Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 882

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Ц.Н-түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Жагар мээрэн овогт Цэрэндоржийн Нямдуламд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805007311092 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ...  дугаар хороо ...  дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Ц-ийн Н-

 

Шүүгдэгч Ц.Н-нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 2018 оны 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 09 тоот өөрийн гэртээ түрээслэгч иргэн Г.Д-тэй “дүүгээ хонуулсаны 3 хоногийн түрээс 30.000 төгрөг нэхэн” маргаж улмаар хүч хэрэглэн халдаж зүүн гарын сарвууг мушгиж дунд хурууг хугалан биед нь зүүн гарын 3 дугаар хурууны угийн шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр  гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Н-мэдүүлэхдээ: “Алтай, Дөлгөөн бид гурав маргалдсан. Алтайтай маргалдаж байх үед Дөлгөөн орж ирээд гарыг минь барихаар нь би гарыг нь мушгисан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  Ц.Н-нь иргэн Г.Д-тэй “дүүгээ хонуулсаны 3 хоногийн түрээс 30.000 төгрөг нэхэн” маргаж улмаар хүч хэрэглэн халдаж зүүн гарын сарвууг мушгиж дунд хурууг хугалан биед нь зүүн гарын 3 дугаар хурууны угийн шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 26 дугаар байрны 9-н тоот 5 өрөө байрны нэг өрөөг Ц.Н-гэдэг хүнээс сарын 205.000 төгрөгийн түрээстэйгээр найз залуу Д.Алтайгийн хамт амьдарч байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай дүү Б.Пүрэвсүрэн хэд хоног манайд амьдарч байгаад Төв аймаг руу явах гэж байсан юм. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө  бид гурав унтах гээд өрөөндөө орондоо орсон хэвтэж байхад Ц.Н-өрөөний хаалга түгжээтэй байхад гаднаас нь нүдээд байхаар нь Д.Алтай очиж хаалга онгойлгож өгсөн. Ц.Н-тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдал ажиглагдаагүй. Тэгтэл Ц.Н-танай дүү өрөөнд чинь нэмэгдэж ирж хоносон байна тийм болохоор түрээсийн мөнгөн дээрээ нэмж 30.000 төгрөг яг одоо өг гээд байсан. Тэгэхээр нь би Ц.Н-д яг одоо бэлэн мөнгө байхгүй байна өглөө өгье гэхэд Ц.Н-өглөө биш, яг одоо өг тэгэхгүй бол наад дүүгээ аваад манайхаас зайл гэж хэлээд Ц.Н-нь Д.Алтай руу дайраад байхаар нь би Нямдуламыг болиулах гээд гарыг бариад авсан. Тэгтэл миний зүүн талын сарвууг Ц.Н-өөрийн гарын сарвуугаараа салаавчлуулж бариад дотор тал руу нь мушгихад миний зүүн талын гарын дунд хуруу бараг л 90 градус нугларсан байсан. Тухайн үедээ шууд хавдаад л өвчин орсон. Тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлэхэд уг хуруу маань хугарсан байсан. ... Би уг хэргийн улмаас дунд хуруугаа хугалуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

“Нямдулам надтай тэр маргааны өдрөөс хойш уулзалгүй байж байгаад саяхан 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ээжтэйгээ хамт ирээд уулзаад явсан. Би эмчилгээндээ зарцуулсан мөнгөний баримт байхгүй. Яг хичнээн төгрөг гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Алтайгийн “... Нямдулам шөнийн 00 цагийн орчим өрөөний хаалга нүдэж орж ирээд танай дүү чинь энэ гэрт гурав  хоносон байна дүүгийнхээ хоносон мөнгийг өдрийн 10,000 төгрөгөөр бодоод 30,000 төгрөг яг одоо өг гэсэн. Тухайн үед Дөлгөөн бид нарт одоо бэлэн мөнгө байхгүй байна, дансаар шилжүүлчихье гэхэд Нямдулам зөвшөөрөөгүй бөгөөд над руу дайрч миний нүүр амыг маажаад байсан. Тэр дундуур Дөлгөөн Нямдуламаас намайг өмөөрч очоод болиулах гэж байхад нь Нямдулам Дөлгөөний зүүн гарын хурууг мушгаад хугалчихсан. Тэгээд тухайн орой Нямдулам нь бид гурвыг яг одоо зайл гээд хутга шөвөг аваад зайлахгүй бол Дөлгөөний нөгөө хурууг огтолно гэх зэргээр айлган сүрдүүлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн “ ...Алтай ах руу тэр эмэгтэй дайрч давшлаад маажих гээд заамдаад байхаар нь эгч Дөлгөөн тэр хоёрын дундуур орж тэр Ц.Н-ыг Алтай ахаас холдуулах гэтэл Ц.Н-нь Дөлгөөн эгчийн зүүн талын гарыг барьж авахад Дөлгөөн эгч чанга хашгирсан. Тухайн үед би хуруу нь хугарсаныг мэдээгүй бөгөөд Алтай ах Дөлгөөн эгчийн хурууг барьж үзээд зүүн гарын дунд хуруу нь эгцээрээ хажуу тал руугаа нугларсан байдалтай болсон байсан.  Тэгэхэд Нямдулам нь Дөлгөөн эгчид хандаж мөнгө өгөхгүй бол дүүгийн чинь хурууг хугална шүү гээд загначихаад гараад явсан. ... Тэгээд бид гурав хэсэг тэнд сууж байгаад Гэмтлийн эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг ./хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1957 дугаартай шинжээчийн:

“1. Г.Д-ий биед зүүн гарын 3-р хурууны угийн шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Ц.Н-нь хохирогч Г.Д-тэй “дүүгээ хонуулсаны 3 хоногийн түрээс 30.000 төгрөг нэхэн” маргаж улмаар хүч хэрэглэн халдаж зүүн гарын сарвууг мушгиж дунд хурууг хугалан биед нь зүүн гарын 3 дугаар хурууны угийн шивнүүр ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Ц.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 938 дугаартай “... 6. Ц.Н-нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ц.Н-нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 25-27 дугаар хуудас/ авагдсан байх тул түүнийг хэрэг хариуцах чадвартай байна гэж үзсэн болно.

Хохирогч Г.Д-өөс гаргасан “Ганбаатар овогтой Дөлгөөн би Цэрэндорж овогтой Нямдуламаас хохирлын нөхөн төлбөр болох 200.000 төгрөгийг авсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 68 дугаар хуудас/ хэрэгт авагджээ.

Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Н-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Ц.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Ц-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н-торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Н-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ