Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 884

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Г.Г- түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ийн Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805043490954 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны  01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт .............. дүүргийн ... дүгээр хороо .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Г.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .........  дугаар байрны ...... тоотод оршин суух С.С-ийг хоорондын маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Г- мэдүүлэхдээ “Тэр өдөр найз Гал-Эрдэнэтэй хамт бичиг, баримт авах зорилгоор гэртээ ороход манай эхнэр гэртээ эрэгтэй хүнтэй пиво угаад сууж байсан. Би ороод юун эрэгтэй хүнтэй пиво уугаад сууж байгаа юм бэ гэж хэлээд ээжийндээ очих гээд гараад явсан. Би ээжийндээ очих гээд явах үедээ цагдаа дуудсан. Цагдаа дуудчихаад гэр рүүгээ ороод энэ найз чинь ямар учиртай залуу юм бэ гэхэд юм янзлаж өгөх гэж ирсэн залуу гэж хэлсэн. Би нөгөө залуутай маргалдаад байж байхад манай эхнэр Гал-Эрдэний толгой руу цохиод над руу хутга бариад дайрах үед цагдаа орж ирсэн. Би эхнэрээ цохиогүй, урьд нь над руу хутга бариад дайрдаг байсан болохоор бас дахиад хутга бариад дайрах байх гээд цагдаад дуудлага өгсөн” гэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Г-ыг “эхнэр С.С-ийг хоорондын маргааны улмаас зодож “эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчидийг ойлгоно гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Г.Г-, хохирогч С.С-нар нь гэрлэгчид мөн болохыг баталсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/ авагдсан байна.

Мөрдөн шалгах явцад С.С-ыг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын эрх, үүргийг” мөн Эрүүгийн хуулийн 21.2 дахь хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг  буюу худал мэдүүлэг” зэрэг хууль сануулан, тайлбарлаж хохирогчоор мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ. /хэргийн 9-10 дугаар хуудас/

Ингэж хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан “ ... хохирогчоос мэдүүлэг авахад энэ зүйлд заасан журмыг баримтлана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар хэсэгт заасан “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд ... гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах ... “ гэсэн заалтыг зөрчиж мэдүүлэг авчээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа ... эсэхийг хянаж үнэлнэ” гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй байна.

Энэ нь мэдүүлэг авах нийтлэг журмыг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг үндэслэн хохирогч С.С-ын өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй болжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэсэн заалт буюу Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэснийг зөрчиж хохирогч С.С-аас мэдүүлэг авсан байна.

 

Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан гэрч Э.Гал-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Би Ганбат тэр залуу хоёрыг салгах гэж байхад хажуунаас Эрдэнэсувд уурлаад аяга аваад миний шанаа руу цохисон. Аяга бол хагараагүй. Тэгээд Эрдэнэсувдыг тайвшруулах гээд цааш холдуулахад Эрдэнэсувд хутга аваад дайрсан.  Би Эрдэнэсувдын гарыг бариад авахад Ганбат иэрээд хутгыг нь авсан. Тэгэж байхад цагдаа орж ирсэн. ...Ганбат, Эрдэнэсувдыг цохисоныг би хараагүй” гэж, /хэргийн 28 дугаар хуудас/ гэрч Ц.Азжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “ ... Эрдэнэсувдтай зууралдаад заамдаж аваад цохиж байсан. Ганбат эхнэр Эрдэнэсувдыг өшиглөөд цохиж байсан. Тэр хоёрын зодооныг харах хугацаа ч байхгүй. Тийм сөхөө байхгүй байсан. Хаана яаж хэдэн удаа өшиглөж цохисоныг би анзаарч хараагүй. ... Би хутгыг мэдэхгүй байна. Ганбат л эхнэр Эрдэнэсувдын гарнаас зуурч өшиглөж байсан. Өөр зүйл мэдэхгүй” гэж /хэргийн 30 дугаар хуудас/ мэдүүлжээ.

Дээрх гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд гэрч Э.Гал-Эрдэнэ нь Г.Г-ыг эхнэр С.С-ыг “цохиж байхыг хараагүй” гэж, гэрч Ц.Азжаргал нь Г.Г- эхнэр С.С-ыг “цохиж байсан, өшиглөж байсан” гээд мөн “тэр хоёрын зодооныг харах хугацаа ч байхгүй, тийм сөхөө ч байхгүй байсан, хэдэн удаа өшиглөж цохьсоныг би анзаарч хараагүй” гэж эрс зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгчээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Г.Г-ын үйлдсэн гэх гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэв.   

 

Иймд энэхүү хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь тухайн гэмт хэргийг Г.Г- үйлдсэн болохыг хангалттай нотлож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12698 дугаартай “1. С.С-ын биед баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн /хэргийн 15 дугаар хуудас/ дүгнэлт нь шүүгдэгч Г.Г- уг гэмтлүүдийг учруулсныг нотлохгүй, харин хохирогчийн биед ямар гэмтэл байгаа эсэхийг тогтоосон дүгнэлт юм.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 4, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

           

1. Б овогт Г-ийн Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-ад холбогдуулан үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 843 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.

 

3. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

            

          

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ