Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 184/2022/05787/И |
Дугаар | 210/МА2023/00537 |
Огноо | 2023-03-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2023/00537
2023 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2023/00537 |
А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/00411 дугаар шийдвэртэй
АББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 737,149,48 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. А.Б нь нэхэмжлэгч А ББСБ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр L03903630 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу А.Б гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Р/ аппликейшний 000000 дугаартай зээлийн дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 490,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.
Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт банк бус санхүүгийн байгууллагаас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 490,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан.
Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй.
Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч А.Б гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 737,149.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч мөнгө зээлсэн талаар маргах зүйл байхгүй. Үндсэн хүүгээ бага багаар төлсөн боловч санхүүгийн хүндрэлтэй болсон. Үндсэн зээл болон хүүний талаар маргах зүйл байхгүй боловч шимтгэл тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэмэгдүүлсэн хүүг цар тахлын нөхцөл байдлын улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. нэхэмжлэлийн шаардлага 737,149.48 төгрөгөөс шимтгэл 28,100 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 35,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх 701,500 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 305,775 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350,775 төгрөгийг тус тус төлөх болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б гаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,149 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эвлэрсэн тухай Эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ. Давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцэж 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг талууд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.
2. Тус эвлэрлийн гэрээг нэг талаас А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан, нөгөө талаас А.Б нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ.
2.1. Зохигчийн эвлэрлийн нөхцөл:
Эвлэрлийн гэрээний 2-д хариуцагч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/00411 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч 737,149.48 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар А ББСБ ХХК-тай эвлэрч талууд эвлэрсэн болно.
3-д хариуцагч нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг тогтсон өдрөө А ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлнэ. гэж тус тус тохиролцсон байна.
3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А ББСБ ХХК, хариуцагч А.Б нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигчид эвлэрсэн тул хуульд заасны дагуу хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/00411 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
хариуцагч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/00411 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч 737,149.48 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгах,
төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг тогтсон өдрөө А ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлэх, хариуцагч нь давж заалдах гомдлоос татгалзаж шүүхэд үүссэн маргаанаа дуусгавар болгохоор тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ