| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0149/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч, хохирогч Б.Х, Н.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их-Өлзийт овогт Бат-Эрдэнийн Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доо овогт Наранцэцгийн А нарт холбогдох 1829002600149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Алтан-Од” зочид буудалд иргэн Н.Агийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан-од” зочид буудалд согтуугаар иргэн Б.Х, Г.Мөнгөнтулга, Х.Мөнх-Оргил нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Х мэдүүлэхдээ: “Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Н.Агаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.А мэдүүлэхдээ: “Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг ярьсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, өөр хэлэх зүйлгүй. Б.Хөөс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ”гэв.
Хохирогч Б.Хийн: “...А миний биед архины шилээр цохиж гэмтэл учруулсан. Агийн биед би гараараа цохиж гэмтэл учруулсан нэг удаа шанаа хэсэгт нь цохисон. Тухайн үед Мөнгөнтулгыг барьж аваад цохиод байхаар нь боль гээд нэг цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч Г.Мөнгөнтулгын “... А гээд ах бид нарыг буудал руу ортол бид гурвыг үгийн зөрүүгүй шууд архины шилээр бид нарын толгой хэсэгт цохиж хагалсан... Миний толгой хэсгийн зүүн талын дух хэсэгт нэг удаа архины шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 дугаар хуудас/,
Хохирогч Х.Мөнх-Оргилын: ”... А гээд залуу миний толгойн хэсэгт архины шилээр цохисон. Би зугтаагаад шатны арлуу орж нуугдахад манай найз Хийн толгой хэсэгт нь А цохисон гээд байж байсан. Тэгсэн Мөнгөнтулгыг архины шилээр толгойн хэсэгт нь бас цохиж гэмтэл учруулсан... Агийн биед манай найз Х нэг удаа гараараа цохисон. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Б.Хийн гэрчээр өгсөн: “... тэр өрөөнд байсан эмэгтэйг гаргалаа гэж бид нартай А муудсан. А гэдэг залуу Мөнх-Оргилын толгой хэсгийн араас нь архины шилээр цохиод эргээд харахаар нь хоёр нүднийх нь дунд цохиж гэмтээсэн. Бас Мөнгөнтулгын араас нь архины шилээр цохиход архины шил нь хагарсан. Тэгээд цусаа гойжуулаад сууж байхад нь цагдаа ирсэн. “ гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Н.Агийн гэрчээр өгсөн: ”...Тэр хооронд тасраад юу болсноо мэдэхгүй байна... Би тухайн үед арай өндөр залууг шилээр цохиж авснаа мэдэж байна. Нэг мэдсэн шил барьсан үеэ санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай “Х.Мөнх-Оргилын биед тархины доргилт, хуйх, хамрын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлт /хх-н 32 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаартай “Б.Хийн биед тархины доргилт, баруун чамархайн хуйхны язарсан шарх, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлт /хх-н 39 дүгээр хуудас/ ,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 140 дугаартай “Н.Агийн биед хүзүү, 2 гарын шуу, баруун хөлийн 3 хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлт /хх-н 44 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай “Г.Мөнгөнтулгын биед тархины доргилт, хуйх, хамрын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлт /хх-н 48 дугаар хуудас/,
Яллагдагч Н.Агийн: “ Би тухайн үед согтуу байсан. Юу болсон талаараа сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүмүүст гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ... Миний биед Х халдаж гэмтэл учруулсан. Миний биеийн хоёр гарын шуу хэсэгт цохисон” гэх мэдүүлэг /хх-н 50-51 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Хувьтөгөдлөрийн: “...Би тэр залууг барьж аваад зүүн шанаанд нь нэг цохиход өөдөөс автирк бариад надруу дайраад байхаар нь би гарлуу нь цохисон. Тэгээд нэг давхарт буухад А миний толгойруу шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 52-53 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Алтан-Од” зочид буудалд иргэн Н.Агийн эрүүл мэндэд нь хөнгөн хохиролч учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан-од” зочид буудалд согтуугаар иргэн Б.Х, Г.Мөнгөнтулга, Х.Мөнх-Оргил нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Х, Г.Мөнгөнтулга, Х.Мөнх-Оргил нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Агийн хохирогч нарыг архины шилээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох,
Мөн Н.Агийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Хийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Б.Х, Н.А нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /хоёр, түүнээс олон хүнийг/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Хийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №143 дугаартай шинжээчийн : ...”Б.Хийн биед тархины доргилт, баруун чамархайн хуйхны язарсан шарх, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /хх-ийн 39 дүгээр хуудас/ гэх дүгнэлтээр,
Хохирогч Х.Мөнх-Оргилын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай “Х.Мөнх-Оргилын биед тархины доргилт, хуйх, хамрын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлтээр /хх-н 32 дугаар хуудас/,
Хохирогч Г.Мөнгөнтулгын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай “Г.Мөнгөнтулгын биед тархины доргилт, хуйх, хамрын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлтээр /хх-н 48 дугаар хуудас/,
Хохирогч Н.Агийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн ....“Н.Агийн биед хүзүү, 2 гарын шуу, баруун хөлийн 3 хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.”... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухай хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Б.Х, Г.Мөнгөнтулга, Х.Мөнх-Оргил нар нь шүүгдэгч Н.Агаас, хохирогч Н.А нь шүүгдэгч Б.Хөөс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Аг 1,500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг харгалзан, шүүгдэгч Б.Хийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.Аг 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их-Өлзийт овогт Бат-Эрдэнийн Хийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Доо овогт Наранцэцэгийн Аг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Н.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Б.Х, Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Х, Г.Мөнгөнтулга, Х.Мөнх-Оргил, Н.А нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Х, Н.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Х, Н.А нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН