Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 822

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

хохирогч Ц.Хантулга, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчад овгийн Төмөр-Очирын Баярсайханд холбогдох эрүүгийн 1711016200818 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Т.Б, 1987 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрхан гудамж 1558а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Фейс” баарны орчим согтуурсан үедээ хохирогч Ц.Хантулгатай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед би Пээс бааранд найзтайгаа хамт явж байгаад 150, 150 грамм виски уугаад баарнаас гарч ирсэн. Машинаа халаагаад сууж байхад манай найз дуудлагын жолооч дуудаад ирье гээд явсан. Тэгээд машиндаа найзыгаа хүлээгээд сууж байхад 2 танихгүй хүн орж ирээд миний машинд суусан. Сүүлд нь нэрийг нь мэдсэн урд талын сандал дээр Хаш-Эрдэнэ, хойд талын сандал дээр Хантулга суусан байсан. Машинд орж ирээд намайг чи хэн бэ? гэхээр нь жолоочоо хүлээгээд сууж байна гэхэд ах нар нь машинаа аваад явъя, одоо буу гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ миний машин та нар юу яриад байна гэхэд араас Хантулга над руу дайраад байсан. Тэгэхээр нь би буугаад урд байсан Хаш-Эрдэнэг эхлээд машинаас буулгасан. Тэгээд дараа нь Хантулгыг машинаас буулгасан. Буухдаа нүүрээрээ газар унасан байсан. Тэгээд би тэр хавын хамгаалагч нарт цагдаа дуудаараа намайг хүмүүс дээрэмдэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд Хантулгыг зугтаагаад явахаар нь араас нь гүйсэн тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа намайг аваад явсан...” гэв.

Хохирогч Ц.Хантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд  шилжих шөнө Хаш-Эрдэнэ, Болд-Эрдэнэ гэх найзуудтайгаа хамт Пээс бааранд орсон. Манай найз найз охинтойгоо түрүүлээд гараад явсан. Тэгээд Хаш-Эрдэнэ бид хоёр үлдсэн. Нэлээн хүлээж сууж байгаад ирэхгүй болохоор нь найзуудынхаа араас гарсан. Манай найзын машин байна гэж бодоод нэг машинд суусан. Танихгүй хүн байсан нь Баярсайхан байсан. Тэгээд бид нар машин андуураад суусан байна гээд машинаас буух хооронд намайг зодсон. Би аргаа бараад зугтаасан араас нэхэж гүйж ирээд зодсон. Эмнэлгийн дүгнэлтээр зүүн нүдний доод хэсэг, үүдэн 2 шүд, нурууны хавирга хугаралтай гарсан одоо зовууртай байна. Зүүн нүдний хараа муудсан. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Хантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2017 оны 12 дугаар сарын 15-ны орой найз Гүрбазар, Болор-Эрдэнэ, Гүрбазарын найз охин, Хаш-Эрдэнэ бид нар орой 22 цагийн үед Гранд Аериш нэртэй газар уулзаж хүний нэг нэг шил пиво ууцгаасан. Пиво уусны дараа уг газраас гарахаар болж манай найз Болд-Эрдэнийн хар өнгийн ланд 200 маркийн машинаараа Фэйс нэртэй бааранд хүргэж өгсөн. Бид нар уг газарт ороод 0.75 граммын жак виски аваад хувааж ууцгаасан. Бид нар сууж байхад 01 цагийн үед Гүрбазар найз охинтойгоо түрүүлээд гараад явчихсан. Болд-Эрдэнэ, Хаш-Эрдэнэ бид гурав үлдээд юм яриад сууж байхад Болд-Эрдэнэ хүүхдийн 100 тийшээ юманд явчихаад ирье гээд гараад явсан. Хаш-Эрдэнэ бид хоёр үлдээд 03 цагийн орчим за ер нь гарцгаая гээд хаалгаар гарахад Болд-Эрдэнийн машинтай адилхан хар өнгийн том машин зогсож байхаар нь Болд-Эрдэнэ ирчихсэн хүлээж байгаа юм байх гэж бодоод жолоочийн эсрэг талын ард талын суудал дээр би, миний хажуу талд жолоочийн ард Хаш-Эрдэнэ машинд ороод суусан. Машинд орж суухад жолоочийн суудал дээр сүүлд нэрийг нь мэдсэн намайг зодсон Баярсайхан сууж байсан. Бид хоёр орж суусны дараа жолооны хүрд дээр өөр хүн сууж байхаар нь Болд-Эрдэнэ дуудлагын жолооч дуудчихсан юм байхдаа гэж бодоод машинд жоохон суусан. Ингээд сууж байхад жолооны хүрд дээр байсан Баярсайхан буу гэж хэлсэн тэгэхээр нь буух гээд хаалга онгойлгож байхад Баярсайхан нь машинаас түрүүлж буугаад миний талаар хүрч ирээд хаалга онгойлгоод татаж бөгсөөр газар унагаагаад шууд л нүүр рүү гараараа цохиж эхэлсэн. Намайг гараараа цохиж байгаад хөлөөрөө өшиглөж байсан тэр үед би болиоч ээ гэж хэлэхэд болихгүй үргэлжлүүлээд балбаж байхад нь би нэг хэсэг ухаан алдсан байна лээ. Би сэрээд шууд л Ард кино театрын орчим урагшаа зугтсан... Баярсайхан гэх залуу миний биед дээрх гэмтлийг учруулсан. Тухайн үед машин дотор ард талын суудал дээр сууж байхад уг залуу намайг машинаас татаж буулгаад газар унагаагаад миний дээрээс нүүр нүдгүй дэвссэн тухайн үед болиоч ээ гэж зөндөө гуйсан тэгэхэд миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан мөн гараараа цохиж байсан. Тэгээд би тэр залуугийн гараас арай гэж мултраад Ард кино театрын зүг зугтаагаад гүйсэн ба би тэд нараас салчихлаа гэж бодоод эргээд хартал араас Баярсайхан гэх дахиад гүйгээд ирж байсан ба намайг газар унагаагаад дахиад зөндөө өшиглөж зодсон толгой тархи нуруу цээж рүү өшиглөж байсан тэгж байгаад намайг босгоод татаад буцаагаад фэйс баарны үүд рүү авч явсан. Тэрнээс хойш бол надад гар хүрээгүй удалгүй цагдаа нар ирсэн. Би шинжээчийн дүгнэлтэд дурдсан дээрх гэмтлүүдээ бүгдийг нь БНСУ-руу явж шинжилгээнд хамрагдаж эмчилгээ хийлгэсэн. Мөн 2 шүдэндээ Солонгос улсад байхдаа имплант суулгуулсан би эмчилгээний зардалд гарсан бүх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа нийт 39.812.004 төгрөгийн хохирол учирсан байгаа...” гэжээ /хх-24-27/.

Гэрч Б.Батсуурь мэдүүлэхдээ: “...Баярсайхан сэрээд наад хоёр чинь намайг дээрэмдэх гээд байна гэхээр нь би урд сууж байсан. Хаш-Эрдэнэ гэх залууг татаж буулгаад хоорондоо зодолдож ноцолдож эхэлсэн. Тэр үед Баярсайхан хойно сууж байсан залууг машинаас буулгаад дараад байсан. Тэр үед нөгөө сууж байсан залуу ертөнцийн зүгээр урагш босоод гүйсэн...” гэжээ /хх-34/.

Гэрч С.Хаш-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хантулга, Болд-Эрдэнэ, Гүрбазар нарын хамтаар FACE нэртэй бааранд орсон бид нар орж суугаад 1 шил 0.75 граммын Жак данелс виски ундаа болон бусад зүйлийн хамтаар авч ууж эхэлсэн. ...Худалдаа хөгжлийн банкны шатны хажуу талд хар өнгийн том Ланд маркийн машин байхаар нь Болд-Эрдэнийн машин байна гэж бодоод би жолоочийн хажуу талын суудал дээр Хантулга хойд талын суудал ороод суусан. Бид хоёр орж суухад жолоочийн суудал дээр нэг залуу сууж байхаар нь Болд-Эрдэнийн жолооч нь явж байгаа юм байх гэж бодоод байж байхад нөгөө жолооч залуу буу энэ тэр гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Яг энэ үед бид нар хоорондоо зодолдоогүй байхад миний талын хаалгыг нэг залуу онгойлгоод шууд машинаас угз татаад буулгасан. Тэр үед би хажуу талаараа буюу баруун талын мөр болон толгойгоороо газар унахад дээрээс шууд хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Ингээд би дэвсүүлсний дараа юу ч санахаа байсан, нэг сэрсэн чинь би Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж байсан. Энэ хугацаанд юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа юм. ...” гэжээ /хх-35/.

Гэрч Д.Гэрэлсувд мэдүүлэхдээ: “...Би тухайн шөнө болсон зодооныг харсан ба би тухайн шөнө тамхи зарж байхдаа уг зодооныг харсан. Миний харж байснаар баарны гадаа үүдэнд хар өнгийн хар тэнтэй жийп машин асаалттай байсан ба уг машин дотор хүн сууж байсан. Тэгтэл хоёр залуу баарнаас гарч ирээд уг машины ард хоёулаа ороод суусан. Уг хоёр залуу нэлээн муудсан байсан ба гуйваад явж байсан. Тэгээд машинд орж суугаад 20 орчим минут болсон байх сайн санахгүй байна. Тэгж байтал машин дотор түжигнээд дуугараад байхаар нь би холдоод 2-3 метрийн зайд очоод зогссон. Тэгж байтал машины баруун урд талын хаалганаас нэг залуу бууж ирээд өөрийнхөө хойд талд сууж байсан хүнийг чирч буулгаж ирээд газар унагаад дээрээс нь дэвсээд зодсон., ...би зүг чиг мэдэхгүй болохоор 23-р сургууль байдаг зүгт гүйсэн. Миний санаж байгаар хүн зодсон залуу хар өнгийн пиджак, хар өнгийн савхин куртиктэй байсан санагдаж байна. Би царайг нь хараад таних байх...” гэжээ /хх-39-40/.

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №317 дугаар дүгнэлтэд: 

“1. Ц.Хантулгын биед бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн бага зэргийн зөрөөтэй, бүсэлхийн 4-р нугалмын арын сэртэн шаантагласан зөрүүтэй хугарал, баруун талд 11-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн дух, чамархай, зовхи, хацар, зүүн чих, цээж, зүүн ташаа, гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн дээд 2 шүдний булгарал, уруулын дотор салстад шарх, цус хуралт, зүүн завьж, эрүүнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хоёр шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.” гэжээ /хх-44/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-129/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-130/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-19-20/, хохирогч Ц.Хантулгаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримт /хх-61-121/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Фейс” баарны орчим согтуурсан үедээ хохирогч Ц.Хантулгатай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч Ц.Хантулгын “...Ингээд сууж байхад жолооны хүрд дээр байсан Баярсайхан буу гэж хэлсэн тэгэхээр нь буух гээд хаалга онгойлгож байхад Баярсайхан нь машинаас түрүүлж буугаад миний талаар хүрч ирээд хаалга онгойлгоод татаж бөгсөөр газар унагаагаад шууд л нүүр рүү гараараа цохиж эхэлсэн. Намайг гараараа цохиж байгаад хөлөөрөө өшиглөж байсан тэр үед би болиоч ээ гэж хэлэхэд болихгүй үргэлжлүүлээд балбаж байхад нь би нэг хэсэг ухаан алдсан байна лээ. Би сэрээд шууд л Ард кино театрын орчим урагшаа зугтсан... Баярсайхан гэх залуу миний биед дээрх гэмтлийг учруулсан. Тухайн үед машин дотор ард талын суудал дээр сууж байхад уг залуу намайг машинаас татаж буулгаад газар унагаагаад миний дээрээс нүүр нүдгүй дэвссэн тухайн үед болиоч ээ гэж зөндөө гуйсан тэгэхэд миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан мөн гараараа цохиж байсан. Тэгээд би тэр залуугийн гараас арай гэж мултраад Ард кино театрын зүг зугтаагаад гүйсэн ба би тэд нараас салчихлаа гэж бодоод эргээд хартал араас Баярсайхан гэх дахиад гүйгээд ирж байсан ба намайг газар унагаагаад дахиад зөндөө өшиглөж зодсон толгой тархи нуруу цээж рүү өшиглөж байсан тэгж байгаад намайг босгоод татаад буцаагаад фэйс баарны үүд рүү авч явсан. Тэрнээс хойш бол надад гар хүрээгүй удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батсуурийн“...Баярсайхан сэрээд наад хоёр чинь намайг дээрэмдэх гээд байна гэхээр нь би урд сууж байсан. Хаш-Эрдэнэ гэх залууг татаж буулгаад хоорондоо зодолдож ноцолдож эхэлсэн. Тэр үед Баярсайхан хойно сууж байсан залууг машинаас буулгаад дараад байсан. Тэр үед нөгөө сууж байсан залуу ертөнцийн зүгээр урагш босоод гүйсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Хаш-Эрдэнийн “...2017 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хантулга, Болд-Эрдэнэ, Гүрбазар нарын хамтаар FACE нэртэй бааранд орсон бид нар орж суугаад 1 шил 0.75 граммын Жак данелс виски ундаа болон бусад зүйлийн хамтаар авч ууж эхэлсэн., ...Худалдаа хөгжлийн банкны шатны хажуу талд хар өнгийн том Ланд маркийн машин байхаар нь Болд-Эрдэнийн машин байна гэж бодоод би жолоочийн хажуу талын суудал дээр Хантулга хойд талын суудал ороод суусан. Бид хоёр орж суухад жолоочийн суудал дээр нэг залуу сууж байхаар нь Болд-Эрдэнийн жолооч нь явж байгаа юм байх гэж бодоод байж байхад нөгөө жолооч залуу буу энэ тэр гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Яг энэ үед бид нар хоорондоо зодолдоогүй байхад миний талын хаалгыг нэг залуу онгойлгоод шууд машинаас угз татаад буулгасан. Тэр үед би хажуу талаараа буюу баруун талын мөр болон толгойгоороо газар унахад дээрээс шууд хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Ингээд би дэвсүүлсний дараа юу ч санахаа байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гэрэлсувдын “...Би тухайн шөнө болсон зодооныг харсан ба би тухайн шөнө тамхи зарж байхдаа уг зодооныг харсан. Миний харж байснаар баарны гадаа үүдэнд хар өнгийн хар тэнтэй жийп машин асаалттай байсан ба уг машин дотор хүн сууж байсан. Тэгтэл хоёр залуу баарнаас гарч ирээд уг машины ард хоёулаа ороод суусан. Уг хоёр залуу нэлээн муудсан байсан ба гуйваад явж байсан. Тэгээд машинд орж суугаад 20 орчим минут болсон байх сайн санахгүй байна. Тэгж байтал машин дотор түжигнээд дуугараад байхаар нь би холдоод 2-3 метрийн зайд очоод зогссон. Тэгж байтал машины баруун урд талын хаалганаас нэг залуу бууж ирээд өөрийнхөө хойд талд сууж байсан хүнийг чирч буулгаж ирээд газар унагаад дээрээс нь дэвсээд зодсон., ...би зүг чиг мэдэхгүй болохоор 23-р сургууль байдаг зүгт гүйсэн...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №317 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүх шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.  

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Ц.Хантулга нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлыг нийт 39.812.004 төгрөгийн  баримтаар нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар /хх-61-121/ тогтоогдож байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Т.Баас гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Баас нийт 39.812.004 төгрөг гаргуулан хохирогч Ц.Хантулга /РД: ХБ77070614/-д олгосугай.

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН