Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 18

 

Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, 
Г.Сайнхүү, Ж.Батболд нарт 
холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинтөрийг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, Г.Сайнхүү, Ж.Батболд  нарт холбогдох захиргааны  зөрчлийн материалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    
Монгол улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дэрстэй багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН70042215 регистрийн дугаартай, Савар овгийн Янжиндуламын Баттогтох,
Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 26-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дэрстэй багийн иргэдийн нийтийн хурлын дарга жилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН76022635  регистрийн дугаартай Урианхай овгийн Бадарчын Түвшинтөгс,
Монгол улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, төслийн ажилтан, ам бүл 4, эхнэр  2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН63101615  регистрийн дугаартай, Харнууд овгийн Гүрсэдийн Сайнхүү,
Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН71032915 регистрийн дугаартай Бэсүд овгийн Ишжамцын Дармаа,
Монгол улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багт оршин суудаг, ДН61052116 регистрийн дугаартай Харуулчин овгийн Хувалзын Лхагва-очир,
Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд Шивээгийн 3-26 тоотод оршин суудаг, ДН77030836  регистрийн дугаартай Жотон овгийн Жадамбын Батболд нар нь “Багт хэрэгжүүлэх ажлууд” нэртэй сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа хийх ажлын жагсаалт гаргаж сонгогчдод тараасан зөрчилд холбогджээ.
Анхан шатны шүүх: Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны итгэмжлэгдсэн   төлөөлөгч   Д.Отгонбаяраас    Цагдаагийн    байгууллагад гаргасан Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлоос Цээл сумын ардчилсан намын штабын дарга Х.Лхагва-Очирт холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.15 дахь хэсэгт зааснаар Я.Баттогтох,   Г.Сайнхүү,  Ж.Батболд,   Б.Түвшинтөгс,   И.Дармаа  нарт тус бүрийг нь 4032000 /дөрвөн сая гучин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. 
 Зөрчилд холбогдогч Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, Г.Сайнхүү, Ж.Батболд нар давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэвэрийг зөвшөөрөхгүй байна. 
Цээл сумын сонгуулийн хороо нь хууль бусаар дур мэдэн өөрт хамааралгүй асуудлаар тогтоол гаргаж нэр дэвшигчдийн жагсаалтаас хассанд болон Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн эхргийн анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.5.15 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсанд туйлын харамсалтай байна. 
Шүүхийн энэхүү шийдвэрийг нэг намын эрх ашигт нийцүүлэн гаргасан, өөрөөр хэлбэл МАН-ын талд үйлчилсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл бид нар сонгуулийн тухай хуулийн 67.3 дахь хэсэгт заасан бие даасан мөрийн хөтөлбөр гаргаагүй Аудитаар баталгаажсан намын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн, мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлын жагсаалт гаргасан. Нөгөө талаар бид Сонгуулийн тухай хуулийн 70.5.15-д заасан эд хөрөнгө, мөнгө амлаагүй болно.
Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 тоот шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Зөрчил гаргагч нарын өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч нарыг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасан заалт мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.15 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
1.Бие даасан мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Багт хийх ажлын жагсаалт нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажууд байгаа болно.
2.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.15-д заасан зөрчил нотлогдоогүй, төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох шууд зарцуулах амлалт амлаагүй байх бөгөөд аудитын дүгнэлт гарсан байгаа нь дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Мөн шүүх хурал хэзээ хаана болохыг мэдэгдээгүй, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь эдлүүлээгүй байх тул Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Цээл сумын АН-аас Дэрстэй багт нэр дэвшигч Я.Баттогтох нарын 5 нэр дэвшигчид  нь  Сонгуулийн  тухай  хуулийн  70-р  зүйлийн  70.5.14,  70.5.15, 70.5.16 дахь  заалтыг ноцтой  зөрчсөн  бөгөөд тэдний  энэхүү үйлдэл  нь өөрсдийн тайлбар,  гэрчийн  мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Гэтэл зөрчил гаргагч нар өөрсдийн алдааг хэт улс төржүүлж "эрх барьж байгаа намд үйлчилж байна гэж" шүүхийг үндэслэлгүйгээр гүтгэж байгаад харамсаж байна.
Зөрчил гаргагч нараас гаргасан "багт хийх ажлын жагсаалт"-нд байгаа орон нутгийн  хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажил  нь Сонгуулийн хуулийн 70.5.15-дахь   заалтыг   зөрчсөн   бөгөөд   орон   нутгийн   хөгжлийн   сангийн хөрөнгө  нь Төсвийн  тухай  хуулийн  59.1-д  зааснаар татварын орлого бүрдэх төсвийн хөрөнгө юм.
Шүүхээс  зөрчил  гаргагч  нарын  гаргасан  Сонгуулийн  хуулийн  67.3 дахь заалтад хамаарах үйлдэлд эрх зүйн дүгнэлтийг зөв өгсөн бөгөөд "малчдыг эрүүл   мэндийн   үзлэгт   хамруулах,   залуучуудыг   ажилд   зуучлах"   зэрэг амлалтын ажилд ч дүгнэлт өгч хариуцлага тооцох үндэслэлтэй байна.
Иймд Сум дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  2016  оны 11 дүгээр р сарын   28-ны   өдрийн   24   тоот   шийтгэвэр   хуулийг  зөв   хэрэглэсэн,   хууль зүйн үндэслэлтэй шийтгэвэр учраас зөрчил гаргагч нарын гомдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд хүн бүр хараат бус шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй болохыг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах эрхтэй болохыг, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэд хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг баталгаатай эдэлхээр заажээ.
Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зөрчилд холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг  заавал тогтоохыг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргагч нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх нотлох баримт хүсэлт гаргах эрхтэй болохыг тодорхойлон заасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, Г.Сайнхүү, Ж.Батболд нарт холбогдох захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийг хэзээ, хаана шийдвэрлэх талаар мэдэгдээгүй, оролцогчдын шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна.
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, Г.Сайнхүү, Ж.Батболд нарт холбогдох захиргааны зөрчлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол гаргагч нарын шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

    1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, Г.Сайнхүү, Ж.Батболд нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
    
2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
    

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЖАРГАЛСАЙХАН          
            ШҮҮГЧИД                     Ж.БАТТОГТОХ
                                                              Ч.ЭНХТӨР