Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

           Шүүгдэгч: Г.Пөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Пт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805049191046 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.П, 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Үйлдвэрийн инженер мэргэжилтэй, ......, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Пнь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зөөврийн компьютер худалдан авч өгнө” гэж хуурч Э.Мгаас нийт 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэртээ байж байхад манай ангийн хүүхэд чатаар “надад Макбүүк олж өгч чадах уу” гэхээр нь чадна гэсэн. Маргааш нь над руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Б гэх найзаараа дамжуулж танилцсан, Хятад улсын Гуанжу хотод байдаг Х гэх хүн рүү шилжүүлсэн. 3 хоногийн дараа Х гэх хүний данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 1.000.000 төгрөг бүрдэж Макбүүкийг захьсан. Гэтэл үүнээс 3 хоногийн дараа манай ангийн хүүхэд “би найз охиныхоо эгчид Америк руу захьчихлаа. Мөнгөө буцааж авъя” гэж хэлсэн. Би захьчихсан байсан тул одоо мөнгийг нь өгөх боломжгүй байна. Макбүүкээ ирэхээр нь зараад мөнгийг нь өгъе гэсэн. Үүнээс хойш 20 хоногийн дараа мөнгийг нь өгсөн...” гэв.

Хохирогч Э.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр найз Птай фэйсбүүкээр харилцаад “зөөврийн компьютер 1.000.000 төгрөгт олоод өгч чадах уу” гэж асуухад П “таньдаг хүн компьютер ланд дээр суудаг, одоо асуугаад өгье” гээд хэдэн минутын дотор “асуучихлаа, манай найзын лангуун дээр олигтой зөөврийн компьютер байхгүй байна, маргааш Хятадын Гуанжу явна гэж байна” гэхээр нь “1.000.000 төгрөгт Макбүүк олдох уу” гэхэд “болно, мөнгөө явуулчих” гээд тэр өдрөө Пын данс руу 400.000 төгрөг явуулсан. Мөнгө дутаад ээжээс зээлж аваад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн 600.000 төгрөгийг Пын хэлснээр Х гэх хүний данс руу хийсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр П орой 19 цагийн үед “вагон ирнэ, хоёулаа хамт тосоод би чамд зөөврийн компьютерыг чинь аваад өгье” гэсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ирээгүй, маргааш өглөө нь П “өөрөө аваад чамд аваачиж өгье” гэсэн. Тэгээд 3-4 хоног алга болчихсон, гар утас нь холбогдохгүй, өөрийн чатаа унтраасан байсан. Би Пын ажлын газар очиход ажлаасаа гарчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнгөншагай гэх хүн манай ээж рүү ярьсан байхаар нь би утсыг нь авч түүнтэй холбогдоход П нь нөүтбүүк авч өгнө гээд 1.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд нөүтбүүк ч алга, өөрөө ч утсаа авахгүй байна гэж ярихаар нь би хэд хоног хүлээж байгаарай, би учрыг нь олъё гэж хэлсэн. Манай дүү тэр мөнгийг нь аваад нөүтбүүкийг нь өгөөгүй байх. Энэ хэргээс өмнө хүмүүст өртэй байсан юм шиг байгаа юм. Сүүлийн үед жаахан мөнгөний асуудалд ороод байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Яллагдагчаар Г.Пын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнгөншагай надаас “зөөврийн компьютер олж өгч чадах уу, байгаа мөнгө нь 1.000.000 төгрөг байна” гэсэн. Би хүнээс  асууж өгье гэсэн. Би танил хүнээсээ асуухад олоод өгч болно гэхээр нь Мөнгөншагайд хэлээд өөрийн дансаар 400.000 төгрөг авсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 600.000 төгрөгийг өөрийн танил компьютер ландад компьютер зардаг Х гэх хүний дансанд хийлгүүлээд Макпро захьсан....Тухайн үед би мөнгийг нь өгөх боломжгүй болчихоод худлаа хэлсэн юм. Би Х гэх хүнийг огт харж байгаагүй. Утсаар ярьж байсан. Гэрийн хаягийг мэдэхгүй. Энэ хүн Монголд байхгүй. Хятад Улсад байдаг,...Хятад улсаас хүний захиалсан бараа явуулдаг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21, 35-37/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 3-4/, Г.П, Э.М нарын бичсэн мессежний хуулбар /хх-н 5-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22, 38-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Пнь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр “зөөврийн компьютер худалдан авч өгнө” гэж хуурч Э.Мгаас нийт 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр найз Птай файсбүүкээр харилцаад “зөөврийн компьютер 1.000.000 төгрөгт олоод өгч чадах уу” гэж асуухад П “таньдаг хүн компьютер ланд дээр суудаг, одоо асуугаад өгье” гээд хэдэн минутын дотор “асуучихлаа, манай найзын лангуун дээр олигтой зөөврийн компьютер байхгүй байна, маргааш Хятадын Гуанжу явна гэж байна” гэхээр нь “1.000.000 төгрөгт макбүүк олдох уу” гэхэд “болно, мөнгөө явуулчих” гээд тэр өдрөө Пын данс руу 400.000 төгрөг явуулсан. ...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн 600.000 төгрөгийг Пын хэлснээр Х гэх хүний данс руу хийсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр П орой 19 цагийн үед “вагон ирнэ, хоёулаа хамт тосоод би чамд зөөврийн компьютерыг чинь аваад өгье” гэсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ирээгүй, маргааш өглөө П “өөрөө аваад чамд аваачиж өгье” гэсэн. Тэгээд 3-4 хоног алга болчихсон, гар утас нь холбогдохгүй, өөрийн чатаа унтраасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч Г.Нийн: “...Мөнгөншагай гэх хүн манай ээж рүү ярьсан байхаар нь би утсыг нь авч түүнтэй холбогдоход “П нь нөтбүүк авч өгнө гээд 1.000.000 төгрөг авсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, хохирогч Э.Мгийн дипокит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 3/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Пнь найз Э.Мд 1.000.000 төгрөгөөр нөүтбүүк авч өгнө гэж хэлэн хуурч авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэж хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд бичсэн тул /хх-н 55/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Пыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

  Иймд шүүхээс шүүгдэгч Г.Пын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч өөрөө түүнээс зөөврийн компьютер олж өгөхийг хүссэн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Пнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Пыг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Г.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР