Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 95

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б би, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257, А/41 дүгээр тоот захирамжийн иргэн Б.Б, Г.Э, Д.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий иргэн Н.А-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257, А/41 дүгээр тоот захирамжийн иргэн Б.Б, Г.Э, Д.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. 

Учир нь Баянзүрх дүүргийн Газрын албанаас өөр газар санал болгосонтой холбоотойгоор нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Н.А-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Н.А нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно. 

Гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагуудын тухайд: 

Уг захиргааны хэрэг нь нэхэмжлэгч Н.А-гийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257, А/41 дүгээр тоот захирамжийн иргэн Б.Б, Г.Э, Д.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн ба уг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул гуравдагч этгээд Н.Ш болон Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг бие даасан шаардлага гаргаагүй гэж үзнэ. 

Харин гуравдагч этгээд Н.Ш болон Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нь бие даасан шаардлагатай холбоотой энэ асуудлаар шүүхэд жичдээ нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Н.А нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257, А/41 дүгээр тоот захирамжийн иргэн Б.Б, Г.Э, Д.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Ш-ийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг болон Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан гуравдагч этгээд Н.Ш******* болон Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 М.Б