| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2016/01532/И |
| Дугаар | 001/ХТ2017/00753 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2017/00753
“Өмгөөллийн Инке” ХХН-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 756 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Өмгөөллийн Инке” ХХН-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэнгийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөллийн Инке” хууль зүйн фирм нь Иргэний Нисэхийн Ерөнхий газартай 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 95/16 дугаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд тус байгууллагын ажилтнууд болох П.Ганболд, Ц.Түмэннасан болон бусад этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэрэгт манай фирмийн өмгөөлөгчид ажиллаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн. Гэтэл тус байгууллага өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө төлөөгүй, энэ талаар шаардлага хүргүүлж, ажлын тайлан, холбогдох баримт бичгийг гарган өгсөн боловч төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Манай өмгөөлөгчид эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалж 2016 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж, мэдүүлэг, тайлбар өгөхөөс авахуулаад, нэмэлт ажиллагаа хийлгэх бусад хэрэгт хамааралтай ажиллагааг явуулахад аман хэлбэрээр байнга зөвлөгөө өгч ажилласан бөгөөд энэ нь тэр бүр баримтаар тогтоогдох боломжгүй байдаг. Мөн бид Иргэний нисэхийн ерөнхий газарт хийсэн ажлынхаа талаар 2016 оны 09 дүгээр сард тайлан өгч байсан бөгөөд энэ талаарх тоот хэрэгт авагдсан байгаа. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3-р зүйлийн 3.9, 4.1-д заасны дагуу гэрээний төлбөр болох 6 000 000 төгрөгийг хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгч Л.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдсан нь үнэн боловч тус нөхөрлөл нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул өмгөөллийн хөлсийг төлөхөөс татгалзсан. Тус нөхөрлөл нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад юу хийсэн, уг хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр ямар ажиллагааг хийж, хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар албан бичгээр хаана хандаж, ямар хүсэлт, гомдол гаргаж байсан талаарх нотлох баримт байхгүй. Мөн тус өмгөөллийн нөхөрлөлд хэн, хэн гэсэн өмгөөлөгч ажилладаг, эдгээр хүмүүс нь хэрэгт ямар оролцоотой оролцсон талаар нэг ч баримт байдаггүй. Мөн талуудын байгуулсан гэрээнд өмгөөлөгчийн ажлын үр дүнг үндэслэн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон байдаг. Хэдийгээр гэрээ байгуулсан ч гэсэн тус байгууллагын ажилтан П.Ганболд, Ц.Түмэннасан нарын өмнөөс байгууллага яагаад гэрээ байгуулсан нь тодорхойгүй, мөн эрх бүхий албан тушаалтан болох Санхүүгийн албаны даргын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн зэргээс гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал яригдаж байгаа. Иймд уг гэрээ байгуулагдсан шаардлага, нөхцөл хэлбэрийн хувьд хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газраас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өмгөөллийн Инке” ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өмгөөллийн Инке” ХХН-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 756 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Өмгөөллийн Инке” ХХН-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дүгээр шийдвэрийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 756 дугаар магадлалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх болсон үндэслэлээ тайлбарлахдаа “...хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Өмгөөллийн Инке” ХХН-ийн өмгөөлөгчид нь нэр бүхий этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, тэдний эрх ашгийг хамгаалан хууль зүйн туслалцааг үзүүлсэн талаараа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлсэн байна. /Энэ албан бичгээр бид хийсэн ажлаа тайлагнасан хх-ийн 21-р хуудас/ Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/87 тоот албан бичгээр “...хууль зүйн фирмийн өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа болно гээд ... үйлчлүүлэгчддээ холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтайгаар Хан-Уул дүүргийн Прокурорын газар руу хүргүүлсэн талаар дурдаж, “...гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг олгоно уу” гэсэн албан бичгийг тус газрын Санхүү, эдийн засгийн газарт хүргүүлж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь тодорхой үйлчилгээ хариуцагч байгууллагад үзүүлж ажлын хөлсний урьдчилгаа 3 000 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байсан гэж үзэв” хэмээн шүүх дүгнэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг өөрөөр тайлбарласан.
Хариуцагч байгууллага эхнээсээ гэрээний үүргээ зөрчиж байсан болохыг нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээс үзэж болно. Гэтэл шүүх дээрх гэрээний үүргээ зөрчиж буюу гэрээнд талууд гарын үсэг зурсан даруй олгох ажлын урьдчилгаа хөлсийг, ажлын тайлангаа өгсөний дараа олгохоор шийдвэрлэсэн бичгийг /манай албан тоот бүхий ажлын тайланг хуулбарлан бичсэн/ үндэслэж нэхэмжлэгч талд олгох ажлын хөлсийг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх дүгнэхдээ “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хийсэн ажлын тайлангаа өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул гэрээний дагуу төлөх ажлын хөлсний үлдэгдэл 3 000 000 төгрөгтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгов...” гэжээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 89 тоот албан бичгээр хийсэн ажлынхаа тайланг өгсөн. Мөн хэргийг эцэслэн шийдвэрлэж хэргийг дуусгавар болгосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 862 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хариуцагч байгууллагад гаргаж өгсөн байгаа. Иймд дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Бид гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээнд заасны дагуу ажлын тайлангаа, хийсэн ажлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба тус баримтууд хэрэгт авагдсан. Тиймээс дээрх үндэслэлүүдээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 756 дугаар магадлалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг, маргааныг зохицуулсан хуулийг оновчтой зөв хэрэглэснээс гадна, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт болон тэдгээрт өгсөн эрх зүйн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч “Өмгөөллийн Инке” ХХН нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр “Өмгөөллийн Инке” ХХН нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хэрэгт П.Ганболд, Ц.Түмэннасан нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд өмгөөлөгчөөр оролцох, Иргэний нисэхийн ерөнхий газар нь 6 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирчээ. Гэрээг бичгээр байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр оролцох ажлыг гүйцэтгэж эхэлсэн нь эрүүгийн хэргийн явцад бүрдсэн баримтуудаар тогтоогджээ.
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд “гарын үсэг зурмагц урьдчилгаа 3 000 000 төгрөгийг төлөх, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараагаар өмгөөлөгчийн ажлын үр дүнг үндэслэн /тайлан/ үлдэх 3 000 000 төгрөгийг төлөх”-өөр тусгасан байна. Үлдэх хөлсийг ажлын үр дүн, тайланг үндэслэн төлөх тохиролцоо нь ажил, үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэсний дараа төлөх агуулгатай байх ба нэхэмжлэгчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын тайлангаа өгсөн гэх үндэслэлээ нотлоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 756 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээүсгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА