Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 214/МА202/00006

 

З.М*******ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Л.Ариунцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2023/00054 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.М*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б*******т холбогдох

“Газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэрэгт хариуцагч О.Б*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.М*******ы нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Миний бие Г..... сумын .... дугаар баг,  “.....” гэдэг газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр сумын Засаг дарга, газрын даамал зэрэг хүмүүст 2015-2016 онд өргөдөл хүсэлтээ гаргасан. Өргөдлийн дагуу энэ газрыг манайд олгосон гэдгээ амаар мэдэгдсэн. Үүнээс хойш энэ газраа эзэмших гэж очтол Х........ сумын иргэн О.Б******* гэдэг хүн эзэмшээд чөлөөлж өгөхгүй байсан тул 2 жил уг газартай ойрхон өвөлжсөн. 2021 онд албан ёсоор газар эзэмших гэрчилгээгээ авч, энэ газраа эзэмших гээд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр очиж гэр барьтал О.Б******* ирж хэл амаар доромжилж, нас барсан нөхрийг минь минь элдвээр хэлж биднийг дээрэлхсэн тул цагдаа сэргийлэх болж би гэрээ орхиод явсан. Гэтэл гэрийг маань буулгаж айлын гадаа хурааж орхиод өөрсдөө өвөлжсөн байсан. Үүнээс болоод манай малчин айлаар 3 сар гаруй амьдарч байна. Энэ газар нь ......... сумын нутаг бөгөөд Засаг даргын 2021 оны А/017 тоот захирамжаар надад эзэмшүүлж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон тул хууль бусаар эзэмшээд байгаа О.Б*******ийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж байна  гэжээ.

2. Хариуцагч О.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 онд Багийн иргэдийн нийтийн хурлаар орж, ....... сумын Х......гийн давааны өвөрт өвөлжөөний газар авахаар хүсэлт тавьсныг багийн иргэдийн нийтийн хурлаар  дэмжигдэж улмаар 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/3 тоот Сумын ИТХ-ын тогтоолоор миний газрыг “газар зохион байгуулалтын төлөвлөгөөн”-нд тусгаж хүсэлтийн минь дагуу Халзангийн давааны өвөр гэх газрыг “өвөлжөөний зориулалтаар” надад олгохоор шийдвэрлэсэн.

Ингээд хуулийн дагуу Сумын Засаг даргад өргөдлөө гаргаж 2 жил хөөцөлдсөний үндсэн дээр Сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/22 дугаар "Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч О.Б*******т ...... сумын .... дугаар багийн нутаг, “.......” гэх газар өвөлжөөний зориулалттай 0,07 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш би тэр нутгийг ......... сумын нутаг гэж ойлгосон. Зүүн салааны эх нь урдаа байдаг байх. Энэ Халзангийн давааны өвөлжөөнд би 2015 онд хашаа барьсан. ........ сумын Засаг дарга нь миний эзэмшлийн газартай давхардуулан газар олгосон бол Засаг даргын буруутай үйл ажиллагаа гэж бодож байна. Тэр аманд тэр чигтээ .......... сумын айлууд байгаа. Маргааныг нөгөө талдаа шийдвэл тэр хавийн айл бүгд л ....... сумын айл байгаа. Би яагаад тэр газраас ганцаараа явдаг юм. Ам уруудсан айлууд бүгд 2 талаасаа гэрчилгээ гаргасан. Би тэр газраас явах гээд өөр газар байхгүй“ гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар Булган аймгийн ....... сумын ...... дугаар баг, ....... эхэд байрлах нэгж талбарын ........... дугаартай, газар эзэмших эрхийн ......... дугаартай гэрчилгээ бүхий 2 500 мкв газрыг хариуцагч О.Б*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч З.М*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч О.Б******* давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 923 дугаарын Хянавал хэсэгт: “... 11.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж байгаа газрыг өөрийн хууль ёсны эзэмшлийн зүйл гэж байгаа бол түүний эзэмшлийн газарт хамаарах талбайн нэгж дугаар, хил хязгаар болон газрын аль хэсгийг хариуцагч эзэмшиж байгаа үйл баримт ач холбогдолтой байхад “хариуцагчийн эхнэр газраа зарчих гэж хэлсэн, хариуцагчийн аав нь өөр өвөлжөө ав гэж байсан” гэх нэхэмлэгчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Зохигчийн тайлбар нь маргааны талаарх тэдгээрийн байр суурийг илэрхийлдэг бөгөөд баримтаар давхар нотлогдож байж бодит байдалд нийцсэн шинжийг агуулдаг болохыг шүүх анхаараагүй байна.

...11.3. Хариуцагч О.Б******* нь эзэмшиж байгаа газраа Булган аймгийн ...... сумын .... дугаар багийн нутаг “...........”-т байгаа гэсэн бол нэхэмжлэгч нь уг газрыг Булган аймгийн ....... сум ..... дугаар баг “........” гэх газар гэж маргасан. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эзэмшиж байгаа газар аль сумын нутагт байгаа болохыг тодруулах, 2015 онд сумын хилийн дээсийг тогтоосон гэх зохигчийн тайлбараас үзэхэд үүнээс хамаараад эзэмшилд нөлөөлөх эсэх, газар олгосон этгээд буюу сумын Засаг Дарга нараас тодруулах, үзлэг хийлгэх шаардлага зохигчийн хооронд байгаа эсэхийг зохиогчоос тодруулж, мэтгэлцүүлэх замаар эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байжээ.

Эдгээр байдалд дүгнэлт хийхэд хэрэгт ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсвэл хууль бус гэж үзэх үндэслэл тодорхой бус нөхцөлд хууль хэрэглэх боломжгүй болно.

...12. Түүнчлэн, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д...Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй... гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-д...Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй... гэж тус тус заасан ба эдгээр зохицуулалт маргааны үйл баримтад яагаад хамаарахгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан хэм хэмжээ нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан эсэх талаар шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна... гэсэн дүгнэлтийг хайхралгүй хариуцагчийн өвөлжөө байгаа хонд нь ........ сумын хилд байна уу? ........... сумын нутагт байна уу гэдэгт гол анхаарлаа хандуулаад, хэргийн газарт үзлэг хийсэн болоод л маргалдаж буй өвөлжөөний доорхи газрыг GPS-р тогтоолгүй зөвхөн өвөлжөө байгаа газар Гурванбулаг сумын нутаг болох дүгнэлт хийн шүүхийн шийдвэр гаргажээ.

Гэтэл soviet military map sree-ann-аар байршил тогтооход хоёр талын маргалдаж буй “::::::::” өвөрийн хонд гэх газар ....... сумын .... дугаар багийн “..........” гэдэг газар, уртраг өргөрөгийн нарийвчлалаар 780 м газар буюу бараг 1 км шахам хол зайд орших 2 өөр байрлалд байгааг нарийвчлан тогтоогоогүй байна. Энэ нь Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэсэн нь нэхэмжлэгч З.М*******ы эрх ашиг огт хөндөгдөөгүй, өөрөөр хэлбэл Булган аймгийн ....... сумын ... дугаар баг, ......... эхэнд байрлах нэгж талбарын ............. дугаартай газрыг одоог хүртэл хэн ч ашиглаагүй, эзэмшээгүй байх ба нэхэмжлэгчийн эзэмшил газарт хэн ч халдаагүй байна. Харин нэхэмжлэгч энэ газрын эзэмших гэрээ, гэрчилгээг ашиглаж 2 үеэрээ “Улсын аварга” малчны болзолыг хангасан өнө шимлэг, нөмөр нөөлөгтэй өвөлжөөг булаахаар оролдож Сумын ИТХ-аар хэлцэгдэж сум, аймаг, улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж батлагдаагүй газарт хууль бусаар Газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ гаргуулан аваад бусдын өвөлжөө хондыг булаахыг санаархсаныг олж тогтоосонгүй, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дугаар хэсэгт заасан ...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газараа сонгох... эрхийг зөрчсөнийг тогтоогоогүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг Даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны албан тоотоороо иргэн З.М*******д олгогдсон газар сум, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, маргалдаж буй хонд өвөлжөөний газрууд өөр зайд, байрлалд байгаад зөв дүгнэлт хийсэнгүй.

Мөн дээрхи Булган аймгийн Засаг Даргын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн З.М*******д эзэмшүүлж Газрын тухай хуулийн 33.4-д ...Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөнийг тодорхойлоод байхад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн гомдлын үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдсан зүйлийг бодитой гэж үзээгүй, гаргасан гомдол нь утга агуулгын хувьд зөрчилтэй гомдол байна гэж харж байна. Гомдлын үндэслэлээ Улсын Дээд Шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 923 тоот тогтоолд заагдсан ажиллагаа хийгдээгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Гэтэл уг тогтоолын 11.2-т заасан  маргаан бүхий газар аль сумын нутаг дэвсгэрт байгаа гэдгийг миний хүсэлтээр анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тухайн маргаан бүхий газар Булган аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын мэргэжилтнүүдтэй хамт очиж үзлэг хийсэн, уг үзлэгт нэхэмжлэгч, хариуцагч нар бүгд оролцсон. Үзлэгийн явцад хариуцагч өөрөө үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурахгүй, уурлаж бухимдаад явсан. Ингээд үзлэгээр маргаан бүхий газар нь Булган аймгийн ......... сумын газар нутаг биш харин Булган аймгийн .......... сумын газар нутаг болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид бүгд оролцож маргааны талаар тодорхой ярьж мэтгэлцсэн. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйл заалтууд яагаад хэрэгт хамаарахгүй байна гэдэг зүйл ярьдаг. Үүнд хууль ёсны эзэмшигч гэдэг ойлголтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Булган аймгийн ............ сумын засаг даргад Булган аймгийн .........сумын иргэн О.Б******* нь газар эзэмших талаар хүсэлт огт гаргаж байгаагүй. Хариуцагч нь уг өвөлжөөг эзэмших эрх байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Мөн Булган аймгийн засаг даргын чиглэл өгөх тухай албан бичгийг харгалзан үзээгүй гэж гомдол гаргасан. Уг албан бичигт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээ байгуулсан. 2021 оны газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд .............. нэгж талбараар төлөвлөгдсөн хүсэлт гаргасан О.М*******д сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 тоот захирамжаар өвөлжөөны зориулалтаар 2500 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээ гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн зүйл заалтуудтай нийцэж байна гээд Засаг дарга шийдвэр гаргасан.  Гэтэл 2020, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахдаа зөрүүтэй байдлаар тусгасан. Газар зохион байгууллалт анх батлагдсанаасаа хойш өөрчлөгдсөн зүйл байгаа эсэх тодруулахад 1986 онд Ардын Их Хурлаар батлагдсанаасаа хойш өөрчлөгдөөгүй байсан. Харин дараа нь Булган аймгийн ........... сумтай хилэлдэг хэсгээрээ өөрчөлт орсон гэж гэрчүүд мэдүүлдэг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байгаа” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч О.Б*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч З.М******* “...хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлнэ” гэж, хариуцагч О.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд мэтгэлцжээ.

 

3. Анхан шатны шүүх маргаан бүхий газар нь Булган аймгийн ......... сумын .... дугаар баг, ............... эх хэмээх газар болох нь газрын байршлын зураг, Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/12 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, талуудыг байлцуулан газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, хилийн цэст өөрчлөлт ороогүй тухай ........ сумын ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/12 дугаартай албан бичиг, БНМАУ-ын АИХТэргүүлэгчдийн 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаартай “Хилийн цэс батлах тухай” зарлиг, газрын гэрчилгээнүүдээр тогтоогдсон гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна”, 106.4-т “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан учир нэхэмжлэгч З.М******* нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

5. Иргэний эрх зүйн тухайлсан харилцааг зохицуулсан хуулийн тодорхой зүйл заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад өөр хуулийн зүйл заалтыг баримтлан шийдвэрлэсэн өмнөх шийдвэрийг Улсын Дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон тул анхан шатны шүүх Газрын тухай хууль болон Иргэний хуулийн 93, 94 дүгээр зүйлд дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг бүрэн тогтоож, үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулсан байхаас гадна хилийн цэсийн талаархи нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан тул хариуцагч О.Б*******ийн давж заалдсан гомдол үндэслэлгүй.

6. Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2023/00054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Б*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч О.Б*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

 

                                                                                     

                                                                                           Л.АРИУНЦЭЦЭГ