Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00483

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00483

 

 

 

А.А , Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 182//ШШ2023/00268 дугаар шийдвэртэй

А.А , Б.Б нарын нэхэмжлэлтэй, В ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох

А.А нь барилгын 00.00 м кв талбайтай дөрвөн автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Б.Б нь 00.00 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А , түүний өмгөөлөгч Л.Отгондорж, нэхэмжлэгч Б.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А.А , Б.Б нар нь Г ХХК -тай 2015 оны 06 сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр С ордны 1 дүгээр давхрын баруун хойд талын 00.00 м.кв талбайтай 4 автомашины зогсоолын зориулалттай заал, мөн баруун талын 00.00 м.кв талбайтай зоогийн газрын зориулалттай талбай нийт 000 м.кв талбайтай хөрөнгийг худалдан авсан.

Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжиж, төлбөрийг төлж барагдуулаад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй.

1.2. С ордон нь В ХХК-ийн өмчлөлд шилжиж, 2015 он 12 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот хэсэгт байрлалтай 0,0000 м.кв контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус компанийн нэр дээр гарсан.

1.3. В ХХК нь 2019 онд татан буугдаж, эрх хүлээн авагч томилогдсон. А.А ийн худалдаж авсан 00.00 м.кв талбай нь В ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй болох нь 2019 оны 09 сарын 20-ны өдрийн "Хөрөнгө хүлээлцсэн акт-аар баталгаажсан.

Тус үл хөдлөх хөрөнгө В ХХК-д шилжихээс өмнө Г ХХК -ийн өмчлөлд байх үед барилгын талбайг хэмжиж баталгаажуулсан. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд Капитал банкны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урьд талын 00.00 м.кв талбайтай 4 автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь А.А ийн эзэмшилд байдгийг хүлээн зөвшөөрсөн.

А.А нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг салгаж бүртгүүлэх талаар В ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хүсэлт тавьсан боловч тодорхой үндэслэлгүйгээр татгалзсаар байна. Иймд А.А ийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот байрлах С ордны нэгдүгээр давхрын баруун хойд талын 00.00 м.кв талбайтай 4 автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1. А.А , Б.Б нар нь Г ХХК -тай 2015 оны 06 сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр С ордны 1 дүгээр давхрын баруун хойд талын 00.00 м.кв талбайтай 4 автомашины зогсоолын зориулалттай заал, мөн баруун талын 00.00 м.кв талбайтай зоогийн газрын зориулалттай талбай нийт 000 м.кв талбайтай хөрөнгийг худалдан авсан.

Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй. Б.Б ы худалдаж авсан 00.00 м.кв талбай нь В ХХК-д шилжсэн ба үл хөдлөх хөрөнгийн нийт талбайд буюу В ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан 0,0000 м.кв талбайд багтдаггүй.

Энэ нь 2019 оны 09 сарын 20-ны өдрийн Хөрөнгө хүлээлцсэн акт-аар баталгаажсан. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд В ХХК дахь бнкны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урд талын 00.00 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Б.Б ы эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл В ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Б.Б ыг өмчлөх эрхгүй этгээд гэж үзэн, тус байрыг суллаж өгөхийг шаардаж түүний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд Б.Б ыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот байрлах С ордны 1 дүгээр давхрын баруун урд талын 00.00 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. В ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт байршилтай 0,0000 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар тус банк хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

В ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь төрийн хохирлыг барагдуулах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 10 сарын 28-ны өдөр БЭХА-343/2021- 124/НД-П2 дугаартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот хаягт байрлах 0,0000 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудад өгч, В банкны өр төлбөрийн зарим хэсэгт тооцож хувь тэнцүүлэн шилжүүлж өгсөн.

3.2. Уг барилга анх 2003 оны 09 сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2202007487 дугаарт бүртгэгдэж ...Контор үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбайтай С ордны 3 давхар барилга... гэж бичигдэн Монголын С Байгууллагуудын Холбоо ТББ-ийн өмчлөлд гэрчилгээ олгогдсон.

Дараа нь 2011 оны 06 сарын 28-ны өдөр Г ХХК -ийн өмчлөлд, 2015 оны 06 сарын 18-ны өдөр Г.Г ийн өмчлөлд, 2015 оны 12 сарын 24-ний өдөр В ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдэж өмчлөгч нь өөрчлөгдсөн ба талбайн хэмжээ буюу 0,0000 м.кв талбай өөрчлөгдөөгүй.

Нэхэмжлэлд дурдагдаж байгаа тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 00.00 м.кв талбайтай цайны газар, мөн барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын 00.00 м.кв талбайтай 4 автомашины зогсоол зэрэг нь уг 0,0000 м.кв талбайтай барилгын нэг буюу салшгүй нэг хэсэг нь байх тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 00.00 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг, Б.Б нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 00.00 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч А.А ийн төлсөн 407,950 төгрөг, нэхэмжлэгч Б.Б ы төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А т, 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2015 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан гэх Үл хөдлөх хөрөнге худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу гэрээ байгуулагдах үед нотариатаар гэрчлүүлээгүй.

Иймд уг гэрээг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан боловч шүүх энэ талаар гаргасан тайлбар татгалзлыг дурдалгүй хэт нэг талыг барьж, хүчин төгөлдөр бус гэрээг үнэлж хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

5.2. Иргэний хуулийн 114 дүгээр зүйл 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан. Энэ тохиолдолд В ХХК нь "Г" ХХК болон иргэн А.А , Б.Б нарын хооронд ямар гэрээ хэлцэл хийгдсэн талаар мэдэх боломжгүй бөгөөд хуульд зааснаар уг үл хөдлөх хөрөнгийн шудрага өмчлөгч юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас тухайн барилгын нийт 3054 м.кв талбайд маргаан бүхий талбай хамаарагдах салшгүй хэсэг нь гэдгийг харуулахаар шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх уг асуудлыг тодорхой асуудал барилгын нэг хэсэг нь гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэртээ тусдаа мэтээр тайлбарлан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр бодит байдлыг өөрөөр тайлбарлан хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн.

5.3. В ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт байршилтай 0,000 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төрийн хохирлыг барагдуулах ажлын хүрээнд В ХХК-ийн өр төлбөрийн зарим хэсэгт тооцож хувь тэнцүүлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын еренхий газруудын өмчлөлд шилжүүлсэн.

Тус иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүхээс гарах шийдвэр нь дээрх үл хөдлөх хөрөнгийн одоогийн жинхэнэ өмчлөгч болох Эрүүл мэндийн даатгалын еренхий газар, болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "В" ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Эрүүл мэндийн даатгалын еренхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудаас хуульд заасны дагуу тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасаар байтал хэргийн оролцогчоор оруулаагүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч А.А ийн тайлбарын агуулга:

6.1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт нотариатаар гэрчлүүлээгүй боловч талууд үүргээ биелүүлсэн бол хэлцэл хийсэнд тооцож болно гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд буюу сонирхогч этгээдийн хувьд тус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргах эрхтэй буюу хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэхэд маргах эрхгүй, гэрээ байгуулах талуудын эрх учраас гомдол үндэслэлгүй.

Талуудын хооронд гэрээ байгуулагдаж төлбөр тооцоо дууссан баримт хэрэгт авагдсан. 2015 онд А.А , Б.Б нарыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч талаар акт үйлдсэн. 2016 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авахад эдгээр хөрөнгүүд манай өмч биш гэх албан бичгийг В ХХК өгсөн тул гэрээний талаар мэдэж байсан.

2019 онд В ХХК-ийн эрх хүлээн авагч томилогдох үедээ акт үйлдэж, А.А , Б.Б нарын өмч болохыг тогтоосон.

6.2. Үзлэг хийх хүсэлтийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг бүх талаас нь фото зургаар баримтжуулж, хүлээлцэх акт хэрэгт байсан тул бодит байдалд үндэслэх шаардлагагүй.

6.3. 2021 оны 10 сарын 21-ний өдрийн гэрээгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 0,0000 м.кв талбайг план зургаар өрөө бүрдүүлэн м.кв нэмж өөрсдийн өмчийг авсан.

Тус барилга 0,000 м.кв талбайтай ба хариуцагч нар өөсдрийн авах ёстой хөрөнгүүдийг авч, үйл ажиллагаа явуулж байгаа тул тэдний эрх ашиг хөндөгдөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Б.Б ы тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хязгаарлагддаг ойлголт юм.

Б.Б цайны газрын зориулалттай талбайг 2015 оноос хойш түрээс төлөхгүйгээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв бусдын өмчлөлд байсан бол үнэгүй ашиглуулахгүй байсан. В ХХК-ийн эрх хүлээн авагч тухайн эд хөрөнгийг үндсэн эд хөрөнгийн м.кв тусдаа болохыг хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан.

Шударга өмчлөгч гэх харилцаанд маргаж буй асуудалд хамааралгүй зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, эзэн холбогдогчгүй харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт юм.

7.2. Үзлэгээр цайны газрын байр, зогсоолыг харуулна гэж тайлбарласан боловч шүүх хэрэгт план зургаар дэлгэрэнгүй харуулсан тул үзлэг хийх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Мөн хэрэгт фото зураг болон холбогдох баримт авагдсан.

7.3. 0,0000 м.кв талбайг м.кв талбайг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд хувааж авсан. Барилгын талбай болон зургийн хэмжилтээс үзэхэд 0,000 м.кв талбайтай барилга бөгөөд 0,0000 м.кв талбай дээр тус тусдаа гэрчилгээ гаргаж авсан.

Үлдсэн 000 м.кв талбайн хэмжээнд маргаж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрх ашиг хөндөгдөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А.А , Б.Б нар нь хариуцагч В ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 тоот од байрлах С ордны 00.00 м кв талбайтай 4 автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 00.00 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 11 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот од байрлах 0,0000 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын баруун урд талын 00.00 м.кв талбай цайны газар болон мөн давхрын хойд талын 00.00 м.кв талбай 4 автомашины зогсоолд үзлэг хийлгэх хүсэлт гаргажээ. /хх 148-149/

 

3.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2022/15300 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй талбай нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 тоот хаягт байрлах барилгын хэсэг болох нь тайлбар, зургаас харагдах тул үзлэх хийх шаардлагагүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Учир нь уг захирамжийн үндэслэл болсон гэрэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлт нь маргаан бүхий объектын байршил, нийт хэмжээ зэргийг тогтооход ач холбогдолтой байсан гэж үзнэ.

 

Иймд уг хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байна.

 

4. Хэргийн 159-193 дахь талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар тус хөрөнгийг 2003 оны 09 сарын 18-ны өдөр Монголын Энх Тайван Найрамдалын байгууллагуудын холбоо ТББ-ын өмчлөлд бүртгэгдэж, 2011 оны 06 сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Г ХХК , 2015 оны 06 сарын 18-ны өдөр Г.Г , мөн оны 12 сарын 24-ний өдөр В ХХК-ийн өмчлөлд тус тус шилжсэн гэх бүртгэл хийгджээ.

 

Улмаар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01/324 дугаар албан бичиг, Засгийн газрын 2021 оны 41 дугаар хуралдааны тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 07 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмчлөлд 2022 оны 03 сарын 10-ны өдөр шилжин бүртгэгдэхээр болжээ.

 

4.1. А.А ийн өмчлөгчөөр тогтоолгохоо маргаж буй 00.00 м.кв талбайтай 4 автомашины зогсоол, Б.Б ы өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж буй 00.00 м.кв талбайтай хоол цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмчлөлд шилжүүлсэн объектод багтсан эсэх нь маргааны зүйл болсон тул хэнээс хэнд, ямар хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байдлыг тодруулах шаардлагатай байна.

 

5. Түүнчлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрууд нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх эрх ашиг хөндөгдөж байгаа субъектүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1., 168.1.3-т заасан үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эрдэнэтогтохын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,800 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ