Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00484

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00484

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03660 дугаар шийдвэртэй

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.В д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,084,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.В нь А банк ХХК-тай 2018 оны 05 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа тул гэрээний 3.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Б.В д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 17,630,86.10 төгрөг, хүү 2,373,008.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,561.92 төгрөг нийт 20,084,433.72 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулна.

1.2. Ковид-19 цар тахлын үеэр албан ёсоор хүсэлтээ гаргасан зээлдэгч нарын зээлийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан. Б.В нь энэ талаарх хүсэлтээ банкинд гаргаагүй тул түүнийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх боломжгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А банк ХХК нь Б.В тай 2018 оны 05 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, 12,300,000 төгрөгийг буцаан төлсөн ба ковид-19 цар тахлын улмаас зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон.

Үндсэн зээлийн төлбөр 17,630,863 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин хүү 2,373,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,561 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөх боломжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.В аас зээлийн гэрээний үүрэгт 20,003,871.70 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80,561.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар үйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,372.17 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.В аас улсын тэмдэгтийн хураамжид 257,969.355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр 17,603,863 төгрөгийг зөвшөөрч, хүү 2,373,008 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзсэн тул хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх хариуцагчаас уг төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талууд гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд хариуцагч нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б.В д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,630,863.10 төгрөг, хүү 2,373,008.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,561.92 төгрөг нийт 20,084,433.72 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2018 оны 05 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр А банк ХХК нь 30,000,000 төгрөгийг зээлдэгч Б.В д шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийн 1 жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Нэхэмжлэгч А банк ХХК нь 2018 оны 05 сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагч Б.В д шилжүүлэн өгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагч Б.В нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 12,369,136 төгрөг, хүү 13,756,353 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,803 төгрөг нийт 26,141,293 төгрөг төлсөн болох нь зээл, хүүгийн тооцоолол болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх8/

 

Зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн жилийн хүү 16.8 хувь гэж, 2.9-д зээлдэгч энэхүүг гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хувьаарьт өрдийн дараах өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов. гэж тохиролцсон.

Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

3.2. Хариуцагч Б.В нь зээл төлөх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч А банк ХХК Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гэрээг цуцалсан байна.

 

Зээлийн гэрээний 3.3.4-т заасан банк өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах нөхцөл бий болсон тул нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба мөэ хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

3.3. Анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2022 оны 08 сарын 24-ний өдрийн байдлаар хариуцагчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 17,603,863 төгрөг, зээлийн хүү 2,373,008 төгрөг нийт 20,003,871 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү 80,561 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан хэвээр үлдээнэ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь зээлийн хүүг хасах, багасгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна гэж заасан байна.

 

Монгол Улсын бэлэн мөнгөний гүйлгээнд мөнгө байхгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн задгай мөнгө хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг залруулсан өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/0327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...20 003 871.70 гэснийг ...20,003,871 гэж, ...80 561.92 гэснийг ...80,561 гэж,

2 дахь заалтын ...258 372.17 гэснийг ...258,372 гэж, ...257 969,355 гэснийг ...257,969 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.В ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ