Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 226/МА2023/00005

 

 

 

 

 

 

 

2023 03 15 226/МА2023/00005

 

 

А.Бийн хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2023/00060 дугаар шийдвэртэй, А.Бийн хүсэлттэй нөхөх олговор 40000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч А.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Б, прокурор Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын утга: Миний өвөө Ж.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоол, шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ял, мөн хөрөнгө хураах ялаар шийтгэгдэж, 1993 онд дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан. Миний аав Д.А нь хэлмэгдэгч Ж.Дгийн ганц хүү бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Би Д.Аийн ганц хүү учир 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авч шүүхэд хандаж байна. Иймд надад 40000000 төгрөгийн нөхөх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэл гаргах эрхтэй ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй өөр этгээд байж болзошгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг баримтлан А.Бийн нэхэмжлэлтэй нөхөн олговор 40000000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

4. Хүсэлт гаргагч А.Бийн давж заалдах гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  Нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй хүмүүсийг Зууны мэдээ сонинд зарласнаас хойш хэдхэн хоногийн дараа миний аав Д.А нь хүнд өвчний улмаас нас барсан. Тухайн үед нэхэмжлэл гаргаад явах боломж аавд маань байгаагүй, сонинг ч олж харж амжаагүй байсан.

2020.08.07-нд аавыг нас барснаас хойш энэхүү нөхөх олговрын асуудлыг хөөцөлдөх гэж асууж сураглахад жилийн дараа өв нээлгэж байж шүүхэд хандана гэсэн тул 2021 онд өв нээлгэх хүсэлт гаргаагүй. Зууны мэдээ сонины 2020.07.30-ны №145 дугаарыг 2022 оны намар олж авснаар 2022 оны 12-р сард өвлөх гэрчилгээ авсан юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар нэхэмжлэл гаргах эрх 2020.12.31-ний өдрийн дотор дуусгавар болсон хэдий ч миний эцэг хүнд өвчтэй хэвтэрт байсан, сонинд мэдээлснээс хойш хэдхэн хоногийн дараа нас барсан, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн, 531.2-т зааснаар 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг авсан зэргээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж ойлгож хуульд заасан хугацаа хэтрүүлснийг сэргээлгэх хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж анхан шатны шүүхэд гаргасан юм.

Гэтэл шүүх зөвхөн 1 жилийн дараа буюу 2021.08.07 өдрөөс эхлэн өвлөх хүсэлтээ гаргаж, гэрчилгээ авах, мөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх боломжтой байсан, харин 2022 оны 12 сард өвлөх эрхийг гэрчилгээ авсан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн миний эх, эцэг хоёр 1990 оны үед салахдаа 2 хүүхдээ 1, 1-р нь авч салсан. Гэхдээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Ээж тусдаа амьдарч байгаад 1999 онд нас барсан. Аав маань салснаасаа хойш надтай хамт аймгийн төв болон Норовлин суманд амьдарч байсан. Нас барах хүртэл нь би хамт амьдарч байсан учраас нотариат багийн даргын тодорхойлолт бусад баримтыг үндэслэн 1 жил өнгөрснөөс хойш өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Н нь Норовлин суманд хөдөө амьдардаг хэдий ч аав бид 2-той ямар ч холбоогүй, хөндий тусдаа өссөн. Нас барах хүртэл нь хамт байгаагүй, уулзаж байгаагүй юм.

Иргэний хуулийн 528.1-д зааснаар /өвлүүлэгч/ аавыг нас барах хүртэл нь би хамт амьдарч байснаараа өвлөх эрхийн гэрчилгээ авах нь хууль зөрчөөгүй. Харин Н хэрвээ хууль ёсны өв залгамжлагч байсан бол Иргэний хуулийн 528.2-т зааснаар 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлт гаргавал өв хүлээн авсан гэж үзэх, 528.3-т зааснаар дээрх хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх зохицуулалттай. Тийм ч учраас 1 жил өнгөрснөөс хойш нотариатч дээр өв нээлгэсэн юм.

Хэрвээ Н гэдэг хүн өөрийгөө хууль ёсны өвлөгч мөн гэж үзвэл энэ талаар тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй, мөн надад нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд жичдээ нэхэмжлээд авах нь ч нээлттэй байхад шүүх тийнхүү Нийн эрх ашиг зөрчигдөж хохирч болзошгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

 

 

Иймд миний бие хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэж, аавынхаа хүсэлтийг гүйцэлдүүлэн нөхөх олговрыг нь гаргуулж авах хүсэлттэй байгаа тул гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.02-ны 156/ШШ2023/00060 дугаартай шийдвэрт өөрчлөлт орлуулах, эсвэл хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайбарын агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь ... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ...хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...-д оршино гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч Улс төрийн хилс хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт ...Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд байна... гэж заасан. Д.А нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан ба А.Б нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, мөн өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа авсан байна. Нэхэмжлэгч Д.А нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө холбогдох баримтаа бүрдүүлж шүүхэд хандах боломжтой байсан ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт ... өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэний нас барсан гэж зарласан бол энэ 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасан байдаг. Архивын ерөнхий газрын Үндэсний төвийн архивын лавлагаагаар*******ийн Н,*******ийн Батхуяг гэх хүүхдүүд бүртгэлтэй байсан. Нийг*******ийн хүүхэд мөн эсэхийг тогтоосон баримт хэрэгт байхгүй.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд өгсөн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

2. Дамдингийн*******ийн өв залгамжлагч*******ийн Батхуяг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Дгийн цагаатгалын нөхөх олговорт 40000000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

Хэлмэгдэгч Ж.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоол, Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ял,
мөн хөрөнгө хураах ялаар
шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 121 дугаартай магадлалаар цагаатгагджээ.

Д.А нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр 1000000 төгрөгийг авсан байна.

 

3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д ...40000000 төгрөгийн нөхөх олговрыг... хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор хуульчилжээ.

Хэлмэгдэгч Дамдингийн төрсөн хүү******* нь хэлмэгдэгчийн нэхэмжлэгчээр бүртгүүлэн нотлох баримтын бүрдүүлбэр хангаж өгсний дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос Зууны мэдээ сонины 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 145/6370 дугаарт Д.Аийг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн болохыг нийтэд зарласан байх ба нөхөх олговрын бүрдүүлбэрээ хангаж байх хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас баржээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт заасны дагуу А.Б нь Д.Аийн хууль ёсны өв залгамжлагч бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасны дагуу өвлүүлэгч Д.Аийн нас барсан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нэг жилийн дараа өв нээгдэх учиртай.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно... гэж заасны дагуу А.Б нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0380 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авжээ.

 

Хэлмэгдэгч Ж.Д нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө /2018 оноос/ Улсын дээд шүүхийн 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 121 дугаартай магадлалаар цагаатгагдсан тул А.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч Д.А нь өвчний учир нас барсан, А.Б нь өв нээгдээгүй гэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

 

4.*******ийн дагавар охин Нийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тэрээр өөрийн ...зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ... шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхтэй... ба одоогоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Цаашид өөрийн эрх ашгийг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар А.Бийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэлмэгдэгч Ж.Дгийн цагаатгалын нөхөх олговор 40000000 төгрөгийг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан хүсэлт гаргагч*******ийн Батхуягт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2023/00060 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.2-т заасныг баримтлан нөхөх олговрын 40000000 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багт оршин суух,*******ийн Батхуягт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар А.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Б.ДЭНСМАА