Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Орхон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Лувсанцэндийн Ганбаярт холбогдох эрүүгийн 1811023070842 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Л.Г, 1998 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Red Divel ресторанд зөөгч ажилтай, ам бүл 5, эмээ, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байрны 217 тоотод оршин суух хаягтай,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар ...................................... 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зусланд хохирогч Г.Алдарт эгчийнхээ нөүтбүүкийг эвдчихсэн, эгч ажиллаа хийх гэсэн нөүтбүүк олдохгүй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Acer загварын зөөврийн компьютерийг залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Болсон явдлын талаар мэдүүлэг өгөхгүй, гэхдээ дахин гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би гэр бүлээ тэжээдэг, дүү маань 10 настай, эмээ тэтгэвэрт байдаг, эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Г.Алдар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусландаа байж байхад манай найз Л.Г манай гэрт ирж надаас нөүтбүүк өгөөч гэж гуйсан. Би өгөхгүй гэхэд надаас эгчийнхээ нөүтбүүкийг эвдчихсэн, эгч ажиллаа хий гэсэн нөүтбүүк олдохгүй байна гэж надаас гуйсаар байгаад зөвшөөрүүлээд аваад явсан. Би өгөхдөө нэг хоногийн дараа би авна шүү гэж хэлэхэд тэгье гэж хэлээд авсан. Тэрнээс хойш ямар ч утас нь холбогдохгүй болсон. Л.Гтай холбоо барьсан чинь эгчид байгаа орой ирээд авчихаа гэж нэг удаа хэлсэн. Тэгээд эгчийнх нь утас гээд хоёр дугаар өгсөн боловч тэр хоёр дугаар нь огт холбогдохгүй байсан...” гэжээ /хх-5-7/.

            Гэрч Б.Баярмаа мэдүүлэхдээ: “...Ганбаяр Алдараас нөүтбүүк авахдаа аль эгчдээ гэдгийг нь мэдэхгүй байна. Эгч хэрэглэнэ гэсэн гээд ярьж байсан. Тухайн үед ломбарданд тавьсан гэж мэдээгүй. Дараа нь Алдар надруу залгаад Ганбаяр миний нөүтбүүкийг өгөхгүй байна, ломбарданд тавьсан байна гэж хэлсэн. Сүүлд нь Ганбаяраас нөүтбүүкийг нь яах гэж ломбарданд тавьсан юм бэ гэж асуухад хүнд 500.000 төгрөгийг өртэй байсан тэр мөнгийг өгсөн гэсэн...” гэжээ /хх-11-12/.

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайхан нь мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Л.Г гэх хүн манай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 48 дугаар байранд байрлах Ө-1 ломбарданд ACER маркийн нөүтбүүкийг 800.000 төгрөгийн барьцаанд тавьж 14 хоногийг 7 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. ...Манай ажилтан уг хүнээс хэний нөүтбүүк болох талаар лавлаж асуухад өөрийнх гэж хэлээд тавьсан байсан...” гэжээ /хх-24-25/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-31-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, хохирогч Г.Алдар эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22/, эд зүйлийн үнэлгээ /хх-17/,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот/хх-48,80/, торгуулын ял төлсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зусланд хохирогч Г.Алдарт эгчийнхээ нөүтбүүкийг эвдчихсэн, эгч ажиллаа хийх гэсэн нөүтбүүк олдохгүй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Acer загварын зөөврийн компьютерийг залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Алдарын мэдүүлэг, гэрч Б.Баярмаагийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Гыг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хуульд заасан хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байхад буюу тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж, нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин уг шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснээс шүүгдэгч 262.500 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул эдлээгүй үлдсэн 187.500 төгрөгийн торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1-д, 6.9 дэх хэсэгт тус тус зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр шийдвэрлэв,

Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Хохирогч Г.Алдар нь “...Л.Гт гомдол, санал байхгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Л.Гаас нийт нийт 856.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайханд олгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “шүүгдэгчийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хохирлыг нөхөн төлсөн, мөн нялх хүүхэдтэй, ар гэрээ тэжээдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн боломжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх байдлууд нь баримтаар тогтоогдохгүйгээс гадна тэнссэн хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял болон 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын эдлээгүй үлдсэн 187.500 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 12 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

5. Шүүгдэгч Л.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Гаас нийт 856.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсайхан /РД: ХЕ80092372/-д олгосугай.

7. Шүүгдэгч Л.Г нь хохирогч Г.Алдарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүгдэгч Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН