Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 818

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч Л.И, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Лувсангийн Ичинхорлоод холбогдох эрүүгийн 1811018680695 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Л.И, 1952 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 64 байрны 23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.И нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 11 настай буюу бага насны хүүхэд Э.Ундрахыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруу зүйл хийснээ сайн ойлгож байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогч Э.Ундрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо майхан толгойн 1-р зусланд гэрийнхээ гадаа найз Шүүдэр болон түүний эгчтэй тоглож байсан юм. Тэгэхэд манай хойд айлын Энхжаргал гэх 4-5 настай хүүхэд уйлаад сууж байсан. Тэгтэл гэрээс нь эмээ буюу Ичинхорлоо эгч гарч ирээд яагаад уйлсныг нь асуусан. Энхжаргал нь Амараа манай дүү зодсон гэж хэлсэн. Тэгтэл Ичинхорлоо эгч би маргааш Амарааг заавал алгадна гээд байсан. Тэгэхээр нь би дүүгээ өмөөрөөд Амарааг яахаараа алгаддаг юм бэ, буруугүй юм чинь гэж хэлсэн чинь Ичинхорлоо эгч яахаараа тэгдэг юм, Энхжаргал хэлгүй хүүхэд биш, хүүхэд худлаа ярихгүй гээд надтай хэрэлдээд байсан. Тэгээд нилээн маргалдсан. Бүр маргалдаад болохгүй болохоор нь би эргэж хараад явах гэтэл араас ирээд чи хүнийг тэнэг гэхдээ яадаг юм бэ гээд гараараа миний баруун хацар, чих орчим нэг удаа алгадсан тэгэхээр нь би уйлаад та чинь тэнэг юм уу гээд эмээгийн байшин руу гүйгээд орчихсон...” гэжээ /хх-7-12/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №8098 дугаар дүгнэлтэд: 

“1. Э.Ундрахын биед гэмтлийн гаралтай баруун чихний цочмог улайлтат үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-20/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхболдоос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “Би Л.Итой сайн дурын үндсэн дээр эвлэрч, өөрт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-67/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.И нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 11 настай буюу бага насны хүүхэд Э.Ундрахыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Ундрахын “..Энхжаргал нь Амараа /манай дүү/ зодсон гэж хэлсэн. Тэгтэл Ичинхорлоо эгч би маргааш Амарааг заавал алгадна гээд байсан. Тэгэхээр нь би дүүгээ өмөөрөөд Амарааг яахаараа алгаддаг юм бэ, буруугүй юм чинь гэж хэлсэн чинь Ичинхорлоо эгч яахаараа тэгдэг юм, Энхжаргал хэлгүй хүүхэд биш, хүүхэд худлаа ярихгүй гээд надтай хэрэлдээд байсан. Тэгээд нилээн маргалдсан. Бүр маргалдаад болохгүй болохоор нь би эргэж хараад явах гэтэл араас ирээд чи хүнийг тэнэг гэхдээ яадаг юм бэ гээд гараараа миний баруун хацар, чих орчим нэг удаа алгадсан тэгэхээр нь би уйлаад та чинь тэнэг юм уу гээд эмээгийн байшин луу гүйгээд орчихсон....” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №8098 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Л.Иг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Л.Ид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Л.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Л.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Иг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Л.И нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН