Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1070

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А....,

Хохирогч Э....,

Шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даврага овогт ...гийн ...т холбогдох 1808029231317 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал овоо суманд төрсөн, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн, Мандал овоо сумын ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50,000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт 06 /зургаа/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, Даврага овогт ...гийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Э.... нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух иргэн Э....ийн гэрээс Samsung маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд гэртээ байхад манай дүү ...тэй цуг манай хамаатны ...гийн ... гэх залуу ирж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн орчимд манай гэрийнхэн ажилдаа явцгаагаад ... гэрт ганцаараа үлдсэн юм. Э.... нь 2018 оны 03 дугаар сараас хойш манай гэрт хааяа ирж хонодог байсан юм. Тийм болохоор тухайн үед зурагт хулгайлаад аваад явчихна гэж бодолгүй гэрт ганцааранг үлдээсэн юм. Манай дүү ... оройны 18 цагийн орчимд гэрт ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд манай гэрт байсан Самсунг маркийн 49 инчийн ЛСД зурагт алга болсон байсан. ... Э....т манай гэрийн зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй. Би Э....т өгөх ёстой өр шир байхгүй. Э.... миний зурагтыг хулгайлсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

 

2.Хохирогч Э....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би ломбарднаас зурагтаа 792,000 төгрөг төлж авсан.Уг төлбөрийг сүүлд нь ...аас авсан тул одоо нэхэмжлэх хохирол байхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

        3.Шүүгдэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би тухайн үед ...ийн гэрт ирж хоноод өглөө гарахдаа мөнгө хэрэгтэй байсан болохоор зурагтыг нь аваад барьцаанд тавьчихсан юм. Би зурагтыг нь авахдаа гэрийн эздүүдэд нь хэлээгүй нууцаар аваад гарсан. Ломбарданд тавьсны дараа над руу ... залгаад зурагт авсан уу гэхээр нь үнэнээ хэлсэн юм. ...би тэр зурагтыг ганцаараа ломбарданд тавиад мөнгийг нь хэрэглэсэн юм...би ...ийн зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй. ... хохирлын мөнгийг ажил хийж байгаад төлсөн, гэм буруу дээр маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх 42-43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

4.Гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 04-ний өглөө эрт ... эгч бид хоёр ажилдаа гараад явсан гэрт ... унтаад үлдсэн. Тэгээд дараа нь ..., ... эгчийн гэрээс зурагтыг хулгайлсныг мэдсэн, манай эгч цагдаад өргөдөл өгсөн. ... манай эгч ...ын ломбарданд тавьсан зурагтыг хүнээс мөнгө зээлж байгаад 792.000 төгрөгөөр авсан байна лээ. ... эгчид 200.000 төгрөг өгсөн гэсэн үлдэгдэл мөнгийг нь төлнө гээд байгаа гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

 

5.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018.06.04-ний өдөр 14 цаг 17 минутанд ...гийн ... гэх залуу өөрийн үнэмлэхээр 49 инчийн Самсунг маркын зурагтыг өөрийн зурагт гэж хэлээд 650,000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд дахин нэмж 50,000 төгрөг авсан. Уг зурагтыг 2018.06.28-ны өдөр Э.... гэдэг хүн  ирээд ... манай хамаатны хүн, тэгээд манай зурагтыг хулгайлаад танай ломбарданд тавьсан байна. Би зурагтаа авмаар байна, цагдаад өргөдөл өгсөн гэж хэлсэн. Тэгээд би тэр зурагтыг Э....д өгч явуулсан.  ... 792,000 төгрөг төлж зурагтаа өөрөө авч явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/

         

          6.Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26 х/

                        7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49 х/

                        8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50 х/

            9.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 52-66 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.... нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11 дүгээр гудамжны 31 тоотод тоотод байрлах иргэн Э....ийн гэрээс Samsung маркийн 49 инчийн зурагтыг хулгайлж, бусдад нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Э....ийн “... Манай дүү ... оройны 18 цагийн орчимд гэрт ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь орж үзэхэд манай гэрт байсан Самсунг маркийн 49 инчийн ЛСД зурагт алга болсон байсан. ...Э....т манай гэрийн зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

       -  Шүүгдэгч Э....ын “... ... залгаад зурагт авсан уу гэхээр нь үнэнээ хэлсэн юм. ... би тэр зурагтыг ганцаараа ломбарданд тавиад мөнгийг нь хэрэглэсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

- Гэрч Э....ийн “... ... эгчийн гэрээс зурагтыг хулгайлсныг мэдсэн, тэгээд манай эгч цагдаад өргөдөл өгсөн. ...манай эгч ...ын ломбарданд тавьсан зурагтыг хүнээс мөнгө зээлж байгаад 792.000 төгрөгөөр авсан байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

- Гэрч Б....ийн “... ... 792,000 төгрөг төлж зурагтаа өөрөө авч явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,

          - Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд Э.... иргэн Э....ийн гэрээс “Самсунг” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, үүний улмаас үүдэн гарсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Э.... нь иргэн Э....ийн гэрт хоноод маргааш нь ганцаар үлдэхдээ “Самсунг” маркийн зурагтыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Мөн Э.... нь Э....ийн гэрт хоноод маргааш нь ганцаар үлдэхдээ  “Самсунг” маркийн зурагтыг нь авч явсан үйл баримт тогтоогдсон тул түүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

        Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 25-26 х/ 1,500,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Э.... бусдын зурагтыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

          Хохирогч ...ийн барьцаанд тавьсан зурагтаа буцаан авахад зарцуулсан 792,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хулгайд алдагдсан зурагтаа буцаан авсан болох хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлээс/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

                        Улсын яллагчаас: Э.... нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч Э....ын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд нэг удаа шүүхээр ял шийтгүүлж байсан хэдий ч дээрх байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд тооцогдохгүй, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй хэдий ч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд улсын яллагчийн санал болгосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Даврага овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э....ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э....т мэдэгдсүгэй.

 

4.Э....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ