Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 865

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч Ю.Батболд,  

хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саманд овгийн Уртнасангийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 1811026330868 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн У.Г, 1972 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бакула Ринбүчи хийдэд мужаан сийлбэрч хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сум, 2 дугаар баг, Ганган орхон, Дэнж модны зах гудамжны 02 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3-33 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдийн Г-511 тоотод Д.Хатанзоригтой маргалдаж улмаар хүрзээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Цэрэнсодномын гэрт ханан пийшин өрөх гэж очоод шавар зуурах гэсэн ус байхгүй болохоор хажуугийн өрөөнөөс нь ус авахаар ороход Хатанзориг халамцуу хэвтэж байгаад босч ирээд намайг хөөгөөд би гарсан. Тэгээд ажлаа хийж байхад манай нэг найз ирээд нэг шил архи  хувааж уугаад байж байхад Хатанзориг бидэн дээр ирээд намайг заамдаад авсан. Нэг мэдэхэд л хүрз бариад авсан байсан. Айлгах зорилгоор хүрз авсан. Хатанзоригийг хүрзээр гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Хатанзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ унтаж байгаад гэнэт чимээ гарахаар нь босоод хартал үл таних хоёр хүн сууж байхаар нь хүүе юун хүмүүс вэ, яагаад айлд дураараа ороод ирсэн юм бэ, та нарыг танихгүй шүү гар гэхэд чи юу юм бэ гэхээр нь би энэ айлын эзэн нь байна гээд хэсэг маргалдсан. Тэгээд тэр хоёр залууг гараад явахаар буцаад унтаад өгсөн. Тэгээд хэсэг унтаад босоод хашааны эзний ажлын байр руу ортол нөгөө хоёр залуу архи уугаад сууж байхаар нь надтай маргаад байсан өндөр залуугийн хажууд нь очоод суутал үг дуугүй босоод хажуу талаас гэнэт татахад би хойшоо модны үртэс дээр унахад энд тэндээс өшиглөж цохиод байсан. Намайг зодож байхдаа чамайг ерөөсөө алчихна шүү, чи ер нь хэн юм, чи түрүүн томроод байсан чамайг ална гээд толгой тархи руу өшиглөөд байхаар нь толгойгоо дараад хэвтэж байхад хажуу талд байсан хүрзийг аваад цохих гээд далайхаар нь бултсан чинь хий цохисон. Дахиад цохих гэхээр нь зүүн гараараа хаатал миний тохой хэсэг рүү цохисон. Дараа нь миний нуруу руу цохиж гэмтээсэн. Тэгээд дахиад толгой хэсэг рүү цохиход хажуу тийшээ болтол миний хүзүүг цохиж миний хүзүү болон гарнаас цус гарахад хажууд байсан залуу нь хүүе чи хүн аллаа гээд хүрзийг булааж авсан...” гэжээ /хх-12-13/.

Гэрч С.Цэрэнсодном мэдүүлэхдээ: “...намайг очиход Д.Хатанзоригийн хүзүүнээс цус гарсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Д.Хатанзориг хэлэхдээ У.Г намайг хүрзээр цохиж гэмтээсэн гэж хэлсэн...” гэжээ /хх-19-20/.    

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11323 дугаар  дүгнэлтэд: 

“1. Д.Хатанзоригийн биед эрүүний зүүн булан, хүзүүний зүүн хэсгийн шарх, зүүн тохойн шарх, баруун даланд зулгаралт, бүсэлхийн зүүн хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ирмэг бүхий мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх-25/. 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9/.  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.  

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдийн Г-511 тоотод Д.Хатанзоригтой маргалдаж улмаар хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Хатанзоригийн “…хажуу талаас гэнэт татахад би хойшоо модны үртэс дээр унахад энд тэндээс өшиглөж цохиод байсан. Намайг зодож байхдаа чамайг ерөөсөө алчихна шүү, чи ер нь хэн юм, чи түрүүн томроод байсан чамайг ална гээд толгой тархи руу өшиглөөд байхаар нь толгойгоо дараад хэвтэж байхад хажуу талд байсан хүрзийг аваад цохих гээд далайхаар нь бултсан чинь хий цохисон. Дахиад цохих гэхээр нь зүүн гараараа хаатал миний тохой хэсэг рүү цохисон. Дараа нь миний нуруу руу цохиж гэмтээсэн. Тэгээд дахиад толгой хэсэг рүү цохиход хажуу тийшээ болтол миний хүзүүг цохиж миний хүзүү болон гарнаас цус гарахад хажууд байсан залуу нь хүүе чи хүн аллаа гээд хүрзийг булааж авсан…” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч У.Гын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11323 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч У.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч У.Гт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.   

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Д.Хатанзориг нь “...Д.Хатанзориг миний бие 2018.11.27-ны орой 16:37 цагт У.Гаас 1 сая төгрөг авлаа. Иймд миний зүгээс У.Гт гомдол санал байхгүй...” гэх баримт ирүүлсэн тул шүүгдэгч У.Гыг бусдад төлөх төлбөргүй болсон буюу гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлөгдсөн байна гэж үзэв.  

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг хүрзийг устгах, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн У.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч нь У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН