Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00013

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 149/ШШ2023/00008 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ХХК,

 

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9.450.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

1. Гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 6300000 төгрөг, алданги 3150000 төгрөг, нийт 9450000 /есөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах, Агро сахар ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр "Барьцааны гэрээ" байгуулсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах

 

Агриматко ******* ХХК нь Агро сахар ХХК-тай 2019 оны 6 сарын 24-ний өдөр №А-190619-05 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах ерөнхий гэрээ, байгуулан нийт 6300000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис, үр бордоог зээлээр худалдсан болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас 6300000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч "Агро сахар" ХХК-нд нийлүүлсэн боловч хариуцагчийн зүгээс гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Манай компанийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагч компанид удаа дараа сануулсан ч үүргээ биелүүлсэнгүй.

... Хариуцагч талын төлөх алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 6,300,000 төгрөгийг 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нэхэмжилсэн болно гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Манайх Агриматко компаниас ургамал хамгаалах бодис, бордоо авсан нь үнэн. Тухайн үедээ бидний авсан ургамал хамгаалах бодис, бордоо талбай дээр ургасан хогийн ургамлыг устгаагүй, өгсөн зааврын дагуу цацахад үр дүн гараагүй учраас тэр жил цацсан талбай дээр ургац алдсан. Тухайн үед хариуцсан хүмүүст нь үйлчлэхгүй байгаа талаар хэлж байсан. Бид нар бас бусад авсан компаниас асуухад эдний зөвлөсөн нь биш харин 3, 4 дахин хэмжээ нь ихэсгэж байж үр дүн гарсан гэж хэлж байсан. Тухайн үед нь бага мөнгө юм даа гэж бодоод төлчихье дөө гэж бодож байгаад би өөрөө жилий хагасын өмнө осолд ороод ажил жаахан цалгардсан. Бас корона гээд ийм асуудлууд гараад асуудал хойшлоод энэ жил бол харьцангуй гайгүй ургац авсан. Ногоон тэжээл нийлүүлээд борлуулалтын мөнгө орж ирэхийг хүлээж байна. Алдангийг бид нар үнэхээр төлж чадахгүй. Хэдийгээр үр дүнд хүрээгүй ч гэсэн үндсэн төлбөрийг төлье гэсэн хүсэлтэй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Агро сахар ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9450000/есөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Агриматко ******* ХХК-д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236350 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агро сахар ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 236350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Агриматко ХХК-д олгож,

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Агро сахар ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах №******* гэрчилгээний дугаартай, №******* улсын бүртгэлийн дугаартай Үр тарианы зориулалттай 18га газар/ барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагчид мэдэгдэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2019 оны 6-р сарын 24-ны өдөр № А-190619-05 дугаартай зээлээр худалдах, худалдан авах ерөнхий гэрээ байгуулан нийт 6,300,000 төгрөгийн үнэ үнэ бүхий ургамал хамгааллын бодис, үр бордоог зээлээр худалдсан болно. Мөн Агро -сахар ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 6,300,000 алданги 3,150,000 төгрөг нийт 9,450,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжилж байгаа ургамал хамгааллын бодис, үр бордоог зээлээр худалдан авч тариалангийн талбайдаа зааврын дагуу хэрэглэсэн боловч ямарч үр дүн гараагүй ээ. Чанарын шаардлага хангаагүй бодисын улмаас бид ургац алдаж бүтэн жилийн ургацаар хохирсон. Энэ талаар удаа дараа харилцан ярилцаж тухайн ургац алдсаныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байсан. Бид шүүх хурлын өмнө нэхэмжлэгч талын удирдлагуудтай харилцан ярилцаж үндсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч шүүх хурал дээр татгалзсан. Иймд бид 9,450,000 төгрөгнөөс алданги болох 3,150,000 төгрөг төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд алдангид тооцож нэхэмжилж байгаа 3,150,000 төгрөг төлөх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч нь алданги төлөхгүй талаар нэхэмжлэгч талаас тохиролцох боломжийг олгосон. Гэтэл хариуцагч нь үндсэн төлбөрөөсөө тодорхой хэмжээгээр төлнө гэсэн тохиролцоондоо хүрээгүй тул нэхэмжлэгчээс алдги чөлөөлөх боломжгүй тул гэрээнд зааснаар алданги гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Бүтээгдэхүүний чанарын хувьд шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6,300,000 төгрөг, алданги 3,150,000 төгрөг нийт 9,450,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Арго-сахар ХХК нь бүтээгдэхүүн зээлээр авсан нь үнэн тул үндсэн төлбөрөө төлнө харин ургамал хамгааллын бодисын чанар муугаас ургац алдсан гэсэн үндэслэлээр алданги төлөхгүй гэж маргасан байна.  

4.Зохигчид нь гэрээ байгуулсан эсэх болон гэрээний үнийн дүнгийн талаар маргаагүй. Харин худалдан авсан бүтээгдэхүүний чанарын талаар маргасан гэж үзэхээр байна.

 

5.Зохигчид нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээ дуусах хугацааг 2019 оны 11 сарын 24-ний өдөр байхаар тохирч гэрээний хариуцлагын талаар худалдан авагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

6.Хариуцагч нь Арго-сахар ХХК нь давж заалдах гомдлоо худалдан авсан ургамал хамгааллын бодисын чанар муугаас ургац алдсан тул төлбөр төлөх боломжгүй байсан тул алданги төлөхгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 245 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д ... худалдан авагч нь өөр бүтээгдэхүүнээр солиулах, бүтээгдэхүүний үнийг бууруулах эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах... эрхтэй байхаар заасан. Энэхүү шаардлагыг эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор аль нэгийг гаргах эрхтэй.

Хариуцагч ******* ХХК нь бүтээгдэхүүнийг худалдан авснаас хойш 3 жилийн дараа эд хөрөнгийн чанарын талаар гомдол гаргаж байгаа нь хариуцагч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн өөрөөр хэлбэл доголдлын талаар гомдол гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Мөн гэрээний талууд алданги төлөхөөр тохиролцсон нь гэрээний хариуцлага, харин гэрээний зүйл болох бүтээгдэхүүний чанарын асуудал нь эд хөрөнгийн доголдол буюу гэрээний талуудын үүрэгтэй хамааралтай ойлголт юм.

Гэтэл хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээ эд хөрөнгийн догодолтой холбон тайлбарлаж улмаар алданги төлөхөөс татгалзаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 149/ШШ2023/00008 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 72,556 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГ

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ