| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0733/э |
| Дугаар | 792 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
хохирогч Л.Мөнгөн, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,
гэрч Г.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Галсандоржийн Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 1811024720852 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Г.Э, 1983 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 2-11 насны 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3-308 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тахилтын 3 дугаар гудамжны үзүүрт байрлах Энх-Учрал хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Л.Мөнгөнг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн...” гэв.
Хохирогч Л.Мөнгөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний орой ажлаасаа буугаад нэг найзтайгаа даргынхаа гэрт 2 шил архи уугаад гарсан. 6 буудлын хажууханд дэлгүүрийн урд хүү минь тоглож байхыг хараад би машинаас буугаад дэлгүүрийн гадаа Эрдэнэ-Очиртой тааралдаад хүүдээ ундаа авч өгөөд мөн нэг шил архи авч уусан. Би тухайн үеийг сайн санахгүй байгаа. Маргааш өглөө нь нэг нүд хавдаад юм харагдахгүй байсан. Эхнэртээ хэлээд эмнэлэгт үзүүлээд зургыг нь авахуулаад нэгдүгээр эмнэлэгт дахин үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд тухайн өдрөө хагалгаанд орсон. Намайг эмчилж байсан эмч болор суулгуулах хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Миний эмчилгээний зардлыг өгч байсан. Шүүгдэгчийн эгч нь нийт 3.582.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Гэрч Г.Эрдэнэцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эмч болон гэр бүлийнхэнтэй нь уулзсан. Тухайн үеийн хагалгаанд орсон эмчтэй нь уулзсан. Бидний зүгээс өвчтөний эмчилгээний зардал мөнгө гаргана анхаарал хандуулна. Нүдэнд нь хараа оруулах арга хэмжээг авна. Мөнгө төгрөгийг нь гаргана гэж хэлсэн. Одоогоор эмнэлгийн бүх эмчилгээний зардал мөнгийг гаргасан. Цаг алдалгүй тухай бүрт нь өгч байсан. Хохирогч Мөнгөнийг Сондра эмнэлэгт би өөрөө авч очиж үзүүлсэн. Нэг хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Зайлшгүй хийлгэх юм байна лээ. Бидний зүгээс эмчилгээний мөн хагалгааны зардал мөнгийг гаргана. Нийт 3.582.000 төгрөг гаргасан байгаа. Үүнд: Сондра эмнэлгийн хагалгааны үнэ 2.500.000 төгрөг, үзлэг, зургийн мөнгө 55.000 төгрөг, эм 116.000 төгрөг, бэлнээр 630.000 төгрөг өгсөн үүнд Нэгдүгээр эмнэлгийн ор хоногийн мөнгө болон эхний үзлэгийн зураг авахуулсан 120.000 төгрөг орсон, мөн дүүгийн дансаар 150.000 төгрөг, өөрийн дансаар 131.000 төгрөг өгсөн. Үүнийс 915.000 төгрөгийн баримт аваагүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Мөнгөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 31-ны өдөр ажлаа тарчхаад Мөнхбат, Цогнэмэхийн хамт Цогнэмэхийн гэрт очиж 0.75 литрийн Хараа нэртэй архи хоёр шилийг бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусчхаад Мөнхбат бид хоёр харихаар болоод Мөнхбатын хамт Цогнэмэхийнхээс гараад долоон буудал дээр такси бариад гэрийнхээ гудамжны үзүүр дээр байрлах дэлгүүрийн гадаа манай хүүхэд тоглож байхаар нь тэнд Мөнхбатын хамт буусан. Тэнд Хуягаа ах, Эрдэнэ-Очир нартай тааралдсан. Эдгээр хүмүүс нь дандаа манай гудамжны хүмүүс юм. Би дэлгүүр хүүдээ юм авахаар орсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө босоод харах гэсэн гэтэл юм харахгүй байсан учир шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд ясандаа гайгүй байна. Нэгдүгээр эмнэлэгт үзүүл гээд орж үзүүлэхэд нүдийг нь яз цохиулсан байна, яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн...” гэжээ /хх-23-24х/.
Гэрч Д.Даваасүрэн нь мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 31-ний орой 20 цаг 45 цагийн үед манай гэрийн баруун талын “Энх-Учрал” гэх нэртэй дэлгүүрийн эгч залгаад Мөнгөн хүнд зодуулаад байна гэж над руу залгасан. Тэгээд би дэлгүүрийн харалдаа очтол өндөр хүчдэлийн шонгийн хажууд хүмүүс маргалдаж байхаар нь би юу болоод байгаа юм гэж хэлээд очтол миний том хүү Эрдэнэсүх, дунд хүү Цэрэнтогтох, Бат гэж манай арын хөрш залуу манай урд талын хөрш Очироо гэж залуу танай нөхөр чинь зодолдож чадахгүй байж миний өөдөөс том дуугараад байхаар нь би ганц хоёр цохсон гэж хэлсэн. Тэгээд чамтай одоо юм ярихгүй хэрэв гэмтэл гарах бол маргааш чамтай уулзана гэж хэлсэн. Тэгтэл маргааш над дээр ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд өглөө сэртэл манай нөхөр нүд болохгүй байна юм харагдахгүй байна гэсэн...” гэжээ /хх-25-26х/.
Гэрч Л.Мөнхбат нь мэдүүлэхдээ: “...хэсэг сууж байгаад Л.Мөнгөн эрүүндээ сахалтай залуутай маргах гээд ирэхээр нь би Л.Мөнгөнийг би явъя гээд босгоод явах гэтэл тэр хоёр хоорондоо маргалдсан. Л.Мөнгөн нь Г.Э руу чичилж заахад гарыг нь цохисон. Зөрүүлээд Л.Мөнгөн цохиод хоорондоо барьцалдаж авсан. Би дундуур нь орж салгах гэж үзсэн боловч тэр хоёрыг дийлэхгүй байсан. Мөн нөгөө эрүүндээ сахалтай залуу ирж дундуур нь орж салгасан. Л.Мөнгөн, Г.Э хоёр бие биетэйгээ зууралдаад байж байхдаа хөлөөрөө нэг нэгнийгээ өшиглөж байсан. Тэр хоёр нэг салаад л эргээд л зууралдаад байсан. Тэгээд Г.Э нь Л.Мөнгөнтэй зууралдаж байгаад баруун гараараа Л.Мөнгөний зүүн нүд, хацар хэсэгт 3-4 удаа хүчтэй цохисон. Л.Мөнгөн тухайн үед зүүн нүд рүү цохичихлоо, нүд тагларчихлаа гэж байсан. ...Тэгээд Г.Э ирчихсэн надад баруун гартаа зүүж байсан бөгжөө өгөөд дэлгүүрт тавиад нэг шил архи авчих гээд байхаар нь би чадахгүй гэж хэлээд Л.Мөнгөний эхнэрийн машинд нь суугаад гэртээ харьсан...” гэжээ /хх-31-32/.
Гэрч Т.Энхманлай мэдүүлэхдээ: “...Г.Э нь Л.Мөнгөн рүү дөхөж очтол хоорондоо мууталцаж, зууралдаад газар унахаар нь би дундуур нь орж салгасан. Г.Э, Л.Мөнгөн нар нь улам мууталцаад барьцалдаж, зууралдаад дэлгүүрийн үүдэн дэх хайлшин хашааны дэргэд очоод бие биенийгээ цохиж эхэлсэн. Би дундуур нь орж салгах гэж өчнөөн үзсэн боловч салгаж чадаагүй...” гэжээ /хх-35-36/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №10824 дүгээр дүгнэлтэд:
“1.2. Л.Мөнгөний биед зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, шарх, торлог ховхрол, шилэнцэр цус хуралт, зүүн нүдний хараа бууралт /гэрэл мэдрэх төдий/, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, ооч, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.4. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар 35%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх-46/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/, хохирогч Л.Мөнгөний эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх-47-51/, хохирол нэхэмжилсэн буюу эмчилгээнд зарцуулсан зардлын баримтууд /хх-91-94, 111/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-19/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тахилтын 3 дугаар гудамжны үзүүрт байрлах Энх-Учрал хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Л.Мөнгөнг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Энх-Учрал хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаад нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Г.Эын цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөгдөөгүй 1.059.817 төгрөгийн эмчилгээний болон өмгөөлөгчийн зардал, бусад хэрэглээний баримт гаргаж өгснөөс гадна шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин, листийн зөрүү, цалингийн зээл, мөн унааны зардал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд үүнээс нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй 996.000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангана гэж үзэв. Үүнд хохирогч Л.Мөнгөний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг харгалзан өмгөөлөгчийн зардлыг гаргуулах боломжтой гэж үзсэн болно.
Харин ажилгүй байсан хугацааны цалин, листийн зөрүү болон цалингийн зээл зэргийг шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Иймд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнээс гадна хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа мөн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Э болон түүний ар гэрээс хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.582.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримтуудыг тооцон хасч, шүүгдэгчийг 82.257 төгрөгийн төлбөртэй гэж үзсэн. Шүүх гэм буруугийн талаар шийдвэр гаргасны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөх боломжоор хангаж өгнө үү гэснийг хүлээн авч, түр завсарлаад шүүх хуралдаан үргэлжлэхэд шүүгдэгч нь шүүхээс тогтоосон төлбөрийг төлсөн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.Эыг нотлох баримтын хүрээнд хохирол, хор уршгийг төлсөн гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нар “маш их хохирсон, гэр бүлийн амьдрал хүнд байдалд орсон. Гэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтын хүрээнд хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа учраас заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэснийг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 12.000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Э нь хохирогч Л.Мөнгөнд эмчилгээний болон өмгөөлөгчийн хөлс, бусад зардалд нийт 3.582.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, листийн зөрүү болон цалингийн зээл зэрэг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН