Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

         Шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ц.Э-т холбогдох 1835004370241 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 19-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван толгой ХХК-д мужаан ажилтай, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 2, аавын хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 016 тоотод оршин суух,  Бурд овогт Цонхиогийн Э /РД:ОМ97031915/.

      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

        Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Д-ыг зодсон болох нь хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Улаангом сумын 5-р багийн нутаг Барилгын хороонд байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 16 цагийн орчим манай гэрт миний найз ирээд бид хоёр юм яриад сууж байгаад гэрээс гараад би дэлгүүрээс 2,5 литрийн нэг сав пиво аваад гэр хорооллын гудамжинд хувааж уусан юм. Тэгээд Б бид хоёр пиво ууж дуусгаад би хамт цэргийн алба хаасан найз У луу утсаар яриад Баруун зам дэлгүүрийн урд уулзахаар болоод тийш Б бид хоёр хамт очоод Ууганбаяртай уулзсан юм. Тэгээд бид гурав тэндээс Улаангом сумын 5-р багт байх Ритм нэртэй бүжгийн клуб руу орохоор болоод замдаа нэг дэлгүүрээс би 2,5 литрийн нэг сав пиво аваад түүнийгээ уухаар Ритмын урд талын гэр хорооллоор дээш өгсөж байтал араас Э бид гуравыг дуудах шиг болсон юм тэгэхээр нь бид гурав сонсоогүй юм шиг явж байтал Э араас ирээд намайг татаж эргүүлээд дуудаад байхад эргэж харсангүй гээд намайг хавирч газар унагаагаад миний дээрээс гараараа 4-5 удаа нүүр, хамрын хэсэг рүү зодоод эхэлсэн. Тэгтэл Э бид хоёрыг У салгаад У, Б бид гурав зугтаасан юм. Би зугтаж байхдаа Цагдаагийн газар луу утсаар ярьж дуудлага өгсөн. Эаар зодуулсны дараа миний хамар, амнаас цус гараад хамар хавдаж гэмтсэн. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Эаас нэхэмжлэх зүйл байхгүй. Э миний хохирлыг бүрэн барагдуулж, надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р талд/,

       гэрч Б.У-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “......Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байтал 20 цагийн очим манай найз Дамба надруу утсаар яриад гараад ир гэсэн Тэгэхээр нь би гэрээс гараад Дамбатай Улаангом сумын 4- р багт байрлах Баруун зам дэлгүүрийн урд уулзахад Д манай найз Б-тэй хамт явсан тэгэхээр нь би тэр хоёртой хамт Улаангом сумын 5-р багт байх Ритм бүжгийн клуб дээр болж байгаа бүжгэнд  орохоор бид гурав хамт явсан юм. Бид гурав Ритм клубын хажууд байх нэг дэлгүүр лүү ороод Дамба  2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авсан ба тэр пивыг уухаар Ритмийн урд талын гэр хорооллоор дээш явж байтал хажуугаар Э гээд залуу бид нартай зөрөөд өнгөрч яваад Д-ыг дуудахад нь бид гурав сонсоогүй юм шиг цааш эргээд явахад Э бид  нарын  араас гүйж ирээд Д-ыг дуудаж байхад ирсэнгүй гээд хэрэлдэж маргалдаж байгаад Энхбаяр Д-ыг хавирч унагаагаад газар унахаар нь дээрээс нь гараараа нүүр, хамар хэсэг рүү нь 2-3 удаа цохиход Д-ын хамараас цус гарсан. Би Э-аас Д-ыг салгаж аваад зугтаачихсан юм. Тэгээд зугтаад явж байхдаа Дамба өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

       гэрч Я.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “....2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 17 цагийн орчим манай найз Э залгахаар нь би авч яриад бид хоёр Улаангом сумын 11-р багийн нутаг Тобу төв дээр уулзахаар болоод 18 цагийн орчим уулзсан тэгээд хамт Тобу төврүү ороод 1 цаг 30 минут караоке аваад дуулж байхдаа 4 лааз 500 граммын Боргио нэртэй пиво аваад хувааж уусан ба тэндээсээ 20 цагийн орчим гараад Улаангом сумын 5-р багт байх Ритм нэтэй бүжгийн клуб руу очиж бүжиглэхээр болоод такси бариад очсон юм. Тэгээд Ритм бүжгийн клуб дээр очоод клуб руу орчихоод гарч ирээд Ритмийн урд талын хорооллын доод талд зогсож байтал бид хоёрын урдаас 3 залуу ирж байсан ба миний харснаар Д, У нар хажуудаа нэг залуутай хамт явж байсан. Тэд нар Э бид хоёрын хажуугаар зөрөхөд Э тэр гурвыг дуудахад тэд нар эргэж харалгүй цааш яваад байхаар нь Энхбаяр араас нь явахад би Энхбаярын араас дагаад явсан. Э тэд нар дээр очоод дуудаад байхад эргэж харсангүй гээд Д-ыг зогсож байтал нь хавирч унагаагаад дээрээс нь нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохитол Д-ын хамараас цус гараад эхэлсэн. Тэгтэл Д-тай хамт явсан У нь Э, Д хоёрын дундуур орж салгаад Д болон түүний хажууд байсан залууг аваад хорооллоор дээш зугатаахаар нь Э бид хоёр араас нь хөөгөөгүй бөгөөд тэндээс Ритм бүжгийн клубын өмнө очоод зогсож байтал цагдаа нар ирээд Э-ыг аваад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

     гэрч Т.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр Гашуун хороололоос ахынхаа гэрээс гарахдаа Д гээд  найзтайгаа Барилгын хорооны болдог бүжгэнд очьё гэж яриад Ритм бүжгийн клубын дээд талд байдаг Рашаан зам нэртэй дэлгүүрийн хажууд Д-тай уулзахад Ууганбаяр гэж залуутай хамт байсан юм. Бид гурав уулзаад бүжиг болдог газар очиход бүжиг арай эхлээгүй байхаар нь Барилгын хороо орьё гээд хороололоор явж байтал бид нарыг хоёр залуу дуудаад байхаар нь бид нар зогсохгүй яваад хороололоор дээшээ эргэхэд араас нэг нь гүйж ирээд Д-ыг ямар овоо пизда вэ гэж хэлээд  хавирч унагаагаад нүүр лүү нь цохиж зодоод эхлэхээр нь У Д-ыг салгаж аваад би Д-ын малгайг газар уначихсан байхаар нь аваад зугатаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

     Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 04 дœгээр сард Өмнөговь аймгийн Таван толгой гэх газарт мужаанаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр аавын бие муудлаа гэж дуудагдаад гэрт ирсэн юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 17 цагийн орчим найз М руу утсаар яриад Улаангом сумын 11-р багийн нутагт байх Тобу төвийн гадна уулзахаар болсон юм. М бид хоёр 18 цагийн орчим Тобу төвийн гадна уулзаад Тобу төврүү орж 1 цаг 30 минут орчим караоке аваад 8 лааз 500 граммын Сэнгүр нэртэй пиво авч хувааж уусан юм. Тэгээд караокений цаг дуусаад Тобу төвөөс хоёулаа хамт гараад Улаангом сумын 5-р багт байх Ритм бүжгийн клуб дээр очиж бүжиглэхээр болоод такси бариад тэнд очсон. Ритм клуб дээр буугаад бүжгийн заал руу нэг орж харчихаад Ритмийн дээд талд байх хороолол руу тамхи татахаар явж байтал хорооллын доод талд бид хоёрын урдаас 3 залуу ирж байсныг харж байтал таньдаг хүмүүс шиг байсан. Тэр гурван залуу бид хоёрын хажуугаар зөрөөд өнгөрөхөөр нь би араас нь дуудахад сонссон мөртлөө эргэж харалгүй цааш яваад байхаар нь би араас нь гүйж очоод өндөр залууг нь татаж эргүүлээд дуудаад байхад сонсдоггүй юм уу? гэж хэлээд хавирч унагаагаад дээрээс нь гараараа хамар, нүүр лүү нь 4 удаа цохисон.  Тэгтэл намайг Д-тай хамт явсан Ууганбаяр салгаад Д болон У, Б нар надаас зугатаагаад явчихсан юм. Тэгэхээр нь би М-тай Ритмийн гадна очоод зогсож байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. С.Д-ыг зодсондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

     Шүүгдэгч Ц.Э нь хохирогч С.Д-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны битүү хугарал, хамрын нурууд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотно буланд цус хуралт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 799 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

    Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Ц.Э нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

       2. Шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Хохирогч С.Д нь “Одоо надад Ц.Э-аас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, Улсын яллагч торгох ял санал болгосон зэргийг харгалзан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

      Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Б овогт Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     4. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ