Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 214/МА2023/00008

 

 

Д.Б*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг  даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00016 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Н*******т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч П.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Д.Б******* миний бие 2019 оны 5 сараас эхлэн Булган аймгийн Н*******т хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон 2022 оны 8 сарын 22-ны өдөр хүртэл ажилласан.

2022 оны 07 сарын 01-ний өглөө нэгдсэн э*******гийн дарга П.О******* удирдлагын багийн хуралтай гэж мэдэгдсэний дагуу 10 цаг 30 минутад хурал эхэлсэн.

Хэлэлцэх асуудлаа танилцуулахдаа 2 дахь асуудал хариуцлага тооцох гээд хүний нөөцийн менежер Д.Б*******ийг ажлаас чөлөөлөх гэж хэлсэн. Ингээд надад хариуцлага тооцох асуудлыг танилцуулахдаа арьсны их эмч А*******д чөлөө өгч явуулсан, Г*******ийн шүүх хуралд ялагдсан гэж танилцуулсан.

Би хариу тайлбартаа А******* эмчид чөлөө зөвшөөрөл огт өгөөгүй бөгөөд албан ёсны хүсэлт ч ирээгүй гэдгийг тайлбарласан боловч хүлээн аваагүй шалгаж тогтоогоогүй. Надаас чөлөө зөвшөөрөл аваагүй гэдгээ эмч А******* ч хэлсэн. Миний тайлбарыг хүлээн авахгүй хална гээд байхаар нь за ажил хүлээлцэх тушаалаа гаргачих гээд өрөөнийхөө түлхүүрийг орхиод гарсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа О******* даргыг дуудахаар нь ажилаа хүлээлцэх нь гэж бодоод очтол, эсвэл чи өөрөө өргөдлөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өргөдлөө өгөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд тушаал гаргаагүй байснаа 8 сарын 22-ны ажлаас чөлөөлсөн тушаал гаргаад 8 сарын 23-ны өдөр манай гэрт хүргүүлсэн байсан.

 

Миний бие нь хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-т заасан зөрчил гаргаагүй, миний гаргасан гэх зөрчлийг шалган тогтоолгүйгээр шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч П.О******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б******* нь 2019 оны 5 дугаар сараас эхлэн тус Н*******т хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон ажилласан.

Д.Б******* нь хүний нөөцийн менежер албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, э*******гийн үйл ажиллагаанд төвөг учруулсан, ажлын байрны шаардлагыг хангахгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэгдсэн э*******гийн даргын Б/204 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахуулсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байраа орхин явсан. 2022 оны 07 дугаар 01-ний өдөр удирдлагын багийн хурлаар хүний нөөцийн менежер Д.Б*******өд хариуцлага тооцох талаар хэлэлцэнэ гэсэн нь зөвхөн их эмч Ч.А*******д чөлөө өгч явуулсан гэсэн асуудлаар биш урьд өмнөх ажлуудаа цаг хугацаанд нь биелүүлээгүй, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн зэрэг олон асуудлуудаас болж хариуцлага тооцох талаар удирдлагын багийн хурлаар хэлэлцэх гэж байсан. Гэтэл хурлаар хэлэлцэхээр ярьж эхлэхэд л ажлаа орхиод гараад явсан. Д.Б*******ийг ажилдаа ирэх талаар утсаар өөртэй нь холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа аваагүй. Тэгж байгаад 2022 оны 7 дугаар сарын 5- ны өдөр өөрөө ирж дарга П.О*******тэй уулзсан /ажлаа хийх юмуу гэж асуухад хийхгүй гэсэн. Тэгвэл ажлаас гарах өргөдлөө өг гэхэд тэгий өргөдлөө өгье гээд архив бичиг хэргийн эрхлэгч Ц.Б*******ээс бал цаас өгөөч өргөдөл бичиж өгье гээд аваад дахиж ирээгүй/ дахин холбогдохоор удаа дараа утас руу нь залгаж холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй, гэр бүлийн хүн рүү нь хүртэл холбогдож асууж байсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр заалтын дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтыг 22 хоногоор тооцож 2022 оны 08 дугаар сарын 09-ийг хүртэл нөхөж олгосон. Тэгээд Нэгдсэн э*******гийн даргын 2022 оны 08 дугаар сарын 10-ны Б/213 дугаар сонсох ажиллагаа хийх тушаал гарган хүлээлгэн өгөх талаар холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй, гэр бүлийн хүнээс нь асуухад хотод байгаа, гэртээ байхгүй байгаа гэсэн болохоор түүний хувийн chat, mail хаягаар нь илгээж, 2022 оны 08 дугаар сарын 22- ны өдрийн Б/229 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Э*******гийн зүгээс хүлээцтэй хандаж, ирж уулзахыг хүлээж ажпаас чөлөөлөх тушаалыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өөрийн бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн. Д.Б******* нь өргөдлөө өгнө гэж явснаас хойш нэг ч удаа ирээгүй, уулзаагүй, ажлаа ч хүлээлгэж өгөөгүй байна.

Иймээс Нэгдсэн э*******гээс Д.Б*******өд ажилгүй байсан хугацааны цалингийн олговор олгох боломжгүй талаар мэдэгдэж байна. Ажлаа чанаргүй гүйцэтгэж байсан жишээ бол лавлагаат шатлалын э*******эг нь ЭМДЕГ-ын selection.1818.mn цахим системд ЭМДҮЗ-ийн 2022 оны “Журам батлах тухай” 02 дугаар тогтоолын дагуу 2 дугаар шатны сонгон шалгаруулалтанд 2022 оноос материал бүрдүүлэн оролцдог болсон. Энэ сонгон шалгаруулалтанд материал оруулах хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 17-ны хооронд хугацаатай байсан бөгөөд системд э*******гийн эмч, э*******гийн мэргэжилтний хүний нөөцийн мэдээлэл гүйцэт оруулахаас 70 орчим хувийг дутуу оруулсан, харин системд update хийгдэж э*******гийн захиргааны хэсгийн мэргэжилтнүүд нөхөж оруулсан хэдий ч 15 оношийн хамаарлын бүлгийн оруулж чадаагүй гэх зэрэг э*******эгт хохирол учруулсан “  гэжээ.

     3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ийг Булган аймгийн Н*******ийн хүний нөөцийн менежерийн  ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах гэсэн хэсгээс татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70,200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

     4. Хариуцагчийн төлөөлөгч П.О******* давж заалдсан гомдолдоо: “..Нэхэмжлэгч Д.Б******* нь хүний нөөцийн менежер албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь удаа дараа биелүүлээгүй, э*******гийн үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл чирэгдэл учруулж байсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэгдсэн э*******гийн даргын Б/204 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахуулсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа орхиж, 7 дугаар сарын 05-ны өдөр ирж уулзаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гээд гарсан бөгөөд бидний зүгээс холбогдохоор олон удаагийн оролдлого хийсэн. Гэвч Д.Б******* нь ямар ч хариу өгөхгүй ажлаа орхиод яваад нэг ч удаа холбогдоогүй, ирээгүй. Байгууллагын зүгээс хүлээцтэй хандаж 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтыг 22 хоногоор бодож амралтын мөнгийг олгосон. Анхан шатны шүүх шийдвэртээ сахилгын зөрчил гэж ажилтан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, байгууллагын дотоод журмыг зөрчсөн хууль бус гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, цагийн бүртгэлийн хуулбараар тогтоогдохгүй байна гэсэн байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 15.4 дэх заалтын дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрт нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн заалтыг мөрдсөн бөгөөд ажлаа орхиж явснаас хойш ажилдаа нэг ч удаа ирэхгүй ажлаа тасалсан нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Өөрийн дураар ажлыг орхин явсан хүнийг ажилд эргүүлэн томилох шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

     Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ/2023/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

   5. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 132/ШШ2023/00016 дугаар шийдвэртээ “...нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, цагийн бүртгэлийн хуулбараар тогтоогдохгүй байна” мөн “..сахилгын ноцтой зөрчлийн тухайд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг заагаагүй, энэ талаар тохиролцоогүй бол энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглодог ба зохигчийн хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нотлох баримтыг хэрэгт өгөөгүй болно” гэж тус тус дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн “нэхэмжлэгч Д.Б******* нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй болох нь цагийн бүртгэлийн хуулбар, цагийн бүртгэлийн тайлангаар тогтоогдож байна. Гэвч Б*******ийг ажлаа орхин явсныг зөрчилд тооцож, түүнд мэдэгдэж тайлбар авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй" гэж тус тус дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ. Харин хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа Хөдөлмөрийн дотоод журмын 10.7-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил дараах тохиолдлуудыг тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн журмын 10.7.в-д эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол гэж тайлбарласан байхад тухайн тайлбар няцаалт хэрхэн үгүйсгэгдэж байгаад дүгнэлт хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б******* нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн удирдлагын багийн хурлын үеэр өөртэй нь холбоотой асуудлыг хэлэлцэж эхлэх үед байгууллагын шууд удирдлагын үүрэг даалгаврыг илтэд эсэргүүцэж, ажлын байрны түлхүүр болон ажлын хувцсыг хүлээлгэн өгч, тухайн өдрөөс хойш ажилдаа ирэхгүй байгаа үйл баримт зохигчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн үүрэгт ажлаа ямар нэг шалтгаангүйгээр хаяж явсан нь цагийн бүртгэл, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, цалингийн хуулга, Д.Б*******ийн болоод хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байхад нэхэмжлэгчийн уг үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн хариуцагч П.О******* нь нэхэмжпэгч Д.Б*******ийг ажилдаа ирэх тухай удаа дараа холбогдсон, мөн түүний гэрт нь очсон, эхнэртэй нь уулзсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлан илэрхийлдэг бөгөөд үүнийг нэхэмжлэгч Д.Б******* үгүйсгэж татгалздаггүй. Мөн энэ тухай нотлох гэрч Б.Мөнгөнчимэг, Ц.Б******* нарын мэдүүлэг, 99865498 дугаарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч Д.Б*******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд ашигтай байдлыг бий болгох үүднээс хуурамч баримт бичиг бүрдүүлэн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 22 хоногийн хугацаагаар ээлжийн амралтын олговрыг шийдвэрлэж нэхэмжлэгч Д.Б*******өд олгосон. Уг үйлдлийг хариуцагч П.О******* нь “Би Д.Б*******ийг ажилласан хугацаа нь тасарчих вий, ажилгүйдлийн тэтгэмжээ ч болтугай аваг гэсэн үүднээс түүнийг бодож ээлжийн амралтын нөхөн олговрыг олгосон. Үнэндээ бол Д.Б*******ийн ээлжийн амралт авах хугацаа нь болоогүй байсан. Түүнийг бодсондоо л ээлжийн амралтын олговор олгосон” гэж шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг бөгөөд үүнийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч няцаасан тайлбарыг гаргаагүй болно. Гэвч анхан шатны шүүх хариуцагч П.О*******ийн Д.Б*******өд ээлжийн амралтын нөхөн олговор олгосон тухай тайлбар, болон түүнийг олгох болсон шалтгаан, бодит нөхцөлийг тогтоогоогүй харин ч “..Д.Б******* нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан байна” гэж дүгнэсэн. Нэгдсэн э*******гийн даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б/229 дүгээр тушаалаар Д.Б*******ийг ажлаас чөлөөлсөн байдаг. Харин Д.Б*******ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан гэж үзвэл ээлжийн амралт дууссан хугацаа буюу 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 12 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй, үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.7.в-д заасан зөрчил мөн эсэх, эсхүл ямар шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа, тухайн ажил үүргийг гүйцэтгэхийг хүсэж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй, 12 хоног ажилдаа ирэхгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй, байгууллагын дарга дуудахад ажилдаа ирэхгүй байгаа үйлдэл нь ноцтой зөрчил мөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэртээ “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.7.в-д эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол гэсэн зохицуулалт байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Д.Б*******ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлаа хаяж явсан үйлдэл холбогдох баримтаар нотлогдсон мөн ээлжийн амралттай байсан гэх хугацаанд Өмнөговь аймагт “Ц*******” ХХК-нд ажилд орсон байдаг. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.Б*******ийг Өмнөговь аймагт ажилд орсон тухай огт дүгнэлт хийгээгүй, энэ тухай нотлох баримтыг үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын лавлагаа, Өмнөговь аймагт “Ц*******” ХХК-ийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргийг огт үнэлээгүй, тусгаагүй байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бодит нөхцөл байдлыг дүгнээгүй, нэхэмжлэгч Д.Б*******ийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаа хийхгүй орхин явсан, түүнчлэн Нэгдсэн э*******гийн бичиг хэргийг ажилтанд ажлын хувцсыг хүлээлгэн өгсөн, хэрэв ээлжийн амралтын хугацаа 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс дуусгавар болсон гэж үзвэл түүнээс хойших буюу ажлаас чөлөөлөх өдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа үйлдэл, мөн Өмнөговь аймагт “Ц*******” ХХК-нд ажилд орж Булган аймгийн Нэгдсэн э*******гийн ажилдаа ирэхгүй байх шалтгаант холбоо, түүнчлэн Нэгдсэн э*******гийн удирдлагаас Д.Б*******өд ээлжийн амралтыг бодитоор олгосон эсэхэд хангалттай дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 болон Хөдөлмөрийн дотоод журмын 10.7.в дэх заалтыг тус тус хууль зүйн үндэслэлгүй тайлбарлаж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар 168.1.1-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу бүрэн биш үнэлсэн, хэргийн бодит байдал, зохигчдын тайлбар түүний шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай хуульд нийцэхгүй байхад нөлөөлсөн байх тул Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Б******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс олгосон 22 хоногийн ээлжийн амралт 8 дугаар сард орсон. 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл тасарсан. Тэгээд би ажил хайж байгаад Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компанид туслах ажилтнаар орсон. Тухайн компаний үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сараас зогссон байгаа” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Ингэж оролцохдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан талаар тайлбар хийнэ. Яагаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй вэ гэхээр хөдөлмөрийн харилцааны маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмыг баримталж шийдвэрлэх албан тушаалтны эрх үүрэг байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч удирдлагын багийн хурал дээр хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Д.Б*******өд мэдэгдэлгүйгээр шууд хариуцлага тооцно гэж хэлсэн. Үүнийг хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн тайлбар хийдэг. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын үр дүн буурсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийгээ нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Д.Б*******ийн хувийн мейл хаягаар нь сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэл гэж хүргүүлсэн байдаг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Д.Б*******ийг дуудахаар ирээд ажлаа хүлээлгэж өг гэхээр нь за гээд гарсан гэсэн. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33 дугаар тогтоолд өргөдөл өгнө гэдэг нь ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу хэн нэгний шаардлагаар бус өөрийн бичгээр гаргасан хүсэлт зоргийн илэрхийлэл байна гэж тайлбарласан. Д.Б*******ийг ажлаасаа гар гэж байгаа нь уг Улсын Дээд шүүхийн тогтоолийг зөрчсөн байна үзсэн. Ийм учраас Д.Б******* нь ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. Нөгөө талаасаа хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа нь тухайн байгууллагатай холбоотой асуудал юм. Д.Б*******ийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хөдөлмөрийн дотоод журам гарсан. Иймээс Д.Б*******ийг ажлаас халах үндэслэлд тусгаагүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Д.Б******* нь ...Булган аймгийн Нэгдсэн э*******гийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан,

3а. Хариуцагчийн төлөөлөгч нь ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүйгэж талууд мэтгэлцсэн байна.

4. Д.Б*******ийг Булган аймгийн Нэгдсэн э*******гийн даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар хүний нөөцийн менежерийн албан тушаалд түр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/300 дугаар тушаалаар хүний нөөцийн менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилжээ. Улмаар Булган аймгийн Нэгдсэн э*******гийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн Б/229 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-3-5/

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хариуцсан ажлаа чанар муутай гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, э*******гийн үйл ажиллагаанд төвөг учруулсан, ажлын байрны шаардлагыг хангахгүй ажил үүргээ гүйцэтгэж байсан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нэгдсэн э*******гийн даргын Б/204 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахуулсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байраа орхин явсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/204 дугаартай тушаал, Ц.Б*******өд 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт олгож, амралтын мөнгө олгосон тухай нотлох баримт хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд түүнийг үүрэгт ажлаа орхин явсан, удаа дараа зөрчил гаргаж сахилгын шийтгэл оногдуулсан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Булган аймгийн Нэгдсэн э*******гийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-нй өдрийн Б/229 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг үндэслэсэн байх бөгөөд Булган аймгийн Н*******ийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлүүдийг үндэслэн шийдвэрлэнэ гэжээ.

 

7. Булган аймгийн Н******* “Хөдөлмөрийн дотоод журам”-аа 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр даргын А/44 тушаалаар шинэчлэн баталсан бөгөөд нэхэмжлэгч Д.Б******* нь хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй тул  түүнд дотоод журмыг танилцуулсан, мэдэгдсэн байх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн дотоод журмын 10.7.в-д “эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол” гэсэн заалтыг тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Б*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд  Хөдөлмөрийн дотоод журмын 10.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн атал 10.7.в-д заасан заалтыг тайлбарлан мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй.  

Нэхэмжлэгч Д.Б*******ийг Булган аймгийн Н*******ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2023/00016 дугаар шийдвэр хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                                                         ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

 

                                                                                     

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ