| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0482/Э |
| Дугаар | 602 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Бямбасүрэн,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н-,
гэрч В.Б-,
шүүгдэгч Г.Р-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-ын Р-д холбогдох эрүүгийн 1810008830360 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү, дүүгийн 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 7-р хороо ……… тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, Г.Рэнцэнбямбын биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б- овогт Г-ын Р- /РД: ………./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Р- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6-263 тоот хашаанд хохирогч Б.Т-тай маргалдан цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Р- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед В.Бат-Эрдэний гэрт очиход Б.Т-, В.Б- хоёр байсан. Б.Т- бид хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад бид гурав хувааж уусан. Дахин нэг шил архи аваад ууж байхдаа Б.Т- бид хоёр маргалдаж, Б.Т- намайг цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохьсон. Намайг явлаа гэхэд хойноос татаад явуулахгүй болохоор нь өөрөөсөө холдуулах гээд Б.Т-ыг түлхэхэд газар унасан. Түүнээс хойш удаагүй байхад Р.Мөнхбаяр ирээд “ ээжийн чинь бие өвдөөд байна, чи яаралтай явахгүй бол болохгүй” гээд намайг дагуулаад явсан. Намайг гэртээ очиход ээжийн толгой өвдөөд байна гэсэн. Би хэсэг сууж байгаад унтсан. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг болж байхад В.Б- ирээд “Б.Т-ын бие нь муудаад түргэн тусламжаар явсан. “Гранд Мед” эмнэлэгт хагалгаанд орсон байгаа” гэхээр нь очсон. Талийгаачийг эмнэлэгт байх 28 хоногийн хугацаанд эргэж тойрч эм тариагаар тусалж байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн нагац эгч нь юм. Б.Т-ын ээж нь нас барсан 2 дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Тэрээр Батлан хамгаалахын их сургуульд сурч төгсөөд ажилд орсон боловч удалгүй ажлаасаа гарсан. Намайг БНСУ руу яваад ирэхэд талийгаачийн эхнэр хүүхэд нь салаад явсан тэрээр архи уудаг болсон байсан. Б.Т- 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “ангийнхантайгаа уулзана, 20.000 төгрөг” гээд мөнгө аваад явсан. Намайг орой эмнэлэг дээр дуудаад Түвшинжаргалын ходоод цоорсон гэсэн оношоор хагалгаанд орсон. Тэгтэл талийгаачийг “уушигны сүрьеэтэй байсан, сүрьеэ нь шоохойжсон байна” гэж хэлсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Манай дүү Батлан хамгаалахын сургуульд сурч байхдаа уушиг нь усаар дүүрч соруулж байсан. Талийгаачийн эм тариаг эмнэлэгээс өдөр өдөрт нь авдаг байсан. Манай дүүг эзгүй үед найзууд нь эм тариаг нь авч өгдөг байсан. Г.Р- талийгаачтай багийн найзууд. Би Рэнцэнбямбыг цохиж байхыг өөрөө хараагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Р-д хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Гэрч В.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г.Р-, Б.Т- бид гурав манай гэрт архи уусан. Тэр үед Г.Р-, Б.Т- хоёр маргалдсан юм шиг байсан. Тухайн үед би бие засахаар гарсан болохоор зодолдсон эсэхийг хараагүй. Р.Мөнхбаяр ирээд “Г.Рэнцэнбямбын ээжийнх нь бие өвдөөд байна” гээд Г.Рэнцэнбямбыг аваад явсан. Талийгаач бид хоёр манай гэрт үлдээд, би унтаад өгсөн. Намайг унтаж байхад манай ах ирчихсэн сэрээгээд “энэ найзыгаа гэр рүү нь явуул, эсхүл унтуулж амраа” гэсэн. Би “өглөө ажилтай унтаж амрая” гээд унтсан. Цагийн дараа талийгаач цусаар бөөлжөөд түргэн дуудаад эмнэлэг явсан. Би талийгаачийг эмнэлэг дээр сахиж байхад Г.Р- чамайг цохисон гээд санаа зовоод байна гэхэд “санаа зоволтгүй, юу болсон талаар би санахгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед би Түвшинжаргалыг өөрийнхөө утсаараа тоглуулахаар өгсөн байсан ба тэрээд бичлэг хийсэн байсан гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч Г.Р- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг өнгөрөөд Бат-Эрдэний гэрт очиход Түвшинжаргал, Бат-Эрдэнэ хоёр хамт байсан. Түвшинжаргал бид хоёр дэлгүүр явж 0,33 литрийн архи авчраад хувааж уусан. Түвшинжаргал дахин “нэг шил архи аваад ирье” гээд 0,75 литрийн архи авчраад талд нь оруулаад гэр рүүгээ явцгаасан. Түвшинжаргал “дахин архи уумаар байна” гээд уурлангүй хэлснээ намайг цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон. Би Түвшинжаргалд “одоо больё, харьлаа” гэхэд хойноос зууралдаад байхаар нь “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд гарыг нь салгаад түлхсэн чинь гуйвж байгаад унасан гэжээ./хх-ийн 1-р хавтас 141-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед “Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ярьж байна, Түвшинжаргал гэдэг хүн ирлээ, та нарт хэл гэсэн юм” гээд ярихаар нь эмнэлэгт ирэхэд талийгаач эмнэлгийн хүлээн авах тасагт орон дээр дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Сувилагч “цусаар бөөлжөөд байна, “Гранд мед” эмнэлэг рүү авч явах гэж байна” гээд явч явахад Бат-Эрдэнэ хамт явсан. “Гранд мед” эмнэлгийн эмч нар ходоодыг нь дурандаад “одоо хагалгаанд орно” гээд хагалгаанд оруулсан. Хагалгаанд орсны дараа Булган эмч талийгаачийг “ходоод нь цоорсоны улмаас хагалгаанд орсон, одоо унтаж байгаа” гэж хэлсэн. Талийгаач нь анхны хагалгаанд орсноос хойш 2-3 хоногийн дараа цус шүүрээд байна гээд дахиан хагалгаанд ороод ходоодыг нь тайраад 3-ны 1 хувийг нь авсан гэж байсан. Талийгаач нас барахынхаа урд өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бие нь гайгүй болж байсан тул 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө “Гранд мед” эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжүүлсэн. Орой 19 цаг өнгөрч байхад дүү Алтанхуяг залгаад “Түвшинжаргалын бие нь жаахан онцгүй байна, та наашлах уу” гэхээр нь “за тэгье” гээд хүү Отгоннямын хамт очсон. Намайг эрчимт эмчилгээний өрөөнд ороход эмч, сувилагч нар талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан. Удалгүй аппаратнуудыг нь салгасан. …Р-д гомдолгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-25-р хуудас/,
Гэрч Г.Өнөболд мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ерөнхий жижүүрийн туслахаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хамгаалагч ирээд “жижүүрийн эмч цагдаа дууд гээд байна, зодуулсан хүн хүргэгдэж ирлээ” гэхээр нь эмнэлгийн хүлээн авахын өрөөнд ороход орон дээр үл таних эрэгтэй хүн /Түвшинжаргал/ эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн эрэгтэйгээс /Түвшинжаргал/ овог, нэрийг нь асуухад хэлэх чадваргүй, архи үнэртэж байсан. Биеийн ил харагдах гадна хэсгийг харахад нэг талын нүд нь хөхөрсөн байхаар нь хүлээн авахын эмчээс нь “энэ хүн хаанаас хэнтэй ирсэн бэ” гэхэд “Нисэхээс яаралтай түргэн тусламжийн 103-р найзынхаа хамт хүргэгдэн ирсэн” гэж хэлсэн. …Р- нь Түвшинжаргалыг цохиж зодсон талаар юм яриагүй. Түвшинжаргал нь согтуу байсан ба хэвлий хэсгээ тэвэрсэн байдалтай “эмчээ өвдөөд байна ш дээ” гээд орилоод хэвтээд байсан. Юу болсон талаар хэлээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-28-р хуудас/,
Гэрч М.Мөнх-Од мөрдөн байцаалтанд өгсөн: …Тухайн орой хоёр согтуу хүн яаралтай түргэн тусламжийн 103-ын машинаар тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Нэг нь насылкоор, нөгөө нь зүгээр явж байсан. Насылкотой хэвтэж ирсэн хүнийг эмч үзэж, үзлэг хийгээд зодуулсан байдалтай байхаар нь эмч “цагдаа дуудаарай” гэхээр нь Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэс рүү очиж цагдаа дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 29-30-р хуудас/,
Гэрч В.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед Түвшинжаргал манай гэрт “Цагаан хадаг” нэртэй 750 граммын савлагаатай архитай орж ирээд хувааж ууж байхад Р- ирсэн. 16 цагийн үед Түвшинжаргал “найз нь харьлаа, ажилтай” гээд гарахад Р- шууд гараад явсан. Орой 22 цаг өнгөрч байхад манайд Түвшинжаргал хувцас хунар нь шороо болсон, уруул нь хагарсан, жавз орчимд бага зэрэг цус болчихсон, зүүн нүд нь улайсан, нилээн согтуу байдалтай ирээд “зүгээрээ, найздаа ор засаад өгчих” гэхээр нь ор засаад юу болсон талаар асуухад “зүгээр зүгээр, найз нь унтлаа, өглөө эрт ажилтай” гээд унтсан. Орой 23 цаг өнгөрч байхад ах Эрдэнэбилэг ирээд “хөөе найз чинь цусаар бөөлжөөд байна ш дээ” гэхээр нь Түвшинжаргалыг сэрээгээд “хүүе яасан бэ” гэхэд гэдсээ бариад ёолоод байхаар нь түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн эмч Түвшинжаргалын биеийн байдлыг асуугаад нэг тариа хийгээд “машинд суулга” гэхээр нь Зууннасттай хамт суулгаад Зууннаст үлдэж, би Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хамт ирсэн. …Түвшинжаргалын гэрийнхэн нь ирчихсэн яаралтай “Гранд мед” эмнэлэг рүү авч явах ёстой гээд явсан. Эмнэлэгт ходоодыг нь дурандуулсан чинь “ходоод нь шархлаад цоорсон байна, яаралтай хагалгаанд ор” гээд хагалгаанд оруулсан.
…Би өмнөх өгсөн мэдүүлэг дээр болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь яриагүй юм. Р-, Түвшинжаргал бид гурав манайд архи уусан. Түвшинжаргал, Р- хоёр бие засаад орж ирэхдээ инээлдээд тэврэлдээд ороод ирсэн. …Би нойл ороод ирж байхад байшингийн үүдэнд Р- Түвшинжаргал хоёр муудалцаж эхэлсэн. Түвшинжаргал Рэнцэнбямбыг цохиход Р- зөрүүлээд түлхэхэд гэрийн үүдэнд байдаг замын хагарсан тал боржуур дээр бөөр хэвлий хэсгээрээ унасан юм шиг байгаа юм. Би Түвшинжаргалыг боржуур дээр унасан хойно нь харсан. Би тэр хоёрыг болиулаад гэртээ орсон. …Намайг унтаж байхад ах Эрдэнэбилэг орж ирээд “чи гэрээ цэвэрлэ” гээд сэрээсэн. Түвшинжаргал хажуу тийш болж ёолоод гэдсээ бариад хоёр тийшээ атигаад байхаар нь “яасан, юу болсон бэ” гэхэд “зүгээрээ зүгээрээ” гэсэн. Гэтэл Түвшинжаргал цусаар бөөлжиж эхэлсэн ба тэр үед Зууннаст, Энхболд хоёр хамт байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Р- Түвшинжаргалын биеийн аль хэсэгт цохисныг санахгүй байна. Р- Түвшинжаргалын хацар руу нэг удаа алгадсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-39, 211-р хуудас/,
Гэрч С.Зууннаст мөрдөн байцаалтанд өгсөн: …Д.Бат-Эрдэнэ, Д.Энхболд бид гурав В.Бат-Эрдэний гэрт очиход Бат-Эрдэнэ гэрээ цэвэрлэж байсан. Харин Түвшинжаргал газар гудасан дээр унтаж байсан. Бидний араас В.Бат-Эрдэний ах Эрдэнэбилэг орж ирээд юм яриад сууж байтал Д.Энхболд “унтаж байгаа найз чинь цусаар бөөлжчихсөн байна ш дээ” гэхээр нь 103 дугаар руу залгаж “манай найз цусаар бөөлжөөд байна” гэж дуудлага өгсөн. Түргэн тусламж дуудаад 10 орчим минутын дараа ирж эмч Түвшинжаргалын даралтыг үзээд цээж болон нурууг нь чагнуураар чагнаад 2 тариа хийсэн. Нэг нь өвчин намдаах тариа гэж хэлсэн. Харин нөгөө тариаг нь мэдээгүй. 103-н эмч “энэ хүний нүд нь яагаад хөхөрчихсөн юм бэ” гэхээр нь бүгд “мэдэхгүй” гэхэд “энэ хүнийг эмнэлэг рүү авч явна” гээд нацилк нь дээр хэвтүүлэхэд Түвшинжаргал “би эмнэлэг явахгүй” гээд байсан. …Б.Т-ыг эмнэлэгт хэвтэж байхад В.Б- надад “Р-, Түвшинжаргал хоёр хоорондоо маргалдаад зодолдсон” гэж хэлсэн. Р- бидэнд “Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Түвшинжаргалтай маргалдаад бие биенийгээ цохисон. Би өмнө нь хэрэгт холбогдож шоронд орж байсан болохоор дахиж ормооргүй байна. Та нар мэдэхгүй гээд хэлээд өгөөч” гэж гуйсан. Р- Түвшинжаргалын биеийн аль хэсэгт яаж зодсоноо тодорхой хэлээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-48-р хуудас/,
Гэрч Д.Энхболд мөрдөн байцаалтанд өгсөн: … Зууннаст, Д.Бат-Эрдэнэ бид гурав В.Бат-Эрдэний гэрт очиход В.Б- орон дээрээ унтсан, газар гудас дэвсээд үл таних залуу /Түвшинжаргал/ хэвтэж байсан. Гэтэл газар унтаж байсан залуу /Түвшинжаргал/ цусаар бөөлжөөд байхаар нь “түргэн тусламж хурдан дуудаарай” гэхэд Зууннаст түргэн тусламж дуудсан. Түвшинжаргалыг эмч үзээд тариа тарьчихаад эмнэлэг рүү авч явсан. …Түвшинжаргалын нэг нүд нь улайсан, нүүр нь хөхөрсөн байдалтай байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50, 54-р хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн: …Энхболд, Зууннаст бид гурав В.Бат-Эрдэний гэрт очиход талийгаач, В.Б- хоёр байсан. Энхболд талийгаачийг улаан хүрэн өнгийн зүйлээр бөөлжиж байхыг хараад түргэн дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-53-р хуудас/,
Гэрч Р.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 16 цаг өнгөрч байхад Бат-Эрдэний хашааны хаалгыг нүдэхэд В.Б- гарч ирэхээр нь “Рэнцэнбямбыг дуудчих ээжийнх нь бие муудаад байна” гэхэд түүний араас Р-, талийгаач Б.Т- хоёр хамт гарч ирсэн. Б.Т- Р-д “ээжийн чинь бие муу байна гэж байна ш дээ, чи гэртээ хариач” гэж хэлсэн. Би Рэнцэнбямбыг автомашиндаа суулгаад гэрт нь оруулж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 55-58-р хуудас/,
Гэрч Ч.Булган мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс Бэхтуяа овогтой Түвшинжаргал нь ухаангүй, согтуу байдалтай цусаар бөөлжинө, хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртайгаар ирсэн. Б.Т- нь ухаангүй, харьцах чадваргүй байсан болохоор хамт ирсэн гэрийнхэн нь гэх нацаг ах, эгч нартай нь уулзаж асуумж авах буюу өвчний болон амьдралын түүхийг нь асуухад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн архи уугаад 2018 оны 03 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед цусаар бөөлжөхөөр 103-т дуудлага өгч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд наашаа ирсэн гэж хэлсэн. “Гранд Мед” эмнэлэг нь Хан-Уул дүүргийн иргэдэд хэвлийн хөндийн мэс заслын тусламж үзүүлдэг. Би Б.Т-ыг хүлээн аваад биед нь үзлэг хийхэд ухаангүй, орчиндоо харьцаагүй, сэрээж асуухад ганц нэг үгээр хариулна, шокийн байдалтай, хэт хуурай мөн цусархаг өнгөртэй, хэвлий зөөлөн, баруун талаараа эмзэглэлтэй, булчин чангарал гялтан цочролгүй байсан. Лабораторийн, дурангийн, рентген шинжилгээнүүд хийсэн. Шинжилгээнүүдийг үндэслээд хөндийт эрхтэн цоорол, хоол боловсруулах дээд замын цус алдалт, хордлогын ба гиповолемийн шок гүнзгий хордлого гэж үзэн яаралтай журмаар мэс заслын эмчилгээ хийсэн. Мэс заслын явцад хэвлийн хөндийг шалгахад 12 хуруу гэдэсний урд хана цоорсон, гэдэсний чацархайд цус хурсан, бүдүүн гэдэсний хананд цус нэвтсэн байсан ба цоорсон гэдсийг оёж, чацархайн хурсан цусыг болон хэвлийн хөндийг угааж цэвэрлээд гуурс тавьсан. Үүнээс хойш Б.Т- нь хэвтэн эмчлүүлэх хугацаандаа нийт 6 удаа хэвлийн хөндийн мэс засалд орж, 27 хоног эмчлэгдэж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цагт нас барсан. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Эмгэг Судлалын шинжилгээ хийлгэхээр очиход эмч Энхзориг “эмгэг судлалын шинжилгээ хийхгүй, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх шаардлагатай” гэж хэлсэн. Ингээд “шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд орьё” гэхэд “Цагдаагийн байгууллагаас тогтоол хэрэгтэй” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-61-р хуудас/,
Гэрч Ж.Биндэръяа мөрдөн байцаалтанд өгсөн: …Яаралтай тусламжаар Б.Т-ыг хүлээн авахад үзлэгээр ухаан санаа эрүүл, асуултанд хариулж байсан. Арьс салст хуурай, зүрхний авиа тод, жигд түргэссэн артерийн даралт 90, 60, зүрхний цохилт 89, температур 36.5 градус, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 94 хувь, амьсгалын тоо 17 байсан. Хэсэг газрын үзлэгээр: өвчтөн нь нилээн согтуу, хэл хар ногоон өнгөтэй, зүүн нүд нь хөхөрсөн, цус хурсан, хэвлий маш их эмзэглэлтэй, булчингийн чангаралттай, …хавангүй байсан. Цусны сахар 13.4, онош нь хоол боловсруулах дээд замын хурц цус алдалт гэсэн оноштойгоор, өвдөлтийн зэрэг 7 вольт байсан учир яаралтайгаар ходоодны гөлгөр булчин сулруулах, өвдөлт намдаах 1, 2-р шатны эмчилгээ, цус тогтоох, хордлого тайлах, эрдэс нөхөх эмчилгээ хийж тариануудыг тарьсан. Б.Т-ын анх ирэх үед даралт үзэхэд 90, 60 байсан ба эмчилгээний дараа үзэхэд 80, 50-р буурч байсан нь дотуур цус алдалт их байсан. Өвдөлт нь түр зуур намдаад дахин сэтэрч байсан. Яаралтай мэс заслын эмчид үзүүлэхээр 23 цаг 30 минутанд “Гранд мед” эмнэлэг рүү сувилагч Цэндээгийн хамт явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-64-р хуудас/,
Гэрч В.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд өгсөн: …Орой 21 цагийн үед Д.Бат-Эрдэнэ, Зууннаст, Энхболд бид дөрөв В.Бат-Эрдэний гэрт хамт ороход угаалтуурын хажууд талийгаач Түвшинжаргал согтуу тонгойсон, ухаангүй унтаж байхаар нь сэрээх гэхэд сэрэхгүй байсан. В.Б- унтаж байхаар нь сэрээгээд “танай найз Түвшинжаргал үүдэнд унтаж байна ш дээ” гэхэд “наадах чинь түрүүнд гараад явсан ш дээ, хэзээ буцаад ороод ирсэн юм бэ” гэж хэлээд зочны өрөөнд газар ор засаад өөрөө Түвшинжаргалыг өргөөд хэвтүүлсэн. Түвшинжаргалын амнаас нь цус гарсан байхаар нь “юун цус болчихвоо” гээд харахад нилэнхүйдээ цус гараад бөөлжих гээд байсан. Би “цусаар бөөлжөөд байна, түргэн тусламж яаралтай дуудаач” гээд Зууннастын гар утсаар түргэн тусламж дуудсан. Орой 21 цаг өнгөрч байхад түргэн тусламж ирээд Түвшинжаргалыг үзээд тариа хийснээ “цус алдаад байна, эмнэлэг рүү авч явна” гэхэд В.Б- хамт явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-72-р хуудас/,
Гэрч С.Алтанбагана мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад том эгч Нэргүй над руу залгаад “дүү Түвшинжаргалын бие нь тааруу байна, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд тэндээсээ гараад “Гранд мед” эмнэлэгт байна” гэхээр нь эмнэлгийн хүлээн авах тасагт очиход талийгаачийг тэргэн дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн эмч нар үзлэг хийж байхад талийгаачийн амнаас бага зэрэг цус гараад байсан. Дурангийн эмч нь ирээд “ходоод нь цоорсон байна” гээд тус эмнэлгийн 4 давхарт сэхээний тасагт хэвтүүлж эмчилгээ хийсэн. Нийтдээ 4-5 удаа хагалгаанд орсон. …Гэртээ очоод унтаж байгаад 20 цагийн үед сэрээд ах Алтанхуяг руу залгаад талийгаачийн биеийн байдал ямар байгаа талаар асуухад “гайгүй байна, унтаж байна” гэсэн. Удалгүй манай эхнэр над руу залгаад “Түвшинжаргалын бие дахиад муудсан гэнэ. Эмнэлэг дээр хурдан хүрээд ир гэнэ” гэхээр нь эмнэлэг дээр ирэхэд талийгаач нас барсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-77-р хуудас/,
Гэрч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд өгсөн: …нагац эгч Нэргүй ирээд “ах Түвшинжаргал чинь эмнэлэгт ухаангүй байна, эмнэлгээс утсаар ярьж байна” гэхээр нь эгч Нэргүйгийн хамт Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд ах Түвшинжаргал сэхээний тасагт ухаангүй байсан. Эмч “Түвшинжаргал цусаар бөөлжөөд байна, яаралтай хагалгаанд орно” гээд эмнэлгийн машинаар “Гранд мед” эмнэлэгт хүргээд хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос хойш ах Түвшинжаргалын бие гайгүй болоод нилээн хэд хонож байгаад огцом муудаад нас барсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-80-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/322 дугаартай дүгнэлтэнд:
1. Бэхтуяа овогтой Түвшинжаргал /29н,эр/ нь 2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Мед” эмнэлэгт хүргэгдэн очиж эмчлэгдэж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан гэх хэргийн хохирогчийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Санд 2 удаа бүртгэгдсэн байна.
3. Эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №858 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаач Б.Т-д хэвлийн битүү гэмтэл: 12 хуруу гэдэсний урагдал, нойр булчирхайн няцралт, тасралт, бүдүүн гэдэсний хана ба чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний зовхи ба алимны цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байжээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой.
3. Талийгаач элэг ба нойр булчирхайн архаг үрэвсэл, уушгины сүрьеэ зэрэг архаг өвчтэй байх ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна.
4. Талийгаачид учирсан дээрх хэвлийн битүү гэмтэл: 12 хуруу гэдэсний урагдал, нойр булчирхайн няцралт, тасралт, бүдүүн гэдэсний хана ба чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралт гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, зүүн нүдний зовхи ба алимны цус хуралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарна.
5. Талийгаач ABIV бүлгийн цустай байна.
6. Талийгаач 27 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх шинжилгээг хийх шаардлагагүй.
7. Талийгаач 2018.04.06-ны 21.00 цагт нас барсан гэж өвчний түүхэнд тэмдэглэсэн байна.
8. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтан үргэлжилсэн идээт түгмэл үрэвсэл, нарийн гэдэсний үлдэнгэрийн цус алдалт, дотор эрхтнүүдийн цус багадалтаар хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 91-99-р хуудас/,
Шинжээч Ц.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь хэвлийд цохих, өшиглөх үед буюу гадны нөлөөгөөр үүснэ. Өвчний улмаас үүсээгүй. Үхэлд хүргэсэн хэвлийн битүү гэмтэл нь хамгийн багадаа хоёр удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн байна. Өөрөөр хэлбэл хоёр буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн байх боломжтой юм. Учир нь гэмтэл авсан хэвлийн эрхтнүүдийн байршил хоёр хэсэг буюу хоёр өөр газарт байрлаж байна. Нэг хэсэг газар нь арван хоёр хуруу гэдэс нойр булчирхайд байрласан ба эдгээр эрхтнүүд нэг удаагийн хүчин зүйлийн улмаас гэмтсэн байна. Хоёр дахь хэсэг газар нь бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсэг, мөн хөндлөн гэдэсний чацархайд цус хурсан байсан. Иймээс хоёр өөр хэсэг газарт гэмтэл үүссэн учраас хоёр буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн гэж үзэж байна. Энэ гэмтлийн дараа идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Энэ гэмтэл нь удахаар биеийн байдал хүндэрнэ. Хэвлийн битүү гэмтэл авсан хүн зовиурын улмаас ихэвчлэн эвхрэлдээд хэвтээд байдаг. Суух, босох, явах зэрэг хөдөлгөөн хийх боломжтой. Үхэлд шууд хүргэхгүй. Энэ хэвлий битүү гэмтэл нь хүндэрч ирэхээр үхэлд хүргэх боломжтой. Талийгаачид зохих эмчилгээ хийгдсэн. Гэвч гэмтэл нь хүндрээд эдгэрэхгүй явсаар нас барсан. “Гранд мед” эмнэлгийн зүгээс өвчтөн Б.Т-д оношийг зөв тавьж, зохих мэс засал, эмийн эмчилгээг зохих ёсоор хийж үйлчилгээ үзүүлсэн байсан. Б.Т-ийн хэвлийд нойр булчирхай тасрах, 12 хуруу гэдэс урагдал хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байсан. Энэ нь дараа дараагийн хүндрэлүүдийг үүсгээд байсны улмаас дахин дахин хагалгаа хийгдсэн байсан. Мэс заслын эмчилгээ дутуу хийгдсэн, дутуу оношилсон зүйл байгаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 101-106-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №6948 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээн өнгийн хөнжилний хэсэг гэх зузаан даавууны хэсэг дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
2. Ногоон эрээн өнгийн хөнжилний хэсэг гэх зузаан даавууны хэсэг дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 220-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №562 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Р- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
2. Г.Р- нь юмыг зөвөөр ойлгох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Г.Р- нь өөрийн үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох, удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна.
4. Г.Р- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Г.Р-д сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-ийн 1-р хавтас 111-113-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 7-10, 14-16-р хуудас/,
Цогцост үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 11-13-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 1-р хавтас 193-195-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Т.Дамбарэнчингийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 67-68-р хуудас/, гэрч Н.Туулын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-82-р хуудас/, гэрч Г.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 83-р хуудас/, гэрч Н.Адъяагийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 145-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 149-151, 237-244-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 152-153, 232-236-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 189, 196-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 190, 200-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Р- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 6 дугаар гудамжны 263 тоотод В.Бат-Эрдэний гэрт амь хохирогч Б.Т-тай маргалдаж цохисны улмаас биед нь “хэвлийн битүү гэмтэл: 12 хуруу гэдэсний урагдал, нойр булчирхайн няцралт, тасралт, бүдүүн гэдэсний хана ба чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт” бүхий хүнд гэмтэл учруулсан, амь хохирогч Б.Т- нь дээрх хүнд гэмтлийн улмаас “Гранд мед” эмнэлэгт эмчлүүлж байгаад 2018 оны 04 дүгээр 06-ны өдөр нас барсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: Би талийгаачийн нагац эгч нь юм. Б.Т-ын ээж нь нас барсан 2 дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Тэрээр Батлан хамгаалахын их сургууль төгсөөд ажилд орсон боловч удалгүй ажлаасаа гарсан. Намайг БНСУ руу яваад ирэхэд талийгаачийн эхнэр хүүхэд нь салаад явсан тэрээр архи уудаг болсон байсан. Б.Т- 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “ангийнхантайгаа уулзана” гээд 20.000 төгрөг аваад явсан. Намайг орой эмнэлэг дээр дуудаад Түвшинжаргалын ходоод цоорсон гэсэн оношоор хагалгаанд орсон. Талийгаачийг “уушигны сүрьеэтэй байсан байна, шоохойжсон байна” гэж хэлсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Манай дүү Батлан хамгаалахын сургуульд сурч байхдаа уушиг нь усаар дүүрч соруулж байсан. Талийгаачийн эм тариаг эмнэлэгээс өдөр өдөрт нь авдаг байсан. Манай дүүг эзгүй үед найзууд нь эм тариа аваад ирдэг байсан. Г.Р- манай дүүтэй багийн найзууд байсан. Би нүдээрээ хараагүй болохоор Рэнцэнбямбыг цохисон гэж хэлж чадахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг,
Гэрч Г.Өнөболдын …Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хамгаалагч ирээд “жижүүрийн эмч цагдаа дууд гээд байна, зодуулсан хүн хүргэгдэж ирлээ” гэхээр нь эмнэлэг рүү хамгаалагчийн хамт хүлээн авахын өрөөнд ороход орон дээр үл таних эрэгтэй хүн /Түвшинжаргал/ эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн эрэгтэйгээс /Түвшинжаргал/ овог, нэрийг нь асуухад хэлэх чадваргүй, архи үнэртэж байсан. …Түвшинжаргал нь согтуу байсан ба хэвлий хэсгээ тэвэрсэн байдалтай “эмчээ өвдөөд байна ш дээ” гээд орилоод хэвтээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-28-р хуудас/,
Гэрч В.Бат-Эрдэний …Би нойл ороод ирж байхад байшингийн үүдэнд Р- Түвшинжаргал хоёр муудалцаж байсан. Түвшинжаргал Рэнцэнбямбыг цохиход Р- зөрүүлээд түлхэхэд гэрийн үүдэнд байдаг замын хагарсан тал боржуур дээр бөөр хэвлий хэсгээрээ унасан юм шиг байгаа юм. Би Түвшинжаргалыг боржуур дээр унасан хойно нь харсан. Би тэр хоёрыг болиулаад гэртээ орсон. …Түвшинжаргал хажуу тийш болж ёолоод гэдсээ бариад хоёр тийшээ атигаад байхаар нь “яасан, юу болсон бэ” гэхэд “зүгээрээ зүгээрээ” гэсэн. Гэтэл Түвшинжаргал цусаар бөөлжихөөр нь түргэн тусламж дуудаад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Р- Түвшинжаргалын биеийн аль хэсэгт цохисныг санахгүй байна. Р- Түвшинжаргалын хацар руу нэг удаа алгадсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-39, 211-р хуудас/,
Гэрч С.Зууннастын …Д.Бат-Эрдэнэ, Д.Энхболд, В.Б- бид нар юм яриад сууж байтал Д.Энхболд “унтаж байгаа найз чинь цусаар бөөлжчихсөн байна ш дээ” гэхээр нь 103 дугаар руу залгаж “манай найз цусаар бөөлжөөд байна” гэж дуудлага өгсөн. …Түргэн тусламжийн эмч “энэ хүний нүд нь яагаад хөхөрчихсөн юм бэ” гэхээр нь бүгд “мэдэхгүй” гэхэд “энэ хүнийг эмнэлэг рүү авч явна” гэхэд Түвшинжаргал “би эмнэлэг явахгүй” гээд байсан. …Б.Т-ыг эмнэлэгт хэвтэж байхад В.Б- надад “Р-, Түвшинжаргал хоёр хоорондоо маргалдаад зодолдсон” гэж хэлсэн. Р- бидэнд “Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Түвшинжаргалтай маргалдаад бие биенийгээ цохисон. Би өмнө нь хэрэгт холбогдож шоронд орж байсан болохоор дахиж ормооргүй байна. Та нар мэдэхгүй гээд хэлээд өгөөч” гэж гуйсан. Р- Түвшинжаргалын биеийн аль хэсэгт яаж зодсоноо тодорхой хэлээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-48-р хуудас/,
Гэрч В.Эрдэнэбилэгийн …Түвшинжаргалын амнаас нь цус гарсан байхаар нь “юун цус болчихвоо” гээд харахад нилэнхүйдээ цус гараад бөөлжих гээд байсан. Би “цусаар бөөлжөөд байна, түргэн тусламж яаралтай дуудаач” гээд Зууннастын гар утсаар түргэн тусламж дуудсан. Орой 21 цаг өнгөрч байхад түргэн тусламж ирээд Түвшинжаргалыг үзээд тариа хийснээ “цус алдаад байна, эмнэлэг рүү авч явна” гэхэд В.Б- хамт явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-72-р хуудас/,
Гэрч Д.Энхболдын … Газар унтаж байсан залуу /Түвшинжаргал/ цусаар бөөлжөөд байхаар нь “түргэн тусламж хурдан дуудаарай” гэхэд Зууннаст түргэн тусламж дуудсан. Түвшинжаргалыг эмч үзээд тариа тарьчихаад эмнэлэг рүү авч явсан. …Түвшинжаргалын нэг нүд нь улайсан, нүүр нь хөхөрсөн байдалтай болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50, 54-р хуудас/,
Гэрч Д.Бат-Эрдэний …Энхболд талийгаачийг улаан хүрэн өнгийн зүйлээр бөөлжиж байхыг хараад түргэн дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-53-р хуудас/,
Гэрч Ч.Булганы …Би 2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс Бэхтуяа овогтой Түвшинжаргал нь ухаангүй, согтуу байдалтай цусаар бөөлжинө, хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртайгаар ирсэн. Б.Т- нь ухаангүй, харьцах чадваргүй байсан. Б.Т-ыг хүлээн аваад биед нь үзлэг хийхэд ухаангүй, орчиндоо харьцаагүй, сэрээж асуухад ганц нэг үгээр хариулна, шокийн байдалтай, хэт хуурай мөн цусархаг өнгөртэй, хэвлий зөөлөн, баруун талаараа эмзэглэлтэй, булчин чангарал гялтан цочролгүй байсан. Лабораторийн, дурангийн, рентген шинжилгээнүүд хийсэн. Шинжилгээнүүдийг үндэслээд хөндийт эрхтэн цоорол, хоол боловсруулах дээд замын цус алдалт, хордлогын ба гиповолемийн шок гүнзгий хордлого гэж үзэн яаралтай журмаар мэс заслын эмчилгээ хийсэн. Мэс заслын явцад хэвлийн хөндийг шалгахад 12 хуруу гэдэсний урд хана цоорсон, гэдэсний чацархайд цус хурсан, бүдүүн гэдэсний хананд цус нэвтсэн байсан ба цоорсон гэдсийг оёж, чацархайн хурсан цусыг болон хэвлийн хөндийг угааж цэвэрлээд гуурс тавьсан. Үүнээс хойш Б.Т- нь хэвтэн эмчлүүлэх хугацаандаа нийт 6 удаа хэвлийн хөндийн мэс засалд орж, 27 хоног эмчлэгдэж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цагт нас барсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-61-р хуудас/,
Гэрч Ж.Биндэръяагийн …Яаралтай тусламжаар Б.Т-ыг хүлээн авахад үзлэгээр ухаан санаа эрүүл, асуултанд хариулж байсан. Арьс салст хуурай, зүрхний авиа тод, жигд түргэссэн артерийн даралт 90, 60, зүрхний цохилт 89, температур 36.5 градус, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 94 хувь, амьсгалын тоо 17 байсан. Хэсэг газрын үзлэгээр: өвчтөн нь нилээн согтуу, хэл хар ногоон өнгөтэй, зүүн нүд нь хөхөрсөн, цус хурсан, хэвлий маш их эмзэглэлтэй, булчингийн чангаралттай, …хавангүй байсан. Цусны сахар 13.4, онош нь хоол боловсруулах дээд замын хурц цус алдалт гэсэн оноштойгоор, өвдөлтийн зэрэг 7 вольт байсан учир яаралтайгаар ходоодны гөлгөр булчин сулруулах, өвдөлт намдаах 1, 2-р шатны эмчилгээ, цус тогтоох, хордлого тайлах, эрдэс нөхөх эмчилгээ хийж тариануудыг тарьсан. Б.Т-ын анх ирэх үед даралт үзэхэд 90, 60 байсан ба эмчилгээний дараа үзэхэд 80, 50-р буурч байсан нь дотуур цус алдалт их байсан. Өвдөлт нь түр зуур намдаад дахин сэтэрч байсан. Яаралтай мэс заслын эмчид үзүүлэхээр 23 цаг 30 минутанд “Гранд мед” эмнэлэг рүү сувилагч Цэндээгийн хамт явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-64-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №858 дугаартай дүгнэлтэнд:
1. Талийгаач Б.Т-д хэвлийн битүү гэмтэл: 12 хуруу гэдэсний урагдал, нойр булчирхайн няцралт, тасралт, бүдүүн гэдэсний хана ба чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний зовхи ба алимны цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байжээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой.
3. Талийгаач элэг ба нойр булчирхайн архаг үрэвсэл, уушгины сүрьеэ зэрэг архаг өвчтэй байх ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна.
4. Талийгаачид учирсан дээрх хэвлийн битүү гэмтэл: 12 хуруу гэдэсний урагдал, нойр булчирхайн няцралт, тасралт, бүдүүн гэдэсний хана ба чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралт гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, зүүн нүдний зовхи ба алимны цус хуралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарна.
5. Талийгаач ABIV бүлгийн цустай байна.
6. Талийгаач 27 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх шинжилгээг хийх шаардлагагүй.
7. Талийгаач 2018.04.06-ны 21.00 цагт нас барсан гэж өвчний түүхэнд тэмдэглэсэн байна.
8. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтан үргэлжилсэн идээт түгмэл үрэвсэл, нарийн гэдэсний үлдэнгэрийн цус алдалт, дотор эрхтнүүдийн цус багадалтаар хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ. /хх-ийн 1-р хавтас 91-99-р хуудас/,
Шинжээч Ц.Ганболдын …Үхэлд хүргэсэн гэмтлүүд нь хэвлийд цохих, өшиглөх үед буюу гадны нөлөлөөгөөр үүснэ. Өвчний улмаас үүсээгүй. Үхэлд хүргэсэн хэвлийн битүү гэмтэл нь хамгийн багадаа хоёр удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн байна. Өөрөөр хэлбэл хоёр буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн байх боломжтой юм. Учир нь гэмтэл авсан хэвлийн эрхтнүүдийн байршил хоёр хэсэг буюу хоёр ондоо, өөр газарт байрлаж байна. Нэг хэсэг газар нь арван хоёр хуруу гэдэс, нойр булчирхайд нэг удаагийн хүчин зүйлийн улмаас гэмтсэн байна. Хоёр дахь хэсэг газар нь бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсэг, мөн хөндлөн гэдэсний чацархайд цус хурсан газар байсан. Иймээс хоёр өөр хэсэг газарт гэмтэл үүссэн учраас хоёр буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн гэж үзэж байна. Энэ гэмтлийн дараа идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Энэ гэмтэл нь удахаар биеийн байдал хүндэрнэ. Хэвлийн битүү гэмтэл авсан хүн зовиурын улмаас ихэвчлэн эвхрэлдээд хэвтээд байдаг. Суух, босох, явах зэрэг хөдөлгөөн хийх боломжтой. Үхэлд шууд хүргэхгүй. Энэ хэвлий битүү гэмтэл нь хүндэрч ирэхээр үхэлд хүргэх боломжтой. Талийгаачид зохих эмчилгээ хийгдсэн. Гэвч гэмтэл нь хүндрээд эдгэрэхгүй явсаар нас барсан. “Гранд мед” эмнэлгийн зүгээс өвчтөн Б.Т-д оношийг зөв тавьж, зохих мэс засал, эмийн эмчилгээг зохих ёсоор хийж үйлчилгээ үзүүлсэн байсан. Б.Т-д хэвлийд гэмтэл нойр булчирхай тасрах, 12 хуруу гэдэс урагдал хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байсан. Энэ нь дараа дараагийн хүндрүүлүүдийг үүсгээд байсны улмаас дахин дахин хагалгаа хийгдсэн байсан. Мэс заслын эмчилгээ дутуу хийгдсэн, дутуу оношилсон зүйл байгаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 101-106-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Р-, амь хохирогч Б.Т-, гэрч В.Б- нар нь нийлж архидан согтуурсан үедээ маргалдсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар: 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Г.Рэнцэнбямбын амь хохирогч Б.Т-ыг цохиж, түлхэж унагаах байдлаар биед нь “хэвлийн битүү гэмтэл: 12 хуруу гэдэсний урагдал, нойр булчирхайн няцралт, тасралт, бүдүүн гэдэсний хана ба чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний зовхи ба алимны цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл болон амь хохирогч нь “Гранд мед” эмнэлэгт эмчлүүлсэн боловч дээрх хүнд гэмтлийн улмаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Р- нь амь хохирогч Б.Т-ыг цохих, түлхэж унагаах байдлаар биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Рэнцэнбямбыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Г.Рэнцэнбямбыг гэм буруутай” гэсэн хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Г.Рэнцэнбямбыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.Рэнцэнбямбын ар гэрийн нөхцөл байдал болон гэмт хэрэг гарсаны дараа амь хохирогчийг эмнэлэгт сахиж, эмчилгээний зардлыг төлж байсан. Гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н- “Г.Р-д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Р- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 562 тоот дүгнэлтээр /хх-ийн 1-р хавтас 111-113-р хуудас/ тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Р-д ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг төлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан оногдуулах хорих ял хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Р-д 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Рэнцэнбямбын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.