| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0820/э |
| Дугаар | 827 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Олхонууд овгийн Мэндбаярын Анарт холбогдох эрүүгийн 1802001790122 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овгийн М.А, 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, ШУТИС-н магистрант, ам бүл 2, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 106а байрны 23 тоотод оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.А нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5710 УНҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 0.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч А.Мөнхбаяр нь мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 28-ны оройн 19 цагийн үед найзуудтайгаа уулзахаар Хан-Уул дүүргийн Гэгээнтэн хотхонд байх Сие гэх нэртэй бааранд очиход ... жаахан хүлээгээд сууж байхад гаднаас Энхсайхан орж ирсэн. Түүний араас Гэрэлмандах, түүний араас хэсэг хугацааны дараа Хубилай гэх найзууд маань ирсэн юм. Тэгээд уг бааранд 2 цаг орчим билъяард тоглонгоо шар айраг уусан. Харин Энхсайхан, Эрдэм, Хубилай бид дөрөв РС тоглохоор болсон юм. Тэгээд явах гээд гадаа зогсож байхад Анар гэх найз машинтайгаа ирсэн. ...РС тоглоомын газар орон 2 цаг орчим тоглож, шөнийн 02 цагийн үед гараад хоол идэхээр гараад KFC орж хоол идсэн. Биднийг цагдаагийн газар авч ирээд хол хол зайтай зогсоож байгаад нэг нэгээр өрөө рүү оруулж биед байгаа эд зүйлийг үзэж шалгасан. Бидний эд зүйлийг халааснаас бүгдийг гаргаад ширээн дээр тавиад үзэж хараад буцаагаад байсан байсан байранд нь хийсэн...” гэжээ /1-р хх 62-65/.
Гэрч Н.Хубилай мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 28-ны орой Б.Энхсайхантай холбогдож байгаад Гэгээнтний Cui бааранд уулзсан. Намайг очих үед Энхсайхан, Мөнхтүүл хоёр байсан. ...Ингээд бид нэг пиво захиалаад сууцгааж байтал гаднаас Эрдэм гэх залуу орж ирсэн ба дараа нь гаднаас Анар орж ирсэн. Тэгээд бөөнөөрөө РС тоглохоор болсон. Энэ үед Анар Тоёота приус 20 маркийн машинтай, Эрдэм Ланд круйзер 200 маркийн машинтай явж байсан. ...Хоол идэж байх зуур тэд нар Анарын гэрт очиж найрлая, ууж хоноё гэж ярьж байсан. Харин Б.Энхсайхан, А.Мөнхбаяр хоёр хүмүүсийн ярианаас өвс, шавар гэх мэт зүйл хэрэглэдэг гэж сонсож байсан...” гэжээ /1-р хх 69-70/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3559 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон материалаар хийсэн гаансны тамхи хийх хэсэгт шатсан зүйлийн үлдэгдэл, цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.7945 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан болно.
4. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон материалаар хийсэн гаансны тамхи хийх хэсэгт байсан шатсан зүйлийн үлдэгдэлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэжээ /1-р хх 59/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №3752 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 57-10 УНТ Тоёота приус 20 маркийн т/х-д хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйл гэж хаягласан гялгар уутанд “1” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.6312 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон БНСУ-ын 1000-тын воныг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл , “2” гэж дугаарласан БНСУ-ын 1000-тын вонд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
3. Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” гэжээ /1-р хх 91/.
“0.6 грамм өвс, 0.3 грамм шавар гэх нэршилтэй бодис, Simpson bart гэсэн бичигтэй гар утасны резинэн гэр, цэнхэр өнгийн асаагуур, 1000 вон 1 ширхэг, хоромхон тос” зэргийг Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 242/.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-9/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 10-19/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх 21-22/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-188/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-192/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5710 УНҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 0.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Харин шүүгдэгч М.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд дээрх оногдуулсан хорих ялаас чөлөөлж, тэнсэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, мөн эд мөрийн баримтаар хураагдсан “0.6 грамм өвс, 0.3 грамм шавар гэх нэршилтэй бодис, Simpson bart гэсэн бичигтэй гар утасны резинин гэр, цэнхэр өнгийн асаагуур, 1000 вон 1 ширхэг, хоромхон тос” зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устга, 01 ширхэг сидиг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх явдлыг хөнгөвчлөх, түргэтгэх, нуун далдлах зорилгоор ашиглаагүй бөгөөд ямар нэг учрах саадыг арилгах, гэмт хэрэг үйлдсэн газраас зугтаах зорилгоор хэрэглээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авах санал гаргаагүй зэргийг харгалзан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Аын эзэмшлийн эд хөрөнгө болох 57-10 УНТ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн 01 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг дурдсугай.
5. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Аын эзэмшлийн 57-10 УНТ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “0.6 грамм өвс, 0.3 грамм шавар гэх нэршилтэй бодис, Simpson bart гэсэн бичигтэй гар утасны резинэн гэр, цэнхэр өнгийн асаагуур, 1000 вон 1 ширхэг, хоромхон тос” зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч М.Ат оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН