Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0103

 

 Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг дарга, Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.6, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг дарга, Аймгийн БСУГ-аас Бугат, Сэлэнгэ сумын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад тус ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлан явуулсан үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, Б.А-ийг Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг Булган аймгийн Засаг даргад даалгаж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А-аас Булган төрийн сангийн 120000488535 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх БСУГ-аас /БСУГ-аас/ 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга давж заалдах гомдолдоо: “Б.А-ийг Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, ажлаа хүлээлцэж, мөн өдрийн Б/35 дугаар захирамжаар Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. 2014 онд зөвхөн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн, томилогдсон. Иймд бид Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрыг сул ажлын байр гэж Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулсан.

        ... Төрийн үйлчилгээний албан хаагчдад сэлгэн ажиллах хуулийн зүйл, заалт байхгүй. Бугат суманд сэлгэн ажиллуулж байгаа хуулийн болон гэрээний заалт нотлох баримтад байхгүйг шүүх анхаарч үзсэнгүй.

        Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгсөн. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 281.1.7-д зааснаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрхтэй байтал эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн.

        Сэлэнгэ сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн томилогдсон нь харилцан тохиролцон хөдөлмөрийн харилцаа дууссан үеэс хүчингүй болсон, Төрийн үйлчилгээний удирдах ажилтны хувьд шалгалтад тэнцсэн тохиолдолд ажилд томилон хөдөлмөрийн харилцаа үүсэж, чөлөөлсөн тохиолдолд шалгалт хүчингүй болдог, нөөцөд бүртгэгддэггүй хууль, журмын зохицуулалттай” гэжээ.

        Хариуцагч хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн гэрээнд харилцан ямар үүрэг хүлээсэн, гэрээг хэдэн жилийн хугацаатайгаар байгуулсан нь тодорхойгүй байна.

        ... Ямар нэг гомдол санал гаргалгүй нэг жил гаруй хугацааг өнгөрөөсөн нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг баримтлаагүй.

        ... Б.А-ийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ажлын байр болох Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, уг ажлын байр тухайн өдрөөс сул ажлын байр болсон.

        ... Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Б.А-ийг Бугат сумын суурь боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд ажлаас чөлөөлсөн болон албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжуудад эргүүлэн томилох тухай заалт огт ороогүй. ... Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 281.1.7-д заасны дагуу орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах эрхтэй.

        Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхны шатны шүүхийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

        Булган аймгийн Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг удирдлага болгон 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Б.А-ийг Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/35 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт, 2014 ны 75 дугаар тогтоолын хавстралтыг тус тус үндэслэн Бугат сумын суурь боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

        Нэхэмжлэгч Б.А-аас “Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст 2018 оны 10 дугаар сарын 04-нд Булган аймагт “Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоо”, “Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоо”-г Булган аймгийн Засаг даргаас “сул орон тоо” гэж үзэж захиалга ирүүлснийг хууль бус болохыг тогтоолгох, захиалгын дагуу дээрх ажлын байруудад зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах“ тухай[1] нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудыг “сул орон тоо” гэж үзэж сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, миний үндсэн ажлын байр болох Булган аймгийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох“-оор нэмэгдүүлж[2], шаардлагын үндэслэлээ “Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2014 онд Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтад тэнцэн гэрээ байгуулан ажиллаж байсан” гэж тодорхойлжээ.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагч нарын Сэлэнгэ, Бугат сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын ажлын байруудыг “сул орон тоо” гэж үзэж сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагааг эс зөвшөөрснөөс гадна Булган аймгийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох агуулгатай боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актаа хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй байна.

        Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулах, өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, түүнийгээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээр гаргуулж, хэрхэн сэргээхийг хүсэж байгааг тодруулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.

        Тодруулбал, Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, түүний дотор нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл түүнд хамаарах эсэхэд, хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд уг акт хууль тогтоомж зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хянан шийдвэрлэх учиртай.

        Нэхэмжлэгчийн тухайд “Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, Бугат сумын сургуулийн захирлын албан тушаалд түр сэлгэн ажиллуулж байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

        Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэтгэлгүй нэхэмжлэгчийн “Сэлэнгэ, Бугат сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байруудыг “сул орон тоо” гэж үзэж сонгон шалгаруулалт зарлан явуулж байгаа үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага нь түүний “Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагатай хэрхэн уялдаж байгааг, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай хэрхэн уялдаж байгаад дүгнэлт өгөөгүй байна.

        Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасны дагуу тухайн шаардлага, түүний үндэслэл нь хоорондоо хэрхэн уялдаж байгааг нэхэмжлэгчээс зайлшгүй тодруулах шаардлагатай.

        Анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл болно.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                        Ц.САЙХАНТУЯА

                                ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 


[1] Хэргийн 23 дахьтал

[2] Хэргийн 84-86 дахь тал