| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0839/э |
| Дугаар | 846 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Г.И/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овгийн Гансүхийн Ихбаярт холбогдох эрүүгийн 1811027841011 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овгийн Г.И, 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 11/б байрны 1 тоотод оршин суух хаягтай,
2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн №0023 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн №1008 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 256 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ....................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.И нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Дрийм-2 зочид буудлын саун массажны газарт Ж.Жаргалбаярын гээгдүүлсэн 843.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг галакси-А6 загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дахин хэрэг үйлдэхгүй, маш их харамсаж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Жаргалбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дрийм-2 зочид буудлын В1давхарт найз Энхтөртэй уулзах гэж орсон. Тэгээд голын амрах өрөөнд гадуур хувцастайгаа сууж байгаад гадуур хувцасаа тайлаад хажуу талын сандал дээр тавьсан. Уулзах хүн гар ирээд хоёрдугаар давхарт гарч хоол идэж байх хооронд утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд гар утсаа машиндаа мартсан байх гээд үзтэл байхгүй болохоор нь утас руугаа залгаж үзтэл холбогдох боломжгүй байсан. Тус сауны хяналтын камерийг шүүж үзэхэд бие нь дээрээ шивээстэй үл таних эрэгтэй хүн миний сууж байсан сандал сууж байгаад миний гар утсыг аваад тооцоо хийгээд гарсан байсан ...” гэжээ /хх 19-20/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-28-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, эд зүйлийн үнэлгээ /хх-22/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.И нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Дрийм-2 зочид буудлын саун массажны газарт Ж.Жаргалбаярын гээгдүүлсэн 843.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг галакси-А6 загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Жаргалбаярын “...Тус сауны хяналтын камерийг шүүж үзэхэд бие нь дээрээ шивээстэй үл таних эрэгтэй хүн миний сууж байсан сандал сууж байгаад миний гар утсыг аваад тооцоо хийгээд гарсан байсан...” гэх мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.И-ыг бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Ж.Жаргалбаяр нь “...Г.Ихбаяраас утасныхаа мөнгийг бүрэн авсан тул цаашид аливаа нэгэн төлбөрийн гомдолгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч Г.Ихбаярыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Г.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Г.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН