Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 991

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Над  холбогдуулан эрүүгийн 1805002030827 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден нэртэй пабад иргэн Г.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Байцаалтанд би мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Ц манай хамаатан миний үеэл охинтой маань муудалцахаар нь би очоод өөрийн мэдэлгүй ийм явдал болсон. Хохиролд 300.000 төгрөг төлсөн гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Г.Ц мөрдөн байцаалтанд “...Би явж очоод Баярааг хаана байгаа юм  гэж асуутал нилээн согтуу хүмүүс байсан “чи яах гэж ирсэн юм чамд юу хэрэгтэй юм яах гээд байгаа янхан бэ Баяраагаас юу гуйх гэж ирсэн юм” гэх зэргээр хэл амаар ширээний голд сууж байсан эрэгтэй болон түүний хажуу талд сууж байсан нэг нь  намхан нөгөөх нь арай өндөр тухайн үед цагдаа нар өндөр нуруутайг нь саатуулдаг хоёр эмэгтэй намайг хэл амаар доромжилсон. Бүгд дайрч хэл амаар доромжлоод байхаар нь ширээн дээр хундагатай байсан юу байсныг мэдэхгүй, ус байна гэж хараад намайг хэл амаар доромжлоод байсан голд сууж байсан эрэгтэй рүү усыг нь цацсан. Тэгтэл яг хажууд нь сууж байсан өндөр нуруутай цайвар өнгийн палажтай эмэгтэй босч ирээд зөрүүлээд над руу хундаганд байсан зүйл цацсан. Тэгэхээр нь би яаж байгаан гээд маргалдаж эхэлтэл хажуу талд баруун гар талд зогсож байсан намхан нуруутай, куртик ньь цагаан өнгийн үслэг материалын дотортой, бараан өнгийн куртиктэй эмэгтэй хажуу талаас үснээс татаж доош газар унагаагаад үснээс дарж байгаад нүүр рүү өшиглөх гээд байхаар нь хоёр гараараа хаатал гар болон цээж, хэвлий хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн...дахин миний үснээс татахаар нь үснээсээ бариад доошоо суутал толгой руу 2-3 удаа өшиглөөд би газар унатал үснээс татаж чангаагаад байсан...дахин нөгөө эмэгтэй араас ирээд үүдэн хэсэгт үснээс татаад эрэгтэй нь нөгөө үл таних эмэгтэйг татаад намайг цайвар өнгийн палажтай эмэгтэй татаж холдуулах үед араас нурууны ууц хэсэгт нэг удаа өшиглөсөн...тухайн үед харахад зүүн хацар хэсэгт маажсан шарх, баруун зүүн гарын ар хэсэгт хөхөрсөн, баруун гуяны дотор хана хэсэгт хөхөрсөн, баруун мөр орчимд хөхөрсөн, толгой маш их хөндүүртэй өвдөж зовиурлаж байсан ба гэртээ очоод самнаж үзэхэд үс маш ихээр унасан байгаа.  Тархи толгой маш их хөндүүртэй өвдөж байсан  тул бөөлжиж байсан. Мөн би 2 сартай жирэмсэн учраас хэвлий хэсэг рүүгээ өшиглүүлснээс болж тонус өгч, үр зулбах шахсан...одоогийн байдлаар 1.281.800 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байгаа”  /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Намнан-Очир мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө...би цонхных нь хажууд машинаа зогсоогоод хараад сууж байтал дотор нь зодоон болоод байгаа бололтой Ц гэх охин руу 2-3 эмэгтэй дайраад байхаар нь яваад ортол урдаас нь 2-3 хүүхэн дайраад зодож байхаар нь салгаад аваад гартал  Ц эд нар хүн дуудаж авчирчихаад зоддог хэн бэ гээд уйлаад үсээ гараараа доошоо шувтартал үс нь аймаар их туг тугаараа унасан ....Ц би дотор хэтэвчээ унагачихаж гэхээр нь ах нь ороод аваад ирье гээд дотогшоо ороод барменаас нь асуутал газар жижигхэн хэтэвч шиг юм унасан байхаар нь аваад энэ хүүхнүүдэд өгсөн гээд нөгөө зодох гээд дайрч байсан хүүхнүүд рүү заагаад  наадуул чинь хоорондоо бас зодолдох гээд байна та хүлээж бай гэхээр нь хартал хоорондоо хуц уль гээд маргалдаж байхаар нь авалгүй гараад цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байтал нөгөө 3 хүүхэн 2 залуутай гараад ирсэн. Тэгсэнээ муу балиар хүүхэн яваагүй байгаа юм уу эр эргүүлж явсан гээд хараагаад жижигхэн хүүхэн гүйж  ирээд цохиод үснээс нь зулгаагаад байсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Энхмандах мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ....Баяраагийн найз хүүхэн гэнэ үү орж ирснээ Баяраагаа хайгаад бид нараас Баярааг хаана байна гээд байсан тэгэхээр нь манай дүү Энхмарал, манай эхнэр Н нар тэр Баяраа чинь бид нартай байхгүй байна гээд тайлбарлаад хэлсэн чинь агсан тавьсан. Бид нар Баярааг чинь мэдэхгүй, цуг байхгүй байна бид нар үеэлүүдээрээ баяраа тэмдэглээд сууж байна гэтэл ойлгохгүй манай дүү  Энхмаралыг нөгөө хүүхэн алгадсан. Тэрнээс болоод маргалдаад үүдэн дээр гараад маргалдаад манай эхнэр манай  дүү нар нөгөө хүүхэнтэй хэрэлдсэн тэгээд хоорондоо бараг зодолдсон. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Энхмаа мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой...текний хэсэгт зогсож байхад  үл  таних эмэгтэйтэй Энхмарал нь юм яраид тайлбарлаад байх шиг байсан ба Н нь тэр хавиар орилж хашгираад дайраад байсан. Тэгээд би  нээх тоогоогүй байж байгаад эргээд хартал дахин Н үл таних эмэгтэйн үснээс татаад газар унагаасан. Тэгээд босож ирэхгүй байхаар нь би татаж босгож ирээд үсийг нь янзалтал миний цээж рүү түлхэхээр нь зөрүүлээд цээж рүү нь түлхсэн...манай нөгөө хэд хажуу талаар орж  ирээд хувцсыг нь Энхмарал янзлаад гарах гэтэл гарахгүй гээд дайраад байсан ба Н нь дахин араас нь гүйж очоод үүдэн хэсэгт үснээс татаж газар унагааж өшиглөх  гэж оролдсон. Ингээд үл таних эмэгтэйг яв гээд Энхмарал болон би  гуйсан боловч гарахгүй гээд пизда нар минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1007 дугаартай дүгнэлтэнд: “Г.Цгийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун, зүүн сарвуу, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  /хх-ийн 37/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 528 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн үснүүдийн зураг №7, 8, 9, 10-д харуулсан үснүүд ургаж байгаа үзүүр байна. №13-д харуулсан үс нь үсний угаар унасан булцуутай үс байна. Уг үс нь татаж чангаах хүчний үйлчлэлээр унасан байж болно. №4,5,6,11,12-д харуулсан үснүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарсан байна” /хх-ийн 45/ гэжээ.

 

Яллагдагчаар Б.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед нөхөр Энхмандах болон дүү Энхмарал, хамаатан Энхмаа, түүний нөхөр Мөөгий нартай хамт Найман шарга захын хажууд байдаг караокед ороход Мөөгийгийн найз Баяраа гэх залуу уг караокег ажиллуулдаг гээд байсан. Бид нар нэг өрөөнд орж архи пиво, ус ундаа авч ууцгаасан...Баяраа Цг чи одоо яв би хайртай охиноо дуудчихсан байгаа гэтэл Ц нь явахгүй зогсоод байсан. Бид нар Цг гэр рүүгээ явлаа гэж худлаа хэлээд уг караокеноос гараад такси бариад Голден нэртэй пабад ирээд байж байтал Ц нэг мэдсэн ирчихсэн Энхмаатай хэрэлдээд зогсож байснаа Энхмааг ширээ рүү түлхээд унагахаар нь би гүйж очоод үснээс нь зулгаагаад доошоо дараад үсдээд зогсож байтал нөхөр Энхмандах ирж салгасан. Ц гараад явсан. Бид нар харих гээд гартал Ц гадаа үүдэнд зогсож байхаар нь чи яасан явдаггүй лайтай юм бэ баярын уур амьсгал эвдээд гэтэл картаа авмаар байна гээд нэхээд байхаар нь би Энхмаралд байгааг нь мэдэлгүй бид нарт байхгүй гээд маргалдаж үснээс нь зулгаагаад газар унах үед манай гэрийнхэн салгаж байна гээд бид бид хоёрыг ийш тийш нь татсан тухайн үед би Цгийн үснээс нь тавилгүй нилээн зулгаалцалдсан...Цгийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Цгийн үснээс нь зулгаагаад газар унах үед нүүрийг нь хумсаараа маажиж тархи нь доргиж, гуя өвдөг нь хөхөрсөн байх...гадаа гараад  иртэл явахгүй хүлээгээд зогсож байснаа хэрүүл хийгээд байхаар нь бид хоёр дахиж үсдэлцэж хоорондоо харилцан зодолдсон. /хх-ийн 79/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс ирүүлсэн мэдээллийн хуулбар /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Б.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден нэртэй пабад Г.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Цгийн”...гар болон цээж, хэвлий хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн...дахин миний үснээс татахаар нь үснээсээ бариад доошоо суутал толгой руу 2-3 удаа өшиглөөд би газар унатал үснээс татаж чангаагаад байсан...” /хх-ийн 22/, гэрч Д.Намнан-Очирын”...муу балиар хүүхэн яваагүй байгаа юм уу эр эргүүлж явсан гээд хараагаад жижигхэн хүүхэн гүйж  ирээд цохиод үснээс нь зулгаагаад байсан...” /хх-ийн 25/, гэрч Э.Энхмандахын”...манай эхнэр манай 2 дүү нар нөгөө хүүхэнтэй хэрэлдсэн тэгээд хоорондоо бараг зодолдсон...” /хх-ийн 27/,  гэрч Б.Энхмаагийн”...Н үл таних эмэгтэйн үснээс татаад газар унагаасан. Н нь дахин араас нь гүйж очоод үүдэн хэсэгт үснээс татаж газар унагааж өшиглөх  гэж оролдсон...”/хх-ийн 31/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1007 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 528 дугаартай дүгнэлт  /хх-ийн 45/, хохиролын  баримтууд /хх-ийн 39, 43, 72-73/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Б.Нын”...Цгийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Цгийн үснээс нь зулгаагаад газар унах үед нүүрийг нь хумсаараа маажиж тархи нь доргиж, гуя өвдөг нь хөхөрсөн байх...” /хх-ийн 79/ гэсэн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон учир шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Прокуророос Б.Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Ныг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтанд хохирогч Г.Ц  “Н бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй, энэ асуудлаар дахин гомдол гаргахгүй” /хх-ийн 85/ гэсэн бичгийн хүсэлтийг хэрэгт хавсаргуулсан  байх тул Б.Ныг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Б.Над холбогдох хэргийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд Б.Н нь шүүхийн дуудсан цагт удаа дараа, мөн товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан “шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулахгүй байх” үүргээ тус тус биелүүлээгүй үндэслэлээр Б.Над урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг олдсон үеэс цагдан хорихыг тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1886 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн Цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэс, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд даалгав.

 

Уг захирамжийн дагуу цагдаагийн байгууллага ажиллагаа хийж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ныг олж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж таван зуун тавин тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялаас түүний цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг буюу 300.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж  тооцов.

 

Б.Нын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж байна.