Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/0043

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                       Х.Батсүрэн

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ц.Цогт

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар “Ц.С-д сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”,

            Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 517 дугаар магадлалтай,

         Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-г /онлайн/-аар оролцуулж,

                   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар “Ц.С-д сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 517 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 517 дугаар магадлалд “...Ц.С-д сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлүүдийг нотлох баримтаар хангалттай, бүрэн тогтоогоогүйгээс гадна зөрчилд сахилгын хариуцлага хүлээлгэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

4. Сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хугацааны тухайд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 2.1-д “Зөвлөл нь аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, нутгийн захиргааны болон орон нутгийн хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын төлөөлөл бүхий 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна”, 2.4-д “Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлж, нарийн бичгийн даргаар Боловсролын газрын дарга ажиллана”, 2.7-д “Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй. Үүнд: 2.7.6-д “Багш, удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргах, хариу өгөх” гэж тус тус заажээ.

5. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 2.7.6-д Багш, удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргах гэж зааснаар ёс зүйн зөвлөл нь дүгнэлт гаргах эрх бүхий субьект байхаар журамласан байна.

6. Өөрөөр хэлбэл ёс зүйн зөвлөлөөс эцсийн шийдвэр гарч, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоохоор журамласан байхад аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг ёс зүйн зөвлөлийн дүгнэлт мэтээр тайлбарлан ажлын хэсгийн дүгнэлт гарсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Ёс зүйн зөвлөл нь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3 дугаар хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгч Ц.С-ийг  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.2.4, 4.3.3-д заасныг зөрчсөн гэж үзэж шийдвэр гаргасан байдаг.

8. Ц.С-ийн гаргасан зөрчлийг нотолсон нотлогоонуудын тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Ц.С-ийн гаргасан зөрчлүүдийг нотлох баримтаар хангалттай бүрэн тогтоогоогүй гэж үзэж, үүнийгээ гэрч Б.Д, Ш.У, Ж.Б, Д.Б, Б.О, С.Б нарын мэдүүлгээс зөвхөн Ц.С-д ашигтай тайлбар мэдүүлгүүдийг дурдаж, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гомдолтой байна.

9. Ц.С нь казак багш нарыг ялгаварласан, сургуулийн дотуур байранд архи уусан, багш нарыг хэл амаар доромжилсон, ажлын байран дээр дарамталсан, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байхад мэдсээр байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй гэх ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд дурдсан үйл баримтыг шүүхээс цуглуулж, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авч тогтоосон байдаг.

10. Минжит булган сургуулийн нийт 96 багш ажилчдаас 70 гаруй багш ажилчид Ц.С-ийг  захирлын албан тушаалд томилохыг эсэргүүцэж гарын үсгээ зурсан байдаг. /баримт нь хэрэгт байгаа/ Түүнчлэн багш ажилчдыг хөдөлмөрийн гэрээг чинь цуцална, өргөдлөө өгөөд гар гэх зэргээр дарамтлах, багш ажилчдыг ялгаврлаж харьцах, хамт олныг талцуулах уур амьсгал бий болгосон гэх зэрэг тус сургуулийн багш ажилчдаас Боловсрол соёл урлагийн газарт гомдол гаргаж байсан зэрэг нь Ц.С нь удирдах албан тушаалтны хувьд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.2. Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, 4.2.2. Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй, адил тэгш хүндэтгэлтэй хандах, хамт олны эв нэгдлийг дээдлэх, 4.3.1. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх, 4.3.5. Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлсхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхүүлэн дэмжихгүй байх гэснийг тус тус зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон.

11. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 517 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар захирамжаар тус аймгийн Булган сумын М Б цогцолбор сургуулийн захирал Ц.С-ийг  ... багш ажилтны ёс зүйн дүрмийг ... зөрчсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс ... сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ... үндэслэлгүй буруутгасан, ... шийдвэрийг надад мэдэгдээгүй, тайлбар аваагүй гэх зэргээр маргажээ.

14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Үенч сумын Хөх үзүүр багийн иргэн С.Д-аас, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М Б цогцолбор сургуулийн багш Д.Н-аас сургуулийн захирал Ц.С-д холбогдуулж тус тус гомдол гаргасан, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/357 дугаар захирамжаар ...Д.Н-аас ирүүлсэн өргөдөлд дурдагдсан асуудлыг шалган дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан, түүнчлэн, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн сургуулийн 12А ангийн нэр бүхий 15 сурагчаас ... 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдөр охидын үзлэг хийж,  ... /нэр бүхий/ охидыг жирэмсэн байх магадлалтай гэж хүмүүсийн дэргэд жирэмсний тестээр шалгахаар бие засах газар луу авч явсан, ... хурал дээр загнасан, ... охидын нэр хүндийг сэргээж өгнө үү гэх өргөдөл гаргасны дагуу аймгийн Засаг даргын  2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/546 дугаар захирамжаар ...сурагчдаас ирүүлсэн өргөдөлд дурдагдсан асуудлыг шалган дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг мөн томилсон, ажлын хэсгээс 2019 оны 06 дугаар сарын 13, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус дүгнэлт гаргаж, Ёс зүйн зөвлөлд хүргүүлсэн байна. 

15. Ажлыг хэсгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр ... Гахай жилийн цагаан сарын баярын өдрүүдээр казах багш нарыг сургуулийн хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулсан /атлаа/... Наурызын баяраар ажиллахыг шаардаж ... ялгаварлан гадуурхсан, ... 2018 оны 12 сард сургуулийн дотуур байранд ... баяр тэмдэглэж, архи уусан, ... багш нарыг хэл амаар доромжилсон, ... багш ажилтныг ажлын байран дээр дарамталдаг, ... хүүхдийн эрхийг ноцтой зөрчин хувийн мэдээлэл нууцыг үл хүндэтгэн захирлын дэргэдэх хурлаар хэлэлцсэн, сурагчдыг захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн хамт загнасан нь тэд шалгалтаа муу дүнтэй өгөхөд хүргэсэн гэх зэрэг үндэслэлээр  “...Ц.С нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллаагүй гэж,  2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр ... Ц.С нь сургуулийн орчинд хүүхдийн эрх ашиг хохирч байгаа байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй гэх үндэслэлээр ... сургуулийн багш, ажилтныг зөв удирдлагаар хангаагүй, хүүхдийн эрхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж тус тус дүгнэн Ёс зүйн дүрмийн 5.1-д заасны дагуу хариуцлага тооцох санал гаргасан, Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар ...сургуулийн захирал Ц.С-ийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөнд тооцож, хариуцлага тооцуулах-аар шийдвэрлэжээ.

16. Ховд аймгийн Булган сумын М Б цогцолбор сургуулийн захирал Ц.С-ийн Гахай жилийн (2019) цагаан сарын баярын өдрүүдээр ... ялгаварлан гадуурхсан, 2018 оны 12 сард дотуур байранд ... архи уусан”, “…2019 оны 03 дугаар сарын 20-ний өдөр охидын үзлэгийн талаар ... хүүхдийн хувийн мэдээлэл нууцыг үл хүндэтгэн захирлын дэргэдэх хурлаар хэлэлцсэн, сурагчдыг ... загнасан, ... сургуулийн орчинд хүүхдийн эрх ашиг хохирч байгаа байдалд урьдчлан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй гэх зөрчлүүдэд Ховд аймгийн Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/653 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах-аар заасныг зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

17. Уг хуулиар тогтоосон сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт нь сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар” өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж болохгүй ерөнхий агуулгатай тул зөрчлийг илрүүлснээс хойш “нэг сарын дотор” сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг сахилгын шийтгэл ногдуулж болох 6 сарын дотор гэх хугацаанаас салгаж тайлбарлахгүй, сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа аливаа шалтгаанаар сахилгын зөрчилд хариуцлага нөхөн ногдуулах боломжийг хуулиар олгоогүй, өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил гаргаснаас хойш хэдэн жилийн дараа илэрсэн зөрчлийг илрүүлснаас хойш 1 сарын дотор хариуцлага ногдуулах боломжтой гэж үзэхгүй, анхан шатны шүүх сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, ... Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ өдөр зөрчил илрүүлсэнд тооцох /тул/ хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

18. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн  ... давж заалдах шатны шүүх ... ажлын хэсгийн дүгнэлт гарсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хүлээж авахгүй.

19. Түүнчлэн, нэхэмжлэгчийг холбогдуулан буруутгаж буй ... багш нарыг хэл амаар доромжилдог, ... багш ажилтныг ажлын байран дээр дарамталдаг гэх зэрэг зөрчлүүдийн тухайд, сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлүүдийг нотлох баримтаар хангалттай, бүрэн тогтоогоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн зөв байна, сахилгын зөрчилд холбогдуулан хэзээ, хэнийг, хэрхэн ажлын байран дээр дарамталсан, эсхүл хэл амаар доромжилсон зэрэг нөхцөл байдал, үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа бүрэн тогтоогоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн ... гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ... /байхад/ хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан, ... сургуулийн нийт 96 багш ажилчдаас 70 гаруй багш ажилчид Ц.С-ийг  захирлын албан тушаалд томилохыг эсэргүүцэж гарын үсгээ зурсан гэх зэрэг үндэслэл дурдаж хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

20. Эдгээр үндэслэээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 517 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

 

                                                                          ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА