Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0188

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийнилтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ш.Б-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: “ ...1. Аймгийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 дугаартай албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцүүлэхээр санал хүргүүлсэн байдаг.

Энэ саналын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Т.Ж-ыг Засаг даргын орлогчоор томилсон 50 дугаартай “Санал дэмжих тухай” тогтоол гарсан байдаг. Энэ тогтоол нь Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөхтэй холбоотой хуулийн шаардлагыг биелүүлснийг бүрэн дүүрэн нотолж байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Г миний бие томилогдсон бөгөөд анхан шатны шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн ба тухайн өдөр өвчтэй байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдааны товыг талуудад боломжит хугацаанд мэдэгдэж мэтгэлцэх боломжоор хангах ёстой байсан.

3. Хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан ба хэргийн материал танилцуулсан баримт дээр хариуцагчийн гарын үсэг зурах хэсэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчсөн байх тул хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Ингэснээр хариуцагч хэргийн материалтай танилцах, хэгийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт сэлт гаргаж өгснөөр маргааныг хуульд нийцүүлэн үнэн зөв шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Ш.Б-ийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Ш.Б уг захирамжийг эс зөвшөөрч “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... ажлаас чөлөөлөхдөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээгүй, захирамжид ажлаас чөлөөлөх үндэслэлийг тусгаагүй” гэсэн үндэслэлээр маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлд Төрийн улс төрийн албан тушаалтнуудыг нэрлэн заасан бөгөөд 6.1.12-т зааснаас үзвэл аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь “төрийн улс төрийн албан тушаал” байх бөгөөд аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг бус Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл, заалтыг мөрдөхөөр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаас үзвэл аймгийн Засаг даргын орлогчийн томилох болон чөлөөлөхөд аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байхыг шаарджээ.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэл[1], тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоол[2] зэргээс үзвэл аймгийн Засаг даргын орлогчоор Т.Ж-ыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Т.Ж-ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилуулахаар ирүүлсэн саналыг дэмжсэн байх боловч Ш.Б-ийг Ховд аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал тусгагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ш.Б-ийг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн эсэх талаар тодруулаагүй, буюу энэ талаар баримт байгаа эсэхийг, мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан үндэслэлийг буюу цаашид түүнийг ажиллуулах боломжгүй болсон талаарх үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу шүүх шүүх хуралдаан товлон зарлах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх учиртай.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-т шүүх хуралдааны товыг 2019 оны 01 дүгээр сарын 14, 15, 16-ны өдөр утсаар мэдэгдэж, баримт[3]-ыг үйлдсэнээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд /долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө/ мэдэгдээгүйгээс гадна хэрэгт авагдсан “Хэргийн материал танилцуулсан тухай” баримт[4]-ын хариуцагчид хамаарах хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М гарын үсэг зурсан, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,  6 дугаар зүйлийн 6.4,  20 дугаар зүйлийн 20.1.2, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх засаж залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                   Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ 

 


[1]ХХ-ийн 24-28 дугаар хуудас

[2]ХХ-ийн 16 дугаар хуудас

[3]ХХ-ийн 41, 49, 50 дугаар хуудас

[4]ХХ-ийн 39 дүгээр хуудас