Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т.М” ХХК    

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас зарласан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМ-НЁ-2016/ОНХС/07 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7123 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т.М” ХХК-ийн захирал С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани захиалагч Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Трактор ӨМ-НЁ-2016/ОНХС/07” дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтад захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай хамгийн сайн тендерийг боловсруулж оролцсон бөгөөд үүний үр дүнд захиалагч Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газар нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2-183 тоот албан бичгээрээ манай компанид хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн хэмээн гэрээ байгуулах эрх олгосон.

Ингээд манай байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулахаар Ноён сумын Засаг даргын Тамгын газар очиход “Сангийн яаманд гомдол гарсанг утсаар мэдэгдсэн тул гэрээ байгуулахыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн.

Ноён сумын Засаг даргын Тамгын газарт ямар шалтгаанаар гэрээ байгуулахгүй байгаа талаар албан ёсны мэдээлэл авах хүсэлт гаргасны дагуу мейлээр Сангийн яамнаас ирсэн албан бичигтэй танилцаж тендерт оролцсон “Б.Х" ХХК нь гомдол гаргасан болохыг мэдсэн.

Ингээд Сангийн яамны Хууль худалдан авах ажиллагааны газар тендерийн материалыг хянахдаа "Б.Х" ХХК-ийн гомдлын дагуу үзэхгүй зөвхөн өнгөц үзэж манай компанийг тендер шалгаруулалтад төлөөллөө оролцуулсан байна гэж гүтгэн, мөн үнэлгээний хорооны гишүүдийн сертификаттай эсэхийг нотлох баримтгүй байна гэж тэс өөр шалтгаан хийсвэрээр бий болгож, хууль зөрчсөн шийдвэр гарган дээрх тендерийг хүчингүй болгожээ.

Үнэлгээний хорооны 2016 оны 11 сарын 03-ны өдөр болсон хурлын үеэр манай компанийн менежерээс утсаар 2015 оны санхүүгийн тайлангаас тодруулга авсан байдаг бөгөөд тус хуралд манай компанийн зүгээс ямарч төлөөлөл оролцсон зүйл байхгүй байхад Сангийн яамны холбогдох мэргэжилтэн буруу дүгнэлт гарган тендерийн хууль зөрчсөнд тооцжээ.

Дээрх тендер шалгаруулалтад “Б.Х” ХХК нь манай компанитай өрсөлдөж оролцсон бөгөөд уг компани нь 2015 онд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байсан ба энэ нь захиалагчаас зарласан нээлттэй тендер сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл, шаардлагыг хангаагүй болохыг харуулсан юм. Иймээс ч “Б.Х” ХХК нь тухайн тендер сонгон шалгаруулалтад оролцсон ч тендерт шалгарч чадаагүй гэж үзэж байна. Гэтэл “Б.Х” ХХК нь уг тендер сонгон шалгаруулалтад шалгарч чадаагүйдээ ямар ч үндэслэлгүй гомдлыг Сангийн яаманд гаргаж, захиалагчийн тендер сонгон шалгаруулах үйл ажиллагааг бүтэлгүйтүүлэх, явуургүй болгох оролдлого хийсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, уг компани нь хууль, журмын дагуу явагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд зориуд саад учруулж, тендер нь шалгарсан компанийн үйл ажиллагаанд зориуд саад учруулж, эдийн засгийн алдагдал оруулах гэсэн зохион байгуулалттай хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Гэтэл дээрх байдлыг нарийн сайн нягтлан үзэлгүйгээр холбогдох нотлох баримтуудыг татан авч үзэхгүйгээр хийсвэр дүгнэлт хийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд заасан нөхцөл, журмаар явуулсан нээлттэй тендер сонгон шалгаруулалтад манай байгууллага хууль, журамд заасан зохих шаардлагыг бүрэн хангаж шударгаар оролцож уг тендерт шалгарч, захиалагчаас гэрээ байгуулах эрхийг авч Сангийн яамны дээрх шийдвэрээс болоод уг гэрээг одоо хүртэл байгуулж чадахгүй болж байгууллагын хувьд санхүүгийн хувьд ихэд алдагдалд орж хохирч байна.

Манай компани уг гомдлын хууль зүйн үндэслэлгүй байгааг хянуулах талаар 2016 оны 11 дүгээр сарын 18-нд Сангийн яаманд өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй бөгөөд дээрх тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон талаар манай байгууллагад огт мэдэгдээгүй, энэ талаар ямар ч тайлбар аваагүй манай компанийн эрх ашгийг зөрчиж байна.

Сангийн яамнаас Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Трактор ӨМ-НЁ-2016/ОНХС/07” дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хэдний өдрийн хэдэн тоот ямар захиргааны актаар хүчингүй болгосон талаар манай компани мэдэгдээгүй учир бид үүнийг тус яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газарт явуулсан 5/7123 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн хуулбарыг тус Засаг даргын Тамгын газраас ирүүлснээр мэдсэн болно.

Иймд Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Трактор ӨМ-НЁ-2016/ОНХС/07” дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.Мөн дээрх маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нээлттэй тендер сонгон шалгаруулалтад нийт 5 компани оролцсон бөгөөд сүүлд хэргийн материалаас танилцаж үзэхэд Сангийн яам шийдвэр гаргахдаа буруутай шаардлага хангаагүй тендер тохиолдолд тэрийг хүчингүй болгодог. Гэтэл энэ удаа манай компанийн гаргасан хүсэлтийг үл ойшоож өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа. Манай компанийн зүгээс тухайн тендер шалгаруулалт явуулахад нөлөөлсөн оролцоо байхгүй.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж байгаад манайхаас утсаар тодруулга авсан байгаа. Хуульд тодруулга авч болно гэж заасан байдаг. Үүнд тодруулга аваад байх шаардлага байхгүй зүйлд тодруулга авсан юм. Надаас “Танай санхүүгийн тайлангийн  1 хуудас дутуу байна” гэсэн агуулгатай асуулт асуусан. Тэр үед би хөдөө явж байсан учраас “Манай бүх юм бэлэн байгаа. Хэрэв итгэхгүй байгаа бол Сангийн яамны вэб сайтаас манай компанийн тайланг татаж үзэж болно” гэж хэлсэн. Гэтэл үүнд манай компанийг “оролцож, нөлөөлсөн” гэж Сангийн яамны хариуцлагатай мэргэжилтэн эндүүрч дүгнэлт гаргасан байгаа.  

Мөн “Б.Х” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдсан шаардлага хангаагүй компани атлаа тендерт оролцсон нь хууль зөрчиж байгаа. Энэ 5 компанийн үнэлгээнээс үзэхэд 4 компани нь захиалагчийн шаардлага хангаагүй, өгөгдсөн нөхцөлүүдийг хангахгүй шалтгаанаар тендерээс хасагдсан байгаа. Гэтэл энэ компанийн 2014, 2015 онуудын тайланг ирүүлсэн байх шаардлагатай байх байтал өөрсдөө шаардлага хангаагүй атлаа гомдол гаргасан байгаа юм. Айлын өвөлжөө бууцыг ухдаг, ачдаг гэх мэт орон нутагт хамгийн шаардлагатай байдаг учраас иргэд нь нэг номерт тавьсан байгаа юм. Энэ асуудал дээр манай компани бүх шаардлагыг хангаад тендерт орсон байхад, цаана оролцсон 4 компани бүгдээрээ үнийн саналаараа, эсхүл бичиг баримтын бүрдүүлэлт дутуу зэрэг тендерийн хуулиар хасагдах үндэслэлүүд нь үүссэн байхад ганц тэнцэж байгаа компанийн ажлыг хийлгэхгүйгээр өдий болтол тендерийг түдгэлзүүлээд байгаад бид бүхэн гомдолтой байгаа юм.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны актыг хоёр үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт захиргааны актыг ул суурьтай шалгаагүй ба тендерийн баримт бичгийг хагас дутуу харсан байдлаар шийдсэнд гомдолтой байгаа юм. Учир нь гурван үндэслэлээр захиргааны актыг гаргасан байгаа нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 5/7123 дугаартай албан бичгээс харагдаж байгаа юм. 1-рт Үнэлгээний хорооны гишүүд гэрчилгээгүй байгаа учраас хуулийн 47.6 дахь заалтыг зөрчсөн байна гэж ярьж байгаа. Тус хуулийн заалтаар сертификаттай байхыг шаардаагүй. Үнэлгээний хорооны гишүүд мэргэшсэн байна гэсэн заалтыг тавьж байгаа юм. Гэтэл одоо хариуцагчийн зүгээс сертификаттай байна гэж туйлширч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн сүүлд Ноён сумын Засаг даргын тамгын газраас ирсэн албан бичигт сертификатгүй хоёр хүн нь иргэдийн төлөөллөөс орж ирсэн бөгөөд нэг нь санхүүгийн талаар мэргэшсэн байгаа учраас зөвлөгөө авах гэж оруулсан санхүүгийн талын мэргэжлийн хүн байна. Хоёрт нь техник оруулж сонгон шалгаруулалт авах гэж байсан учраас техникийн талын хүнийг авах шаардлагатай байсан гэдэг утгаараа техникийн талын хүнийг зөвлөх байдлаар авсан гэдэг тайлбарыг өгсөн байгаа. Үүнээс харахад хуулийг зөрчсөн гэж харагдахгүй байгаа. Хоёрт нь төлөөлөл оролцсон байна гэдэг. Төлөөлөл оролцсон байна гэдгийг хариуцагч өмнөх шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “Утсаар ярина гэдэг нь төлөөлөл оролцож байгаагийн нэг хэлбэр юм” гэдэг. Гэтэл сая тайлбартаа 2017 оны 01 дүгээр сарын  07-ны өдрийн албан бичигтээ тодруулгыг хүргүүлсэн байгаа юм. Түүнийг утсаар тайлбар авсан хурлын тэмдэглэлийг нь харахаар утсаар гэдгийг нь тодорхой бичээгүй болохоос асуусан тухай тус тэмдэглэлд байдаг. Тэгэхээр түүнийг шалгасан хүн нь тухайн хуралд төлөөлөл нь оролцоод хуулийг зөрчсөн юм байна гэдэг байдлаар илэрхийлэгдээд байгаа юм. Тэгээд сүүлд нь тодруулаад харахад утсаар л ярьсан юм байна гэдэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай нийцэж байгаа юм. Тийм учраас энд төлөөлөл оролцоогүй ба эд нарыг ярьсны төлөө үнэлгээний хороо сонгон шалгарсан талаас ямар нэгэн материал нэмж аваагүй ба зөвхөн тодруулж асуусан зүйл байгаа юм. Дараа нь маягт 6 гэсэн баримтыг бөглөөгүй юм байна гэдэг тухай өмнөх шүүх хуралдаан дээр Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. Гэтэл түүнийг нэмэлт нотлох баримтаар бөглөж ирүүлээд хэрэгт авсан байгаа. Тийм учраас тус захиргааны акт үндэслэлгүй гарчээ. Хоёрт нь захиргааны актыг гаргахдаа эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг эрх нь зөрчигдсөн талд мэдэгдсэн байх ёстой гэдэг заалтыг зөрчсөн байгаа юм. Тендер сонгон шалгараад, гэрээгээ байгуулах гэж буй компанид тендер хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй ба зөвхөн гомдол гаргасан талд захиргааны актын доод талд “хувийг” гээд явуулсан байдаг. Гэтэл энэ гомдол шалгагдаж байх үед “Т.М” ХХК  нь Сангийн яамд энэ асуудлаар адилхан өргөдөл гаргасан байхад тус өргөдлийг огт шийдээгүй юм. Нэг асуудлаар хоёр байгууллага гомдол гаргаад байхад нэгийг нь авч хэлэлцээд нөгөө компанийн талаар дурдаагүйгээр асуудлыг шийдсэнд нэхэмжлэгийн талаас гомдолтой байгаа. Гэтэл үүнийг шалгаж байж захиргааны акт гарах ёстой байсан атал Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны 5/7123 дугаар албан бичгийн шаардлагыг хүчингүй болгуулах “Т.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Өмнөговь аймгийн Ноён сумын засаг даргын тамгын газраас зарласан

-Унниверсаль трактор худалдан авах” ӨМ-НЁ-2016ЮНХС/-07 дугаар тендер шалгаруулалтад оролцсон “Б.Х” ХХК-аас Төрийн болон орон

утгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Сангийн яам/-д гомдол гаргасан байдаг. Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Сангийн яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу дээрх тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж Өмнөговь аймгийн Ноён сумын засаг даргын тамгын газраас ирүүлсэн холбогдох материал баримт, бичгийг хянан үзэж гомдлыг хянан шийдвэрлэсэн байдаг.

Дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэхэд хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн болохыг тогтон шалгасан байдаг.

Ноён сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн а/13 дугаар тушаалаар батлан зохион байгуулсан үнэлгээний хорооны гишүүд нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэж заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулсан байсан. Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлхэд чухал ач холбогдолтой байдаг.

Үнэлгээний хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлд дээрх тендер шалгаруулалтад оролцож байгаа оролцогч болох “Т.М” ХХК-ын төлөөлөл үнэлгээний шатанд оролцсон нь хуульд заасан хараат бус байдал алдагдаж, тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөх үйлдэл мөн Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврын 5.1 дэх заалтыг зөрчсөн, Маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй гэж хянан үзсэн байдаг.

Хуулийн дээрх заалт, журам зааврыг дагаж мөрдөөгүй зөрчсөн гэж үзэж хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 5/7123 дугаар албан бичгийг Өмнөговь аймгийн Ноён сумын засаг даргын тамгын газар болон гомдол гаргагч “Б.Х” ХХК-д хүргүүлсэн байдаг. Гомдол хянан шийдвэрлэж гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маргаан бүхий захиргааны акт 3 үндэслэлээр гарсан байдаг. Тухайн тендерт оролцогч компаниудад гомдол гаргах эрх хуулиар олгогдсон байдаг ба тухайн байгууллагын эрхийн асуудал юм. Анх “Б.Х” ХХК-иас гомдол гаргасан байдаг. Тус гомдлыг Сангийн яам хянаж үзээд 1-рт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь заалтад “Захиалагчийн байгуулсан тухайн үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны талаар мэргэшсэн байна” гэж заасан байдаг. Худалдан авах ажиллагааны талаар мэргэшсэн байна гэдэг нь тухайн худалдан авах ажиллагааны чиглэлээр аливаа төрийн бус байгууллага тодорхой эрхийн хүрээнд сургалт зохион байгуулж, түүнд тохирсон гэрчилгээ олгосныг мэргэшсэн гэж ойлгох тухай хуульд заасан байдаг. Түүнээс нэхэмжлэгч талын ярьж байгаа санхүүгийн чиглэлээр мэргэшсэн юм уу эсхүл иргэдийн ямар нэг төлөөлөгчийг оролцуулна гэдэг нь өөр зүйл заалтаар зохицуулагдана. Жишээ нь 47.7 дахь заалтад иргэдийн төлөөллийг оролцуулах тухай заасан байдаг ба тухайн иргэдийн төлөөлөгч нь тус хуулийн 47.6 дахь заалтад зааснаар худалдан авах ажиллагааны талаар мэргэшсэн байх ба гишүүд гэдэг нь бүх гишүүдийг ойлгоно гэж үзэж байгаа. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн үнэлгээний хорооны гишүүдийн Батбаяр болон Төрмөнх нар нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. 

Үнэлгээний хороо 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Т.М” ХХК-ийн төлөөлөгч оролцсон тухай тэмдэглэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас утсаар ярьсан тухайгаа хүлээн зөвшөөрч байна. Яагаад болохгүй вэ гэдгийг зохицуулсан хуулийн заалт, Сангийн сайдын баталсан журам байдаг. Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан үнэлгээний заавар хэрэгт авагдсан ба тус зааврын 5.2 дахь заалтад тендер тодруулга болон өөрчлөлт гэж байгаа. Тус заалтын 3 дахь догол мөрөнд тендерийн үнэлгээний явцад хуулийн 54 зүйлд зааснаас бусад аль ч шалтгаанаар тендерт оролцогчийн хооронд уулзалт, ярилцлага явуулж болохгүй гэдэг хориглосон заалтыг үнэлгээний хорооны гишүүд зөрчсөн байгаа юм. Үнэлгээний хороо байгуулахдаа захиалагч байгууллага болох Ноён сумын Засаг даргын тамгын газар нь мөн хууль зөрчсөн байдаг. 194 дүгээр тушаалаар батлагдсан үнэлгээний зааврын маягт 6 гэсэн баримтыг бөглөөгүй байдаг. Тендер шалгаруулалтын материалыг Сангийн яамд ирүүлэхдээ тухайн тендер шалгаруулалттай холбоотой маягтыг бөглөөгүй ба нотлох баримтыг шүүхэд сүүлд ирүүлэхдээ нөхөж бөглөсөн байдаг. 

Энэхүү үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго, зорилт зарчмыг алдагдуулж байгаа нь байж болохгүй зүйл юм. Тийм учраас тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон захиргааны маргаан бүхий акт нь хууль зөрчөөгүй юм. Захиалагч  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх ёстой ба хуульд заасан ямар нэг зөрчил гаргасан бол түүнийг арилгах эрх, үүргийг хуулиар зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т.М” ХХК нь “Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас зарласан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМ-НЁ-2016/ОНХС/07 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан. 

Шүүх хуралдаанд: “Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас зарласан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМ-НЁ-2016/ОНХС/07 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7123 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №5/7123 тоот албан бичгээр дараах үндэслэлүүдээр тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгожээ. 

Үүнд: 

• Үнэлгээний хорооны гишүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасны дагуу худалдан авах чиглэлээр мэргэшсэн эсэх нотлох баримтыг ирүүлээгүй, 

• Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд “Т.М ХХК-ийн төлөөлөл оролцсон гэж байгаа нь Сангийн сайдын 2012 оны 192 дүгээр тушаалаар баталсан Тендерийн үнэлгээний зааврын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн, 

• Тендерийн үнэлгээний зааврын маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт;”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:”, 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;”, 27.2.3-д “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тендерийг хянан үзэхдээ захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө, захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх гэх мэт үндсэн, гол шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, шалгаруулахаар хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл тендерийг хянан үзэж, үнэлэхдээ дээрх үндсэн, гол шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шалгаруулах ёстой ба харин үнэлгээний хорооны гишүүд нь худалдан авах чиглэлээр мэргэшсэнийг нотлох баримтыг ирүүлээгүй, тендерийн үнэлгээний зааврын маягт 6-д заасны дагуу хянан үзэж, үнэлгээ хийгээгүй гэх мэт тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөхгүй, ялимгүй шалтгаан нь тендерийг хянан үзэж, үнэлэх шалгуур үзүүлэлт болохгүй юм.

Дээрх үнэлгээний хорооны гишүүд худалдан авах чиглэлээр мэргэшсэн эсэх нотлох баримтыг ирүүлээгүй, тендерийг үнэлэхэд “Т.М ХХК-ийн төлөөлөл оролцсон гэх, тендерийн үнэлгээний зааврын маягт 6-д заасны дагуу хянан үзэж, үнэлгээ хийгээгүй гэх мэт үндэслэлүүд нь уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох хэмжээний үндэслэлүүд биш юм. 

Тодруулбал Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчийн гаргасан гомдлыг хянан үзэхдээ захиалагч болон үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэж, үнэлэх үндсэн, гол шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тендерийг шалгаруулсан эсэхэд илүү ач холбогдол өгч, тендерт оролцогчийн гомдлыг хянан үзэх нь шударга ёсны зарчим болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцнэ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах...” гэж заасан байх бөгөөд үнэлгээний хороо байгуулж, уг үнэлгээний хороог ямар гишүүдээр бүрдүүлэх нь захиалагчийн эрх байна. 

Тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7123 тоот албан бичигт заасан тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон үндэслэлүүд буюу зөрчлүүдийг судлан үзэхэд уг үндэслэлүүд нь тендерийг зарласан захиалагчаас шууд шалтгаалсан зөрчлүүд байх ба тендерийн үнэлгээний хороо байгуулах, үнэлгээний хороог ямар гишүүдээр бүрдүүлэх, тендерийн үнэлгээний зааврын маягт 6-д заасны дагуу хянан үзэж, үнэлэх, тендерийг үнэлэхэд “Т.М ХХК-ийн төлөөлөл оролцсон эсэх зэрэг асуудлууд захиалагч болон үнэлгээний хорооны чиг үүрэг бүрэн эрх байх тул  эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд захиалагч болон үнэлгээний хорооноос шалтгаалсан зөрчлүүд байх тул захиалагч болон үнэлгээний хорооны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. 

Өөрөөр хэлбэл захиалагч болон тендерийн үнэлгээний хорооноос шууд шалтгаалах буюу захиалагч болон тендерийн үнэлгээний хороо хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотой асуудлын улмаас нэхэмжлэгчийг буруутгах нь хуульд нийцэхгүй байна. 

Хариуцагч нь ““Т.М ХХК-ийн төлөөлөл оролцсон нь Тендерийн үнэлгээний зааврын 5.1 дэх заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Учир нь Өмнөговь аймгийн Ноён сумын универсаль трактор худалдан авах тендер шалгаруулах үнэлгээний хорооны дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэл -ээс үзэхэд “Т.М” ХХК-ийн төлөөлөл гэж тус компанийн хэн гэдэг, тодорхой ямар албан тушаалтан оролцсоныг нь заагаагүй, тодорхойгүй, төрийн албан хэрэг хөтлөлтийн шаардлага хангаагүй тэмдэглэлийг үндэслэн “Т.М” ХХК-ийн төлөөлөл оролцож хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байх төдийгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манайхаас хүн оролцоогүй, зөвхөн утсаар асуусан гэж шүүх хуралдаанд тайлбарласан болно. 

Мөн Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газрын тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2-07 тоот албан бичгээр “Тус сумын ОНХсангийн хөрөнгөөр хийгдэхээр зарлагдсан Универсаль тракторын тендерт оролцогч компаниудын материалуудыг шалгаруулах явцад “Т.М” ХХК-ийн 2014, 2015 оны санхүүгийн тайлангаас утсаар тодруулга авсныг хурлын тэмдэглэлд тусгаагүйг тодруулга болгон хүргүүлж байна”  гэсэн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагч энэ үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ба “Т.М ХХК-ийн төлөөлөл оролцсон гэдэг нь нотлогдохгүй байна. 

Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7123 тоот албан бичигт “Тендерийн үнэлгээний зааврын Маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй” гэсэн үндэслэлийг заасан байх боловч Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас Маягт 6-г бөглөсөн хүснэгтийг нотлох баримтын шаардлага ханган тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагч энэ үндэслэлээр тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.2.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан “Т.М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас зарласан ӨМ-НЁ-2016/ОНХС/07 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №5/7123 тоот албан бичиг”-ийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шиийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.Б