Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00482

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00482

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04416 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б, Б.В нарт холбогдох

Гэрээний зарим хэсгээс татгалзаж үр дагавар 85,000,000 төгрөг, хохирол 30,275,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь Г ХХК-тай 2020 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлэн авах орон сууцуудаас зах зээлийн ханшаас хямд үнээр Б.В , А.Б нарт бартераар худалдсан.

А ХХК нь Б.В тай 2020 оны 08 сарын 27-ны өдөр 09 тоот, А.Б тай 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 блок цогцолбор хорооллын 1 дүгээр блокын 0 давхрын 0 тоотын 00.00 м.кв талбайтай орон сууц, 0 давхрын 00 тоотын 00 м.кв талбайтай орон сууцуудыг бартерийн 3 автомашинууд болон зөрүү төлбөр төлж худалдахаар тохиролцсон.

Б.В , А.Б нар нь тус гэрээний 85,000,000 төгрөгийн төлбөрт 2019 онд үйлдвэрлэсэн, улаан хүрэн өнгөтэй, ZSU60-0176626 арлын дугаартай, Toyota harrier маркийн автомашиныг итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн.

Тус автомашиныг 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс хойш худалдах зорилгоор зар тавьж, олон хүмүүст үзүүлэхэд осолд орж эвдэрч байсан доголдолтой байна гээд худалдаж чадаагүй, итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч нь уг автомашиныг Уран ган ХХК-аар дамжуулан худалдахаар үйлчилгээ авах явцад мөн л осолд орж, эвдэрч байсан машин байна гэсэн ба 1000mashin.mn вэб сайтаас автомашины арлын дугаараар шалгуулж, аукционы хуудсыг гаргуулан авсан.

Уг аукционы бичигт SR (люк), AW (хайлшин обуд), РS (гидртэй рулийн аппарат), РW (автомат цонх өргөгч), навигейшн, аюулгүйн дэр хэсгийг үнэлгээчний тэмдэглэл хэсэгт хүчингүй гэж тэмдэглэсэн, автомашины зураг дээр зүүн урд тал болон хажуу талаас осолд орсныг, үнэлгээчний өгсөн сөрөг мэдээлэл хэсэгт хэвийн бус байдалтай гэсэн тэмдэглэлтэй байсан.

Мөн автомашиныг 2022 оны 04 сарын 27-ны өдөр Дельта авто сервис ХХК-ийн оношилгоонд оруулахад амортизатор, цап гулзайсан, цуурсан, доод гар гулзайсан, доод өндгөн тулгуур солих, тэнхлэг тохиргоо хийхээр оношилсон.

Нэхэмжлэгч нь автомашиныг доголдолтой болохыг 2020 оны 10 сард мэдсэн даруйдаа хариуцагч А.Б , Б.В нарт мэдэгдэж, автомашиныг солих, эсхүл автомашины үнийн дүнг 30,000,000 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэгчид төлөх, 85,000,000 төгрөг өгөөд автомашинаа буцаан авах зэрэг шаардлагуудыг хэлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд автомашины доголдлыг арилгах, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох талаар арга хэмжээ аваагүй.

Иймд гэрээний доголдолтой автомашинд холбогдох хэсгээс татгалзаж,

1.2. Гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 08 сарын 17-ны өдрөөс хойш 2 жил гаруй хугацаанд уг автомашины доголдлыг арилгаагүй, доголдолгүй автомашинаар сольж өгөөгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч нь тухайн автомашиныг худалдан борлуулж мөнгөө гаргаж авах боломж олдоогүй тул хохиролд 30,000,000 төгрөг гаргуулна.

Энэхүү хохирлыг тооцохдоо Монгол банкны зээлийн хүүгийн дунджаар тооцож гаргасан.

1.5. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.2 дахь хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 9 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний тоёота харриер /toyota harrier/ маркийн суудлын автомашинд холбогдох хэсгээс татгалзаж тус автомашиныг хариуцагч нарт буцаан өгч, хариуцагч нараас уг автомашины үнэ 85,000,000 төгрөг, хохиролд 30,000,000 төгрөг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2020 оны 08 сарын 17-ны өдөр 09 болон 10 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, 2 ширхэг орон сууцны үнэд 3 ширхэг автомашин өгч, үлдэх төлбөрт 13,550,000 төгрөгийг тус тус шилжүүлэн үнийг төлж дуусгасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар гэрээний зүйл доголдолтой эсэхийг шалгах үүрэг нэхэмжлэгчид байсан. Доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ алддаг хуулийн зохицуулалттай. Уг автомашиныг хүлээн авах үед үзлэг оношилгоонд оруулах боломжтой байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь 85,000,000 төгрөгт тооцон өгсөн Toyota harrier маркийн автомашиныг доголдолтой байсан гэж уг автомашинд холбогдох хэсгээр гэрээг цуцалж, үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Тухайн автомашиныг шилжүүлэх үед ямар нэгэн эвдрэл гэмтэл, биет байдлын доголдолгүй байсан. Манай талаас Монгол Улсад орж ирээд яваагүй, дугаар аваагүй автомашиныг нэхэмжлэгчид өгсөн ба эд хөрөнгийг өөрсдийнхөө өмчлөлд авснаас хойш 1 жил 6 сарын дараа оношилгоо хийлгэсэн тул өөрсдийнх нь эзэмшилд байх хугацаанд автомашин эвдэрсэн байх боломжтой.

2022 оны 07 сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад тус автомашин 2,600,000 төгрөгийн эвдрэл гэмтэлтэй гарсан ба дүгнэлт гаргахад улсын дугаар авсан байсан.

2.3. 30,000,000 төгрөгийн хохирол гэх үнийн дүнг яаж гаргасан, ямар баримт үндэслэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.В , А.Б нараас тоёота харриер /toyota harrier/ маркийн автомашины үнэ болох 85,000,000 төгрөгийг, учирсан хохиролд 30,000,000 төгрөгийг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 892,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасны дагуу худалдаж байгаа эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх үүрэг, 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт заасан гэрээний нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулсан итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол Иргэний хуулийн 255.1 дэх хэсэгт хамаарахгүй байхаар заасан.

Хариуцагч нар автомашины худалдаа хийдэг, энэ чиглэлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг нь тухайн худалдсан автомашины доголдлын талаар мэдэж байсан гэх хангалттай үндэслэл болно.

Иймд энэ хэргийн нөхцөл байдалд Иргэний хуулийн 255.1 дэх заалт хамаарахгүй.

4.2. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар "... баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй" гэж заасан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашиныг 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 1478 дугаар бүхий итгэмжлэлээр хүлээн авснаас хойш 2 сарын дотор автомашины доголдлыг илрүүлэн энэ тухай мэдэгдэж, улмаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дахь хэсэгт заасан доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гэрээг цуцлах шаардлагыг гаргаж нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо мэдэгдэж, ярилцаж байсан Нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдаагүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалтыг хэрэглэх ёстой байтал тус хуулийн заалтыг хэрэглээгүй.

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан автомашинуудыг хүлээн аваад цааш нь худалдах зорилготой байсан тул доголдолгүй гэсний дагуу худалдан авахаар тохиролцсон. Иймд тус автомашинд доголдол байгааг мэдсэн үеэс тухайн автомашиныг засварлах зардлыг анхнаасаа шаардаагүй.

Анхан шатны шүүхээс хариуцагч талыг биет байдлын доголдолгүй автомашин шилжүүлэх үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэхдээ автомашины үнийг уг доголдлыг арилгахад шаардлагатай зардлын хэмжээтэй харьцуулсан боловч тухайн маргаан бүхий автомашины буюу эд хөрөнгийн онцлог, нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг харгалзаагүй нь нэхэмжлэгч талыг хохироож байна.

4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээний нөгөө тал болох хариуцагч нарт 2020 оны 10 сарын 14-ний өдөр мэдэгдсэн тухай утсанд үзлэг хийсэн баримтаар нотлогдох бөгөөд үүнээс хойш өөрийн шаардлагаа утсаар холбогдон, уулзаж шаардаж байсан.

Түүнчлэн, илэрсэн доголдол нь ялимгүй зөрчил биш тул татгалзал нь хуульд нийцээгүй гэх үндэслэл буруу. Иймд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан нэхэмжлэгч доголдолтой хэсгээр гэрээг цуцалж, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол 30,000,000 төгрөг, шинжээчийн зардал 275,000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Талууд харилцан тохиролцож 2 өрөө байрыг 3 автомашинаар сольсон. Тоёота харриер /toyota harrier/ маркийн автомашиныг Б.Б д үзүүлэхэд болж байна гээд сольсон. Иргэний хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа шалгах эрх нээлттэй байсан

5.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 30,000,000 төгрөгийг эдийн засгийн ямар тооцооллоор гаргасан, ямар үнэлгээтэй болох нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэглэх ёстой хуулийн заалтыг тайлбарлаж, зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б , Б.В нарт холбогдуулан гэрээний зарим хэсгээс татгалзаж үр дагавар 85,000,000 төгрөг, хохирол 30,275,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК нь Г ХХК-тай 2020 оны 04 сарын 03-ны өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай газрын хавсралт дахь 4042,9 м.кв талбайтай газраар, Г ХХК нь барилгыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх13-14/

 

Уг гэрээгээр орон сууцны ашигтай талбайг 100 хувь гэж үзэн үүнээс 16 хувьд ногдох ашигтай талбайг А ХХК, 84 хувьд ногдох ашигтай талбайг Г ХХК тус тус авахаар харилцан тохиролцжээ.

 

4. Г ХХК нь А.Б , Б.В нартай 2020 оны 08 сарын 17-ны өдөр 09, 10 дугаар орон сууц захиалгын гэрээг тус бүр байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 3 блок цогцолбор хорооллын 1 дүгээр блокын 0 давхрын 0 тоотод байрлах 00.00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, мөн блокын 0 давхрын 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх, А.Б , Б.В нар нь 3 ширхэг автомашиныг бартераар болон 13,550,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Дээрх гэрээний 1.1-д энэ захиалгын гэрээ нь А ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний нэг хэсэг бөгөөд гэрээний үнийн дүн А ХХК-ийн гэрээний үнийн дүнгээс хасагдана гэж талууд тохиролцсон тул нэхэмжлэгч А ХХК-ийг гэрээний нэг тал гэж үзэх бөгөөд гэрээнээс үүдэлтэй хохирлыг шаардах эрхтэй.

 

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт тус тус заасан худалдах, худалдан авах болон арилжааны гэрээний шинжийн аль алиныг агуулсан холимог гэрээний харилцаа үүссэн.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасны дагуу талуудын байгуулсан гэрээний дийлэнх хэсэгт харилцан эд зүйлс солилцохоор тохиролцсоныг мөн хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв дүгнэжээ.

 

5. Дээрх гэрээний дагуу А ХХК нь тус бүр 47,74 м.кв, 00 м.кв талбайтай орон сууцнуудыг 2021 оны 08 сард А.Б , Б.В нарын эзэмшилд шилжүүлсэн, А.Б , Б.В нар нь 50,000,000 төгрөгт форд эксплорер /ford explorer/, 37,000,000 төгрөгт тоёота кроун хабрид /toyota crown hybrid/, 85,000,000 төгрөгт тоёота харриер /toyota harrier/ маркийн автомашинууд болон 13,550,000 төгрөгийг А ХХК-д шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

 

5.1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б , Б.В нарын 85,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн тоёота харриер /toyota harrier/ маркийн автомашины биет байдлын доголдлын талаар маргасан байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргана.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ гэх гэрээгээр талууд чанарын байдлын талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасны дагуу маргаж буй автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

 

5.2. Хэргийн 133-134, 143-146 дахь талд авагдсан Б.Б гийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь тоёота харриер /toyota harrier/ маркийн автомашиныг хариуцагчаас 2020 оны 08 сард хүлээн авч, тус автомашины доголдлын талаар 2020 оны 10 сарын 14-ний өдөр А.Б т мэдэгдсэн нь тогтоогджээ.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн маргааны зүйл болох тоёота харриер маркийн автомашины эвдрэл гэмтлийг засварлах зах зээлийн үнийг 2,600,000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх 74/

 

Дээрх автомашины эвдрэлийг засах боломжтой бөгөөд энэхүү ялимгүй зөрчлийн улмаас гэрээг дуусгавар боломжгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар гэрээнээс татгалзаж болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5.3. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Учир нь гэрээний зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж үр дагаврыг буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний үүргийн ялимгүй зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй тул хадгаламжийн хүүгийн 30,000,000 төгрөг, шинжээчийн зардал 275,000 төгрөг нийт 30,275,000 төгрөгийг хохиролд тооцож шаардах эрхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/04416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...255 дугаар зүйлийн 255.1.1 гэснийг ...205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Проспериус констракшн ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 734,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ