Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2016/01982/и |
Дугаар | 1148 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1148
Д.**ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03820 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.**ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч **нд холбогдох,
Албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.**
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5115 тоот захирамжийн дагуу ** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ** байр, **, 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнэлэн албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаад гомдолтой байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянан үзэж, миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5115 тоот захирамжаар Д.**ээс 33 032 500 төгрөг гаргуулж “** ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлбөр төлөгч Д.**т сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ** байрны **од байрлах 30 м.кв /**/ хоёр өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан.
Дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнийн саналыг Д.** нь 100 000 000 төгрөг гэсэн бөгөөд төлбөр авагч уг үнийн саналыг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 17** зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100 000 000 төгрөгийн 70 хувь буюу 70 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй.
Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 17** зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь буюу 50 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулахаар нийтэд зарлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тухай бүрд нь Д.**т танилцуулж байсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналын мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/44695 тоот албан бичгээр Д.**т мэдэгдэж, хувийг гардуулсан. Тэрээр тус албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3** зүйлийн 37.3 дахь хэсэгт тусгайлан заасан эд хөрөнгийн үнэлгээнд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна.
Төлбөр төлөгч Д.**т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөр төлөгч Д.** нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15** зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заагаагүй байх тул үндэслэлгүй гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 17** зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Д.**ийн **нд холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ** зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.**ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
** нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр албадан дуудлага худалдаа явуулах гэж байсан нь нотлох баримтуудаар нотлогдож байхад хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.** нь хариуцагч **нд холбогдуулан албадан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5115 дугаар захирамжаар Д.**ээс 33 032 500 төгрөг гаргуулж “**” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн ** төлбөр төлөгч Д.**т төлбөрийг сайн дураар гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөө чөлөө, ** байрны **, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан ажиллагааг явуулсан ба уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч саналаа 100 000 000 төгрөг гэж өгснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч ** нь талууд үнийн саналыг харилцан тохиролцсон гэж үзэж албадан дуудлага худалдааны доод үнийг уг үнийн 70 хувиар тооцож тогтоосон нь Иргэний хуулийн 17** зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
** нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/44695 тоот мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг 70 000 000 төгрөгөөр тогтоосон талаар төлбөр авагч Д.**т мэдэгдэж, тэрээр гарын үсэг зурж мэдэгдлийг хүлээн авсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3** зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар зохицуулсан ба төлбөр төлөгч Д.** нь уг хугацааг 1 сар 17 хоногоор хэтрүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болно.
Барьцаа хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг Иргэний хуулийн 17** зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тогтоосон нь зөв бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Гомдлын шаардага гаргах хугацаа хэтрүүлсэн нь гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3** зүйлийн 37.3 дахь хэсгийг анхан шатны шүүх шийдвэртээ орхигдуулсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16** зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “177.4” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3** зүйлийн 37.3” гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА