Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1089

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/01925 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Даймондфайнанс ББСБ” ХХК-д холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мандах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Баднайнямбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд тайлбартаа  “Б.Туул болон “Даймонд файнанс” ББСБ-тай байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. 2012 оны 09 дүгээр сарын 04 өдөр Б.Туул нь “Даймонд файнанс” ББСБ” ХХК-тай 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Энэ зээлийн гэрээний талаар талуудын хооронд маргаан байхгүй боловч 110.000.000 төгрөгийн зээлийг төлж байх хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 23 өдөр “Даймонд файнанс” ББСБ-ын эдийн засагч Эрхэмбаатар болон Бадралзаяа нар Б.Туул,түүний нөхөр Дэчингалсан руу утсаар ярьж нотариат дээр хүрээд ир гэсний дагуу очиход Г.Энхтогоо захирал 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгосон, зээлийн үлдэгдэл 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж хааж байна гэж нотариат дээр очиж, итгүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Б.Туул 70.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан боловч өмнөх 110.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгосон, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 70.000.000 төгрөгөөр хааж үлдэгдэл төлбөрийг шинээр тооцож байна гэж хууран мэхэлсэн.

 Б.Туул нь тухайн үед 70.000.000 төгрөгийг хүлээн аваагүй, “Даймонд файнанс ББСБ” ХХК-иас нотлох баримтууд гаргаж өгсөн боловч зөрүүтэй нотлох баримт гаргаж өгсөн. Б.Туулын дансанд 70.000.000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар хэний дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй байна. 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээг ямар шалтгаанаар 2013 оны 05 дугаар сарын 23 өдөр байгуулсан болох нь шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг.

2012 оны 09 дүгээр сарын 04 өдрийн 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн Энхтайван гэх хүний хоёр өрөө орон сууцыг чөлөөлсөн мэтээр тайлбарладаг. Гэтэл эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд ямар ч барьцаа хөрөнгө Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ байдлыг халхавчлахын тулд 70.000.000 төгрөгийн гэрээгээр 110.000.000 төгрөгийн гэрээг хааж байгаа мэтээр хууран мэхлэж 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр Б.Туулын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг анх удаа барьцаалж байгаа үйлдэл. Иймд 70.000.000 төгрөгийн хэлцлийг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Зээлийн хороо олгосон зээлийн эргэн төлөлт найдвартай гэсний үндсэн дээр зээлийн хорооны шийдвэрийн үндсэн дээр зээл олгодог. 70.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд зээлийн хорооны хурлын шийдвэрийг үндэслэж зээл олгоно гэж заасан гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хорооны шийдвэр гаргаагүйг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Ямар баримт бүрдүүлж Б.Туулд 70.000.000 төгрөгийн зээл олгосон талаар нотлох баримт бүрдүүлэхэд Б.Туул нь зээл авах ямар ч хүсэлт өгөөгүй байдаг.

Иргэний хуулийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор гэрээ байгуулсан. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтаар 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах үед ямар ч барьцаа хөрөнгө барьцаалаагүй учраас 70.000.000 төгрөгийн гэрээгээр Б.Туулын өмчлөлийн гурван өрөө орон сууцыг барьцаалж байгаа нь тогтоогдож байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа шалтгаан нь зээлийн гэрээгээр олгогдсон 70.000.000 төгрөгийг “Даймонд файнанс” ББСБ-иас Б.Туулд ямар хэлбэрээр олгосон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлэн бусаар Б.Туулын дансанд шилжүүлсэн гэж хэлсэн. Шилжүүлсэн баримтыг “Даймонд файнанс” ББСБ-иас гаргуулахаар шаардсан боловч баримтаар гаргаж өгөхгүй байна.  2013 оны 05 дугаар сарын 31 өдрийн “Даймонд файнанс” ББСБ-ын дансны хуулгаар орон сууц барьцаалж зээл олгов гэсэн утгатай хуулгад хэний дансанд шилжүүлсэн нь тодорхой биш. Зээл олгосны шимтгэл 350.000 төгрөг суутгасан гэх баримтаас өөр баримт байхгүй. Дэчингалсан гэх гэрч 70.000.000 төгрөгийг Б.Туулд өгсөн эсэх талаар мэдүүлэг өгсөн учраас 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээ дүр үзүүлсэн хэлцэл. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Даймондфайнанс” ББСБ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд иргэн Б.Туултай 2 удаагийн зээлийн гэрээ байгуулж нийтдээ 180.000.000 төгрөг зээлдүүлсэн юм.

2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ12/09/062 тоот зээлийн гэрээ байгуулж 110.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн ба зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 26 байрны 34 тоот Ү-2203007493 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу Их сургуулийн гудамж 10 А байрны 59 тоот Ү-2203020082 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлийн үндсэн төлбөрөөс эхний гурван сар чөлөөлж төлөлтийг 2013 оны 05 дугаар сараас эхлэн мөн оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийтдээ 4 удаагийн төлөлтөөр 80.302.290 төгрөгийн үндсэн зээл, мөн 46.178.983 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлсөн.

Мөн зээлдэгч Б.Туултай 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ЗГ13/05/049 тоот зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Харин уг гэрээний зээлийн барьцааанд Б.Туултай анх 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ12/09/062 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг шилжүүлэн барьцаалсан билээ. Өөрөөр хэлбэл уг 3 өрөө орон сууцыг талууд харилцан тохиролцож ЗГ1/09/062 тоот зээлийн гэрээний барьцаанаас суллан 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ12/09/049 тоот зээлийн гэрээний барьцаа болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зөвхөн 1.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. Мөн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02 өдрүүдэд нийтдээ 1.879.876 төгрөгийн хүү төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй. Ингээд манай байгууллагаас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх 2 зээлийн үлдэгдлийг тооцоход 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ 12/09/062 тоот 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээний нийт үлдэгдэл 45.707.403 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ13/05/049 тоот 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээний нийт үлдэгдэл 103.610.257 төгрөг буюу нийт 149.317.660 төгрөг болсон учраас зээлийн төлбөрөө барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2472 дугаар захирамжаар тус хоёр гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн.

Б.Туул нь өөрийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлыг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-д заасныг үндэслэл болгож байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг бүх талаас нь шалгасан ба гарын үсэг зурсан эсэх, барьцааны гэрээг байгуулсан эсэх, барьцааны гэрээг бүртгүүлсэн эсэх зэргээр 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээг  хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг сонслоо,  Иргэний хуулийн 56.1.9-д хуулийн этгээд үндсэн үйл ажиллагааны журам зөрчиж зээл олгосон зүйл байхгүй ба “Даймонд файнанс” ББСБ нь ашгийн төлөө хуулийн этгээд, зээл олгох үндсэн зорилготой, иргэн хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох эрхгүй этгээд зээл олгосон зүйл байхгүй. Зээл олгох талаар баримт хэрэгт авагдсан, Б.Туул зээл авах хүсэлт гаргаагүй байхад зээл олгосон нь хууль зөрчсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч амаар хүсэлт гаргасны үндсэн дээр зээл олгосон, бичгээр зээл авах  хүсэлт гараагүй нь Иргэний хуулийн 56.1.9-д заасан үндэслэл болохгүй. Мөн Иргэний хуулийн 56.1.3-д хэлцлийг халхавчлах зорилгоор гэж тайлбар гаргаж байгаа боловч тухайн хэлцлийн цаана ямар нэгэн хэлцэл халхавчилсан байдаг. Гэтэл ямар гэрээг халхавчилсан байна гэхээр 110.000.000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчилсан гэж тайлбар гаргаж байгаа. 110.000.000 төгрөгийн зээл анхнаасаа хүчин төгөлдөр зээл байсан ба зээлийн эргэн төлөлтийг төлөөд явж байсан. Мөн хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр зээл авсан учраас дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй. 70.000.000 төгрөг шилжсэнтэй холбоотой баримтууд хэрэгт ирсэн. “Даймонд файнанс” ББСБ дотооддоо зээлдэгчийн нэр дээр данс нээж данс руу бэлэн бусаар мөнгө шилжүүлсэн, Б.Туул мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурж мөнгө бэлнээр авсан нь баримтаар нотлогдож байгаа. Гэрч нар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө 70.000.000 төгрөгийг Б.Туул авсан эсэхийг мэдэхгүй, 70.000.000 төгрөгийг Туул авсаныг би хараагүй гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримтаар 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь хуулийн дагуу байгуулсан байна гэдэг нь харагдана. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9 дэх хэсэгт зааснаар “Даймонд файнанс ББСБ” ХХК-д холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б.Туулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандахын давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүх талуудын хооронд маргаж буй үндсэн нөхцөл болох 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 70.000.000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсэж нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч дээрх 70.000.000 төгрөгийг хариуцагчаас ямар ч хэлбэрээр хүлээн аваагүй, хариуцагч мөнгийг нэхэмжлэгчид бэлэн бус хэлбэрээр шилжүүлсэн гэж маргаж буй үйл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд маргаан бүхий зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлсэн гэх үйл байдлын тухайд шүүх дүгнэхдээ "...2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 70.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч хүлээн авч гарын үсэг зурсан болох нь зээлийн дансны хуулга болон кассын зарлагын баримт, зээл төлөх хувиараар тогтоогдож байна" гэж үзсэн нь хэрэгт авагдсан бичгийн болоод талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдоогүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас уг зээлийн гэрээний дагуу 70.000.000 төгрөгийг гэрээ байгуулах өдөр буюу 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр зээлдэгчид өгсөн талаар тайлбар хийж улмаар кассын зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасан ч уг баримтын огноо засвартай /2013.05.31 гэсэн бичвэртэй/, зээлийн гэрээг нотариатаар батлуулах үед кассын зарлагын баримтанд Б.Туулаар гарын үсэг зуруулсан, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлдүүлэгчээс Б.Туулд бэлэн болон бэлэн бус хэлбэрээр ямар ч байдлаар мөнгө өгөөгүй, аваагүй талаар гэрч Ц.Бадралзаяа, Ч.Дэчингалсан нар тодорхой мэдүүлсэн. Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагын захирал Г.Энхтогоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхний үеэс оролцсон ба 70.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, дансаар шилжүүлж өгсөн гэж зөрүүтэй тайлбарладаг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бадмаанямбуугийн хувьд мөнгийг хэрхэн өгсөн талаар тайлбарлаж чадахгүй байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа нотолж чадахгүй байхад шүүх зээлийн дансны хуулга болон кассын зарлагын баримт, зээл төлөх хувиараар тогтоогдож байна гэж үзсэн нь эргэлзээтэй юм.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-д заасны дагуу тодорхойлсон ба хэрхэн дүр үзүүлж гэрээ хийсэн талаарх үйл байдлыг гэрчүүд мэдүүлсэн, ямар учраас гэрээ болон бэлэн мөнгө өгсөн баримтад Б.Туулаар гарын үсэг зуруулахдаа өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг 70.000.000 төгрөгөөр хааж гэрээг шинээр байгуулж байгаа хэмээн хуурсан талаар нэхэмжлэгч болон гэрчүүд тодорхой мэдүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах тухайд 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг байгуулах үед барьцааны гэрээ давхар байгуулагдсан боловч уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир /Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/96 дугаар лавлагаа хх-169/ 110.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг барьцаалбартай болгохын тулд 70.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг халхавч болгож байгуулж улмаар барьцаалбар үйлдэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийгдсэн хэлцлийн хувьд нэхэмжлэгч Б.Туул өмнө авсан зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрэлттэй, дахин бизнесийн зээл авах талаар нэхэмжлэгчээс зээлдүүлэгчид ямар ч байдлаар хүсэлт гаргаагүй, зээл олгох талаар хариуцагч байгууллагын Зээлийн зөвлөлийн хурлаас шийдвэр гараагүй, энэхүү зээлийн хувийн хэрэг ч нээгдээгүй, барьцаалсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн тухайд өмнөх зээлийн үлдэгдэл 45.707.403 төгрөгийн найдваргүй зээлийн үлдэгдэлтэй байхад нэмж 70.000.000 төгрөг олгосон гэх байдал нь уг барьцааны хөрөнгийн үнэлгээнээс давсан мөнгийг дахин олгосон маргаантай үйлдэл нь "Даймондфинанс ББСБ" ХХК нь үйл ажиллагаа явуулах эрх зүйн акт болох "Даймондфинанс ББСБ" ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын 1.2, 1.3, 1.5, 4.1, 7.1-т заасныг /хх 238-245/ зөрчиж хийсэн хэлцэл байжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.06.23-ны өдрийн 2472 дугаар захирамжаар шийдвэрлэсэн үйл байдлын талаар шүүх шийдвэртээ дурдсан боловч энэ шүүхийн шийдвэрийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 951 дүгээр тогтоолд дурдсан үндэслэлийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                                                

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Туулын нэхэмжлэлтэй, “Даймондфайнанс ББСБ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Туул нь хариуцагч “Даймондфайнанс ББСБ” ХХК-д холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2472 дугаар захирамжид, "Даймондфайнанс" ББСБ, зээлдэгч Б.Туулд холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ 12/09/062 дугаартай зээлийн гэрээ байгуулж 110 000 000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 26-34 тоот 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу, Их сургуулийн гудамж 10а байрны 59 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрөөс 126 481 273 төгрөг төлсөн. 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж, барьцаанд анх Б.Туултай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн барьцаалсан. Б.Туул хоёр дахь зээлийн гэрээний үүргээ зөрчиж үндсэн зээлд 1 000 000 төгрөг, хүүнд 1 879 876 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Иймд эхний зээлийн үлдэгдэл 29 697 709 төгрөг, хүү 13 552 729 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 456 964 төгрөг нийт 45 707 403 төгрөг, хоёр дахь зээлийн үлдэгдэл 69 000 000 төгрөг, хүү 29 010 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 599 467 төгрөг нийт 103 610 257 төгрөг, хоёр зээлийн нийлбэр 149 317 660 төгрөгийг Б.Туулаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас "Даймондфайнанс "ББСБ 8 056 431 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б.Туул 141 261 229 төгрөг төлөхөөр тохирч зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 21, 22/

 

Шүүгчийн захирамжаар Б.Туул болон "Даймондфайнанс ББСБ" ХХК-ийн хооронд байгуулсан дээрх 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 110 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг хамтад нь эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Туулын гаргасан 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/01925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Туулын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРЛАГЧ  ШҮҮГЧ                                           М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                                                                                 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН