Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 819

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Хохирогч М.Алимаа, түүний өмгөөлөгч Г.Цагаан,

Хохирогч С.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дандархиа овгийн Бурэгдаагийн Нэрэнжаргалд холбогдох эрүүгийн 1711003470126 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овгийн Б.Н, 1972 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Батглостер” ХХК-нд гүйцэтгэх захирлын ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 39 дүгээр байрны 12 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 534 дүгээр байрны 120 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б.Н нь манай Болор капитал ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-тай хамтран ажилладаг хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг нийлүүлэх тендерт ялсан, хамтран ажиллаж ашиг хуваая гэж иргэн М.Алимааг хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 35.110.000 төгрөгийг залилсан,

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дээрх аргаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан иргэн С.Наранцэцэгийн 16.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 51.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Алимааг би хуурч мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Түүний хохирлыг төлж барагдуулах болно. Харин С.Наранцэцэгт би яг хийж байсан ажлын гэрээгээ үзүүлж, мөнгө хэрэгтэй байгаа учраас 16 сая төгрөг зээлүүлээч 21 сая төгрөг болгож өгнө гэж хэлээд нотариатаар зээлийн гэрээгээ батлуулж мөнгө авсан. Түүний хохирлыг өчигдөр төлж барагдуулсан. Намайг энэ хэрэгт хоригдож байх хугацаанд нөхөр маань салаад явсан. Одоо би охинтойгоо амьдарч байгаа. Надад одоо өөрөө хариуцан хийж гүйцэтгэж байгаа, санхүүжилт нь орж ирэх ажлууд байгаа. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгнө үү. Орлого олох бүрэн боломжтой. Маш их харамсаж байгаа...” гэв. 

   Хохирогч М.Алимаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Б.Н анх надад Эрдэнэс Таван толгойн тендерт ялсан баримт бичиг үзүүлээд хамтарч ажиллах санал тавьсан. Надад ямар ашигтай юм гэхэд ашгаасаа хувь өгнө гэсэн. Надаас нийт 35.110.000 төгрөг авсан. Тухайн үед Б.Ныг Эрдэнэс Таван толгой гэх томоохон байгууллагатай хамтарч ажилладаг, замын ажил хийдэг гэж ойлгоод итгэсэн. Тус гэрээг үзүүлээгүй бол би орон сууцаа барьцаанд тавьж мөнгө өгөхгүй байсан. Би уг орон сууц барьцаалсан зээлээ төлөхгүй бол орон сууцаа алдах гээд байсан учраас өөр нэг жижиг хэмжээтэй орон сууц байдаг, түүнийгээ зараад зээлээ төлж, орон сууцаа чөлөөлсөн. Б.Н зээлээ төлнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, холбогдохгүй болсон. Би Б.Нд алдсан мөнгөн дээрээ нэмээд зээл чөлөөлсөн 20.000.000 төгрөг, зээлийн хүү 10.284.437 төгрөг, мөн үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар, нотариатын зардал болох 690.000 төгрөг зэргийг нэхэмжилж байгаа. Үүн дээр нэмээд өмгөөлөгчийн хөлс болох 3.580.000 төгрөг нийт 69.664.437 төгрөгийг Б.Наас гаргуулан авах хүсэлтэй байна. Үүнээс Б.Нэрэнжаргал нь төлсөн мөнгөнийхөө баримтыг гаргаад өгвөл хасч болно. Би сайн санахгүй байна, мартсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ ажил гүйцэтгээд мөнгөө төлнө гэж байгаа бол ял шийтгэлийн хувьд ямар нэгэн саналгүй...” гэв. 

   Хохирогч С.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Б.Н нь анх надаас мөнгө авахдаа бээлий нийлүүлэх тендерт ялсан гэх баримт бичиг үзүүлээд мөнгө хэрэгтэй байна, зээлсэн мөнгөн дээрээ нэмээд 5 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Тийм учраас би мөнгө зээлүүлсэн. Миний хохирлын үлдэгдлийг өчигдөр төлж барагдуулсан байгаа. Хохирогч М.Алимаагийн мөнгийг бас төлөх байх гэж итгэж байна. Одоо 10 настай охинтойгоо хамт амьдардаг юм байна лээ. Миний хувьд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Надаас гоо сайхны бүтээгдэхүүн зээлээр авсан байсан, үүнийг би нэхэмжлэхгүй...” гэв.

Хохирогч М.Алимаа нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би “Гялс төгрөг”-т ээжийнхээ байрыг 20.000.000 төгрөгөөр тавьчхаад эрүүл мэндийн байдал нь нэлээн муудаад ирэхээр нь 2018 оны 5 дугаар сарын 4-нд 20.000.000 төгрөгийг төлж зээлээ чөлөөлсөн. Энэ хугацаанд нийт хүү 10.284.000 төгрөг төлсөн байгаа. Мөн нотариат, татвар зэрэгт 690.000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг тухайн үедээ Нэрэнжаргал намайг төлчих, дараа нь би төлнө гэж байсан. Үүн дээр нь нэмээд өмгөөлөгчийн хөлс болох 3.580.000 төгрөг төлсөн. Энэ хүн намайг тендерт ялсан, хурдан ажлаа гүйцэтгэхгүй бол болохгүй байна гээд 2013 онд хийж байсан гэрээгээ сканердаад орж ирсэн юм байна лээ. Би тухайн үед анзаараагүй, хэлсэн хугацаанд нь мөнгө орж ирэхгүй байсан болохоор 7 дугаар сарын 16-нд тендер.мн сайт руу орж харахад энэ компани огт байхгүй байсан. Өмнө нь ийм, тийм авлагатай гээд бичиг баримтаа үзүүлж байсан боловч огт төлдөггүй. Чамд данс тооцооны авлага байна уу гэхэд тодорхой хариу хэлдэггүй. Миний хувьд намайг залилж эд хөрөнгийн эрхээр хохироосонд маш их гомдолтой байна. Хэрвээ би өөрийнхөө орон сууцыг зарж Нэрэнжаргалын авсан зээлийг төлөөгүй бол миний орон сууц хураагдах байсан....” гэжээ /хх-68/. 

   Хохирогч С.Наранцэцэг нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Надад анх М.Алимаад хэлсэн зүйлээ ярьж, гэрээ контрактаа үзүүлэхээр нь Эрдэнэс таван толгой компани нь том компани болохоор шууд итгэсэн. Тендер тодорхой хугацаатай байдаг, 5-нд дуусна, чи 5-наас өмнө надад ямар нэгэн аргаар байгаа бүх мөнгөө өг гэхээр нь би 16.000.000 төгрөгийг өгөхөөр болоод нотариат ороход би чамд нэгэнт л 21.000.000 төгрөг өгөх юм чинь чи 21.000.000 төгрөг гээд бичүүлчих” гээд бичүүлсэн. Тэгээд манай нөхрөөр өөрийнхөө данс руу хийлгээд авсан. Би маш их гомдолтой байна. Зовж олсон мөнгөө нөхрийгөө шөнөжин ятгаж байж Б.Нд итгээд өгөхөөр болсон. Намайг итгэтэл ярьсан. Нэг бичиг баримтаар Алимаа бид хоёрыг яг ижилхэн хуурсан байсан. Мөнгөө нэхээд залгахад сүүлдээ утсаа авахаа больсон. Анх танилцахад хамт явсан үсчний хүмүүсээс Б.Ныг барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байгааг сонсоод тэнд очиход дүү нь сууж байсан. Би өөрөө мөнгөө нэхэж араас нь нэлээн явсан тулдаа 8.000.000 төгрөгөө олж авсан. Би Б.Нд биш Эрдэнэс Таван Толгойн бичиг баримт, тамга тэмдэгт итгэсэн. Адилхан насны эмэгтэй хүмүүс нэгнийхээ зовж олсон мөнгийг ингэж луйвардсанд миний хувьд маш их гомдолтой байна. Би 4 хүүхдийнхээ ирээдүйд зориулж маш их хөдөлмөрлөж олсон мөнгө. 7 дугаар сараас хойш утсаа огт авахаа байхаар нь лавлах утас руу залгаж Б.Наранцэцэг өмгөөлөгчийг авсан. Би өмгөөлөгчдөө 500.000 төгрөг төлсөн. Нийт 8.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ /хх-68/.  

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Алимаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Нэрэнжаргал гэдэг хүнтэй 2013 оноос хойш үсчинд үйлчлүүлж байхдаа ойр ойрхон тааралдаж бие биеэ мэддэг болсон. 2017 оны 4 дүгээр сараас Нэрэнжаргал миний утсыг олоод над руу байн байн утсаар ярьж хамтран ажиллах санал тавих болсон. Нэрэнжаргал өөрийгөө “Болор капитал” ХХК-ны захирал, “Эрдэнэс таван толгой” ХХК-тай хамтран ажилладаг, 2013 оноос хойш хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг нийлүүлж тогтвортой ажиллаж байгаа, мөн замын зураг төслийн компанитай, Улаанбаатар хотын болон орон нутгийн замын төслүүдийн ажлыг хийж байсан. Хувь хүнээс болон улсаас олон тэрбумын авлагатай гэж ярьж өөртөө итгүүлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Эрдэнэс таван толгой” ХХК-ны ханган нийлүүлэлтийн газрын захирал Г.Мөнхсайхан гэсэн гарын үсэгтэй 07/421 тоот гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн утга бүхий албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Эрдэнэс таван толгой” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ариунболдтой байгуулсан “гар хамгаалах хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ, “Болор капитал групп” ХХК-аас 7 төрлийн барааг хүлээн авсан тул Хаан банкны 500979735 тоот нэхэмжлэлийн дагуу 91.835.700 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэв” гэсэн бараа хүлээлцсэн акт зэргийг надад үзүүлсэн. Ингээд би Нэрэнжаргал нь тогтвортой бизнес хийдэг, томоохон компанитай хамтарч ажилладаг юм байна гэж итгэн хамтран ажиллахаар болсон. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Нэрэнжаргал надтай уулзахдаа “манай компани тендерт ялчихсан” гээд дээрх бичгүүдийг үзүүлээд эхний ээлжинд бээлийнүүдээ 7 хоногийн дотор нийлүүлэх ёстой, бээлийний урьдчилгаа мөнгийг түншүүддээ шилжүүлэх хэрэгтэй байна гээд надаас 50 сая төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би түүнд “би итгэхгүй байна” гэхэд Нэрэнжаргал “хэрвээ чи надад итгэхгүй байвал компанийнхаа дүрэмд өөрчлөлт оруулж 2 хувьцаа эзэмшигчтэй болгож, орлого зарлага хийхэд 2 хүний гарын үсгээр гардаг болгоё, тендерийн ажил дууссаны дараа ашгаа хуваая, чи манай компаниас нэрээ татаад авчхаарай” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд Нэрэнжаргалын шаардлагатай гэсэн урьдчилгаа мөнгө 9.100.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нэрэнжаргалын Хаан банкны 5019063033 тоот дансанд, 5.000.000 төгрөгийг тухайн өдрөө Бямбажаргал гэх хүний дансанд, 1.000.000 төгрөгийг Ичинхорлоо гэх хүний дансанд тус тус шилжүүлсэн. Яагаад өөр өөр хүний дансанд шилжүүлсэн бэ гэвэл бээлий нь хэд хэдэн төрлийнх байсан учир хамтран ажиллаж байгаа хүмүүс рүүгээ тус тусад нь урьдчилгаа мөнгийг шилжүүлж байна гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгөө захиалагч нар руугаа шилжүүлэхгүй бол тендерийн хугацаа хүчингүй болчих гээд байна, хурдлаа ч ээ гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир Хан Уул дүүрэгт байрлах миний нэр дээр гэрчилгээтэй ээжийнхээ 1 өрөө байрыг  “Гялс төгрөг” ББСБ-д захирал Наранбаатарынх нь нэр дээр шилжүүлж 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд уг 20 сая төгрөгийг Нэрэнжаргал бэлнээр нь авчихъя гээд байхаар нь “би заавал дансаар өгнө, баримттай” гээд урд нь урьдчилгаа мөнгө шилжүүлж байсан бээлий шилжүүлэгч нар болох Бямбажаргалын дансанд 4.000.000 төгрөг, Ичинхорлоогийн дансанд 9.310.000 төгрөгийг, Майцэцэгийн дансанд 9.100.000 төгрөг, Жамбалмаагийн дансанд 2.700.000 төгрөгийг гэрчилгээ солих, нотариатын зардал, татварын 2 хувийн зардал болох 690.000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлсэн. Нийт үндсэн зээлдүүлсэн мөнгө бол 35.110.000 төгрөг болж байгаа. Мөн нотариатын ажлын хөлс, өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөг, ББСБ-д төлсөн хүү, 2017 оны 3 дугаар сарын байдлаар 9.100.000 төгрөг болсон зэрэг зардлууд ороод нийт 12.790.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс гадна Нэрэнжаргалаас нэхэмжилж байна...” гэжээ /хх 97-101/.

Хохирогч С.Наранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Нэрэнжаргал гэх эмэгтэйг 2015 оноос зүс мэдэх болсон. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах ажлын байрандаа байж байхад Нэрэнжаргал ирж уулзаад “Эрдэнэс таван толгой” компанид бээлий нийлүүлэх тендерт ялчихсан, уг нь надад “Аглаг бүтээлийн хийд”-ийн 3 км замыг барих эхний ээлжийн 3 тэрбум төгрөг орж ирэх ёстой, энэ мөнгийг бээлий нийлүүлэх тендертээ хэрэглэнэ гэж бодож байсан чинь сонгууль болтол хойшлогдчихлоо, одоо бараа материалаа авах мөнгөгүй болчхоод байна чи надад 16 сая төгрөг зээлүүлээч, сарын дараа 21 сая төгрөг болгоод эргүүлээд өгнө гээд Эрдэнэс таван толгой компанид бээлий нийлүүлэх тендерт ялсан гэх бичиг болон урьд нь бээлий нийлүүлж байсан бичиг, дансанд нь орж байсан мөнгөний хуулгыг үзүүлсэн. Тэр бичгүүд нь итгэл төрүүлэхээр байсан тул түүнд итгэж мөнгө зээлдүүлэхээр болсон. Тэгээд ч тендерээс унасан ашгаасаа надад 5 сая төгрөгийг нэмж өгнө гэсэн юм. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах нотариат орж мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээ үйлдсэн. Нэрэнжаргал надад өгөх 5 сая төгрөгөө 16 сая төгрөг дээр нэмээд шууд 21 сая төгрөг зээлсэн гээд биччих гэж хэлээд нотариатаар бичүүлж баталгаажуулсан. Тэгээд Тэнгис кино театрын урд байрлах Хаан банкнаас Нэрэнжаргалын Хаан банкны 5019063033 дугаарын дансанд 16.000.000 төгрөгийг хийсэн. Нэрэнжаргалд мөнгөө залилуулснаас хойш нэг ч удаа уулзаж чадаагүй, байнга зугтаагаад олддоггүй, залгахаар утсаа авахгүй, дандаа мөнгийг чинь өгнө л гээд бичээд байдаг байсан. Би зээлүүлсэн мөнгөнөөс 8 сая төгрөгийг авсан үлдэгдэл мөнгө 8.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...”  /хх-104-105/.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Нын яллагдагчаар мэдүүлсэн: “...Наранцэцэг гэх эмэгтэйг 2012 оноос эхлэн таних болсон бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Виктория центрийн алжаал тайлах төвийг ажиллуулдаг, би тэр газраар байнга үйлчлүүлж байгаад сүүлдээ бие биеэ зүс мэдэх болоод хоорондоо танилцаж байсан юм. Наранцэцэгтэй танилцсанаас хойш би өөрийгөө авто замын ажил хийж байгаа гэдгийг ярьж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сард мөнгө зээлэхдээ "Болор капитал групп" ХХК-ний үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна, янз бүрийн тендерт оролцох шаардлагатай байна. 1 сарын дараа мөнгийг чинь 21,0 сая болгоод эргүүлэн төлнө гэж хэлээд авсан. Гэхдээ Наранцэцэгээс авсан мөнгийг хөөцөлдөх ажилд хэрэглэх гэж биш ломбарддаа хэрэглэх гэж авсан. Надад мөнгө өгөх ёстой хүмүүс байсан учраас хүмүүсээс мөнгөө авчихвал Наранцэцэгийн мөнгийг эргүүлээд өгчихнө гэж бодож байсан юм. Ингээд Наранцэцэгээс мөнгө зээлэхдээ 21,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 16,0 сая төгрөгийг өөрийнхөө ХААН банкны 5019063033 дугаарын дансаар хүлээж авсан. Би ломбардаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулаад эргэлтийн мөнгөгүй болсон учраас үйл ажиллагаа явуулахаа зогсоосон., ...Манай нөхөр Ганболдын нэр дээр "Батглостер" ХХК байдаг бөгөөд би уг компанийн гүйцэтгэх захирал гэж явдаг байсан. Нөхөр бид хоёр 2013 оны хавар "Эрдэнэс таван толгой" ХК-ний гар хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцож ялаад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд уг тендерт оролцож байсан материалууд хадгалагдаж байсан учраас түүнийг сканердаж "Батглостер" ХХК гэсэн бичиглэлтэй хэсгүүдийг бүгдийг өөрчилж "Болор капитал групп" ХХК болгож хэвлээд үүнийгээ Алимаад аваачиж үзүүлсэн. Тэгээд би "Болор капитал групп" ХХК нь "Эрдэнэс таван толгой" ХХК-д гар хамгаалах хэрэгслийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа, урьд нь бараа бүтээгдэхүүн нийлүүлж хамтарч ажиллаж байсан" гэж хэлээд "Болор капитал групп" ХХК-ий хамтран эзэмшигчээр Алимааг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа түүнээс хамгийн анх 9,1 сая төгрөгийг өөрийн 5019063033 дугаарын ХААН банкны дансаар хийлгэж авсан. Мөнгийг авахдаа Алимаа бид 2 Теди төвийн хойд талын скайтелын байранд байдаг ХААН банкны экспресс АТМ дээр хамт ирж Алимаа өөрийн данснаас гүйлгээ хийж өгсөн. Уг мөнгийг өр ширэндээ тараагаад, зарим хэсгийг ломбардад хэрэглэсэн. Мөн Наранцэцэгээс зээлсэн мөнгөнөөс бага хэсгийг төлсөн. Яг хэдэн төгрөг Наранцэцэгт өгснөө санахгүй байна. Миний дансны хуулганаас харагдах байх, Наранцэцэгийн дансруу Нэрэнжаргалаас гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байгаа. Алимаа анх надтай тохирохдоо компанийг чинь 50 хувь эзэмшдэг болсныхоо дараа хөрөнгө оруулалт хийх мөнгөө өгнө гэж хэлсэн ба түүний нэр дээр Болор капитал групп ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсний дараа одоо мөнгөө авъя гэхэд "би чамд нэг дор бөөн мөнгө өгч чадахгүй, цувуулж өгнө" гээд эхний ээлжинд 9,1 сая төгрөг өгсөн юм. Түүнээс мөнгө авснаас хойш хэд хоногийн дараа Алимаатай уулзтал "би чамд одоо өгөх мөнгөө шууд өгөхгүй, тендер дээр бичигдсэн бараа материалуудаа хаанаас авах гэж байгаа юм бэ, тэр хүмүүст чинь мөнгийг шилжүүлнэ" гэсэн. Тухайн үед надад ломбарданд цалинжиж ажиллаж байсан Ичинхорлоогийн данс, Бямбажаргал гэх дунд сургуулийн найзын данс тэмдэглэлийн дэвтэр дээр бичээстэй байсныгаа Алимаад цаасан дээр бичээд хэн хэн рүү хэдэн төгрөг шилжүүлэхийг бичиж өгсөн. Бямбажаргал руу 1,0 сая, Ичинхорлоо руу 5,0 сая төгрөгийг тэр өдөр Алимаа шилжүүлсэн байсан. Алимаатай уулзаад салахдаа түүнийг мөнгө шилжүүлэхээс өмнө Бямбажаргал, Ичинхорлоо нарт "дансаар чинь мөнгө оруулаад аваадахъя, эргээд миний дансруу хийгээд өгөөрэй" гэж хэлсэн. Тэд ч мөнгө орсон даруйдаа миний дансруу мөнгийг эргүүлэн хийснийг би аваад мөн л хувийн хэрэгцээндээ хэрэглэж дуусгасан. Үүний дараа 6 дугаар сарын 22-ны өдөр Алимаа намайг "барилгачдын талбайн урд 34-р байранд хүрээд ир" гэж дуудахаар нь яваад очсон. Намайг очтол Алимаа би байраа "Гялс төгрөг" нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 19,0 сая төгрөгийн барьцаанд тавьчихсан, үүнээс өөр мөнгө чамд нэмж өгч чадахгүй нь гэж хэлсэн. Хаана байдаг ямар байраа барьцаанд тавьсан талаараа надад хэлээгүй. Ингээд бид 2 барилгачдын талбайн баруун урд талд байрлах нотариатын газар орж хамтран ажиллах гэрээг гараар бичиж батлуулаад нэг нэг хувийг өөрсдөө авсан. Алимаад байгаа 19 сая төгрөгийг бэлнээр хүлээгээд авчихъя гэсэн боловч зөвшөөрөөгүй, мөн л бараа нийлүүлэх хүмүүсийн чинь дансаар өгнө гээд байсан. Ингээд би урьд хэлсэн байсан Бямбажаргал, Ичинхорлоо нарын данс дээр нагац ахын эхнэр Жамбалмаа, найз Майцэцэг нарын дансны дугаарыг өгч Ичинхорлоогийн дансаар 4,3 сая төгрөгийг, Майцэцэгийн дансаар 10,0 орчим сая төгрөгийг, Жамбалмаагийн дансанд 2,6 сая орчим төгрөгийг Алимаагаар хийлгэж, үлдсэн мөнгийг Бямбажаргалын дансанд хийлгэж авсан. Ичинхорлоогоос бусад нь дансанд орсон мөнгийг тэр даруйд нь болон ганц нэг хоногийн дараа эргүүлэн шилжүүлсэн, Ичинхорлоогийн дансанд орсон мөнгийг ломбардад хэрэглээрэй гэж хэлээд аваагүй. Алимаа банк бусаас зээлсэн 19,0 сая төгрөг дээр өөрөө 1 сая төгрөг нэмсэн байх, хүмүүсийн дансанд хийсэн мөнгө тухайн үед 20,010,000 төгрөг болж байсан. Би дээрх мөнгөнөөс 8 сая төгрөгийг Наранцэцэгт дансаар цувуулан шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгийг хүүхдээ визэнд орох асуудал болон өртэй хүмүүс өгөх төлбөртөө хэрэглээд, мөн ломбард түрээсэлж байсан газартаа түрээсийн мөнгө төлөөд дуусгасан. Мөнгө өгснөөс хойш нэг орчим сарын дараа Алимаа надруу утсаар яриад чиний тендерт орсон чинь худлаа юм байна, чамайг цагдаад өгнө гэж хэлэхээр нь би түүнтэй уулзаж худал ярьж мөнгө авснаа зөвшөөрөөд түүний өмгөөлөгч тэр хоёрт мөнгийг нь тодорхой хугацааны дараа төлж барагдуулна гэдгээ хэлээд бичиг хийж өгсөн. Миний хувьд Алимаагаас худал хэлж мөнгө төгрөг залилж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Хүмүүсээс зээлсэн мөнгө нэхэгдээд аргагүйн эрхэнд худал хэлээд мөнгө авчихсан юм. Алимаатай танилцсанаас хойш уулзаж ярилцаж байхад мөнгө төгрөгтэй хүн шиг санагддаг байсан. Тэгээд ч би ломбардаа тогтвортой ажиллуулаад өр ширээ дарчихна гэж бодож байсан ч үйлчлүүлэгч багатай, эргэлтийн мөнгөгүй болоод аргагүй эрхэнд үйл ажиллагааг нь зогсоосон. Би Наранцэцэгээс үндсэн мөнгө 16,000,000 төгрөгийг хүлээн авсан. Энэ мөнгөнөөс 8 сая төгрөгийг төлчихсөн, одоо 8,0 сая төгрөг болон хүүнд нь төлнө гэсэн 5,0 сая нийт 13,0 сая төгрөгийг төлөх ёстой байгаа. Харин Алимаагаас 9,1 саяар нэг удаа, 6 саяар 1 удаа, 20,0 саяар нэг удаа нийт 35,0 сая төгрөгийг авсан байгаа....”гэх мэдүүлэг/хх-144-147/.

Гэрч Г.Мөнхсайхан мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 07/421 дугаартай “Гэрээ байгуулах, эрх олгох тухай” албан бичгийг үзлээ. Энэ албан бичигт байгаа ЭТТ-2013/02-12НТШ гэсэн дугаар нь 2013 онд зарласан тендер байх магадлалтай. Гэтэл албан бичигт 2017 он гэж зөрж байна. Мөн тендерийн нэршил нь гар хамгаалах хэрэгсэл гэж бичдэггүй, бээлийний үнэ 91 сая төгрөг байх боломжгүй. Бас албан бичигт албан тушаал, гарын үсэг буруу бичигдсэн байна. Албан бичгийн 07/421 гэсэн нь манай компанид 07 гэсэн дугаар байдаггүй. Цагдаагаас ярьсны дараа бичиг хэргийн ажилтнаас тодруулга авахад 421 гэсэн дугаараар шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэг албан бичиг гаргасан нь Өмнөговь аймгийн гаалийн газарт хандсан бичиг байсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр явсан бүх албан бичгүүдийг нягталж үзэхэд ажилчдын банкинд гаргасан тодорхойлолтууд байсан. Манай компани хэзээ ч элгэн бээлий, ханцуйвч, нэг удаагийн гялгар уут, резинэн бээлий зэргийг авч байгаагүй. “Гар хамгаалах хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г харлаа манай компанийн гүйцэтгэх захирал Ариунболд гээд гарын үсэг зурсан байна. Манай захирлын овог нь буруу, бас гарын үсэг нь биш байна. Захирлын овог нь “Д” байтал энэ гэрээнд  “Г” гэж бичсэн байна. Гэрээний арын хуудсанд захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал хэзээ ч гарын үсэг зурдаггүй, захиалга хариуцсан газар нэгжийн албан тушаалтан гарын үсгээ зурдаг. Тэгэхээр бичгийг хуурамчаар хийсэн байна...” гэжээ /хх-112/.

Гэрч Ц.Майцэцэг мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сард санаж байна Нэрэнжаргал утсаар яриад чиний данс руу хүнээр мөнгө хийлгэнэ, тэр мөнгийг дараа нь надад аваад өгчхөөрэй гэж хэлсэн. Би Нэрэнжаргалыг чи өөрөө дансаараа яагаад авахгүй байгаа юм бэ гэхэд  “манай компани санхүүгийн асуудалтай байгаа учраас болохгүй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дансаар 10 сая төгрөг шилжин орж ирэхээр нь Нэрэнжаргалд хэлэхэд  “над руу мобайлаар шилжүүлчих” гэхээр нь мобайлаар 10 сая гарахгүй гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр над руу 10 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд тэр оройдоо Нэрэнжаргал яриад өөрийнхөө дансыг өгсөн, тэр данс руу нь Нэрэнжаргалаас авах байсан авлага 192.000 төгрөгийг үлдээгээд бусад мөнгийг шилжүүлсэн...” гэжээ /хх-115/.

Гэрч Я.Бямбажаргал мэдүүлэхдээ: “...2017 оны сүүлээр Нэрэнжаргал над руу яриад дансаа өгөөч мөнгө шилжүүлээд авах гэсэн юм гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд дансаа өгөхөд нэг танихгүй данснаас 2 удаа мөнгө орж ирсэн. Одоо бодоход 3 сая төгрөгийг 2 хуваагаад шилжүүлсэн байсан. Би энэ мөнгийг нь буцаагаад нэгийг нь дансаар шилжүүлж, үлдсэнийг нь бэлнээр Нэрэнжаргалд өгсөн...” гэжээ /хх-117/.

Гэрч Ч.Жамбалмаа мэдүүлэхдээ: “...Нэрэнжаргал нь манай нөхрийн бүл дүү юм. 2017 оны 6 дугаар сард Нэрэнжаргал өөрийнхөө 99605595 дугаарын утаснаас миний дугаар руу залгаж таны Хаан банкны данс руу бээлийний мөнгө 2.500.000 төгрөг хийгээд удаахгүй авчихъя гэж хэлсэн. Нэрэнжаргал  надад 300.000 орчим төгрөгийн өртэй байсан болохоор тэр шилжүүлсэн мөнгөнөөсөө 50 мянгыг ч болтугай авч байгаарай гэхээр нь би тэр мөнгөнөөс нь 50.000 төгрөгийг нь дансандаа үлдээгээд 2.450.000 төгрөгийг нь 20-оос 30 минут болоод буцаагаад Нэрэнжаргалын гэх Хаан банкны дансанд шилжүүлсэн...” гэжээ /хх-126-127/.

Гэрч Ж.Ичинхорлоо мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 16-нд Нэрэнжаргал эгч над руу яриад дансны дугаар авсан. Тэгээд одоо данс руу чинь 5 сая төгрөг хийнэ, чи эргүүлээд миний дансанд  “ажлын хөлс” гээд шилжүүлчхээрэй гэж хэлсэн. 5 сая төгрөг орж ирэхээр нь өөрийнх нь хэлснээр “ажлын хөлс” гээд шилжүүлсэн. Дараа нь хэд хоногийн дараа дахин яриад данс руу чинь 4 сая төгрөг орно гэж хэлсэн. Дансаа шалгаж үзэхэд 4.310.000 төгрөгийн орлого орсон байсан. Би энэ мөнгийг Нэрэнжаргал эгчид цувуулаад өгсөн. Цувуулсан учир нь Нэрэнжаргал эгч өөрөө тэгж хий гэж хэлсэн. Бас 1 сая төгрөгийг АТМ-с аваад Нэрэнжаргал эгчийн Хас банкны дансанд хийсэн. Үүнээс гадна 500.000 төгрөгийг ломбардаас зээл гаргахад хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг ломбарданд хэрэглээд дуусгасан. Нэрэнжаргал эгчийн миний данс руу хийлгэсэн мөнгөнөөс би хувьдаа огт хэрэглээгүй. Миний дансанд орсон мөнгө хаанаас хэнээс шилжиж ирж байгаа талаар би мэдээгүй. Нэрэнжаргал эгч надад ямар нэг зүйл ярьж байгаагүй. Ломбард эргэлтийн мөнгөгүй, түрээс өндөртэй байдаг байсан...” гэжээ /хх-131/.

Хохирогч М.Алимаагаас Ч.Жамбалмаагийн Хаан банкны 5315509753 дугаар дансанд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.700.000 төгрөг.

Ж.Ичинхорлоогийн Хаан банкны 5028332291 дугаар дансанд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4.310.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг.

Ц.Майцэцэгийн Хаан банкны 5031270500 дугаар дансанд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг.

Я.Бямбажаргалын Хаан банкны 5622085187 дугаар дансанд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг.

Б.Нын 5019063033 дугаар дансанд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 9.100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтууд /хх-57-60/.

Эрдэнэс таван толгой ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 03/164 албан тоот /хх-172-179/.

Б.Нын Хаан банкны 5019063033 дугаар дансны хуулга /хх-198-230/.

Ц.Майцэцэгийн Хаан банкны 5031270500 дугаар дансны хуулга /хх-116/.

Я.Бямбажаргалын Хаан банкны 5622085187 дугаар дансны хуулга /хх-/.

Ч.Жамбалмаагийн Хаан банкны 5315509753 дугаар дансны хуулга /хх-128/.

Ж.Ичинхорлоогийн Хаан банкны 5028332291 дугаар дансны хуулга /хх-182/.

М.Алимаа, Б.Наранбаатар нарын хооронд хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ /хх-45-50/.

Б.Нд, хохирогч М.Алимаа нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ /хх-51-52/.

Б.Н, хохирогч С.Наранцэцэг нарын хооронд байгуулсан 21.000.000 төгрөгний зээлийн гэрээ /хх-65/. 

2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 16.000.000 төгрөгийг Б.Нын дансанд шилжүүлсэн хохирогч С.Наранцэцэгийн Хаан банкны 5014308809 дугаар дансны хуулга /хх-66/.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-149-150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-160/, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь иргэн М.Алимааг “манай Болор капитал ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-тай хамтран ажилладаг хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг нийлүүлэх тендерт ялсан, хамтран ажиллаж ашиг хуваая” гэж хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан Б.Нын хэлсэн нэр бүхий дөрвөн иргэний дансаар нийт 26.010.000 төгрөг, мөн Б.Н нь өөрийн дансаар 9.100.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 35.110.000 төгрөгийг залилсан авсан,

Мөн С.Наранцэцэгээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Эрдэнэс таван толгой компанид бээлий нийлүүлэх тендерт ялчихсан, уг нь надад “Аглаг бүтээлийн хийд”-ийн 3 км замыг барих эхний ээлжийн 3 тэрбум төгрөг орж ирэх ёстой, энэ мөнгийг бээлий нийлүүлэх тендертээ хэрэглэнэ гэж бодож байсан чинь сонгууль болтол хойшлогдчихлоо, одоо бараа материалаа авах мөнгөгүй болчхоод байна, чи надад 16 сая төгрөг зээлүүлээч, сарын дараа 21 сая төгрөг болгоод эргүүлээд өгнө гэж Эрдэнэс таван толгой компанид бээлий нийлүүлэх тендерт ялсан гэх бичиг болон урьд нь бээлий нийлүүлж байсан бичиг, дансанд нь орж байсан мөнгөний хуулга зэргийг үзүүлэн”  хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараар дамжуулан 16.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 51.110.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  М.Алимаагийн “..2017 оны 4 дүгээр сараас Нэрэнжаргал миний утсыг олоод над руу байн байн утсаар ярьж хамтран ажиллах санал тавих болсон. Нэрэнжаргал өөрийгөө “Болор капитал” ХХК-ны захирал, “Эрдэнэс таван толгой” ХХК-тай хамтран ажилладаг, 2013 оноос хойш хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг нийлүүлж тогтвортой ажиллаж байгаа, мөн замын зураг төслийн компанитай, Улаанбаатар хотын болон орон нутгийн замын төслүүдийн ажлыг хийж байсан. Хувь хүнээс болон улсаас олон тэрбумын авлагатай гэж ярьж өөртөө итгүүлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Эрдэнэс таван толгой” ХХК-ны ханган нийлүүлэлтийн газрын захирал Г.Мөнхсайхан гэсэн гарын үсэгтэй 07/421 тоот гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн утга бүхий албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Эрдэнэс таван толгой” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Ариунболдтой байгуулсан “гар хамгаалах хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ, “Болор капитал групп” ХХК-аас 7 төрлийн барааг хүлээн авсан тул Хаан банкны 500979735 тоот нэхэмжлэлийн дагуу 91.835.700 төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэв” гэсэн бараа хүлээлцсэн акт зэргийг надад үзүүлсэн. Ингээд би Нэрэнжаргал нь тогтвортой бизнес хийдэг, томоохон компанитай хамтарч ажилладаг юм байна гэж итгэн хамтран ажиллахаар болсон. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Нэрэнжаргал надтай уулзахдаа “манай компани тендерт ялчихсан” гээд дээрх бичгүүдийг үзүүлээд эхний ээлжинд бээлийнүүдээ 7 хоногийн дотор нийлүүлэх ёстой, бээлийний урьдчилгаа мөнгийг түншүүддээ шилжүүлэх хэрэгтэй байна гээд надаас 50 сая төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би түүнд “би итгэхгүй байна” гэхэд Нэрэнжаргал “хэрвээ чи надад итгэхгүй байвал компанийнхаа дүрэмд өөрчлөлт оруулж 2 хувьцаа эзэмшигчтэй болгож, орлого зарлага хийхэд 2 хүний гарын үсгээр гардаг болгоё, тендерийн ажил дууссаны дараа ашгаа хуваая, чи манай компаниас нэрээ татаад авчхаарай” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд Нэрэнжаргалын шаардлагатай гэсэн урьдчилгаа мөнгө 9.100.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нэрэнжаргалын Хаан банкны 5019063033 тоот дансанд, 5.000.000 төгрөгийг тухайн өдрөө Бямбажаргал гэх хүний дансанд, 1.000.000 төгрөгийг Ичинхорлоо гэх хүний дансанд тус тус шилжүүлсэн. Яагаад өөр өөр хүний дансанд шилжүүлсэн бэ гэвэл бээлий нь хэд хэдэн төрлийнх байсан учир хамтран ажиллаж байгаа хүмүүс рүүгээ тус тусад нь урьдчилгаа мөнгийг шилжүүлж байна гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгөө захиалагч нар руугаа шилжүүлэхгүй бол тендерийн хугацаа хүчингүй болчих гээд байна, хурдлаа ч ээ гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир Хан Уул дүүрэгт байрлах миний нэр дээр гэрчилгээтэй ээжийнхээ 1 өрөө байрыг  “Гялс төгрөг” ББСБ-д захирал Наранбаатарынх нь нэр дээр шилжүүлж 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд уг 20 сая төгрөгийг Нэрэнжаргал бэлнээр нь авчихъя гээд байхаар нь “би заавал дансаар өгнө, баримттай” гээд урд нь урьдчилгаа мөнгө шилжүүлж байсан бээлий шилжүүлэгч нар болох Бямбажаргалын дансанд 4.000.000 төгрөг, Ичинхорлоогийн дансанд 9.310.000 төгрөгийг, Майцэцэгийн дансанд 9.100.000 төгрөг, Жамбалмаагийн дансанд 2.700.000 төгрөгийг гэрчилгээ солих, нотариатын зардал, татварын 2 хувийн зардал болох 690.000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлсэн. Нийт үндсэн зээлдүүлсэн мөнгө бол 35.110.000 төгрөг болж байгаа...”/хх-97-101/ гэх мэдүүлэг, хохирогч С.Наранцэцэгийн “...Нэрэнжаргал ирж уулзаад “Эрдэнэс таван толгой” компанид бээлий нийлүүлэх тендерт ялчихсан, уг нь надад “Аглаг бүтээлийн хийд”-ийн 3 км замыг барих эхний ээлжийн 3 тэрбум төгрөг орж ирэх ёстой, энэ мөнгийг бээлий нийлүүлэх тендертээ хэрэглэнэ гэж бодож байсан чинь сонгууль болтол хойшлогдчихлоо, одоо бараа материалаа авах мөнгөгүй болчхоод байна чи надад 16 сая төгрөг зээлүүлээч, сарын дараа 21 сая төгрөг болгоод эргүүлээд өгнө гээд Эрдэнэс таван толгой компанид бээлий нийлүүлэх тендерт ялсан гэх бичиг болон урьд нь бээлий нийлүүлж байсан бичиг, дансанд нь орж байсан мөнгөний хуулгыг үзүүлсэн. Тэр бичгүүд нь итгэл төрүүлэхээр байсан тул түүнд итгэж мөнгө зээлдүүлэхээр болсон. Тэгээд ч тендерээс унасан ашгаасаа надад 5 сая төгрөгийг нэмж өгнө гэсэн юм. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах нотариат орж мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээ үйлдсэн. Нэрэнжаргал надад өгөх 5 сая төгрөгөө 16 сая төгрөг дээр нэмээд шууд 21 сая төгрөг зээлсэн гээд биччих гэж хэлээд нотариатаар бичүүлж баталгаажуулсан. Тэгээд Тэнгис кино театрын урд байрлах Хаан банкнаас Нэрэнжаргалын Хаан банкны 5019063033 дугаарын дансанд 16.000.000 төгрөгийг хийсэн. Нэрэнжаргалд мөнгөө залилуулснаас хойш нэг ч удаа уулзаж чадаагүй, байнга зугтаагаад олддоггүй, залгахаар утсаа авахгүй, дандаа мөнгийг чинь өгнө л гээд бичээд байдаг байсан...”/хх-104-105/ гэх мэдүүлэг, гэрч Ч.Жамбалмаа, Ж.Ичинхорлоо, Ц.Майцэцэг, Я.Бямбажаргал нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Нын яллагдагчаар мэдүүлсэн “...Наранцэцэг гэх эмэгтэйг 2012 оноос эхлэн таних болсон бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Виктория центрийн алжаал тайлах төвийг ажиллуулдаг, би тэр газраар байнга үйлчлүүлж байгаад сүүлдээ бие биенээ зүс мэдэх болоод хоорондоо танилцаж байсан юм. Наранцэцэгтэй танилцсанаас хойш би өөрийгөө авто замын ажил хийж байгаа гэдгийг ярьж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сард мөнгө зээлэхдээ "Болор капитал групп" ХХК-ний үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна, янз бүрийн тендерт оролцох шаардлагатай байна. 1 сарын дараа мөнгийг чинь 21,0 сая болгоод эргүүлэн төлнө гэж хэлээд авсан. Гэхдээ Наранцэцэгээс авсан мөнгийг хөөцөлдөх ажилд хэрэглэх гэж биш ломбардандаа хэрэглэх гэж авсан. Надад мөнгө өгөх ёстой хүмүүс байсан учраас хүмүүсээс мөнгөө авчихвал Наранцэцэгийн мөнгийг эргүүлээд өгчихнө гэж бодож байсан юм. Ингээд Наранцэцэгээс мөнгө зээлэхдээ 21,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 16,0 сая төгрөгийг өөрийнхөө ХААН банкны 5019063033 дугаарын дансаар хүлээж авсан. Би ломбардаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулаад эргэлтийн мөнгөгүй болсон учраас үйл ажиллагаа явуулахаа зогсоосон., ...Манай нөхөр Ганболдын нэр дээр "Батглостер" ХХК байдаг бөгөөд би уг компанийн гүйцэтгэх захирал гэж явдаг байсан. Нөхөр бид хоёр 2013 оны хавар "Эрдэнэс таван толгой" ХК-ний гар хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцож ялаад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд уг тендерт оролцож байсан материалууд хадгалагдаж байсан учраас түүнийг сканердаж "Батглостер" ХХК гэсэн бичиглэлтэй хэсгүүдийг бүгдийг өөрчилж "Болор капитал групп" ХХК болгож хэвлээд үүнийгээ Алимаад аваачиж үзүүлсэн. Тэгээд би "Болор капитал групп" ХХК нь "Эрдэнэс таван толгой" ХХК-д гар хамгаалах хэрэгслийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа, урьд нь бараа бүтээгдэхүүн нийлүүлж хамтарч ажиллаж байсан" гэж хэлээд "Болор капитал групп" ХХК-ий хамтран эзэмшигчээр Алимааг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа түүнээс хамгийн анх 9,1 сая төгрөгийг өөрийн 5019063033 дугаарын ХААН банкны дансаар хийлгэж авсан. Мөнгийг авахдаа Алимаа бид 2 Теди төвийн хойд талын скайтелын байранд байдаг ХААН банкны экспресс АТМ дээр хамт ирж Алимаа өөрийн данснаас гүйлгээ хийж өгсөн. Уг мөнгийг өр ширэндээ тараагаад, зарим хэсгийг ломбарданд хэрэглэсэн. Мөн Наранцэцэгээс зээлсэн мөнгөнөөс бага хэсгийг төлсөн. Яг хэдэн төгрөг Наранцэцэгт өгснөө санахгүй байна., ...Миний хувьд Алимаагаас худал хэлж мөнгө төгрөг залилж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Хүмүүсээс зээлсэн мөнгө нэхэгдээд аргагүйн эрхэнд худал хэлээд мөнгө авчихсан юм. Алимаатай танилцсанаас хойш уулзаж ярилцаж байхад мөнгө төгрөгтэй хүн шиг санагддаг байсан. Тэгээд ч би ломбардаа тогтвортой ажиллуулаад өр ширээ дарчихна гэж бодож байсан ч үйлчлүүлэгч багатай, эргэлтийн мөнгөгүй болоод аргагүй эрхэнд үйл ажиллагааг нь зогсоосон. Би Наранцэцэгээс үндсэн мөнгө 16,000,000 төгрөгийг хүлээн авсан. Энэ мөнгөнөөс 8 сая төгрөгийг төлчихсөн, одоо 8,0 сая төгрөг болон хүүнд нь төлнө гэсэн 5,0 сая нийт 13,0 сая төгрөгийг төлөх ёстой байгаа. Харин Алимаагаас 9,1 саяар нэг удаа, 6 саяар 1 удаа, 20,0 саяар нэг удаа нийт 35,0 сая төгрөгийг авсан байгаа....”/хх-144-147/, “...Наранцэцэгээс би 16 сая төгрөгийг авсан. Би мөнгө авахдаа нотариатаар баталгаажуулсан. Ер нь мөнгө хайж байсан болохоор Наранцэцэгт бас л нөгөө Алимаад үзүүлсэн Эрдэнэс таван толгойн гэрээ, баримтуудыг үзүүлж, худлаа хэлчихсэн...”/хх-137-138/ гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогч нарын саналыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгох ял шийтгэв.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Нын цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 127 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх ялаас хасч шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь Б.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж их хэмжээний хохирол учруулсан ба прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршиг буюу бодит хохирлыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Н нь хохирогч С.Наранцэцэгээс нийт 16 сая төгрөгийг залилж авсан бөгөөд уг хохирлыг түүнд бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул С.Наранцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан байна.

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч М.Алимаад шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Хохирогч М.Алимаа нь Б.Нд залилуулсны улмаас түүнд 35.110.000 төгрөгийн шууд хохирол учирсан байна. М.Алимаа нь дээрх мөнгийг Б.Нд өгөхдөө өөрт байсан бэлэн мөнгөн дээр нэмж өөрийн өмчлөлийн орон сууцыг 2017 оны 6 сарын 22-ны өдөр “Гялс төгрөг” ББСБ-д барьцаанд тавьж, 20 сая төгрөгийг зээл авч өгчээ.

Үүнээс хойш буюу 2018 оны 5 сарын 7-ны өдөр хохирогч М.Алимаа уг зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ хугацаанд зээлийн хүүнд нийт 10.284.437 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээл болох 20.000.000 төгрөг дээр нэмж зээлийн хүү болох 10.284.437 төгрөг буюу нийт 30.284.437 төгрөгийг “Гялс төгрөг” ББСБ-д төлжээ/хх-2-р хавтасны хуудас 25/. Мөн уг хэрэгт эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн зардалд 3 сая 580 мянган төгрөг төлсөн болох нь 1 дүгээр хавтасны 72 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын үр дагавар, хор уршигт нийт 33.864.437 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин хохирогчийн нэхэмжилсэн үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавихад гарсан нотариат, татвар зэрэгт төлсөн 690.000 төгрөгийг нотлох баримтгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Наас хохирогч М.Алимаад гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 35.110.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг болох 33.864.437 төгрөг зэрэг нийт 68.974.437 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв. Үүнээс түүний төлсөн 5.200.000/хх-1-р хавтас 220, 221, 222/ төгрөгийг хасч тооцон түүний төлбөл зохих хэмжээг 63.774.437 төгрөгөөр тогтоов.

Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тооцсон болно.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Нын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Делл востро загварын 7DV472S сериалтай, 16075800532 сервис кодтой хар өнгийн процессор 1 ширхэг, Делл загварын 19 инчийн хэмжээтэй дэлгэц 1 ширхэг, компьютерын гар 1 ширхэг, компьютерын холбогч залгуур 1 ширхэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцож мөрдөн байцаагчийн тогтоолоор хураан авч, нийт 210.000 төгрөгөөр үнэлснийг хохиролд тооцуулахаар зохих байгууллагад хүргүүлж шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Тэнгэрийн тойрог төсөл”-ийн танилцуулга нэг хавтас баримт гаргаж өгснийг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгч Б.Нд 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 127 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх ялаас хасч, төлбөл зохих ялыг 8.095.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас гэмт хэргийн шууд хохирол 35.110.000 төгрөг дээр нэмж гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг болох 33.864.437 төгрөг зэргээс түүний төлсөн 5.200.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 63.774.437 төгрөг гаргуулан хохирогч М.Алимаа /РД: МО70020403/-д олгосугай.

7. Хохирогч М.Алимаагийн нэхэмжлэлээс 690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Делл востро загварын 7DV472S сериалтай, 16075800532 сервис кодтой хар өнгийн процессор 1 ширхэг, Делл загварын 19 инчийн хэмжээтэй дэлгэц 1 ширхэг, компьютерын гар 1 ширхэг, компьютерын холбогч залгуур 1 ширхэг эд зүйлсийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН