| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0348/э |
| Дугаар | 2018/ШЦТ/366 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/366
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт *******-д холбогдох 1821004040328 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ******* дугаар ангид харуулын салааны ахлагч, харуулын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2005 онд “Энхийн төлөө медаль”, 2013 онд “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнуулж байсан, ял шийтгэлгүй, Хатиган овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Шүр захын хойд талын 5 давхар барилгын урд талын талбайд иргэн *******-гийн толгойг тэгш ус багажаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Шүр захын хойд талын улаан тоосгон байшинд талбайн замын ажлыг 3 залуугийн хамт хийж байсан. Тэр үед замын тэгш усыг би шалгаж байсан. Тэгш усыг хөдөлгөж болохгүй талаар *******-д хэлэхэд тэрээр 3 удаа хөдөлгөсөн. Би хөдөлгөж болохгүй гэхэд ******* өөдөөс та яагаад тэгдэг юм гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би толгой руу нь 1 удаа, бие рүү нь 3 удаа цохисон. Хэрэг явдал энэ хүртэл явсан нь миний буруу” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчимд ******* дарга тэгш ус хөдөлгөсөн гээд гэдэс руу 2, 3 удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгэхэд би оноогүй. Би түүнийг боогоогүй, цохиогүй. ************** дарга дахин буцаж ирээд миний зүүн талын хүзүү, нурууны голд, зулайд цохиход би манараад доошоо унасан. Тэгэхэд дээрээс цохисон. Дараа нь хувцсаа авах гээд явахад араас ирээд дахин зүүн нүд рүү цохисон. Тэгээд арматурын төмөр авч ирээд байрны урд талд гуя руу цохисон. Унангуут хоолой боосон. Тавихаар нь гэр рүүгээ явсан**************аас эмчилгээ болон бусад шууд болон шууд бус зардалд 7689.824 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд түүнээс 6180.000 төгрөг авсан. Нэхэмжилж буй мөнгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “*******2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчимд би Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын хойд талд баригдаж байсан 5 давхар барилгын гадаах явган хүний зам тавих ажлыг цуг ажилладаг цэргийн ангийн ахлагч болох , , болон салаан захирагчийн орлогч ******* нарын хамтаар хийж гүйцэтгэж байсан юм*******Тэр үед манай орлогч ******* бид нарын тавьсан замын тэгш муруйг хэмжиж байсан юм. Тэгээд ******* надад чи энэ замын шороог тэгшилчих гэж хэлсэн. Тухайн үед би шороог нь тэгшилж авч байгаад тэгш ус багажийг нь бага зэрэг хөдөлгөчихсөн юм. Тэгтэл ******* надад уурлаж чи аятайхан ажил хийсэнгүй гэж тэгш ус багажаараа миний гэдэс рүү 2-3 удаа хатгаж цохисон. Тэгэхээр нь би *******д та яагаад байгаа юм бэ гэж хэлээд *******ы нүүр рүү нь зангидсан гараараа нэг удаа цохисон. Миний цохисон цохилт маань *******ы дух хэсэгт нь оносон. Тэр үед ******* намайг чи намайг цохилоо гээд тэгш усаараа миний толгойны зулай хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж *******ы мөр орчимд 1 удаа түлхсэн. Тэгэхэд ******* тэгш усаараа миний мөр болон хүзүү хоёрын зааг сэрвээ орчимд маань тэгш усаараа дахин нэг удаа цохисон. Дараа нь дахиад толгойны зүүн дээд хэсэгт 1 удаа тэгш усаараа цохисон. Тэр үед би манарч толгойгоо бариад газар суусан. Намайг газар суугаад толгойгоо бариад байж байх үед зулайны баруун хэсэгт маань дахиж тэгш усаараа цохисон************** над дээр хүрч ирээд би чамтай ажиллаж чадахгүй, чи одоо цэргийн анги руу яв гэж хэлсэн*******хувцасаа аваад гарах гэж байтал ******* миний өөдөөс орж ирээд би чамайг өшөө болоогүй зодно гээд миний баруун нүд рүү маань зангидсан гараараа цохисон. Дараа нь намайг хувцас солихоор барилгын гадаа байж байхад ******* арматурын төмрөөр миний зүүн гуя руу маань 1 удаа цохисон ба дараа нь дахиад миний гуя руу цохиход би гараараа хаасан. Тэгээд би газар унахад ******* миний фудволканы энгэрээс заамдаж намайг боосон. Хоолойг маань боож байхдаа би өшөө болоогүй чамайг зодно гэж байгаад хоолойг маань тавьсан************** нийт эмчилгээний зардалд 5 сая төгрөг өгсөн бөгөөд одоо ажилгүй байсан 4 сарын цалин, одоо авах эмний мөнгө зэргийг нэхэмжилж байна*******” гэжээ. /хх-ийн 14-18 тал/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “*******орлогч ******* чи битгий тэгш ус хөдөлгөөд бай, наад шороогоо цааш хая гэж хэлж байсан. ******* тэгэхэд дахин 3 удаа шороогоо асгахдаа тэгш усыг нь хөдөлгөсөн. Тэр үед орлогч ******* уурлаад чи яагаад тэгш ус хөдөлгөөд байгаа юм гээд өөрийнхөө барьж байсан тэгш усаар *******гийн цээж рүү нь чичиж байсан. Тэгэхэд ******* та намайг зүгээр байхад загнаж цохилоо гээд *******ы нүүр рүү нь зангидсан гараараа цохисон*******тэр үед ******* *******гийн толгой, хүзүү орчимд нь тэгш усаараа хүзүү рүү хоёр удаа цохисон*******тэгээд ******* би явлаа гээд замын зүүн талын хувцас сольдог 2 давхар байшин руу орсон. *******гийн араас ******* дагаж орсон. Тэгээд тэр хоёр байшин дотор чанга, чанга орилолдоод байсан*******” гэжээ. /хх-ийн 26-27 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “*******10 орчим минутын дараа хувцас сольдог байшингаас ******* гараад ирсэн ба толгой болон нүүр нь цус болчихсон байсан******* надад хэлэхдээ орлогч ******* *******г тэгш ус хөдөлгөлөө гэж уурлаад тэгш усаараа *******гийн толгой руу цохисон гэж хэлсэн*******” гэжээ. /хх-ийн 28-29 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 505 тоот актын дүгнэлтэд:
1. *******-гийн биед зүүн чамархай болон зүүн зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдалт, хуйханд зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацар шанаа, завьжны зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зулгаралт, хуйханд баруун зулайн няцарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зүүн гуяны цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийн зүүн чамархай болон зүүн зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдалт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хуйханд зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зулгаралт, хуйханд баруун зулайн няцарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зүүн гуяны цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 32-33 тал/
- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 тал/
- Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 34-35 тал/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг ял шалгах хуудас /хх-ийн 54 тал/
- *******-ы ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 56-57 тал/
- *******-ы шагнагдсан шагналын үнэмлэхүүд /хх-ийн 58-72 тал/
- Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 тал/
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх № 08355, эмнэлгийн баримтууд /хх-ийн 37-46 тал/
- Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын бичсэн мэссэжүүд /хх-ийн 83 тал/
- Төрийн банкны орлогын баримт /хх-ийн 86 тал/
- ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87 тал/
- *******-гийн тайлбар /хх-ийн 88 тал/
- Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн сахилгын зөвлөгөөний хурлын тэмдэглэл /хх-ийн 100-101 тал/
- *******-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/
- *******-гийн эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилж буй хохирлын баримтууд /Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 13 хуудас баримт/
- *******-гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 хуудас/
- *******-ы яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 50-51 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хатиган овогт ******* нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Шүр захын хойд талын 5 давхар барилгын урд талын талбайд хохирогч *******-гийн толгойг тэгш ус багажаар цохиж, түүний биед зүүн чамархай болон зүүн зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дарагдалт, хуйханд зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацар шанаа, завьжны зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зулгаралт, хуйханд баруун зулайн няцарсан шарх, хүзүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зүүн гуяны цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “*******Тухайн үед би тэгш ус багаж бариад явж байсан. Би уг багажийг хөдөлгөж болохгүй гэхэд ******* өөдөөс та яагаад тэгдэг юм гээд миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би толгой руу нь 1 удаа, бие рүү нь 3 удаа цохисон. **************гийн толгойны зүүн талаас цус гарч байсан болохоор цусаа арчаад гэр рүүгээ харь гэж хэлээд явуулсан*******“ гэх мэдүүлэг, хохирогч *******, гэрч Д., ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 505 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд нотлох баримтаар тогтоогдсон 5330.875 /таван сая гурван зуун гучин мянга найман зуун далан таван/ төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 6180.000 /зургаан сая нэг зуун наян мянган/ төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч ******* нь цалингийн зөрүү болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ы ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатиган овогт *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 6180.000 /зургаан сая нэг зуун наян мянган/ төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цалингийн зөрүү болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ы ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ