Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00005

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 912 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл *******ийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

1. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл *******ийн даатгалаа төлүүлж, дэвтэрт төлснөөр бичилт хийлгүүлэх

Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******ийн төвийн даргаар 2020 оны 08 дугаар сарын 10 -нд томилогдон ажилласан. Энэ маш хүндрэлтэй орчин, нөхцөл байдалд өөрийн гаргах ёстой хүчин чармайлт, нөөц бололцоогоос хэт давсан ачааллыг дааж, хуулийн хүрээнд хүний эрүүл эрүүл *******ийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан.

Гэтэл ******* сумын Засаг даргаар ******* томилогдсон үеэс эхлээд надтай хүнлэг бусаар харьцаж, байнгын ажлын байрны дарамт үзүүлж 2022 оны 05 дугаар сарын 09-нд энэ тушаалд дурдсан үндэслэлээр ажлаас халсан юм. Улмаар ******* нь өөрөө Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний ажлыг хийсэн ******* болон ******* нь намайг дахиад ажлаа хийгээч ээ гэж гуйгаад уг ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгосноор дахин тус ******* *******ийн төвийн даргаар ажиллах болсон.

Ингээд ******* нь буцаад Засаг даргын албан тушаалд томилогдсоныхоо дараа дахиад намайг ажлаа өг, би чамайг 5 сард ажлаас халсан биз дээ гэх мэтээр урьдын ажлын байрны дарамт дахин эхэлсэн. Ингээд би арга ядаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг хэлэлцэхгүй явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-нээр миний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үндэслэлээр бус 05 дугаар сард гаргаж байсан тушаалынхаа үндэслэлээр намайг ажлаас халсан. Ингээд би 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тушаал гардаж авснаар мэдсэн гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

... Манай эрүүл *******ийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Халиун ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх нэхэмжлэл гаргасан байна. Ажлаас халах, чөлөөлөх хоёр өөр асуудал. *******ыг ажлаас чөлөөлсөн захирамж гарсан. Чөлөөлсөн шалтгаан гэвэл ******* *******ийн төвийн дарга, Засаг даргатай шууд захирагдах албан тушаал. Засаг даргатай хамтран ажиллах хариуцлагын гэрээ хийдэг түүнийхээ дагуу дээд шатны засаг даргын үүргээр орон нутагтаа эрүүл *******ийн даргын үүргээ эрхэлдэг зүй тогтолтой. ******* *******ийн төвд 2021 оны санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр маш олон зөрчил гарсан. ******* *******ийн төвийн дарга төсвийн шууд захирагч учир төсвийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульчлан зааж өгсөн байдаг. Төсвийн тухай хуулийг зөрчиж эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийн дагуу хариуцлага тооцох санкцтай. Хариуцагчийг төлөөлөн миний гаргаж буй тайлбарт эрх бүхий байгууллагуудын гарган өгсөн зөрчил, алдааг зэргийг эх хувиар нь гаргаж өгсөн. Саранбаатартай холбоотой хувийн харилцааны асуудлыг би мэдэхгүй. ...Халиуныг буцааж ажилд томилсон тохиолдол бол 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Саранбаатарыг засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл 05 дугаар сарын 09-ний өдөр Халиуныг 05 дугаар сарын 02-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн захирамж гарсан байсан. Саранбаатар ажлаас чөлөөлөгдсөн байсан, бүрэн эрх нь хаагдсан хүн захирамжид гарын үсэг зурсан байсан учраас орлогч болох би халиуныг буцааж ажиллуулсан гэв. гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 912 дугаартай шийдвэрээр:

 

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл *******ийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч *******ы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 

*******ыг ******* сумын ******* *******ийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* нь *******тай зохисгүй харилцаж, ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй атлаа удаа дараа эрх зүйн байдлыг нь дордуулж, ажлаас нь хууль бусаар чөлөөлж байсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан Засаг даргын захирамжаар хангалттай тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтанд бодитой дүгнэлт хийлгүй. ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан атлаа ажлаа орхиж яваагүй. ажлаа орхиж явах боломжтой байсан хуулийн зохицуулалтыг мэдэхгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн агуулгаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

*******ыг тус сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар заагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 тоот захирамж нь илтэд хууль зөрчсөн захирамж байсан бөгөөд *******ын оронд томилогдсон шинэ Засаг дарга нь уг захирамжийг хууль зөрчсөн учраас хүчингүй болгож, *******ааг тухайн эрхэлж байсан ажилд 10 хоногийн дараа дахин томилсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсанаар нотлогдоно. Улмаар ******* нь дахин ******* сумын Засаг даргаар томилогдсон дариудаа урьдын таарамжгүй харилцааг *******тай үүсгэсэн тул ******* нь арга буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг *******т гаргасан байдаг. Гэтэл ******* нь тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй өөр дээрээ 2 сар дарагдуулж, *******ыг ажиллуулж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас халсан тухай тушаалыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр нөхөн гаргаж *******ын хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Ямар учраас дээрх тушаалыг нөхөн гаргасан бэ гэхлээр энэ тушаалыг гаргасан хугацааны дараагаар ******* нь мөн ажлаас чөлөөлөгдсөн байдаг юм.

Дээрхи нөхцөл байдлыг дүгнэж үзвэл ******* нь *******тай таарамжгүй харилцаатай байсан нь нэхэмжлэл болон итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдагддаг, ******* нь ажлын байрны дарамт учруулж өөрийнхөө найз нөхдийн дүүг ажлын байраар хангах зорилгоор *******ыг зориуд ажлаас халсан болохыг нотлож байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргыг татсан. Өнгөрсөн цаг хугацаанд ******* нь өөрөө ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сумын Засаг даргын орлогчийг энэ хэрэгт оролцуулсан.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гэрчээр *******ыг оролцуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хуралдаанд болсон үйл баримтын үнэнийг гэрчлэх хүн маань урьдчилан ирж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт материалтай танилцаж шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчид нөлөөлж байгаа нөхцөл байдал тодорхой байсныг нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд хэлж тайлбарласан боловч үүнийг анхаарч үзэлгүй хөндлөнгийн, хэрэгт хамааралгүй хүний гэрчийн мэдүүлгийг үндэслэх байтал оролцогчид нөлөөлсөн хүний мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгож буй нь энэ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг огт хангахгүй болохыг харуулж байна.

Гэрч нь ямар байдлаар шүүх хуралдаанд оролцож байсан нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдах бөгөөд хэргийн материалтай танилцсаныг нэхэмжлэгчийн тал болон шүүх хуралдааны нарийн бичиг, шүүгчийн туслах нар мэдэж байгаа болно. Мөн хавтаст хэрэгт хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангуулаагүй бичгийн баримтуудыг ирүүлсэн. Үүнийг ч хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг юм. Гэтэл анхан шатны шүүх тухайн зүйлийг нотлох баримтаас өөрөөр тайлбарлаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь шүүх хэрэг маргаанд хөндлөнгийн байр сууринаас хандаагүй, илтэд хариуцагчийн талыг баримталсан гэж бидний зүгээс үзэж байна.

Хариуцагчийн зүгээс гаргаж ирүүлсэн улаан өнгөтэй төрийн албан ёсны хэлээр төрийн албан хэрэг хөтлөх журамд нийцсэн эсэх нь үл мэдэгдэх тэмдгийг дарж шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байсныг нэхэмжлэгчийн зүгээс хоёр баримтыг хуульд нийцүүлэн дахин гаргуулсан болно. Гэтэл шүүх хуульд нийцээгүй бичгийн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Сэлэнгэ аймгийн ******* суманд нотариат байгаа эсэхийг нэхэмжлэгч тал огт мэдэхгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулж өгөх үүрэг нь зохигчид байдаг. Хэрэв хууль журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлж цуглуулж өгөөгүй бол уг нотлох баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэх хуулийн заалтыг ноцтой зөрсөн.

Мөн анхан шатны шүүхээс Засаг дарга нь ******* *******ийн төвийн эрхлэгчийг ажилд авахдаа зөвшилцдөг бөгөөд ажлаас халахдаа зөвшилцөх шаардлагагүй гэж хуулийн зохих заалтыг зориуд худал тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн зохигчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөөгүйгээс түүний хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******ийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ...******* сумын засаг даргын захирамж нь хуулийн үндэслэлгүй гарсан... гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргад холбогдуулан 2022 оны 09 сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргад холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын засаг дарга удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул тухайн хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал: Иргэний хэрэг үүсгэх үед сумын засаг дарга ******* нь Аймгийн засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, түүний албан үүргийг орлогч дарга ******* гүйцэтгэж байсан тул шүүх *******ыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргэн томилогдож улмаар зохигчдын хүсэлтээр *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулжээ.

Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* нь албан тушаалынхаа хувьд хариуцагч болохоор байхад гэрчээр оролцуулж нэг хэрэгт хоёр өөр субьектээр оролцуулсан байх тул шүүх хэргийн оролцогчийн эрх үүргийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй буюу өөрийн байгууллагын тэмдгээр баталгаажуулсан хуулбар ирүүлсэн байхад хүлээн авч, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь талуудын мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Бичмэл нотлох баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд тодорхой заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс хэргийн мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага шүүхэд гаргавал зохих баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд ирүүлэх боломжгүй. Учир нь талуудын тэгш эрхийг хангах үүднээс шүүхэд гаргавал зохих баримтыг эх хувиар нь өгөх эсхүл нотариатаар батлуулсан хуулбарыг хүргүүлэх шаардлага үүсдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар хэрэв шүүхэд бичмэл баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн бол шүүхийн шийдвэр гарсны дараа буцаан өгч болох ба харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ гэж заасан.

Сумын засаг дарга нь төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд нэхэмжлэгч ******* нь албан тушаалтны гарсан шийдвэрт гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал болон нэхэмжлэгч нь сумын засаг даргын нэгжид хамаарах алба эрхэлдэг талаар шүүх огт дүгнэлт хийхгүйгээр хэргийн баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 912 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                                                      ДАРГАЛАГЧ                                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                       ШҮҮГЧИД                                            Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                                                    Г.ДАВААРЕНЧИН

 

 ДАРЧИН

Top of Form

  Б.ЭРДЭНЭХИШИГ