| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0833/э |
| Дугаар | 838 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч О.Г/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Өөлд овгийн Отгоны Ганзоригт холбогдох эрүүгийн 1811030841043 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овгийн О.Г, 1994 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Аварга дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, 5 дугаар баг, Дэнж гудамж 10-1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороонд түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 баарны гадна А.Цэрэнбатын толгойн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Цэрэнбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 30-ны 00 цагийн үед Нямдорж, Нямдаваа, Бажаа бид нар 17 нэртэй бааранд ороод пиво ууж бүжиглэж байгаад 01 цаг өнгөрч байхад гараад тамхи татаж байтал баарнаас хүмүүс бужигнаад гараад ирсэн. Бид нар зогсож байтал манай нэг найз куртик тайлаад урагш алхсан ба буцаагаад татал намайг үл таних хүн цохисон. Тэгээд би босоод иртэл толгойноос цус гараад уруул, хацар хөндүүртэй болчихсон байсан...” гэжээ /хх-8-9/.
Гэрч Т.Нямдорж мэдүүлэхдээ: “...Цэрэнбат, Балжинням, Нямдаваа бид нар 23 цагийн үед 17 бааранд орсон. Тэгээд хүн бүр 0.5 литрийн шилтэй пиво хоёрыг уусан. Цэрэнбат бид хоёр явах гээд баарны үүдэнд гарч ирээд зогсож байтал Нямдаваа гээд манай найз гарч ирсэн. Тэгээд баарны хамгаалагч гарч ирээд яагаад байгаа юм бэ гээд орилоод байсан. Гэтэл Цэрэнбат яасан гээд өмнөөс нь орилтол баарны хамгаалагч гарч ирээд Цэрэнбатыг цохиж унагаад дараа нь Нямдаваа, Балжинням хоёрыг цохисон...” гэжээ /хх 12-13/.
Гэрч Ж.Нямдаваа мэдүүлэхдээ: “...Удалгүй явахаар болоод Нямдорж, Цэрэнбат хоёр гарчихсан байсан. Тэгээд Балжиннямтай уулзаад ардаас нь гараад тамхи татаад зогсож байхад баарнаас хоёр залуу гарч ирээд орилоод Цэрэнбатыг цохисон...” гэжээ /хх-14-15/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №13096 дугаар дүгнэлтэд:
“1. А.Цэрэнбатын бид тархи доргилт, дагзанд шарх, хоёр дал, уруулд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Тархи доргилт, дагзны шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-17/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, хохирогч А.Цэрэнбатaac Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...А.Цэрэнбат би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 баарны гадаа үл таних хүнд зодуулж гэмтсэн тухай асуудалд намайг цохисон залуутай сайн дурын үндсэн дээр эвлэрч миний хохирлыг бүрэн барагдуулж, гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-41/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Г нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 баарны гадна А.Цэрэнбатын толгойн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Цэрэнбатын “...17 нэртэй бааранд ороод пиво ууж бүжиглэж байгаад 01 цаг өнгөрч байхад гараад тамхи татаж байтал баарнаас хүмүүс бужигнаад гараад ирсэн. Бид нар зогсож байтал манай нэг найз куртик тайлаад урагш алхсан ба буцаагаад татал намайг үл таних хүн цохисон. Тэгээд би босоод иртэл толгойноос цус гараад уруул, хацар хөндүүртэй болчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Нямдорж, Ж.Нямдаваа нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №13096 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч О.Г-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч А.Цэрэнбат нь “...намайг цохисон залуутай сайн дурын үндсэн дээр эвлэрч миний хохирлыг бүрэн барагдуулж, гомдол саналгүй болсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон буюу гэмт хэргийг улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ганзоригт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН