Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч А.Туулсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

Шүүгдэгч Б.Хэнмэдэхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сөнөд доной овогт Банзрагчийн Хэнмэдэхбаярт холбогдох 1829000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Хэнмэдэхбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд баг, Хөөврийн 08-13 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцаанаас иргэн А.Туулсүрэнтэй маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хэнмэдэхбаяр мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай бариулж байсан байшингийн хана муруй баригдсанаас болж А.Туулсүрэнтэй маргасан. Үдээс хойш маргаад гэр гэрлүүгээ орсон. Орой 18 цагийн үед гэрийн довжоон дээр тамхи татаад сууж байгаад шүлсээ хаясан. Тэр үед А.Туулсүрэн урдуур явж байсан, гэхдээ би түүнрүү шүлсээ зориуд хаяагүй. Тэгтэл  А.Туулсүрэн миний өөдөөс нулимхаар нь нүүр рүү нь мангасдаж түлхсэн. Тэгсэн DDISH-ийн тогоон дээр ойчоод босож ирээд намайг униар цохисон. Би тэр унийг нь булааж авч шидсэн. Үл ялих зүйлээс маргалдаж ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Одоо хохирогчоос уучлал гуйя.”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Туулсүрэн мэдүүлэхдээ: “...Орой нь би урдуур нь алхаад явж байсан чинь хоолойгоо засаж байгаад над руу нулимсан. Яаж байгаа юм бэ? гэсэн чинь “Яадын пиздаа минь” гэсэн. ...Надад ч гэсэн шүлс байна гээд газар руу нулимсан. Би өөрөө багш хүн, хүний хүүхдийг хүмүүжүүлдэг болохоор би хүний нүүр рүү нулимах зориг байхгүй. Тэгэхэд намайг цохиж унагаасан. Унах үед миний гартаа бариад явж байсан утас гэрийн ард оочсон байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ? гэхэд гадаа байсан хогийн төмөр савыг бариад дахиад цохих гэж байсан. Тухайн үед согтуу байсан гэж бодож байна. Би ажилчид руу дайрч магадгүй гэж бодоод цагдаа дуудаж өгнө гээд дуудлага өгсөн. ...Эмчилгээний зардалд 4,767,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 533,300 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 5,299,300 төгрөг болж байна. Үүн дээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас 2 хоног болж ирсэн.  Ажлаасаа 3 өдрийн  цалингүй чөлөө авсан. Би банкнаас зээл авсан. Нэхэмжилж байгаа 5,299,300 төгрөг дээр ажлын 3 өдрийн цалинг нэг өдрийн 37,000 төгрөгөөр тооцож бодоод 111,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 5,410,300 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3 дугаар хуудас/,

Хохирогч А.Туулсүрэнгийн : ”...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн барилгын засалч Мөнхсарнайтай хамт баригдаж байгаа хауснаас гараад Хэнмэдэхийн урдуур явсан. Мөнхсарнай миний өмнө 3-н алхамын урд явсан. Би араас нь 2-3 алхамын зайтай явж байсан. Хэнмэдэхбаяр нь надруу нус шүлс цэрээ хоолойгоо дуугаргаж татаж байгаад надруу нулимаж тэр нь миний өмсөж явсан богино плажны хормойд наалдсан. Тэгээд чи яаж байгаа юм гэхэд яадгийн пизда минь би өөрийнхөө хашаанд байна, яасан ч яадаг юм гээд надруу орилж хашгирсан. Тэгэхээр нь надад ч бас шүлс байна гээд шүлсээ газар хаясан, гэтэл үг хэлэхийн завдалгүй шууд босч ирээд гарынхаа алгаар нүүрлүү цохиж унагаасан энэ үед би ухаан балартаж яаж унасанаа мэдэхгүй, ямар өвдөлт авсанаа мэдэхгүй гарт байсан утас гэрийн ар луу шидэгдсэн байсан. Би босч ирэхэд надруу унь бариад дайрч цохьсон тэгээд дахиж цохиулахгүйн тулд уньнаас нь би зууралдаад булаацалдаж байх үед Мөнхсарнай “болиочээ, эмэгтэй хүн аллаа” гэж орилсон. Энэ үед баригдаж буй хауснаас 2 залуу гарч ирээд Хэнмэдэхбаярыг надаас салгаж холдуулсан. Тэгсэн Хэнмэдэхбаяр гэрийнхээ гадаа байсан 1 метр орчим урттай төмөр хогийн саваар намайг цохих гэж дайрсан. Энэ тэнд байсан хүмүүс барьж, хорьж салгасан. Тухайн үед би Хэнмэдэхбаярт эмэгтэй хүн зодоод эрчүүдээр хориулж байдаг арчаагүй эр хүн юмдаа гэж хэлсэн. Гэтэл намайг пизда минь гичий минь чамайг би ална гэж хэл амаар доромжилж дахин дайрсан. Энэ үед мөн тэнд байсан хүмүүс хорьсон. Тэгээд би цагдаа дуудаад хашааны гадаа гарч хүлээж зогсож байтал цагдаа ирж Хэнмэдэхбаярыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Т.Мөнхсарнайгийн: “2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Хэнмэдэх гэх залуу орж ирээд булангийн догол байсныг хараад “энийг янзалж болох уу” гэхэд “болно” гэхэд захирал руу яриад “энэ хүүхэн чинь болохгүй гэж байна” гээд захирал руу яриад хэрүүл хийгээд байсан. Тэгээд байж байтал Туул гэх барилгын даамал орж ирэхэд “энэ замаск татсан зүйл болохгүй байна” гэж хэлсэн. Туулыг янхан банзлаар нь дуудаад зодох гэж дайрахад би Хэнмэдэхийг хориглоод Туулыг авж гараад гэрлүү аваад орсон. Тэгээд эргэж байшин руу ороод Хэнмэдэх Төгсөө нарын хамт лазераар хэмжээд ганц нэгхэн л догол газруудыг засаж янзлахаар тохиролцсон. Тэгээд орой Туул бид хоёр байшингаас гараад урд хойноо орчихсон явж байсан. Туул миний хойно явж байсан Хэнмэдэх тамхи татаад гэрийн үүдний довжоон дээр сууж байсан Хэнмэдэхийн урдуур гарахад Туул “чи яагаад надруу хаяж байгаа юм бэ” гэхэд “хуц, солиор би хашаан дотроо яах нь миний дур наад хүмүүсээ аваад зайл” гэж хэлээд Туулын нүүрлүү цохьсон тэгээд Туул газар унаад өгсөн би “чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ” гэхэд манай ажилчид гарч ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар 20-ны өдрийн №399 дугаартай шинжээчийн: ”... А.Туулсүрэнгийн биед тархи доргилт, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, шилбэнд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдэж байсан эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Гэрч М.Оюунтөгсийн мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

Хохирогчоос ирүүлсэн хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 51-58, 73-87 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үнэлэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Хэнмэдэхбаярнь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд баг, Хөөврийн 08-13 тоот хашаанд хувийн таармжгүй харьцаанаас иргэн А.Туулсүрэнтэй маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч А.Туулсүрэнгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Хэнмэдэхбаярын хохирогчийг цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Хэнмэдэхбаярын гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч А.Туулсүрэнгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар 20-ны өдрийн №399 дугаартай шинжээчийн:”... А.Туулсүрэнгийн биед тархи доргилт, баруун бугалга, сарвуу, зүүн шуу, шилбэнд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн хохирогч А.Туулсүрэн нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт нийт 5,410,300 төгрөгийг нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Туулсүрэнгээс ирүүлсэн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээнд /хх-ийн 53-57, 75, 76, 77 дугаар хуудас/ хэсэгчлэн хангаж, шүүгдэгч Б.Хэнмэдэхбаяраас хохирол төлбөрт 1,404,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Туулсүрэнд олгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,006,300 төгрөгийг нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хүсэлтээр шүүх хуралдааныг 30 минутаар завсарлуулж, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Хэнмэдэхбаяр нь хохирогчид учирсан бодит хохирол болох 1,404,000 төгрөг болон өөрийн гэм бурууг ухамсарлаж сайн дурын үүднээс 1,096,000 төгрөгийг нэмж нийт 2,500,000 төгрөг хүлээлгэн өгөв. Хохирогч нь санал гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэв.” гэж бичгээр баталгаажуулсан болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Хэнмэдэхбаярыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлэн, шүүгдэгчид 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Хэнмэдэхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сөнөд доной овогт Банзрагчийн Хэнмэдэхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхбаярыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000  /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Хэнмэдэхбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхбаяраас хохирол төлбөрт 1,404,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Туулсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,006,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэнмэдэхбаяр нь хохирогчид хохирол төлбөрт 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч А.Туулсүрэн нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр баталгаажуулсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.Хэнмэдэхбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Хэнмэдэхбаярт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Хэнмэдэхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН