Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00364

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         02         13                                         210/МА2023/00364

 

 

 

“гк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03432 дугаар шийдвэртэй

“гк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 26,903,522 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмардорж, Г.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гк ХХК-тай ЗГ3205105323 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 22,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 6,000,000 төгрөгийг нэмж авсан. Мөн зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 12 сараар, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээний хугацааг 9 сараар дахин сунгаж хойшлуулсан.

Мөн хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ЗГ3205110021 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 5,420,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 12 сараар хойшлуулсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдийн төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ЗГ3205105323 тоот зээлийн үндсэн төлбөр 16,723,481 төгрөг, хүү 4,725,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,900 төгрөг, нийт 21,522,072 төгрөг, ЗГ3205110021 тоот зээлийн үндсэн төлбөр 4,150,738 төгрөг, хүү 1,203,515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,225 төгрөг, нийт 5,381,479 төгрөг төлөгдөөгүй. Иймд ЗГ3205105323, 3Г3205110021 тоот зээлийн гэрээний 3.3.4-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Аээс нийт 26,903,522 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хэдэн хувиар яаж бодсоныг мэдэхгүй байна. Ар гэрийн асуудал гараад төлж чадаагүй. Одоо сарын 800,000 төгрөгийг төлөөд явах боломжтой. Нэг доор шууд төлөөд зээлийг хаах боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3зааснаар хариуцагч Б.Аээс 26,903,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч гк ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч гк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,468 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Аээс 292,468 төгрөг гаргуулж нэхэмжлэгч гк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хийсэн тооцоололд банкны нягтлан бодогч тэмдэг дарсан хүснэгтийг бүхэлд нь шүүх шийдвэртээ тусгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Төлөөлөгч нь ямар үндэслэлээр хүү тооцооллын хүснэгтийг гарган өгсөн, хүү тооцооллын хүснэгтийг төлөөлөгч бус нягтлан бодогч нь гаргах ёстой байна. Шүүх шийдвэрээ хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу амралтын өдөр гардуулж хууль зөрчсөн. Учир нь бүх төрийн байгууллага Ням гарагт ажилладаггүй атал Б.Ад шүүхийн шийдвэрийг хууль ёсны дагуу гардуулсан эсэх, давж заалдах гомдол гаргах хугацааг хэзээнээс эхэлж тоолох нь тодорхойгүй байдлыг бий болгож байна. Хариуцагчийн хувьд тогтсон ажилгүйн улмаас орлого байхгүй тул банкнаас нэхэмжилж буй хүү нь илт хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байгаа, зээлийн гэрээний хугацаанд банкинд 9,900,000 төгрөгийн хүү төлсөн нь хүснэгтээр тогтоогдож байхад нэмж хүүгийн төлбөрт 5,929,206 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хүүг багасгаж, гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Тусгай активын хэлтсийн эрсдэлийн мэргэжилтэн Н.Б  тамга дарсан гэдэг. Тамга нь тухайн баримтыг үнэн зөв болох дарахын тулд дардаг тэмдгийг хэлнэ. Тухайн аж ахуйн нэгжийн зохицуулалтаас хамааран албан тушаалтнуудыг дотроосоо томилдог. Анхан шатны баримт учраас байгууллагын дотоод зохицуулалтаараа ашиглах эрхтэй. Иймд Н.Б ын дарсан тамгыг “гк” ХХК-ийн зүгээс хүчинтэй гэж үзнэ.

2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр ням гаригт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчид шүүгчийн захирамжийг гардуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дах хэсэгт “шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, тус хуулийн 119 дугаар зүйлийн 119.3 дахь хэсэгт “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. Гэтэл 11 дүгээр сарын 01-ний өдөр бичигдээд 12 дугаар сарын 25-ний өдөр бүтэн 34 өдөр өнгөрсний дараа гардуулсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буюу шүүгчийн захирамжийн гардуулснаас хойш 15 хоног өнгөрсөн тул давж заалдах гомдол гаргах эрхгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “гк” ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,903,522 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч сарын 800,000 төгрөгөөр тооцон төлөх, зээлийг нэг дор төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

3.1. Талууд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ3205105323 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “гк” ХХК нь 22,000,000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.А нь зээлийг, хүүгийн хамт зээл төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 7-8/

Мөн талууд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ3205105323 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ3205105323-1 тоот гэрээгээр “зээлийн хэмжээг 6,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 24,061,746 төгрөг, жилийн хүү 15,6 хувь” гэж, мөн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ3205105323 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ3205105323-2 тоот гэрээгээр “зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг хавсралт №1-ээр баталж, 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл” гэж, мөн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ3205105323 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ3205105323-3 тоот гэрээгээр “зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг хавсралт №1-ээр баталж, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл” гэж тус тус тохиролцсон байна. /хх 9-14/

 

3.2. Талууд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ3205110021 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “гк” ХХК нь 5,420,000 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.А нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байна. /хх 15-16/ Талууд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ3205110021 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ3205110021-1 тоот гэрээгээр “зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг хавсралт №1-ээр баталж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл” гэж тохиролцсон байна. /хх 17-18/

 

3.3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээнүүд байгуулагдсан гэж зөв дүгнэсэн.

 

3.4. Хариуцагч нь зээлийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөр дээрх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалжээ. /хх 2/

 

3.5. Хариуцагч нь ЗГ3205105323 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,679,086 төгрөг төлснийг нэхэмжлэгч нэхэмжлэлээс хасч тооцон, төлөгдөөгүй үндсэн зээл 16,723,481 төгрөг, зээлийн хүү 4,725,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,900 төгрөгийг,

ЗГ3205110021 тоот зээлийн гэрээний үүрэгт 2,222,846 төгрөг төлснийг мөн хасч тооцон, төлөгдөөгүй үндсэн зээл 4,150,738 төгрөг, зээлийн хүү 1,203,515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,225 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

 

3.6. Дээрх 2 зээлийн гэрээний 3.1.1-д “...графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “...зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх 7, 15/

 

3.7. Хариуцагч нь нэхэмжлэгч талын зээл, хүүгийн тооцооллыг эс зөвшөөрч, эрх бүхий этгээд үйлдээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч бус нягтлан бодогч гаргах ёстой ... тус тооцооллыг шүүх шийдвэртээ бүхэлд нь тусгаж шийдвэрлэсэн нь илт хохиролтой байдалд хүргэсэн” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч нь зээл, хүүгийн тооцооллын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд татгалзлаа нотлох баримт, хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй байна.

Нотлох баримтын талаар хариуцагч маргаагүй учир анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй.

 

3.8. Иймд нэхэмжлэгч “гк” ХХК нь 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 26,903,522 төгрөгийг хариуцагч Б.Аээс шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Түүнчлэн анхан шатны шүүх 183/ШШ2022/03432 дугаар шийдвэрийг хариуцагч Б.Ад 2022 оны 12 дугаар сарын 25 буюу амралтын өдөр гардуулсан нь хариуцагчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 109,817 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

                                                     ШҮҮГЧИД                          Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЭНЭБИШ