| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/00811/И |
| Дугаар | 001/ХТ2017/00751 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2017/00751
Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06120 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 677 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Хас транс” ХХК-д холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 44 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100 айлын барилгын материалын дэлгүүрийн гадаа нэг дүгээр эгнээнд машинаа тавьсан байсныг "Хас Транс" ХХК-ийн ажилтнууд ачилт хийж, миний өмчлөлийн Лексус 570 маркийн 47-77 УБЧ улсын дугаартай автомашиныг Замын цагдаагийн газрын журмын хашаанд аваачсан байсан. Миний автомашиныг ачилт хийхдээ алдаа гаргаж араатай байхад нь зориулалтын бус машинаар ачиж, хойд дугуйгаар нь чирж явснаас цахилгаан руль, кропыг гэмтээсэн байсныг машинаа авахдаа мэдэж, энэ талаар "Хас Транс" ХХК-ийн захирал Н.Мандахад шууд мэдэгдсэн ба тэрээр засварлаж өгнө гэж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй юм. Ингээд Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төв болох "Хэтмоторс" ХХК-иар эвдэрсэн эд ангийн засварын зардлын үнэлгээний талаар тодорхойлолт гаргуулсан ба 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Эрдэнэ Зам" ХХК-ийн засварын төвөөр засуулахаар өгч, нийт 44 500 000 төгрөгийн зардал гарч, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр засвараас машинаа авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд автомашиныг ачиж, журмын хашаанд тавихдаа зориулалтын бус машинаар буруу ачилт хийж автомашинд гэмтэл учруулсан "Хас Транс" ХХК-иас засварын зардал 44 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Хас транс” ХХК-иас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Манай компани Хууль зүйн яамны сайдын 2005 оны 94 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу ачилтын үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Уг журмын 3.4-т зааснаар нэхэмжлэгчийн автомашиныг зохих журмын дагуу ачсан. Нэхэмжлэгч нь ачилтын компанийн үйлдлээс болоод автомашинд нь хохирол учирсан гэдгийг техникийн мэргэжлийн шинжээчээр тогтоолгосон тохиолдолд хохирол төлөх асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгчийн автомашин нь Монголд 2008 онд орж ирсэн учраас ердийн элэгдэл, хорогдол ч байх боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учруулсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06120 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Хас Транс" ХХК-иас 43 481 502.68 /дөчин гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга таван зуун хоёр төгрөг жаран найман мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 018 497.32 /нэг сая арван найман мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг гучин хоёр мөнгө/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийи 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 375 357 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 677 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 357 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй “Хас Транс” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 677 тоот магадлалыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зуйлийн 168.1.3,168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулсан ба шүүх хуралдааны шатанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн хуулбарлаж, фото зургаар хэвлэж гарган тавьж мэтгэлцсэн болох нь шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байх ба хэргийн материалтай танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байдаг.
Мөн хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас эвдрэл үүссэн эсэхэд талууд маргадаг бөгөөд маргаан бүхий автомашиныг зориулалтын бус автомашинд ачихаас өмнө хариуцагч “Хас Транс” ХХК-ийн эзэмшлийн 81-30 УНГ улсын дугаатай “Любира” маркийн ачигч автомашины жолооч нь түүний гадна талд үзлэг хийж, баталгаажуулсан байдаг. Уг бичлэгийг хариуцагч “Хас Транс” ХХК-ийн тухайн өдөр ачилт хийсэн жолооч нь нэхэмжлэгч Г.Ганзоригт хуулбарлаж өгсөн ба уг бичлэгийг шүүх хуралдааны шатанд компьютерээр шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч нар үзэхэд ямар нэгэн үг, өгүүлбэр огт бичигдээгүй, дүрс бичлэгийг шинжлэн судалж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг бичлэг дээр гарсан ачиж буй автомашины урд талын 2 дугуйн хооронд ивээс хийж буй үйлдлийг хөдөлгөөнгүй байлгах үүднээс ивээс хийдэг гэж тайлбарлан, урд талын 2 дугуйг хөшиж ивээс хийснийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан зэргийг шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурьдсан байгааг давж заалдах шатны шүүх буруутгаж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс гадна маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан зохицуулалттай нийцжээ.
Нэхэмжлэгч Г.Ганзориг нь хариуцагч “Хас транс” ХХКомпаниас автомашинд учирсан гэм хорын хохирол 44 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үүргийг хариуцагчид ногдуулахын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байх шаардлагатайгаас гадна хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдлээр уг гэм хор учирсан байх учиртай.
Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Ганзориг өөрийн өмчлөлийн 47-77 УБЧ улсын дугаартай, Лексус-570 маркийн автомашиныг 100 айлын барилгын материалын дэлгүүрийн гадна замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан, хариуцагч “Хас транс” ХХК-ийн ажилтнууд ачигч автомашинаар уг автомашиныг тээвэрлэн, тээврийн хэрэгслийн журмын хашаанд буулгасан үйл баримт тогтоогджээ.
Харин хариуцагч “Хас транс” ХХК нь машиныг ачигч машинд ачихдаа буруутай үйлдэл гаргасан эсэх, нэхэмжлэгч Г.Ганзоригийн эд хөрөнгөд бий болсон гэм хор ачилтын улмаас учирсан эсэх асуудал зохигчдын маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн автомашиныг зориулалтын автомашинд ачих үйл явцын талаар тухайн үед бичлэг хийсэн гэх Си Ди-г шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийх, тэмдэглэл үйлдэх замаар бэхжүүлээгүйн улмаас уг баримтыг үнэлэхгүй орхисон байна. Уг баримт нь хариуцагчийн гэм бурууг дүгнэхэд ач холбогдол бүхий баримтын шинжтэй байна.
Түүнээс гадна шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хор бүхэлдээ хариуцагчийн үйлдэлтэй холбоотой эсэх, хариуцагчийн үйлдлээс болж учирсан гэж үзэх тодорхой хариултыг бүрэн дүүрэн өгөөгүй гэж үзэхээр байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй гэж шүүхийг буруутгасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх хэргийн материалтай танилцах хариуцагчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, энэ талаарх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээх ёстой байхаар тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч өөрөө биелүүлэх ёстой.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 677 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 375 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА