| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0150/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Э.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гт холбогдох 1829002510152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан-Овоогийн 1026 тоот хашааны үүдэнд иргэн В.Түвшинбаярын эзэмшлийн 18-11 ӨМҮ улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.2а/-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцод нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчиж бага насны буюу 1 настай С.Мөнхсаранг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас С.Мөнхсарангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Сүх-Очирын мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 06-ны өдрийн №150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
- С.Мөнхсарангийн өвчтөний түүх /хх-ийн 40-59-р хуудас/,
- Шинжээчийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,
- шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа /хх-ийн 62-р хуудас/,
- Шүүгдэгч Э.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/,
- Шүүгдэгч Э.Гийн хүү Түвшинбаярын Мөнхбатын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 76-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-р хуудас/
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/,
- Хохирогч Б.Сүх-Очирын “Охин Мөнхсарангийн хагалгаа болон эмчилгээний зардалд 2 000 000 төгрөг гаргуулж авсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх хүсэлт /хх-ийн 100-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт Э.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан-Овоогийн 1026 тоот хашааны үүдэнд иргэн В.Түвшинбаярын эзэмшлийн 18-11 ӨМҮ улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.2а-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцод нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчиж бага насны буюу 1 настай С.Мөнхсаранг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас С.Мөнхсарангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Сүх-Очирын: “... би машины доогуур харахад жолоочийн талын урд дугуйнд дайрагдан эргэлтээр нь миний охин урд талд нь гарч ирсэн ба нуруу нь дугуйны эргэлтийг дагаж наашаа харсан байсан. Би гүйж очоод охиноо тэвэрч авахад охины царай хачин болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 06-ны өдрийн №150 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “С.Мөнхсарангийн биед элэгний баруун дэлбэнгийн 4-р сегментийн урагдал няцрал, 2 талын олон хавирганы хугарал, толгойн хуйх, нуруунд зулгаралт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Б.Сүх-Очирын “Охин Мөнхсарангийн хагалгаа болон эмчилгээний зардалд 2 000 000 төгрөг гаргуулж авсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх хүсэлт /хх-ийн 100-р хуудас/-ийг үндэслэн шүүгдэгч Э.Гийг хохиролд одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Э.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 2 жил хорих ял шийтгэв.
Харин шүүгдэгч Э.Г нь 3 хүртэлх буюу 10 сартай хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өнжүүл овогт Эрдэнэчулууны Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 4-т зааснаар шүүгдэгч Э.Гт тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалтыг тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА