Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/0021

 

“Г” ХХК болон “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус  

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      Г.Банзрагч

М.Батсуурь

Ц.Цогт

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай 147 дугаар тогтоолын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 /Гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн учирсан хохирлыг нийслэлийн Засаг даргаас гаргуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0454 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Ж.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд “В” ХХК-ийн захирал Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,   

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч А.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0454 дүгээр шийдвэрээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК болон “В” ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 147 дугаар тогтоолын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 /Гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн учирсан хохирлыг нийслэлийн Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2 тус тус баримтлан “Г” ХХК-иас, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай 147 дугаар тогтоолын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Г” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг нийслэлийн Засаг даргаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:       

3. ““Г” ХХК болон “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 128/ШШ2020/0454 дүгээр шийдвэр гаргасныг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 583 дугаар магадлал гаргасан ба уг магадлалыг нэхэмжлэгч тал болох “Г” ХХК болон “В” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, магадлалыг хүчингүй болгон өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр энэхүү хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Давж заалдах шатны шүүх магадлалдаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоол нь нэг талын хүсэл зориг илэрхийлэгдэн, захирамжилсан бичгэн хэлбэрээр гарч тодорхой үр дагавар үүсгэсэн шалтгаант холбоотой захиргааны акт мөн атал Захиргааны шүүхийн харьяаллын хэрэг маргаан болохыг үгүйсгэж байгаа нь илт хууль зөрчсөн буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

5. Учир нь “Г” ХХК болон “В” ХХК-ийн түншлэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн санхүүжилт бүхий нийт 6,757,399,201 /зургаан тэрбум долоон зуун тавин долоон сая гурван зуун ерэн есөн мянга хоёр зуун нэг/ төгрөгийн үнэ бүхий 2,1 км дэд бүтцийн байгууламжийг барьж байгуулахдаа 48 айлыг нүүлгэн шилжүүлэн, шинэ орон сууцанд оруулахад 3,670,640,200 /гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуун/ төгрөгийн зардал гаргасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Иргэний хуульд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох, өмчлөлийн маргаан үүссэн бөгөөд гаргасан зардал болон өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдгийг эрх ашиг нь хөндөгдөөд байгаа хуулийн этгээд төрийн байгууллагатай зөвшилцөх, хамтран шийдвэр гаргах, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж, хууль зөрчин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дангаар нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

6. Захиргааны байгууллага болох нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх, мөн зүйлийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмууд, заалтуудыг баримтлаагүй.

7. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хууль нь Захиргааны үйл ажиллагаанд баримтлах гол хууль болохын тухайд энэ хуулийг баримтлаагүй зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар “Г” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах боломжийг хангаагүйгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоол батлагдсан.

8. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар “өөрийн санаачилгаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөөд байгаа “Г” ХХК-ийн гомдол хүсэлтийг анхаарч тэдний эрхээ эдлэх боломжоор хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5-д тус тус заасан оролцоог хангах үүргээ биелүүлээгүй болно.

9. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох, оролцоог хангах ажиллагаа огтоос хийгээгүйгээс гадна энэ 147 дугаар тогтоолыг “Г” ХХК-д ямар хэлбэрээр хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага оролцогчдод мэдэгдэх, мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй. Зохих ёсоор мэдэгдсэнээр захиргааны актыг эрх зүйн хувьд бий болсонд тооцох учиртай ба хэлбэрийн төдий алдаа гэж үзэж болохгүй.

10. Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.

11. Эрх ашиг нь хөндөгдөөд байгаа “Г” ХХК нь дэд бүтцийг барихтай холбоотойгоор компаниас гаргасан хөрөнгө нийлсэн, өмчлөлийн маргаантай улмаас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, энэ шаардлагаа дэмжин оролцсон байтал нэхэмжлэгч тал өмчлөлийн асуудлаар маргаагүй мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 583 дугаар магадлалыг гаргасан.

12. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.22-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна” гэж заасан хэдий ч ямар зардлыг төсөл хэрэгжүүлэгч, ямар ажлыг төр хариуцахыг нарийвчлан заагаагүй. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 1.3-т “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаанд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох хуульд заасан зарчмыг баримтлах”-аар заасан.

13. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан энэ журам нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилготой ба Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т хуульчилсан ...хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц нийтээр ашиглах барилга байгууламж барих газар чөлөөлөх зардлыг ...Засаг дарга хариуцах-аар нарийвчлан зохицуулсан.

14. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Барилгын тухай хуулийн 4.1.22-т “Барилгын хөрөнгө оруулагч” гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулах” тухай хуулийн зүйл, зохицуулалт тус тус хүчин төгөлдөр үйлчилж байтал давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа тэдгээрийг анхаарч нягтлан харгалзаагүй, хууль зөрчсөн магадлал гаргасан.

15. Төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК болон “В” ХХК-иас хэрэгжүүлсэн төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх болон ус дулааны шугам сүлжээний дэд бүтцийн газар чөлөөлөх тус тусдаа ажлыг нэг л ажил мэт явцуугаар ойлгож хуулийн болон журмын нарийвчилсан зүйл зохицуулалт, эрх зүйн зохицуулалтын үндсэн зарчим, маргаан бүхий нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоолын эрх зүйн үр дагавар, шалтгаант холбоо зэргийг анхаарч, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх” зарчим зохицуулалтыг баримтлаагүй, хууль бус шийдвэр болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалыг хүчингүй болгоно уу.

16. Хот байгуулалт болон газар зохион байгуулалт, гэр хорооллыг барилгажуулах төсөл нь орон зайн хувьд нийтийн эрх ашгийг хамарсан төлөвлөлт бөгөөд төсөл хэрэгжүүлэх шатанд байгуулсан Гурван талт гэрээний 2.1 дэх хэсэгт: Иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан 2 талт гэрээг баталгаажуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх” нь энэ гэрээний зүйл болно.

17. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.11 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ, 4.12 дахь хэсэгт Сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлыг зөвхөн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эрх авсан төсөл хэрэгжүүлэгч зохион байгуулна, 5.14 дэх хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж тус тус заасан. Хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий захиргааны байгууллага гэдэг утгаар нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуулийн 35.1.1-д “Нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих үүрэг”-тэй байх бөгөөд Гурван талт гэрээний 5.1.5-д заасан “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэгчээс өөр хуулийн этгээдүүд барилгажилт явуулж байгааг таслан зогсоохгүй газрын зөвшөөрөл олгож, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд заасан батламж, баталгааг зөрчиж хамгаалаагүй зэрэг эс үйлдлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-д заасан үндэслэл тогтоогдож байна.

18. Маргаан бүхий нэхэмжлэл шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад нийслэлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гэх гуравдагч хуулийн этгээдүүд төсөл хэрэгжүүлэгчийн талбай газар, мөн дэд бүтцээс хууль бус огтолгоо хийн ерөнхий төлөвлөгөөг зөрчин барилгажилт явуулах хортой үр дагаврыг бий болгосон. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 147 дугаар тогтоол нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх” тухай хуульчилсан зохицуулалт, Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэг, 73-77 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн.

19. Өмчлөлийн маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ус дулаан дамжуулах дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээ нь Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “Инженерийн дэд бүтэц”, мөн зүйлийн 3.1.15-д заасан “Гэр хорооллын төлөвлөлт”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7-д тус тус заасан зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийн 39 га газар дээр хэрэгжүүлэх 5100 айлын барилгын орон сууц, хүчин чадалд нийцүүлсэн дэд бүтэц юм.

20. Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...,” 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэснийг тус тус ноцтой зөрчсөн ба хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нягтлан анхаарч, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн тулгуурлаагүй, Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэгт ач холбогдолтой талаар үнэлээгүй, хууль бус шийдвэр гаргасан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0454 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

22. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай 147 дугаар тогтоолоор Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчимд байрлах хавсралтад заасан нийт 12,417,247,440 төгрөгийн үнэ бүхий ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрчээ.

23. Нэхэмжлэгчээс “…газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэхдээ сонгосон талбайд хамрагдсан 48 айлын үл хөдлөх хөрөнгө болон газар чөлөөлөхөд 3,670,640,200 төгрөгийн зардлыг гаргасан, хариуцагч нар үүнийг мэдсээр байж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай 147 дугаар тогтоол гаргасан нь хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшилсан тул хүчингүй болгуулна” гэж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас “…журмын 3.15-д зааснаар зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцахаар заасан, төрийн болон хувийн өмч гэдгийг тодорхой нарийвчилж зааж өгөөгүй, тодруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “…нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил тул нэхэмжлэгчид энэ хөрөнгийг эзэмшүүлж ашиглуулах боломжгүй тухай мэдэгдэж байсан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 147 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аливаа хэлбэрийг агуулаагүй тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус маргасан байна.  

24. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон төлөвлөгдсөн ГХДТ-2013/6 багцын “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК болон “В” ХХК-иудын түншлэл шалгарч, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/464 дүгээр захирамж гарсан, нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх явцад 3х3 хэмжээтэй 2,1 км инженерийн барилга байгууламж бүхий дулаан, цахилгаан, цэвэр ус, холбоо дохиоллын шугам сүлжээ, ариутгах татуурга буюу бохир усны хоолой татах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.  

25. Төслийг хэрэгжүүлж эхлэх үед Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” батлагдан гараагүй харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Журам батлах тухай 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар тухайн төслийн үйл ажиллагааны эрх зүйн харилцаа зохицуулагдаж байжээ.

26. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.22-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна” гэж заасан байна.

27. Энэ маргааны хувьд сонгосон талбай гэдэгт төсөл хэрэгжих ГХДТ-2013/6 багцын “Б” хэсэгчилсэн байршилд барилгажих орон сууцны барилгууд орчны газрын хамт эсхүл зөвхөн ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж байрлах газар хамаарах эсэхийг ялган эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг нэг мөр хийлгүйгээр анхан шатны шүүх “Иргэний хуульд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох нөхцөл үүссэн гэсэн агуулгаар тайлбарлаж буй нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй” гэж, давж заалдах шатны шүүхээс “...газар чөлөөлөх зардлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцахаар тусгасан байхад уг зардлыг хохирол учирсан хэмээн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...” хэмээн тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

28. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч инженерийн барилга байгууламж, дулаан, цахилгаан, цэвэр ус, холбоо дохиоллын шугам сүлжээ, ариутгах татуурга буюу бохир усны хоолой татах ажлуудыг хийж гүйцэтгэсэн, уг байгууламжийг бүтээн байгуулахад 48 иргэний бодит үнэ бүхий орон сууц, бусад объектыг чөлөөлөх зэрэг ажилд зарцуулсан 3,670,640,200 төгрөгийн зардлыг хохирол гэж үзэн хариуцагч нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.  

29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж заасан. Тухайн тохиолдолд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хариуцагч нийслэлийн Засаг даргаас хохирол нэхэмжилж буй шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай.

30. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай 147 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, уг тогтоолтой маргаж буй энэ тохиолдолд, төслийг хэрэгжүүлэхэд гаргасан гэх зардлыг “хохирол”-д тооцож нэхэмжлэх нь ямар учир шалтгаантай болох, үүнийг дүгнэлгүйгээр анхан шатны шүүх “...хохирлын хэмжээ лавтай баримтаар нотлогдохгүй, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй” гэсэн, давж заалдах шатны шүүх “...маргаан бүхий захиргааны акт /НИТХТ-ийн 2018 оны 147 дугаар тогтоол/ болон хохирол хооронд шалтгаант холбоо үүссэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийж маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.    

31. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болон инженерийн барилга байгууламжийг бий болгоход зориулж нэхэмжлэгчээс гаргасан зардлыг хариуцагчаас нөхөн гаргуулах гэсэн эрх зүйн өөр өөр тусдаа ойлголт, энэ асуудлыг хоёр шатны шүүх дүгнээгүй нь буруу.

32. Иймд, хяналтын шатны шүүхээс шүүхүүдийн дээр дурдсан алдааг засах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0454 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Ч.ТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧ                                                            Х.БАТСҮРЭН