Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 923

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бунынхан овогт Бямбадоржийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээршүүхэд ирүүлсэн эрүүгийн 1105055361098 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны гадна хохирогч Б.Битай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтанд тэр талаараа мэдүүлсэн. Хохирогчид 360.000 төгрөг өгсөн. Хохирогчтойгоо сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Би мөрдөн байцаалтанд “2018 оны 10 дугаар сарын 26-ны орой найз охин Б.Амаржаргалын хамт 20 дугаар байрны гадаа машинаа байрлуулаад гэр рүүгээ орох гээд явж байхад үл таних 2-3 залуу зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөхөд намайг дуудаад тэр хавиар орилоод байсан. Би машиндаа эд зүйлээ үлдээсэн учир буцаад машин руугаа явахдаа найз охин Амаржаргалын орцны үүдэнд үлдээгээд явсан. Буцаж яваад нөгөө 3 залуугийн урдуур гарахад тэр нар над руу дайрч доромжилж байсан. Би тэр үед тоогоогүй машинаасаа эд зүйлээ аваад буцаад орц руу алхсан. Тэгээд миний өөдөөс манай найз охин алхаад бид хоёр цуг орц руу алхаж байтал нөгөө 3 залуугийн намхан залуу нь миний хойноос гүйж ирээд надтай барьцалдаад авсан. Тэр үед нөгөө залуу миний толгой руу 2 удаа цохисон...манай найз охин би 7 сартай жирэмсэн байсан, нөхрөө аваад гэртээ орьё гэсэн чинь тоогоогүй тэгээд барьцалдаад зогсож байхад нэг өндөр зангиатай залуу нь миний нүүр рүү цохисон. Зангиа зүүсэн өндөр залуу миний нүүр рүү цохиж гэмтэл учруулсан... “/хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Амаржаргал мөрдөн байцаалтанд “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найзуудтайгаа уулзаад орой 22 цагийн үед нөхөр Билэгсайханы хамт гэртээ орох гэж байгаад машиндаа үлдээсэн эд зүйлээ авахаар машин руугаа явж байсан чинь манай нөхөр рүү хэдэн хүн орилоод байхаар нь би санаа зовоод нөхрийнхөө хойноос очиход үл таних хэдэн залуучууд манай нөхөр рүү дайраад байсан. Нөхрөө аваад явж байхад хойноос гүйж ирээд бусдаасаа арай намхан биетэй залуу манай нөхрийг 2-3 удаа гараараа  нүүр рүү нь цохиод  тэгээд хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахиад өшиглөхдөө манай нөхрийг оноогүй намайг гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд хар куртиктай хүн манай нөхрийг бариад зогсож байхад арай өндөр биетэй нь манай нөхрийн хамар руу нь нэг удаа цохисон” /хх-ийн 11/гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Отгон-Эрдэнэ мөрдөн байцаалтанд“...бидний урдуур үл таних эрэгтэй эмэгтэй 2 өнгөрөхдөө шүлсээ хаяхаар нь чи яагаад байгаа юм бэ гээд муудалцаад зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө хүн  та нар яадаг юм бэ гээд маргаан үүссэн. Маргалдаж байгаад нөгөө залууг өшиглөх гэтэл хамт явж байсан манай 2 найз намайг хойш  татаж унагаасан. Тэгэхэд Бийг нөгөө үл таних залуу нудраад байх шиг харагдсан тэр үед Б нөгөө залууг нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэр үед Б нөгөө залууг нүүрэн  тус газар нь 1 удаа цохисон...” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Ганпүрэв мөрдөн байцаалтанд”...хажуугаар үл таних 2 хүн явж байсан чинь Отгон-Эрдэнэ нөгөө 2 хүний юу гэснийг мэдэхгүй маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь Отгон-Эрдэнэ нөгөө залууд хандаж чи зүгээр яв гэсэн.  Тэр үед нөгөө залуу юу хэлснийг санахгүй байна. Бтэй маргалдаад Б тэрийг 1 удаа цохисон. Хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд би Отгон-Эрдэнийг орхиод Бийг болиулаад байж байсан чинь Отгон-Эрдэнэ гүйж ирээд нөгөө залууг өшиглөх гэсэн тэр үед Б бид хоёр болиулсан...” /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Жамсрансүрэн мөрдөн байцаалтанд”...би машинаа байрлуулаад нөгөө гурав руу явж очиж байхад Ганпүрэв Отгон-Эрдэнийг барьчихсан байсан. Харин Б нь нөгөө залуугийн нүүрэн  тус газар нь цохисон...” /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд “2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад байж байтал манай хуучин ажилладаг байсан Сангийн яамны хамт олон намайг шинэ ажилд орсон гээд гаргаж өгөх гээд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байдаг “Эе би” гэх пабад 20 цагийн үед уулзацгаасан...Бичилд ирээд 20 дугаар байрны гадаа Отгон-Эрдэнийг буулгаад орц руу нь оруулах гээд зогсож байтал үл таних хүн машины зогсоолоос болж маргаан хийж байсан. Тэр залуу бид хоёрын урдуур явахад Отгон-Эрдэнэ нөгөө үл таних залууг үгээр өдсөн тэгээд нөгөө залуу бас өөдөөс нь хэрэлдэх байртай байсан тэгээд маргалдаад сүүлдээ зодолдох шахаад манай найз Отгон-Эрдэнэ нөгөө залууг өшиглөх гэхэд би Отгон-Эрдэнийг татаж унагаасан...нөхөр нь ирээд ууртай байсан учир над руу та нар одоо яагаад байгаа юм  бэ гээд дайрахаар нь баруун  гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13008 дугаартай: Б.Биы биед хамар ясны хугарал, таславч мурийлт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, дипломын хуулбар /хх-ийн 42-45, 49/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-48/,   ял шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны гадна хохирогч Б.Битай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Биы “...зангиа зүүсэн өндөр залуу миний нүүр рүү цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 9/, гэрч Б.Амаржаргалын”...өндөр биетэй нь манай нөхрийн хамар руу нь нэг удаа цохисон...” /хх-ийн 11/, гэрч Ш.Отгон-Эрдэнийн”... Б нөгөө залууг нүүрэн  тус газар нь нэг удаа цохисон...” /хх-ийн 15/, гэрч Д.Ганпүрэвийн”...Б тэрийг нэг удаа цохисон...”/хх-ийн 17/, гэрч Б.Жамсрансүрэнгийн”...Б нь нөгөө залуугийн нүүрэн тус газар нь цохисон...” /хх-ийн 19/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13008 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний гэх баримтууд /хх-ийн 66-67/, хохирол төлсөн баримт /хх-ийн 68/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Б.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... баруун  гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон...” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохирлоо бүрэн авсан тул гомдол санал байхгүй,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд мэдэгдсүгэй.

 

4. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ