Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1147

 

Э.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03309 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “***” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 240 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “***” ХХК-ийн захирал Х.** нь нэг ажил хийх болоод компанид мөнгө дутаад байна, 4 сарын хугацаатай зээлээч гэж гуйсны дагуу 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, 1 сарын 8,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Энэхүү иргэний хэргийг урьд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00162 тоот захирамжаар Д.**ын нэхэмжлэлтэй А.***ад холбогдох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл шийдэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар Д.**ын нэхэмжлэлтэй А.***ад холбогдох иргэний хэрэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01004 тоот захирамжаар эцэслэн шийдвэрлэгдэж “***” ХХК-ийн Д.**д шилжүүлсэн 41 130 000 төгрөгийг Д.** нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон.

2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “***” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 39 200 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш буюу 1 438,02 төгрөгөөр тооцож 56 370 384 төгрөгт шилжүүлэн, энэ мөнгөнөөс 41 130 000 төгрөг хасч тооцож, үлдэгдэл төлбөр болох 15 240 384 төгрөгийг “***” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед ажиллаж байсан Ж.** хамтын амьдралтай гэж танилцуулж байсан Э.**тай хамт машинтай явж байгаад осолд орж машин нь эвдэрсэн. Ингээд Х.** болон Г.** нарыг Э.**гаас мөнгө зээлээд өг гэхээр нь автомашин худалдан авах зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Х.**, Г.** нар зээлийн гэрээ байгуулж, 35 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, 4 200 ам.долларын хүү өгөх нөхцөлтэйгөөр авсан. Маргааш нь 35 000 ам.доллар буюу 54 000 000 төгрөгөөр “Вагнер ази автомотив” ХХК-аас машин худалдаж авч Ж.**эд унуулахаар өгсөн. Үүнээс хойш уг зээлийн гэрээтэй холбоотой эргэн төлөлтийг талийгаач Г.** Ж.**ээр дамжуулан 10 000 ам.долларыг Э.**д төлсөн. Энэ хүн талийгаач болсон болохоор өөрөөр нотлоход бэрхшээлтэй байна. Түүний дараа Ж.**ийн хэлсний дагуу “***” ХХК-аас Ж.**ийн албан ёсны эхнэр Д.**ын Худалдаа хөгжлийн банк дахь 410024751 тоот дансанд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 22 680 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 450 000 төгрөг буюу нийт 22 000 ам.долларыг тооцон 41 130 000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. “***” ХХК-ийн зүгээс нийтдээ 32 000 ам.доллар буюу 46 016 640 төгрөгийг төлсөн байна. Ингээд үндсэн зээлээс үлдсэн 3 000 ам.доллар, зээлийн хүү 4 200 ам.доллар, нийт 7 200 ам.долларыг “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.** дуусгавар болгож төлөх болсон.

Гэтэл нэхэмжлэгчийн 56 240 384 төгрөгөөс 41 130 000 төгрөгийг хасч тооцож үлдэгдэл 15 240 384 төгрөгийг нэхэмжилж байгаа тооцоо нь тодорхой бус төдийгүй ойлгомжгүй байна. Бидний зүгээс өөрт хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгөн хөрөнгүүдийг бүрэн төлсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Э.** нь нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шаардлага хангасан байх ёстой байтал өөрийн оршин суугаа газрын болон иргэний өөрийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг Э.**гийн гарын үсэг гэхэд эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “***” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 240 384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.**д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.**гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 234 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.**д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “***” ХХК-ийн захирал Х.** нь нэг ажил хийх болоод компанид мөнгө дутаад байна, 4 сарын хугацаатай зээлээс гэж гуйсны дагуу 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,    35 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, 1 сарын 8,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэсэн байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлд бичсэнээс өөрөөр буюу нэхэмжлэгч нь үндсэн зээл 35 000 ам.доллар, хүү 4 200 ам.доллар, нийт 39 200 ам.долларыг зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 1 438,02 төгрөгөөр тооцож, нийт 56 370 384 төгрөгөөс 41 130 000 төгрөгийг хасч, 15 240 384 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлан бичсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг зээлийн гэрээтэй холбоотойгоор мөнгөн дүнг хэрхэн тооцож байгаа талаараа ойлгомжтой, тодорхой тайлбар гаргаж өгөөгүй.

“***” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 32 000 ам.доллар буюу 46 016 640 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлээс үлдсэн 3 000 ам.доллар, хүү 4 200 ам.доллар, нийт 7 200 ам.долларыг Ж.** төлж дуусгахаар болсон тул “***” ХХК-ийн нэр дээр “Вагнер ази автомотив” ХХК-аас худалдан авсан бага оврын Форд рэнжер маркийн автомашиныг Ж.**эд шилжүүлж өгсөн.

Нэхэмжлэгч Э.** нь оршин суугаа газрын болон иргэний өөрийн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн гэрээ зэрэгт зурсан гарын үсэгтэй эрс зөрүүтэй байгаа нь Э.**гийн хүсэл сонирхол мөн эсэхэд эргэлзээ төрж байгаад шүүх анхаарч үзэх талаар тайлбараа удаа дараа гаргасан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийгээгүй.

Уг зээлийн гэрээнд Х.** болон Ж.** нар гарын үсэг зурсан. “***” ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж.**д 27 000 000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж.**эд 10 000 000 төгрөг шилжүүлэн Ж.**, Ж.** нараар Э.**д 10 000 ам.долларыг төлүүлсэн байхад зээл авсан төлбөр төлөгч Ж.** нас барсан болохоор ямар нэг бичгийн баримтгүй байгаа нь 10 000 ам.доллар төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн тус иргэний хэрэгт манай компанитай холбоотой ямар нэг баримт байхгүй байхад компанийн регистрийн дугаар гэж 5678617 гэсэн тоог шүүхийн шийдвэрт бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.** нь хариуцагч “***” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 240 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлийг тохирч, хариуцагч нь 35 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, 4 200 ам.долларыг зээлийн хүүд төлөхөөр уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан тул шүүх тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулсанд тооцсон нь хуульд нийцжээ.

 

Энэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 15 240 384 төгрөг гэж тодорхойлсон үндэслэлээ үндсэн зээл 35 000 ам.доллар, зээлийн хүү 4 200 ам.доллар, нийт 39 200 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханш 1 438,20 /2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр/ төгрөгөөр тооцож, 56 370 384 төгрөгөөс “***” ХХК-аас Д.**д шилжүүлсэн 41 130 000 төгрөгийг хасч тооцжээ.

 

Хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөргүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Г.**, Ж.**ээр дамжуулан Э.**д 10 000 ам.доллар төлсөн, Ж.** 7 200 ам.долларыг Э.**д төлөхөөр тохиролцсон байдлууд баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд “шүүхэд гаргасан тайлбар анхнаасаа зөв байсан, төлбөрийг бүрэн төлсөн” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлд нэхэмжлэгч Э.** гарын үсэг зурсан нь эргэлзээтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчид эргэлзэж байгаа тохиолдолд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргаагүй, Э.**гаас Д.**д 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлд “***” ХХК-нд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх эрхийг олгосноос үзвэл Э.** нь “***” ХХК-тай иргэний эрх зүйн маргаантай байдлыг давхар нотлож байна гэж дүгнэхээр байна.

 

“***” ХХК-ийн регистрийн дугаар тус компанийн тамгаас харагдаж байх тул компанитай холбоотой баримтгүй байхад уг регистрийн дугаарыг шийдвэрт тусгасныг эргэлзээтэй гэж маргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03309 дүгээр дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ДАВААДОРЖ

 

         ШҮҮГЧИД                                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА