-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн  Т.Номинцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 - хохирогч Т.Номинцэцэгийн: “...Ганц модноос Эрдэнэс таван толгой руу явж байхад 14 цагийн орчимд Дарьбазарын хад хүрэх замд замын эргэлттэй хэсэгт улаан өнгийн Нордбенз маркийн ачаатай том тэрэг урсгал сөрөөд гараад ирсэн. Би тухайн үед машин руу гэрлээ анивчуулж хурдаа хасахад нөгөө машин урдаас шууд ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- гэрч Д.Болорын: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой 45-84 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн автомашины эзэн Рэнцэн над руу залгаад Гашуун сухайт авто замын 148 дахь км-т манай компаний 45-84 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн автомашин зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн.” мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- гэрч А.Баттөмөрийн: “...Гашуун сухайт авто замын дисфичер над руу залгаад танай компанийн  37-62 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн автомашин нь Гашуун сухайн авто замын 148 дахь км-т зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Би дуудлагыг хүлээн аваад хэргийн газарт очиход Номинцэцэгийн Ханбогд сумын эмнэлэг рүү аваад явсан. Осол гаргасан машинуудыг замын хажуугийн зогсоол руу оруулаад тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №11858 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний: Т.Номинцэцэгийн биед бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалам хоорондын мөгөөрсөн цагирагийн урагдал, баруун талд доод мөчний сул саа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Т.Номинцэцэгийн “Миний бие эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулан авсан. 2 000 000 төгрөгийг 2019 оны 3, 4 дүгээр сард төлөхөөр тохиролцсон. Одоо надад санал, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 47-р хуудас/ болон талуудын байгуулсан эвлэрлийн дагуу шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Ц.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг хөнгөрүүлж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харагчууд овогт Цээлэйн Баттулгыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттулгыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Бд 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг 2019 оны 4 сарын дотор хохирогч Т.Номинцэцэгт олгохыг үүрэг болгосугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА