Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 797

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч П.У, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 1811023100956 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн П.У, 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21 дүгээр гудамжны 75 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .......................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.У нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Нямбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ё.Нямбаатараас нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төрбатын хүргэн гэх залуу миний баруун нүдийг цохиж намайг зодсон. Яг яаж эдгээр гэмтлүүдийг учруулсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Төрбатын хүргэнтэй зууралдаад цохиулж байснаа санаж байна...” гэжээ /хх-11-12х/.

Гэрч Э.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...00:00 цагийн үед намайг босоход Нямаа ах Төрбат ахын танил нэг залуутай хашааны гадаа зодолдож байсан. Тэгээд салгах гэсэн үгэнд орохгүй хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед Нямаа ахын баруун нүд хавдсан нүүр нь тэр чигтээ цус болсон хүзүү нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-15х/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №9977 дугаар дүгнэлтэд: 

“1.Ё.Нямбаатарын биед баруун нүдний дээд доод зовхи, хамар, баруун мөр, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-22/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, хохирогч Ё.Нямбаатарын Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Ё.Нямбаатар би П.Утай  сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учраас П.Ут гомдолгүй, хохирол барагдуулж өгсөн...” гэх хүсэлт /хх-45х/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.У нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ё.Нямбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ё.Нямбаатарын “...Төрбатын хүргэн гэх залуу миний баруун нүдийг цохиж намайг зодсон. Яг яаж эдгээр гэмтлүүдийг учруулсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Төрбатын хүргэнтэй зууралдаад цохиулж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Лхагвасүрэнгийн “...00:00 цагийн үед намайг босоход Нямаа ах Төрбат ахын танил нэг залуутай хашааны гадаа зодолдож байсан. Тэгээд салгах гэсэн үгэнд орохгүй хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед Нямаа ахын баруун нүд хавдсан нүүр нь тэр чигтээ цус болсон хүзүү нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №9977 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч П.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч П.Ут ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Ё.Нямбаатар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч П.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн П.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч П.У нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ут хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН