| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0829/э |
| Дугаар | 832 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч З.М/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Завхан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овгийн Загдсүрэнгийн Мягмарцэрэнд холбогдох эрүүгийн 1723000210004 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогтой З.М, 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймаг Мөнххаан сум Хадат хороолол 5 гудамж 4 тоотод оршин суудаг,
урьд З.Чадраабал нэрээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч З.М нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханжаргалант” худалдааны төвд байрлах Б.Оюун-Эрдэнийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуунаас 750.000 төгрөгийн үнэ бүхий “I Рhоne-6S Gold маркийн гар утас,
Мөн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн худалдааны төв”-д байрлах нийтийн бие засах газрын үүдэнд иргэн А.Наранцэцэгийн ширээний шургуулганд байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy j5” маркийн гар утас,
Мөн 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвд байрлах иргэн Ч.Ганчимэгийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг 109 дугаартай лангуунаас 430.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy-А7” маркийн гар утас,
Мөн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моби Шоп худалдааны төвийн Е заал 03 дугаартай иргэн Ч.Оюунбатын түрээслэн үйл ажиллагаа явуулдаг лангуунаас 620.000 төгрөгийн үнэ бүхий “I Рhоne-6” маркийн гар утас тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан,
Мөн шүүгдэгч З.Мнь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулж байсан иргэн Л.Лхам-Янжинг “I Рhоne-6 Plus загварын гар утас худалдаж авна” гэж хуурч, ижил төрлийн ашиглах боломжгүй гар утсаар сольж, 580.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч З.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр зөв амьдарч, эхийгээ асрахыг хүсч байна. Хорихоос өөрөөр шийтгэж өгнө үү…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Төвд явж байсан чинь манай дэлгүүрийн худалдагч Мөнхцэцэг утсаар залгаад сая лангуун дээрээс нэг хүн утас үзэж байгаад аваад явсан байна гэж хэлээд камерын бичлэгт гарсан зургийг нь явуулсан... тухайн утас нь I Рhоne-6 Plus маркийн шинэ утас байсан. 800.000 төгрөгөөр авсан утас байсан. Навхавтар нуруутай, дунд зэргийн махтай, цэнхэр футболктой хүн байсан... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1-р хх-107, 113/.
Хохирогч А.Наранцэцэг мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн үед байх ажил дээрээ өөрийн гар утсаа цэнэглэж орхичхоод бэлэн мөнгөний машин орж мөнгө хийчхээд ирсэн чинь миний ширээний шургуулгад байсан гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудчихаад хяналтын камерт бичлэг шүүсэн чинь хөх өнгийн футболктой хар цүнх үүрсэн залуу гараад явж байсан... Миний алдсан утас “Samsung Galaxy j5” маркийн шаргал өнгийн утас байсан. Би утсаа Мобикомоос 2016 оны 01 дүгээр сард 470.000 төгрөгөөр авч байсан... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1-р хх-110, 114/.
Хохирогч Ч.Ганчимэг мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” их дэлгүүрийн 109 тоот лангуу буюу өөрийн түрээсийн лангуун дээр ажлаа хийж байх үед шар царай, саарал футболктой, бараан өмдтэй залуу ирээд гар утас үзье гээд 2 цаг орчим манай лангуун дээр зогсож байгаад 2 утас сонгоод нэг гар утсыг нь найз охиндоо өгнө, нөгөө утсыг өөрөө авах гэж байгаа юм шиг юм яриад 9911... дугаартай утас руу залгуулаад юм ярьж байгаад миний дансны дугаарыг аваад өгөөд байсан. Нөгөө залуу мөнгө шилжиж орж иртэл хүлээж байя гээд лангууны тэнд Samsung Galaxy-А7 гар утсыг хайрцагт нь хийлгүүлээд бэлдүүлээд лангуун дээр тавиулаад мөнгө шилжүүлэх хооронд цэнэглэж байя гээд цэнэглэж байсан. Манай лангуун дээр бараг 2 цаг орчим болсон, авах гэж байгаа утсандаа наалт наалгуулсан. Тэгээд би өөр хүнд утас үзүүлж байтал би бие засаад ирье гэж хэлэхээр нь би 4 давхарт бие засах газар байгаа гэж хэлэхэд тэр залууг явсны дараа хайрцагтай утсаа доошоо хийх гэтэл хөнгөхөн байхаар нь онгойлгоод үзтэл дотор нь байсан утсыг аваад явсан байсан... Миний алдсан гар утас шинэ гар утас байсан 430.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм...” гэжээ /1-р хх-42, 116, 117/.
Хохирогч Ч.Оюунбат мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 18-нд 17 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Моби Шоп худалдааны төвийн Е заалны миний түрээсэлдэг 03 дугаартай лангуунаас “I Рhone-6” маркийн саарал өнгөтэй шинэ гар утсыг үл таних 20-22 орчим насны хөх жинсэн өмдтэй, цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, хар цүнх үүрсэн 165 см орчим өндөртэй, бордуу палбигар царайтай залуу хулгайлан авсан байсан. Хэрэг гарах үед манай ахын хүүхэд болох Г.Нямбаяр байсан... Хулгайд алдсан гар утсаа хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1-р хх-120-122, 123/.
Хохирогч П.Лхам-Янжин мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн 2 давхрын лангуун дээр борлуулалтын ажил хийгээд сууж байтал 20 гаруй насны үс нь жижигхэн ургасан халзан толгойтой 160 см орчим өндөртэй, маажиг хөлтэй, давхраагүй шар царайтай, аажуухан яриатай залуу ээждээ заавал I Рhоnе-6 Plus загварын гар утас авч өгөх гэсэн юм. Одоо манай ах ирж үзээд энэ гар утсыг худалдаж авна гэж хэлээд дахин дахин үзэж, миний зарах гэж байсан утсанд өөрийнхөө 89530102 гэсэн дугаарын сим картаар миний 8830.... дугаарын гар утас руу залгаж надтай холбогдож ярьсан. Ингээд нөгөө залуу гаднаас орж ирээд гар утсан дээрээ нэмж заавал саатай утасны хатуу гэр авна гээд миний гар утсыг давхар барьж байснаа гэнэтхэн манай ах ирчихлээ би гараад ахыгаа дагуулаад ороод ирье гэж хэлээд их хурдан гарч гүйж яваад дахин орж ирээгүй. Би хэсэг хугацаанд хүлээж ядаад саатай резинин гэрэнд байгаа утсыг гаргатал миний залилуулсан гар утастай яг адилхан загварын гар утас солиод хийчихсэн байсан... Нөгөө сольсон гар утас нь ашиглах боломжгүй байсан тул хаячихсан юм...” гэжээ /1-р хх-128-130/.
Иргэний нэхэмжпэгч Ч.Гэрэлчимэг мэдүүлэхдээ: “... 2017 оны 8 дугаар сарын 10-ны үед байх дэлгүүртээ сууж байсан чинь манай дэлгүүрт танихгүй, намхан шар залуу орж ирээд эгчээ би Цахир сумын хүн байгаа юм сум руугаа буцах гэсэн чинь буцах унааны мөнгөгүй болчихлоо та миний энэ утсыг авчхаач гэж нэг мэдрэгчтэй утас харуулсан. Тэгээд хэд гэж байгаа юм гэж асуусан чинь 150.000 төгрөг гэхээр нь эгчид нь 150.000 төгрөг байхгүй 100.000 төгрөг байна гэхэд 100.000 төгрөгөөр утсаа зарсан. Тэгсэн маргааш нь цагдаагаас нэг хүн нөгөө утас зарсан хүнийг дагуулж ирээд нөгөө утсыг хурааж авсан... Намхан дугуй шар царайтай хүн байсан...100.000 төгрөгөө авчих юм бол гомдол, санал байхгүй...” гэжээ /1-р хх-111/.
Иргэний нэхэмжпэгч Т.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цасан бороо нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас 359302063506825 имай кодтой, мөнгөлөг өнгийн I Рhоnе-6 маркийн гар утас 450.000 төгрөгөөр худалдан авсан. Би фейсбүүк хаяг дээрээс гар утас зарна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож уг ломбарданд дээрх гар утсыг худалдан авсан. Гэтэл уг гар утсыг авснаас хойш 1 сар орчмын дараа цагдаагаас над руу залгаад уг гар утсыг хулгайн утас гэж хураан авсан. Миний хувьд 450.000 төгрөгөөр хохирчхоод байна. Уг 450.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх-125/.
Гэрч Б.Сүхбат мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төгөл худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байхад манай худалдааны төвд 109 тоот лангууг түрээсэлдэг Ганчимэг гэх эмэгтэй өдөр 14-15 цагийн хооронд лангуун дээрээсээ гар утсаа алдсан. Та камер шүүгээд өгөөч гэхээр нь би Ганчимэгийн лангууны давхрын камеруудыг шүүхэд намхан нуруутай, шар футболк өмсөж цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд шат руу буусан. Ганчимэг тэр залууг хараад энэ залуу надаас гар утас худалдаж авна гээд үзэж тавиулж байгаад хулгайлаад авсан хүн мөн байна гэсэн...” гэжээ /1-р хх 139/.
Гэрч Г.Нямбаяр мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 18-нд 17 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Моби Шоп худалдааны төвийн Е заалны 03 дугаартай лангуун дээр ажлаа хийгээд зогсож байтал саравчтай малгайтай, шил зүүсэн, цэнхэр жинсэн өмдтэй, хар хөх өнгийн цамц өмссөн 20 гаруй насны залуу гар утас худалдаж авна гээд нэлээн удаан зогсож байгаад Ай фоне-6 маркийн гар утас надаас нууцаар хулгайлаад аваад явчихсан. Тус лангуу нь эгч Ч.Оюунбатын лангуу би худалдагч хийдэг юм...” гэжээ /1-р хх-148-149/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-2, 93-94, 27-39, 150/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-243/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-171, 172/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч З.Мнь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханжаргалант” худалдааны төвд байрлах Б.Оюун-Эрдэнийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуунаас 750.000 төгрөгийн үнэ бүхий “I Рhоne-6S Gold маркийн гар утас,
Мөн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Улиастай сум Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн худалдааны төв”-д байрлах нийтийн бие засах газрын үүдэнд иргэн А.Наранцэцэгийн ширээний шургуулгад байсан 350.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy j5” маркийн гар утас,
Мөн 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвд байрлах иргэн Ч.Ганчимэгийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг 109 дугаартай лангуунаас 430.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy-А7” маркийн гар утас,
Мөн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Моби Шоп худалдааны төвийн Е заал 03 дугаартай иргэн Ч.Оюунбатын түрээслэн үйл ажиллагаа явуулдаг лангуунаас 620.000 төгрөгийн үнэ бүхий “I Рhоne-6” маркийн гар утас тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан,
Мөн шүүгдэгч З.Мнь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулж байсан иргэн Л.Лхам-Янжинг “I Рhоne-6 Plus загварын гар утас худалдаж авна” гэж хуурч, ижил төрлийн ашиглах боломжгүй гар утсаар сольж, 580.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Оюун-Эрдэнэ, А.Наранцэцэг, Ч.Ганчимэг, Ч.Оюунбат, П.Лхам-Янжин нарын мэдүүлэг, гэрч Б.Сүхбат, Г.Нямбаяр нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Гэрэлчимэгийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.М-г бусдын эд хөрөнгийг залилсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хуульд заасан хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч З.М-ээс хохирлын үнэ болох нийт 1.560.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ганчимэгт 430.000 төгрөгийг, хохирогч П.Лхам-Янжинд 580.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Гэрэлчимэгт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд 450.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ. Харин хохирогч Б.Оюун-Эрдэнэ, А.Наранцэцэг, Ч.Оюунбат нар нь “...З.Мягмарцэрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх тул тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Мнь энэ хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хүртэл 31 хоног /1-р хх-183-184/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 423 хоног буюу нийт 454 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч З.М-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 454 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-гээс нийт 1.560.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ганчимэгт 430.000 төгрөгийг, хохирогч П.Лхам-Янжинд 580.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Гэрэлчимэгт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд 450.000 төгрөг тус тус олгосугай.
7. Шүүгдэгч З.Мнь хохирогч Б.Оюун-Эрдэнэ, А.Наранцэцэг, Ч.Оюунбат нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мягмарцэрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН